Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2025/00227

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, ... тоотод оршин суух, *******ын *******ийн

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: О.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч О.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1983 оноос 1984 оны 06 дугаар сарыг хүртэл, 1987 оноос 1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн механик бригадад тракторын жолооч, туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан. 1984-1987 онуудад цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл энэ ажилласан хугацааг шүүхээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Тиймээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн Засаг даргын 2025.04.25-ны өдрийн 2/235 дугаартай албан тоот, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025.04.25-ны өдрийн 1/187 дугаартай албан тоот, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987.08.25-ны өдрийн 53 дугаар тушаал, О.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч О.******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн механик бригадад 1983 оноос 1984 оны 06 дугаар сар хүртэл тракторын жолоочоор, 1987 оноос 1992 он хүртэл туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч О.******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал тракторын жолоочоор, Жаргалын зам нэгдлийн механик бригадад 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987.08.25-ны өдрийн 53 дугаартай О.*******ийг ажилд томилсон тушаал, О.*******т олгосон 1983-1992 онуудын тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх 9-12х), 

5. Гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн: О.******* Дорнод аймгийн ТМС-ийг 1983 онд төгсөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн механикжсан бригадад туслах ажилчнаар ирж байсан. Хадлан тариаланд тракторын ачигч хийдэг байсан. Өвс, шүү, хужир зөөдөг байсан. 1990 оноос өмнө ажилгүй хүн гэж байгаагүй. Тухайн үед ажиллаж байхдаа цэргийн албанд явж байсан. Жаргалын зам нэгдэл 1992 онд татан буугдаж тарсан. ******* нэгдэл тарах хүртэл ажилласан. Би Жаргалын зам нэгдэлд ерөнхий инженер, нэгдлийн даргаар ажиллаж байсан. Тиймээс О.*******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. гэх мэдүүлэг (хх-23х). 

6. Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн: О.******* 1983 онд Дорнод аймгийн ТМС-ийг төгсөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн механик бригадад тракторын жолоочоор ажилд орсон. Тэгээд 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд халагдаж ирсэн. Ирээд Жаргалын замын нэгдлийн механик бригадад тракторын жолоочоор үргэлжлүүлэн ажилласан. 1990 онд зах зээлд шилжиж нэгдэл тарах хүртэл О.******* тасралтгүй ажилласан. Би Жаргалын зам нэгдлийн механик бригадад 1978 оноос нэгдэл тартал тасралтгүй ажилласан. Тиймээс О.*******ийн ажиллаж байсан байдлыг мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-24х). 

7. Иймд О.*******ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал тракторын жолоочоор, Жаргалын зам нэгдлийн механик бригадад 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал тракторын жолоочоор, Жаргалын зам нэгдлийн механик бригадад 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА