| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0045/Э |
| Дугаар | 00045 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 00045
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.И яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000350028 дугаартай, 163/2018/0045/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Довогт Б.И
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.И нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг Бухын даваа гэх газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэн байгаль эколгид 114627 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын даваа гэдэг газраас хуурай мод авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
1815000350028 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч С.Х өгсөн: ...Тухайн мод бэлтгэсэн газарт бол талбайн тусгаарлалт хийгдээгүй. Ер нь тэндээс ямар нэг байдлаар мод түлээ бэлтгэж болохгүй. Тийм учраас гоожин бичих нөхцөл байхгүй гэх мэдүүлэг /хх-29-30 тал/
Гэрч Ц.Ч өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Байгаль хамгаалагч Г.Золбоо, ойн ангийн инженер Г.Эрдэнэбаяр, жолооч Ц.Гансүх нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хар модтойн даваа орчмоор 23 цагийн үед эргүүл шалгалт хийж байхад цагаан өнгийн Мицубиши Кантер маркийн 14-92 УНЛ улсын дугаартай машин түлээний хуурай “шинэс” мод ачаад Орхон аймаг руу орох гэж явсан. Тэгэхээр нь Г.Золбоо, Г.Эрдэнэбаяр 2 тухайн тээврийн хэрэгслийг шалгахад зөвшөөрөлгүй мод ачсан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг сумын Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд аваачин түр сатуулсан гэх мэдүүлэг /хх-33 тал/
Гэрч Г.З өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгаль хамгаалагч Ц.Чинбат ах, ойн ангийн инженер Г.Эрдэнэбаяр, жолооч Ц.Гансүх нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хар модтойн даваа орчмоор 23 цагийн үед эргүүл шалгалт хийж байхад цагаан өнгийн Мицубиши Кантер маркийн 14-92 УНЛ улсын дугаартай машин түлээний хуурай Шинэс мод ачаад Орхон аймаг руу орох гэж явсан. Тэгэхээр нь би Г.Эрдэнэбаярын хамт тухайн тээврийн хэрэгслийг шалгахад ямар нэг модны гоожин, гарал үүсэл байхгүй байсан. Тэгэхээр нь тухайн машины гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхийг хураан авч дээр нь байсан 3 хүнийг өөрсдийн машинд суулгаж, тухайн тээврийн хэрэгслийг сумын байгаль орчн аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд аваачин түр саатуулсан гэх мэдүүлэг /хх-34 тал/
Гэрч Г.Э өгсөн: би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Байгаль хамгаалагч Ц.Чинбат ах, Г.Золбоо, жолооч Ц. Гансүх ах нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг Хар модтойн даваа орчмоор 23 цагийн үед эргүүл шалгалт хийж байхад цагаан өнгийн Мицубиши Кантер маркийн 14-92 УНЛ улсын дугаартай машин түлээний хуурай Шинэс мод ачаад Орхон аймаг руу орох гэж явсан. Тэгэхээр нь би Г.Золбоогийн хамт тухайн тээврийн хэрэгслийг шалгахад ямар нэг модны гоожин, гарал үүсэл байхгүй байсан. Ачаан дээр нь цахилгаан хөрөө, дугуйнд хийдэг гинж байсан. Тэгэхээр нь тухайн машины ачаан дээр нь сууж явсан 3 хүнийг өөрсдийн машинд суулгаж, тухайн тээврийн хэрэгслийг сумын Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд аваачин түр саатуулсан гэх мэдүүлэг /хх-35 тал/
Гэрч Ц.Г өгсөн:Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр албаны 89-90 ОРО улсын дугаартай УАЗ Пургон авто машинтай Орхон аймгийн Баян-Өндөр сумын байгаль хамгаалагч Ц.Чинбат, Г.Золбоо, ойн инженер Г.Эрдэнэбаяр нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг Хар модтойн даваа орчмоор 23 цагийн үед эргүүл шалгат хийж байхад цагаан өнгийн Мицубиши Кантер маркийн 14-92 УНЛ улсын дугаартай машин түлээний хуурай Шинэс мод ачаад Орхон аймаг руу орох гэж явсан. Тэгэхээр нь Г.Золбоо, Г.Эрдэнэбаяр хоёр тухайн тээврийн хэрэгслийг бууж шалгасан. Тэгээд л тэр модтой машиныг дагаад явья гээд тухайн тээврийн хэрэгслийн сумын Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд аваачсан гэх мэдүүлэг /хх-36 тал/
Гэрч Л.Өөгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамаатан ах Б.И нь түлээний модонд яваад өгөөч гэхээр нь бид 1 ууланд очиж 6 мод унагасан. Мөн газар унасан байсан модноос хөрөөдөж ачсан. Тэгээд модоо ачаад Орхон аймаг руу явж байхад Байгаль орчныхон зогсоож шалгасан гэх мэдүүлэг /хх-37 тал/
2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №02 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээний акт /хх-40 тал/, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18/64 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-44-50 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 21-24 тал/, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх18-19 тал/, хохирол төлбөр төлсөн баримт /хх-69-70 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.И нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг Бухын даваа гэх газраас 51 ширхэг буюу 4.022 м3 зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэн байгаль эколгид 114627 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч С.Хүрэлбаатар, гэрч Ц.Чинбат, Г.Золбоо, Г.Эрдэнэбаяр, Л.Өсөхбаяр нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №02 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18/64 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б. Идэрбатын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 114627 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 343881 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шууд 114627 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримтаа ирүүлсэн байх тул нөхөн төлбөрийн 229254 төгрөгийг шүүгдэгч Б. Идэрбатаас гаргуулж Булган аймгийн Сэлэнгэ сумын тамгын газарт олговол зохино.
2018 оны 02 дугаар сарын 21-ний 5/05 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Б.Идэрбатын зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн 51 ширхэг 1.6м урттай шинэс мод битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/06 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт авагдсан баримтаар “Мицубиши Кантер” маркийн 14-92 УНЛ улсын дугаартай авто машины өмчлөгч эзэмшигч нь Л.Оюунтуяа болох нь тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.И эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ,шүүгдэгч Б.Идэрбатын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Б. И зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.И450 нэгжтэй тэнцэх буюу 450000 / дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.И 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.И 229254 төрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/5, 5/06 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, 51 ширхэг буюу 4.022 м3 шинэс модыг шүүгдэгч Б.И гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөөг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 14-92 УНЛ улсын дугаартай “Мицубиши Кантер” маркийн авто машиныг түүний өмчлөгч эзэмшигч иргэний нэхэмжлэгч Лхагвасүрэнгийн Оюунтуяад буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ