Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2025/00226

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ... тоотод оршин суух, *******ийн*******ын

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Т.Болдбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрт гагнуурчнаар, 1990-1992 он хүртэл ажиллаж байгаад 1992 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. 1 жилийн цэргийн алба хаагаад дахин үйлдвэртээ 1993 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдсан. Цэргээс ирээд Эрчим хүчний үйлдвэрт гагнуурчин, слесариар үргэлжлүүлэн ажилласан. Цэргээс ирээд гагнуурчин, слесарийн ажлыг хавсаргаж хийдэг байсан. Тиймээс миний Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нийтийн үйлдвэрт 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал гагнуурчин, слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Т.Болдбаатарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрчим хүчний нийтийн үйлдвэрийн даргын 1994.07.08-ны өдрийн 83 тоот тушаалын хавсралт, Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Т.Болдбаатар нь Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нийтийн үйлдвэрт 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, 1993 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оныг дуустал гагнуурчин, слесариар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Т.Болдбаатар нь Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нийтийн үйлдвэрт 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, 1993 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оныг дуустал гагнуурчин, слесариар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Т.Болдбаатарт олгосон 1987-1995 онуудын тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрчим хүчний нийтийн үйлдвэрийн даргын 1994.07.08-ны өдрийн 83 тоот тушаалын хавсралт (слесарь Т.Болдбаатар гэх), Т.Болдбаатарын 1992.07.15-1993.07.05-ны хооронд хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хх 6-13х), 

5. Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн: Ш.Болдбаатар бид хоёр 1990-1992 онуудад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 10 жилийн уурын зууханд хамт ажиллаж байсан. Ш.Болдбаатар 1992 оны 06-р сард цэрэгт явж 1993 оны 06-р сард цэргээс ирж байсан. Цэргээс ирээд уурын зуухандаа үргэлжлүүлэн ажилласан. Тэгээд тасралтгүй ажиллаж байгаад ажлаасаа гараад 1995 онд Улаанбаатар хот руу шилсэн. Бид энэ хугацаанд хамт ажиллаж байсан учраас Т.Болдбаатарын ажилласан байдлыг би сайн мэднэ. гэх мэдүүлэг (хх-24х). 

6. Гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн: Т.Болдбаатар 1990-1995 онуудад Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийн уурын зууханд гагнуурчин хийдэг байсан. Энэ хугацаанд 1992 онд Дорнод аймагт цэргийн албанд татагдсан. Тэгээд 1 жилийн цэргийн алба хаагаад 1993 онд ирээд үргэлжлүүлэн уурын зуухандаа гагнуурчнаараа ажилласан. 1995 онд Багануур дүүрэг рүү шилжсэн. Би уурын зуухны туслах машинист, ээлжийн ахлах слесарь хийдэг байсан. Т.Болдбаатар бид хоёр 1990-1995 онуудад хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-25х). 

7. Иймд Т.Болдбаатарын Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нийтийн үйлдвэрт 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, 1993 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оныг дуустал гагнуурчин, слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн*******ын Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нийтийн үйлдвэрт 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, 1993 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оныг дуустал гагнуурчин, слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА