Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 115/ШШ2025/0022

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюуш

Хариуцагч: Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Э,

Гуравдагч этгээд “Г” ХХК нарын хоорондын зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Гомдлын шаардлага: Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Эийн гаргасан .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн иргэн Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн №15 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай "Шийтгэлийн хуудас"-ны “Олсон нь” хэсэг, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Г” ХХК-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөлт оруулах

 

Шүүх хуралдаанд: Гомдол /дүгнэлт/ гаргагч ахлах прокурор Т.Цэнд-Аюуш, хариуцагч гаалийн улсын байцаагч М.Э, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюуш нь Дорноговь аймгийн Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Эийн гаргасан .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн иргэн Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн №15 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай "Шийтгэлийн хуудас"-ны “Олсон нь” хэсэг, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Г” ХХК-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөлт оруулахаар гомдол /дүгнэлт/ гаргасан.

 

Хэргийн үйл баримтын талаар

2. Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Э нь "Г" ХХК-ны үйлдсэн "гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл оруулан гаалийн хяналтад байгаа нүүрсийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй ачсан" гэх зөрчилд "Г" ХХК-ны тээврийн менежер Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

 

3. Прокурор шүүхэд ирүүлсэн гомдол /дүгнэлт/-ын үндэслэлдээ:

Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Э "Г" ХХК-ны тээврийн менежер Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгалтын хүрээнд хянасан. Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр "Г" ХХК нь .... оны .... дугаар сарын ...-ны өдөр МТЛ гаалийн хяналтын бүсэд тээврийн хэрэгсэл нэвтрүүлэн ачилт хийхдээ гаалийн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Э нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн 15 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ "Г" ХХК-ны тээврийн менежер Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Гэтэл энэхүү зөрчилд "Г" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй тул гаалийн улсын байцаагч нь хуулийн зүйл буруу хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Г" ХХК-ийн менежер Б.Бийг торгож шийдвэрлэсэн шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв гэжээ.

3.1 Прокурор шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь холбогдогчоор шийтгэл хүлээсэн Б.Бд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Улсын байцаагч Эрдэнэбилэг нь “Г” ХХК-ийн гаргасан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулах ёстой байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан. Гэтэл Б.Б нь хуулийн этгээдийг төлөөлж шийтгэл хүлээсэн. Хүний үйлдээд байгаа зөрчил нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрийнхөө хувийн ачааг Гаалийн хяналтын талбайд зөвшөөрөлгүй буулгасан, ачсан асуудал биш. Хуулийн этгээдийг төлөөлж үйлдсэн гэж үзэж байгаа. Энэ нь хуулийн этгээдийн гаргасан зөрчил гэж үзэж байгаа. Иймд “Г” ХХК-нийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

4. Хариуцагч гаалийн улсын байцаагч М.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...1.Иргэн Б.Б нь "Г" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ба түүнд итгэмжлэлээр "ачилтыг хариуцах" гэж төлөөлөх эрхийг олгохдоо заасан

2. "Г" ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд амаар болон бичгээр гаалийн хяналтын бүсрүү зөвшөөрөлгүй вагон оруулж ачих зааварчилгаа, даалгавар өгөөгүй. Энэ талаар компанид мэдэгдээгүй.

            3. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь бороо хувь хүний хариуцлагагүй эс үйлдэхүйгээр гаалийн байгууллагад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй тээврийн хэрэгсэл оруулж ачилт хийсэн бөгөөд тэрээр энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

            Гаалийн улсын байцаагч би дээр зөрчилд шийтгэл оногдуулахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б болон тус компанийн удирдлагуудад мэдээлэл солилцон уулзаж олон талаас судлан үзэж Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл (Шударга ёсны зарчим)-ийн:

"1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.

            2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна." гэсэн зарчмыг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн өөрийн хайхрамжгүй байдлаас гарсан зөрчил тул түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж зааснаар төлөөлөн ажиллаж байгаа иргэний үйлдэл, эс үйлдэхүй бүрийг хуулийн этгээдийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ эс үйлдэхүй нь зөвхөн иргэний хариуцлагын асуудал байгаа төдийгүй Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт иргэнд хариуцлага оногдуулах зохицуулалт байгааг харгалзан үзэх нь зүйтэй болов уу. Гаалийн байгууллагад энэ төрлийн зөрчил бага биш хэмжээгээр гардаг бөгөөд хуулийн гэм буруутай этгээдийн хариуцлагын зарчимд тулгуурлан тухай зөрчил гаргасан этгээдэд оновчтой шийтгэлийг оногдуулаагүйгээс цаашид зөрчлийг нуун дарагдуулах, улмаар торгуулийн төлбөр нэмэгдсэнээр торгууль оногдуулахгүй байх зэргээр сөрөг үр дагаврыг бий болохыг үгүйсгэхгүй.

Гадаад худалдааны алдагдалтай байгаа, экспортын нүүрсний хэмжээ буурсан энэ үед төсөв бүрдүүлэх эдийн засгийн хүндрэлийг өөртөө үүрч байгаа цөөхөн нүүрсний экспортын аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийг оновчтой хэрэглэж санхүүгийн хүндрэл үүсгэхгүй байхыг анхаарч, дээр дурдсан зөрчил бүрд шийтгэл оногдуулна гэсэн хуулийн зарчмын дагуу гэм буруутай иргэн буюу зөрчил гаргасан субъектийг тогтоон шийтгэх арга хэмжээ авсан болно. Иймд зөвхөн хуулийн этгээдэд буюу өндөр нэгж үнийн дүн)-тэй торгууль оногдуулах гэсэн хэт нэг талыг баримталсан, шийтгэл оногдуулахад баримтлах гэм буруугийн зарчимд тулгуурлаагүй Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюушийн 2025 оны .... дүгээр сарын .....-ний өдрийн ..... дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4.1. Хариуцагч гаалийн улсын байцаагч М.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Прокурорын хэлж байгаагаар Гаалийн байгууллага ямарваа нэг иргэн, аж ахуйн нэгжтэй ямар ч гэрээ хийдэггүй. Гаалийн байгууллага хяналтын бүсэд орсон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авч хилээр гарах хүртэл нь хяналт тавьдаг байгаа. Тэгэхээр ямар нэгэн аж ахуйн нэгж, иргэнтэй ямар ч гэрээ байгуулдаггүй.

Иргэн Б.Бийн үйлдсэн зөрчил нь өөрийн хайхрамжгүй, хувь хүний алдаа байсан учраас хүний өөрийн хийх ёстой ажлаа хийгээгүй, эс үйлдэхүй дээр нь тогтоогдсон учраас Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүнийг 100 нэгжээр торгоно гэснээр нь шийтгэл оногдуулсан. Б.Б нь Г ХХК-ийн тээврийн менежер албан тушаалтай хүн. Энэ хүн нь Гаалийн байгууллагаас явуулдаг тодорхой хэмжээний сургалтад хамрагдсан гаальд мэдүүлэх эрхтэй, ажил үүргийн хувиараа мэдэх хүн байгаа. Өөрийнх нь өгсөн тайлбар дээр ч гэсэн ажил ихтэй гүйж яваад Гаалийн байгууллагад зөвшөөрөл авахаа мартсан гэсэн өөрийн эс үйлдэхүй хувь хүний хайхрамжгүй ийм алдаа байсан учраас аж ахуйн нэгж дээр нь торгоогүй. Энэ хүн дээр нь торгосон. Зөрчлийн тухай хуульд зааснаар энэ компанийн эрх ашгийг төлөөлж зөрчил үйлдсэн бол аж ахуйн нэгж дээр нь торгох гэсэн байгаа дээр Гаалийн харилцаанд орж байгаа аж ахуйн нэгжид ялангуяа экспортлогч аж ахуйн нэгжид ямарваа нэгэн Гаалийн байгууллагаас зөвшөөрөл авахгүй байх ямар ч ашиг сонирхол байхгүй. Экспортод гарч байгаа уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн нэгдүгээрт ямарваа нэг татваргүй Гаалийн байгууллагууд зөвхөн тонн тутамд 1,500 төгрөгийн хураамж авч хураамж ногдуулж барагдуулдаг.

Аж ахуйн нэгжийн ашиг сонирхол нь ямарваа нэг гаалийн зөрчилд холбогдохгүй байх, хууль сахилгын түвшнээ өндөр байлгах ашиг сонирхолтой. Тэр нь цаашлаад Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа эрсдэлийн удирдлагын программ буюу Кайс систем дээр улаан, улбар шар, ногоон гэсэн 3 хяналтын төлөв нь тухайн компанийн хууль сахилтын түвшнээс хамаараад автоматаар эрсдэлд тооцогдож, сонгогдож байдаг. Улаан төлөв нь бичиг баримтын шалгалт, биет шалгалт бүгд хийгддэг. Улбар шар төлөв нь зөвхөн бичиг баримтын шалгалт хийгдээд биет шалгалтаар чөлөөлөгддөг. Ногоон төлөв нь бичиг баримтын шалгалт болон биет шалгалтаас хоёулангаас нь чөлөөлдөг. Ингэж улбар шар болон ногоон төлөвт хамрагдахын тулд аж ахуйн нэгжүүд хууль сахилтын түвшнээ өндөр байлгах, энэ итгэмжлэлээр олгогдсон хүнд аж ахуй нэгжүүд албан тушаалтандаа эрх үүргийг нь сануулж ингэж ажилладаг байх.

Б.Б тус компаниас олгосон итгэмжлэл дээр нь Г гадаадын хөрөнгө оруулалттай ХХК дээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн, гаалийн бүрдүүлэлт хийх, бичиг баримт бүрдүүлэлт хүлээлгэн өгөх, төлбөр тооцоо хийх, гаалийн хилээр оруулах, ачаа бараа шалгах явцад байлцах, хүлээн авах, ачилтыг хариуцах гэсэн ийм эрхтэй. Үүнийхээ хүрээнд Гаалийн байгууллагаас зөвшөөрөл авах, Гаалийн байгууллагад мэдэгдэх энэ үүргийг ажил үүргийнхээ хуваарийн дагуу хүлээсэн байдаг.Өөрийнх нь өгсөн тайлбар мэдүүлгээр иргэн Б.Б нь тухайн үед ажлын ачааллаас болоод Гаалийн байгууллагаас зөвшөөрөл авна гэж байгаад авахаа мартсан гэсэн хийх ёстой үйлдэл хийгээгүй энэ эс үйлдэхүй нь шууд Б.Бийн үйлдсэн үйлдэл байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүнийг 100 нэгжээр торгоно гэснээр шийтгэл оногдуулсан гэв.

           

5. Гуравдагч этгээд "Г" шүүхэд ирүүлсэн тайлбартаа: манай компанийн тээврийн менежер албан тушаалтай Б овогтой Б нь 2020 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Б.Б нь ажлын чиг үүргийнхээ хүрээнд гаалийн хяналтын бүсэд орж, гарч буй ачааг гаалийн байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд компанийн зүгээс энэхүү үүргийг хэрэгжүүлэхийг тээврийн менежерээс тогтмол шаарддаг.

            Гэвч .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Гаалийн хяналтын бүсэд орсон ачааг гаалийн байгууллагад мэдэгдээгүй гэсэн зөрчил гаргасан. Орсон ачааг гаалийн байгууллагад мэдэгдээгүй нь тухайн ажилтны ажлын хариуцлагагүй байдал болон өөрийн хайхрамжгүй үйлдлээс үүдэлтэй болно. Уг зөрчил нь "Г" ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралгүй гээд “...Г ХХК-ийн тээврийн менежер Б.Б миний бие 2020 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шанд руу өглөө эрт ажлаар яваад авто тээврээр гаалийн хяналтын бүс болох МТЛ-1 талбай руу ачаа ороход мэдэгдээгүй болно. Тухайн үед замд яваад ачаа орох үед гаалийн байцаагчид хэлхээ мартсан байсан. Энэ нь миний хайхрамжгүй байдлаас болсон. Урьд нь би ийм зөрчил гаргаж байгаагүй. Тухайн өдөр өөрийн буруугаас болж зөрчил гаргасан. Иймд урд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүйг харгалзан үзнэ үү” гэсэн тайлбарыг хавсаргажээ.

            5.1 Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гаалийн байцаагчийн саналтай санал нэг байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө Б.Б нь “Г” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө мэдүүлээгүй биш, өөрийнхөө хайхрамжгүй байдлаасаа болоод мэдүүлээгүй, цаг хугацаа алдсан асуудал байгаа. ... прокурорын эсэргүүцээд байгаа дүгнэлт нь өөрөө Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Г” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө мэдүүлэг өгөөгүй гэж тайлбарлаад байгаа. “Г” ХХК ямар ч зөрчил гаргаагүй. Тухайн гаалийн талбай дээр гэрээ байгуулж ажилласан.

Энэ нь хууль зүйн хувьд доголдлын алдаатай ийм дүгнэлт гаргаад манай байгууллагын зөрчил гаргасан мэтээр шүүх дээр хэлж ярьж байна. Иймд гаалийн улсын байцаагчийн шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.    Шүүх прокурорын гомдол /дүгнэлт/-ыг хангах үндэслэлтэй байна.

 

7. Прокуророос хариуцагч гаалийн улсын байцаагийн гаргасан .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн 15 дугаартай “Шийтгэлийн хуудас”-д өөрчлөлт оруулах гомдол /дүгнэлт/-ын шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь “Г” ХХК гэсэн хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд Б.Б гэх хүнийг торгож шийдвэрлэн хууль буруу хэрэглэсэн тул шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэлтэй” гэх, харин хариуцагчаас “... Б.Бийн өөрийн хайхрамжгүй байдлаас зөрчил гаргасан тул зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэх агуулгаар тус тус шаардлага, татгалзлаа тайлбарлан маргасан.

 

8. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

8.1. Хариуцагч гаалийн улсын байцаагч М.Э нь .... оны .... дугаар сарын ...-ны өдөр “гаалийн хяналтын бүсэд тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн, гаалийн хяналтад байгаа бараа /нүүрс/-г гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй ачсан” зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг иргэн Б.Бийг үйлдсэн гэж үзсэн болох нь .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/

8.2. Үүний дараа 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б.Бээс мэдүүлэг авч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болох нь “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай”, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүдээр тогтоогдож байх ба хариуцагчаас .... оны .... дугаар сарын ...-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №15 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар /хавтаст хэргийн 12 дахь тал/ иргэн Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөг буюу 100,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ.

 

9. Хэргийн оролцогч прокурор, хариуцагч эрх бүхий албан тушаалтан, мөн гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс “... гаалийн хяналтын талбайгаас ачигдсан нүүрс нь “Г” ХХК-ийн өмч” болохыг хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Гагцхүү “... гаалийн хяналтын бүсэд тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн, гаалийн хяналтад байгаа бараа /нүүрс/-г гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй ачсан” зөрчлийг Б.Б хуулийн этгээдийн “ашиг сонирхлын төлөө үйлдсэн эсэх” талаар маргаж байна.

Гуравдагч этгээд “Г” ХХК нь гаалийн хяналтын бүсээс нүүрс экспортод гаргадаг үйл ажиллагаа явуулдаг, холбогдогч Б.Б нь тус компаний 25-р өртөө, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Олон овоо өртөө орон нутгийн бүсийн байршилд нүүрс ачилт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг бүхий “тээврийн менежер”-ийн албан тушаалд ажилладаг болох нь “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Б.Бийг ажилд авсан тухай” 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/20/20-03 дугаартай тушаал, компаний гүйцэтгэх захирлаас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилтан Б.Бтэй хугацаагүй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Тээврийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”,  /хавтаст хэргийн 52-59 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Тодруулбал Б.Б нь “Г” ХХК-ийн “тээврийн менежер”-ийн албан тушаалыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эрхэлдэг, нүүрс ачилт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа нь түүний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан байнгын шинжтэй ажил үүрэг байх ба ажил үүргээ гүйцэтгэн гаалийн харилцаанд оролцсон нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 25.2. “Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, ... байж болно” гэж тус тус зааснаас үзвэл нүүрс тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанаас иргэн Б.Б биш харин түүний ажил олгогч “Г” ХХК эдийн засгийн үр өгөөж буюу ашиг олж авдаг тул үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг “Г” ХХК хариуцахаар байна.

Иймээс “гаалийн хяналтын бүс дэх нүүрсийг гаалийн зөвшөөрөлгүйгээр хөдөлгөсөн, ачсан” зөрчлийг Б.Б буюу Зөрчлийн тухай хуульд тодорхойлон зааснаар “хүн” үйлдсэн гэж үзэхгүй,  “ холбогдогч нь өөрийн хайхрамжгүй байдлаас гаалийн хяналтын талбайгаас гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй нүүрс ачсан тул хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахгүй” гэх агуулгатай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3. “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, 11.21 дүгээр зүйлийн 5. “Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл ачсан, .., хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар

Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Эийн гаргасан .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн иргэн Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн №15 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай "Шийтгэлийн хуудас"-ны “Олсон нь” хэсэгт “Г” ХХК-ийн тээврийн менежер Бын Б” гэснийг “Г” ХХК гэж, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д “холбогдогч Б.Б” гэснийг “Г” ХХК гэж, (100) нэгж торгох,  (100,000) төгрөг гэснийг “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөн прокурорын гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюушийн гомдол /дүгнэлт/-ын шаардлагыг хангаж, хариуцагч Сайншанд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Эийн гаргасан .... оны .... дугаар сарын ...-ны өдрийн №15 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай "Шийтгэлийн хуудас"-ны “Олсон нь” хэсэгт “Г” ХХК-ийн тээврийн менежер Бын Б” гэснийг “Г” ХХК гэж, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д “холбогдогч Б.Б” гэснийг “Г” ХХК гэж, (100) нэгж торгох,  (100,000) төгрөг гэснийг “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох” гэж өөрчилсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурор нь шүүхэд дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч гаалийн улсын байцаагч М.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ОТГОНТУЯА