Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0724

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Н*******,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О*******, Б.О******* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.А******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О******* нэхэмжлэлийн шаардлагаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргын шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тухайн шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж ттодорхойлж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн ерөнхий зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр тогтоолыг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд нэхэмжлэгчийг томилох шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж өөрчилжээ.

1. Нэхэмжлэгч Д.О******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар шилжүүлэн томилогдон ажиллаж байжээ.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлсөн байна.

3. Нэхэмжлэгч Д.О******* төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн үйлдлийг эс зөвшөөрч, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/270 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтад оролцон томилогдох боломжтой гэх хариуг,

4. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор ...Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор Д.О*******г Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасан байна.

5. Мөн Төрийн албаны зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/1309 дүгээр Хууль хэрэгжүүлэх, тогтоол хүргүүлэх тухай албан бичгээр 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр тогтоолыг хүргүүлсэн байна.

6. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл Төрийн албаны зөвлөлийн 219 дүгээр тогтоолыг биелүүлээгүй тул 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

7.1. Шүүийн ерөнхий зөвлөл хууль зөрчсөн болохыг Төрийн албайн зөвлөлийн 219 дүгээр тогтоолоор тогтоож, намайг албан тушаалд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор томилохыг даалгасан,

7.2. Гэвч Төрийн албаны шийдвэрийг биелүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болж байна.

7.3. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан гэж,

8. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлт гэдэг үндэслэлээр чөлөөлөгдсөн. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрх хэмжээг хэрэгжүүлээгүй гэж холбогдох урьдчилан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаж, миний гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас Төрийн албаны зөвлөлийн тус тогтоолыг баталгаажуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

9. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн зарим дүүргийн шүүх тойргийн зарчмаар өөрчлөн байгуулагдсан.

10. Шүүхийн ерөнхий зөвлөл зарим шүүхийн Тамгын газрыг дээрх хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах хэрэгцээ шаардлага үүссэний дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.7-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн Тамгын газрыг өөрчлөн байгуулсан.

11. Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газруудыг нэгтгэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар нэртэйгээр, мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газруудыг нэгтгэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар нэртэйгээр өөрчлөгдсөн зохион байгуулагдсан.

12. Ингэснээр хоёр тусдаа шүүхийн Тамгын газар нэгдсэн зохион байгуулалтад орж тус шүүхийн Тамгын газрын даргын 2 орон тооны нэг нь хасагдах нөхцөл байдал тулгарсан.

13. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Д.О*******д Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/2077 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хүргүүлсэн.

14. Шүүхийн Тамгын газрын дарга Д.О*******гээс уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар чөлөөлөх шийдвэрийг гаргах хүртэл хугацаанд Ерөнхий зөвлөлд хандан тайлбар, санал, хүсэлт ирүүлээгүй болно.

15. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д зааснаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар хуульчилсан.

16. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хуулийн заалтын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.9 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор тухайн албан тушаалын шаардлагыг илүү хангах албан тушаалтныг сонгон шалгаруулж, Л.Наянтайг шинэчлэн байгуулагдсан шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, Д.О*******г чөлөөлөх шийдвэр гаргасан.

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 онд Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор зарим шүүхийн Тамгын газрууд нэгдэж, орон тоо хасагдсан. Нийслэлд 9 шүүхийн Тамгын газар, Дархан-Уул аймгийн 2 шүүхийн Тамгын газар нэгдсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын өгсөн чиглэлийн дагуу сонсох ажиллагааны тайлбаруудыг Шүүхийн Тамгын газруудад өгсөн. Д.О******* даргад орон тоо нь хасагдах талаарх тайлбарыг хүргүүлсэн бөгөөд манайд ямар нэгэн тайлбар, санал ирүүлээгүй. Төрийн албаны тухай хуулийн дагуу Шүүхийн Тамгын газруудын дарга нарыг зөвлөлийн хуралдаанаар оруулж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-ийн дагуу төрийн албаны нөөцөд үлдээх шийдвэр гарсан. Шүүхийн захиргаа, хүний нөөцийн газраас Шүүхийн Тамгын газрын дарга нарын ажилласан жил, сүүлийн 3 жилийн үнэлгээ, шүүхээс, шүүгчээс ирсэн санал, хүсэлтүүд зэргийг харьцуулсан байдлаар танилцуулгыг хийсэн. Мөн хяналт, шалгалтын аудитын цахим үнэлгээ болон санал, гомдлоор ирсэн үнэлгээнүүдийг харгалзан үзэж харьцуулалт хийсэн. 2024 оны бүтэн жилийн үйл ажиллагааны цахим аудитын дүнгээр Д.О******* дарга нь ажил сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн байсан. Мөн 2023, 2024, 2025 оны ажлын үр дүнг жагсаан гаргасан. Нэхэмжлэгчээс ямар нэгэн хариу тайлбар ирээгүй учраас Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаар шийдвэрлэсэн. Зөвлөлийн даргаас Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-ийн дагуу төрийн албаны нөөцөд үлдэх, эсхүл 3 сарын тэтгэмжийг олгох гэх шийдвэр гарч санхүүгийн албанд шийдвэрийг өгсөн гэв.

18. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор албан тушаалд нь эргүүлэн томилохыг даалгасан. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үндсэн тайлбараа дэмжинэ. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл буюу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл, баталгаа хэсэгт өөрөөс нь үл шалтгаалах шалтгаанаар Тамгын газрын даргын орон тоо хасагдсан бол нэмэгдэл баталгаагаар 62.1.4-өөр цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу байраар хангуулах эсхүл гэх сонгох санкцтай. Заавал гэсэн зүйл байхгүй. Тийм учраас тухайн үед ажил олгогчоос орон тоо нь хасагдсан Тамгын газрын даргыг 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн нэмэгдэл болон нийтлэг баталгааг хангах чиг үүрэгтэй байгууллагын хувьд дийлэнх шийдвэр нь ингэж гардаг. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэг сонгох санкцтай учраас Ерөнхий зөвлөлийн гишүүд бүрэн эрхийн хүрээнд хамтын шийдвэрээр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлгийг олгож шийдвэрлэгдсэн. Тийм учраас Шүүхийн Тамгын газрын даргыг өөр албан тушаалд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Д.О******* нь анх 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 269 дүгээр тушаалаар Шүүхийн захиргааны удирдлагын газарт Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар томилогдон ажилласан байна.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/2077 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч Д.О*******д Улсын Их Хурлын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.7 дахь заалтыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны Шүүхийн Тамгын газар байгуулах тухай" дугаар тогтоол, "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай" 206 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар болон өөрчлөн байгуулагдсанаар Тамгын газрын даргын албан тушаалын орон тоо хасагдсан болох-ыг мэдэгдэж,

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Зарим шүүхийн Тамгын газрын дарга нарыг албан тушаалаас чөлөөлөх тухай тогтоолоор нэхэмжлэгч Д.О*******г Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тасалбар болгон төрийн албан тушаалаас чөлөөлж,

4. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 23 дугаар тушаалаар Д.О*******д нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

5. Дээрх тогтоол, тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгч Д.О******* Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/270 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрыг нэгтгэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар болгон өөрчлөн байгуулснаар шүүхийн Тамгын газрын даргын орон тоо хасагдаж байгаа талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 01/2077 тоот албан бичгийг хүргүүлсэн. Та мэдэгдлийг хүлээн авснаас хойш Ерөнхий зөвлөлд хандан тайлбар, санал гаргаагүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор таныг чөлөөлж улмаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны "Д.О*******д нэг удаагийн тэтгэлэг олгох тухай" 23 дугаар тушаал гаргасан.

Дээрх шийдвэрийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн дагуу та удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдэж, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцон томилогдох боломжтой юм. гэх хариуг авсан байна.

6. Улмаар нэхэмжлэгч Д.О******* Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор ... Д.О*******г төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 62.1.1, 62.1.4 дэх заалтад тус тус заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж, мэргэжил, мэргэшлийн дагуу өөр, ажил албан тушаалд томилоогүй болохыг тогтоож, Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор Д.О*******г Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэж,

7. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/1309 дүгээр Хууль хэрэгжүүлэх, тогтоол хүргүүлэх тухай албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байна.

8. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан хянан шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний 219 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг хуул зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгч намайг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор албан тушаалд томилохыг даалгасан байхад Төрийн албаны шийдвэрийг биелүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болж байна гэж тайлбарлан маргаж байна.

9. Хариуцагчийн зүгээс 2024 онд Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор зарим шүүхийн Тамгын газрууд нэгдэж, орон тоо хасагдсан. Төрийн албаны тухай хуулийн дагуу Шүүхийн Тамгын газруудын дарга нарыг зөвлөлийн хуралдаанаар оруулж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-ийн дагуу төрийн албаны нөөцөд үлдээх шийдвэр гарсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэсэн сонгох санкцтай учраас Ерөнхий зөвлөлийн гишүүд бүрэн эрхийн хүрээнд хамтын шийдвэрээр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн. Тийм учраас Шүүхийн Тамгын газрын даргыг өөр албан тушаалд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өгөх үндэслэлгүй... гэж маргаж байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтад энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, хадагдахгүй байх, 62.1.4 дэх заалтад төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульчилсан.

11. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангахаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй, шууд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гаргаж, төрийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч Д.О*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

12. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно., 49.2 дахь хэсэгт Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэжээ.

13. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх бөгөөд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөөд, буцаан томилоогүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлдэл нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн байна.

14. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.О*******гийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хууль хэрэгжүүлэх, тогтоол хүргүүлэх тухай албан бичгээр ... Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүй цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасны дагуу Д.О*******д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгох шийдвэр гарсан хэдий ч бодит байдал олгоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож, нөхөж олгох нь зүйтэй.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж, цалин хөлсийг бууруулахгүйгээр албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд Д,О*******г томилж, шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор төрийн албаны зөвлөлд тайлагнахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

15. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дах хэсэгт Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх хуулийн зохицуулалттай.

16. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хянан шийдвэрлэсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхтэй, ийнхүү эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байхаар хуульд зохицуулсан байна.

17. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хууль хэрэгжүүлэх, тогтоол хүргүүлэх тухай албан бичгийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

18. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.О*******г албан тушаалаас чөлөөлөөд, буцаан томилоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

19. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.О*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд нэхэмжлэгчийг томилох шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ.

20. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг гаргах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэснийг баримтлан нэхэмжлэгч Д.О*******г энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаал гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч тооцоолон нөхөн олгох үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, 62.1.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Д.О*******г ажилд нь томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд нэхэмжлэгчийг томилох шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.