Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

 

Х.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Т.Солонго,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/61 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Х.*******д холбогдох хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс таван толгойн нүүрс тээврийн 8.2 дахь километрт 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* УАЕ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мажааныхан овогт Хадхүүгийн *******д холбогдох 2429000000023 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Шүүгдэгч Хадхүү овогтой ******* /ДВ74021110/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сум Эрдэнэс таван толгойн нүүрс тээврийн 8.2 дахь километрт 2024 оны 02 дугаар сарын 02-нд ******* УАЕ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Э.Бямбадоржийн мэдүүлэг, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн жолоодох эрхээ хасуулсан тодорхойлолт /2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт эрх хасагдсан/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Шүүгдэгч Х.******* нь согтуурлын зэрэг 1.71 хувьтай гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

         

         2. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн талаар:

         2.1 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг. Прокуророос Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1.1-1.3- т заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааны дэг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, аль нэг нь хангагдаагүй, эсхүл шүүгдэгч хүсэлтээсээ татгалзвал 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Мөн “хялбаршуулсан журмаар” хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийн үйл баримт, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэх журамтай байтал прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийг шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Х.*******д холбогдох хэрэгт хийгдвэл зохих нэмэлт ажиллагаа байхгүй, шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэрэгт цугларсан яллах, цагаатгах талын нотлох баримтыг харьцуулан, эх сурвалжийг нь магадлан шинжлэн судалснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой боловч шүүх улсын яллагчийн саналд тусгасан асуудал бүрт нотлох баримт, үйл баримтад тулгуурлан няцаалт өгөхгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй эсэхийг дүгнээгүй. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж дүгнэх үндэслэл болж байна.

          2.2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлийн талаар: Шүүх шийдвэртээ шинээр хуульчлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт, түүний тайлбар, уг гэмт хэргийн шинж болон Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөөр хуульчилсан хугацааг тус тус дурдаж, улмаар “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй. Ийнхүү хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр гэмт үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж заасныг журамлан мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно." гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй....” хэмээн дүгнэсэн байна. Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо Зөрчлийн тухай хуулийн хэм хэмжээг иш татаж нэмэлт нөхцөл болохоор тайлбарласан нь буруу биш. Гэвч хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хийсэн аутентик тайлбарт мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьект нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” байхаар салаа утгагүйгээр хуульчилсан байхад шүүх гэмт хэргийн шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг гэмт хэргийн шинжид шууд хамаатуулж буруу дүгнэн, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.

 

          Мөн шүүх хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарласан. Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл нь “Хууль буцаан хэрэглэх” талаархи заалт бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн хувьд хууль буцаан хэрэглэх нөхцөл үүсэхгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт шинээр хуульчлагдсан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтыг тайлбарлаж, шийдвэрийн үндэслэл болгохдоо хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэсэн ямар нөхцөл байдал үүссэн үндэслэл тодорхойгүйгээр шийдвэр гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно.

          2.3. Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь: Эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой. Шүүхээс мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй талаар шийдвэртээ дүгнэсэн атлаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа байгаа, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг хэрхэн тогтоосон эсэхийг тодорхойлж дүгнээгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн.

          Шүүх хэрэгт “....мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж шийдвэртээ дүгнэсэн байх боловч хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг хэрхэн, яаж зөрчсөнийг шийдвэртээ тодорхой тусгаж дүгнээгүйг мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх юм. Хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай" заалтыг баримтлан прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дараахи няцаалтуудыг хийж байна. Шүүх шийдвэртээ: “....шүүгдэгч Х.*******ийг цагаатгаж болох үндэслэл тогтоогдсон....” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг цагаатгаагүй, гэм буруугүйд тооцсон эсэх нь тодорхойгүй, хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоол бус харин хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан.

          Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль заалт нь хангагдаагүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохоор хуульчлан зохицуулсан байхад шүүх хуульд заасан дээрх эрхийг тайлбарлаагүй нь оролцогчдод эдлэх ёстой эрхийг бүрэн эдлүүлээгүй гэж үзнэ.

          Шүүхийн гаргасан дээрх хууль хэрэглээний алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/61 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив.   

 

        Прокурор Т.Солонго шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 заасныг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5.1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/61 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож болгож өгнө үү. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

        Анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдсон гэх үндэслэлээр  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х.*******д холбогдох 2429000000023 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзэв.

 

         Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.   

 

        Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

 

        Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр тодорхойлогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа 2024 оны 06-р сарын 19-ний өдөр дуусахаар байхад тэрээр 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх нөхцөл байдал тогтоогдож шүүх энэ талаар дүгнэж бичсэн байна.

 

       Шүүх Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтын аль нэгээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч хуульчилжээ...гэж хууль зүйн үндэслэлээ тайлбарласан байна.

 

       Түүнчлэн анхан шатны шүүх Х.******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 34 дэх тал/ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийтгэл хүлээсэн хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заажээ. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн тул уг өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад заасны дагуу хасуулсан хүн уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна... гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэнтэй холбогдуулан дараах үндэслэлээр анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв. Үүнд:                                                  

        Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ...гэснээс үзэхэд зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдийн,  тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч болохоор хуульчилжээ.     

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.

 

        /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "тохиолдолд" гэсний дараа "тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл" гэж нэмэлт оруулсан/

 

         Мөн зүйлийн 3 дахь хэсэгт: Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно...гэж хуульчилснаас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял 12 жил хүртэл /өмнө нь 8 жил хүртэл байв/ байхаар, хорих ял дээр нэмж оногдуулсан бол хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэхээр байна.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа  этгээдийг ойлгохоор тайлбарласан байна.  

 

       Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө шийтгэл хүлээсэн хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэл болно гэж тайлбарлажээ.  

 

       Шүүхийн энэхүү хууль зүйн дүгнэлтээр 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд  дээр дурдсан үндэслэлээр 1-8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаашлаад хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэх, зөрчлийн шийтгэлээ эдэлж байгаа болон шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж байгаа этгээдүүд энэ хугацаандаа дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн болон зөрчлийн хэргийн ямар ч шийтгэл, хариуцлага хүлээхгүй байх, энэхүү шийтгэлийг эдэлж буй олон мянган этгээдүүд дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдэхэд хууль үйлчлэхгүй мэт хууль зүйн сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна. Учир нь:

 

        Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн талаар хуульчилсан ба эдгээр зөрчлийн хэргийн субьект нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн байх тул “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүчин төгөлдөр  үйлчилж буй Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээх хуулийн зохицуулалт байхгүй байна. 

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдэгт  Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн тул уг өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад заасны дагуу хасуулсан хүн уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байх тул цагаатгах үндэслэл тогтоогдож байна...гэж анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн нь дээр дурдсан эрх хасах шийтгэл эдэлж байгаа, эрх хасах нэмэгдэл ял эдэлж байгаа, цаашид эрх хасах ялыг нэмэгдэл ялын чанартайгаар эдлэх ялтан этгээдүүд дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хууль үйлчлэхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болжээ.   

 

        Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, мөн зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэснийг баримтлан “Хууль үйлчлэх цаг хугацаа”-г тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

 

        Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/61 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/61 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хүлээн авахаар тогтсугай.

 

2. Хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд очих хүртэл шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

        4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.