Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2021/00056 

 

А.А-н  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00492 дугаар шийдвэртэй, А.А-н  нэхэмжлэлтэй,  Ш.К д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Ердос, нэхэмжлэгч Х.А , түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Ш.К , түүний өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Ш.К аас худалдан авсан үхрийн үнэ 5600000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие хариуцагч Ш.К  гэдэг хүнд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ногооннуур сумын нутаг Хармагнай гэдэг газарт хаваржиж байхад өөрийн 15 тооны үхрийг зээлээр худалдаж авна гэхээр өөрийн биеэр тууж очоод хүү А.Нурболын хамт хүлээлгэж өгсөн. Хариуцагч Ш.К  нь надаас худалдаж авсан үхрийг хүлээн авч 2 үхрийн үнэ 1000000 төгрөгийг бэлнээр өгч бусад үхрийн үнийг дараа нь хэсэгчлэн төлж өгөхөөр болж зээлээр худалдан авсан юм. Гэвч заасан хугацаанд мөнгө төгрөг өгөөгүй байгаад 3 тооны эх үхрийг буцааж өгсөн. Үлдсэн 2 эх үхрийн үнэ 1600000 төгрөг 8 тооны шар үхрийн үнэ 4000000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар Шаривханы Князаас зээлээр худалдаж авсан 2 тооны эх үхрийн үнэ 1600000 төгрөг, 8 тооны үхрийн шарын үнэ 4000000 төгрөг нийт 5600000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт гэр бүлийн хамт оршин суудаг Шаривхан овогтой Княз миний бие А.Акбайгийн нэхэмжлэлийн шаардлагад танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөө мал дээр байдаг ба надаас өөр малыг маань харж өгөх хүнгүй болохоор шүүхэд хариу тайлбараа хугацаандаа гаргаж чадаагүйд хүлцэл өчье. А.Акбай гэгч нь ямар ч үндэслэлгүй зүйл бичиж надаас 5,600,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би А.Акбайгаас ямар нэгэн мал худалдаж аваагүй. Түүнд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, мөн түүнд өгөх өглөггүй болно. Ямар учраас 15 үхрийг зээлээр худалдан авсан гэж бичсэнийг огт ойлгохгүй байна. 2019 оны 02 дугаар сард Ногооннуур сумын Хар-жамаат гэх газарт би нүүж очоод малаа оторлуулсан билээ. Би оторт байхад А.Акбай нь над руу залгаж "үхрээ алдчихлаа, миний үхрүүд Хар-жамаатад харагдсан уу" гэж хэлсэн. Тухайн Хар-жамаат гэх миний оторлож байгаа газар тус сумын айлуудын үхэр, адуунууд байсан ба тэнд явж байсан үхрүүдийг таны үхэр байх гэж түүнд хэлсэн. Тэгэхэд А.Акбай нь надад чи миний үхрүүдийг харж, хамгаалж чадах уу гэдгээ хэлсэн. Би түүнд ямар ч боломжгүй, надад туслах өөр хүн байхгүй тул өөрийнхөө малаас өөр хүний малыг харж чадахгүй гэдгээ хэлж татгалзсан. Үүний дараа А.Акбай нь хэд хэдэн удаа өөрийнхөө үхрүүдийг Хар-жамаатаас харагдаж байна уу гэж тодруулан утсаар ярьж байсан. Сүүлд нь тэр надад ярихдаа би үхрүүдээ алдчихлаа, чи харж өгөөгүйгээс боллоо гэсэн утгатай зүйл ярьж байсан. Би түүний үхрүүдийг нь харж хандаж өгөхөөр болж тохиролцсон зүйл огт байхгүй, түүнээс үхэр худалдан авсан зүйл ч байхгүй. Мөн туүнд мөнгө өгсөн удаа ч байхгүй юм. Намайг үндэслэлгүй гүтгэж нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00492 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.К аас худалдан авсан үхрийн үнэ 5600000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Акбайд олгож, шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Өмгөөлөгч С.Нургайып миний бие А.А-н  нэхэмжлэлтэй Ш.К д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00492 дугаар шийдвэрийг "анхан шатны шуух Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоохгүйгээр хуульд заасан журам зөрчсөн" гэж үзээд бүхэлдээ эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлоо гаргаж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах; худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар "Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт,шүүхийн практик, анхаарах асуудал" гэсэн гарчигтай зөвлөмжөөр "Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг тохирсон байх явдал юм. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүйд хүрнэ" гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар худалдах эд хөрөнгийг үнийг тохироогүй болох нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар нь миний үхрийг худалдаж авна гэж авчхаад алга болгосон учраас би түүнээс зах зээлийн үнэлгээ тогтоож үхрийн үнийг нэхэмжилж байгаа гэж мэдүүлдэг.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: миний бие хариуцагч Ш.К д "Хармагнай" гэх газар хаваржиж байхад өөрийн 15 тооны сарлаг үхрийг зээлээр худалдаж авна гэхээр өөрийн биеэр тууж очоод хүү А.Нурболын хамт хүлээлгэж өгсөн ба Ш.К  нь худалдаж авсан үхрээ хүлээж авч хоёр үхрийн үнэ 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч, бусад үхрийн үнэ өртгийг дараа нь хэсэгчлэн төлж өгөхөөр болсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч А.Акебай нь Ш.К д үхрүүдээ худалдахаар болж харилцан тохиролцож, үхрийг шилжүүлж өгсөн болох нь тогтоогдохгүй. Ш.К ын оршин сууж байгаа газарт очсон үхрийг түр хугацаагаар харж өгөөч гэж гуйдаг болохоос худалдахаар болж харилцан тохиролцож хариуцагчид хүлээлгэн өгсөн зүйл огт байхгүй. Тэгээд ч 1 000,000 төгрөгийг бэлэн өгсөн зүйл огт байхгүй.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Ш.К ын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтод "Миний бие Шарипхан овогтой Княз хилийн шугамд тулсан 9 тооны үхрийг зүсмийн бүртгэлтэй тулгаж авсан нь үнэн болно. Үүнд: Эвэртэй хөх 1, Хар 2, хар халзан 1, хар бяруу 1, сарлаг 2 эвэртэй саарал 2 тус тус хүлээж авсан нь үнэн болно", мөн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтод "... хадланд явахдаа 12 үхрийг 5-р ангийн сурагч Книяз овогтой Ертай гэдэг хүүдээ үлдээсэн. Хадлан байх үед 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15: 30 цагт утсаар үхэр алга болсон талаар хэлсэн. ... энэ тухай заставын дарга Н.Нурланд хэлсэн. 20196 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 4- р багийн малчин Манат миний үхрийг Хөх сайгаас дээш бэлчээрлэж байсныг хэлсэн Мандат нь надад 2019 оны 08 дугаар 10-ны өдөр хонь хариулж явахад миний үхрийг холоос харсан ..." гэсэн үйл баримтуудыг үндэслэн Ш.К  А.А-н  үхрийг худалдан авсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэгэнт Ш.К д түр хариуцаж байгаарай гэж хэлсэн А.А-н  үхрүүдэд эзэн болохын тулд Ш.К  нь эрх бүхий байгууллагуудаас сураглаж, хилийн зурваст хүрсэн үед очиж хүлээн авч байсан асуудал байгаа боловч энэ нь тухайн үхрүүдийг худалдан авсан гэх нотлох баримт биш Гэрч Б.Табаракаас "Би 2019 оны 05 дугаар сарын 6, 7, 8-ны өдөр байх хилийн манаанд байхад 18 тооны үхэр хилийн заагд явж байсан тул эзэн холбогдогчийг тогтохын тулд хамгаалалтад аваад сураглахад Акбайн үхэр болохыг тогтоож холбогдсон. Тэр үед энэ хүн ажил явдалтай байсан хүүхэд нь нас барсан мөн Цагааннуур тосгонд хөл хорио тогтоосон байсан тул би очиж хүлээж авах боломжгүй, би Ш.К  гэдэг хүнд үхрээ зарсан тэр хүн хүлээж авна гэсэн Тэгээд Княз гэдэг хүнд холбогдоод хүлээлгэж өгсөн. ... Тухайн үед Ш Княз нь би худалдаж авсан гэж хүлээж авсан, саатуулагдсан үхрийг гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн" гэж мэдүүлэг өгсөн, Гэрч Б.Табаракийн энэхүү мэдүүлгийг шүүхээс зөвхөн нэг талыг баримтлан үнэлж хариуцагчид ашигтай нотлох баримттай харьцуулан дүгнээгүй. Б.Табарак нь А.А-н  үхэр нь хилийн зурваст орсны улмаас Зөрчлийн тухай хуулийн дагуу 100,000 төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэж байсан болох нь тогтоогдсон Хэрэв тухайн үхрүүдийг А.А Ш.К д худалдсан бол яах гэж 100,000 төгрөгөөр торгуулан, шийтгэл хүлээдэг юм бэ? Шүүх нэхэмжлэгчийн талд гарч хариуцагчийн талын нотлох баримтыг огт үнэлээгүй, үнэлэхийг ч хүсээгүй, бүр яагаад хэрэгт хамааралгүй гэж үзсэн тухайгаа ч дурдаагүйд гомдолтой байна. Гэрчийн мэдүүлэгт "Акбайн үхэр болохыг тогтоож холбогдсон. Тэр үед энэ хүн ажил явдалтай байсан хүүхэд нь нас барсан мөн Цагааннуур тосгонд хөл хорио тогтоосон байсан тул Ш.К д хүлээлгэж өгсөн" гэж хэлж байгаа Ш.К ын шүүх хуралдаанд явцад хэлсэн тайлбартаа "А.А-н  нас барсан хүүтэй нь найз байсан тул түүний хэлснээр хилийн зурваст байгаа үхрүүдийг хүлээн авсан гэж хэлсэн. Ш.К  нь хэл, бичиг үсэг мэдэхгүй өөрийнхөө нэрийг л арай гэж бичдэг хүн заставын даргын бичсэн тодорхойлолтод гарын үсгээ зурсан тухайгаа мэддэг юм байна

3.Нэхэмжлэгч А.А-н  төрсөн хүү А.Нурболыг гэрчээр өгсөн "Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр аав маань малд туслаарай гээд дуудсан. Би Өлгий сумаас мотоциклоор очсон. Тэгээд 4 дүгээр сарын 27-ны өдөр малыг хүлээлгэж өгье гээд аавтайгаа хамт Ш.К ын гэрт очсон. Тэнд малчдад манай үхрүүд тархсан байдалтай байсан. Бид өөрсдийнхөө үхрүүдийг ялгаж аваад Ш.К ын гэрт очиж цай уунгаа тохирч, үхрүүдийг өгсөн. Ш.К  үхрүүдийг худалдаж үед эхнэр нь авахгүй гэхээр Ш.К  заавал авна гэж хэлээд манай аавтай тохиролцож үхрүүдийг худалдаж авсан" гэсэн мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болгожээ. Энэ нь нэхэмжлэгч А.А-н  нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан "...миний бие хариуцагч Ш.К д "Хармагнай" гэх газар хаваржиж байхад өөрийн 15 тооны сарлаг үхрийг зээлээр худалдаж авна гэхээр өөрийн биеэр тууж очоод хүү А.Нурболын хамт хүлээлгэж өгсөн" гэснээс зөрч байна Өөрөөр хэлбэл эцэг нь Ш.К д 15 үхрийг тууж аваачиж өгсөн гэж байгаа бол хүү нь үхрүүд нь малчдад манай үхрүүд тархсан байдалтай байсан тул Ш.К д худалдсан гэж байгаа юм. Бодит байдалд А.А нь Ш.К д холбогдож миний үхрүүд хар магнайд харагдвал түр эзэн болж өгөөч гэж гуйж байсан. Тухайн үхрүүд нь алга болохоор нь түүнээс худалдан авсан хэмээн үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс "нэхэмжлэгчээс эд хөрөнгийг буюу үхрийг худалдан авагч Ш.К д шилжүүлсэн байх тул хариуцагчид өмчлөх эрх үүсэж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ" гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн холбогдох заалтыг Улсын дээд шүүхийн тайлбарлаж байгаагаас өөрөөр тайлбарласан явдал болсон Эд хөрөнгө шилжсэн нь гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Тухайн эд зүйлийг өөр зорилгоор шилжсэн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч А.А нь шүүх хуралдааны явцад Ш.К  нь миний үхрийг алга болгосон учраас түүнээс зах зээлийн үнийн дүнгээр мөнгөө нэхэмжилж байгаа хэмээн тайлбарласан.

4.Шүүх зөвхөн нэхэмжлэгчид ашигтай нотлох баримтыг л үнэлэн нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч А.А нь үхэр нь алга болсны дараа Ногооннуур сумын Цагдаагийн хэсэгт гомдоо гаргасан байсантай холбоотой Цагдаагийн алба хаагчийн гэрчээр асуулгасан. Тухайн гэрчийн мэдүүлгийг хэрэгт яагаад хамааралгүй хэмээн үзсэнээ шийдвэртээ огт дурдаагүй. Хариуцагч болон түүний өмгөөлөгч миний хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлүүдээ шүүх хуралдааны явцад гаргаж ирсэн байхад шүүх миний үндэслэлүүдийг хүлээж аваагүй үндэслэлээ огт тайлбарлаагүйд гомдолтой байна. Хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрчүүд болох Ж.Туысбек, С.Баатар, Б.Худайберди, Ш.Хыдрман, Х.Хуандых нарын мэдүүлэг болох тодорхойлолтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох шууд нотлох баримт биш гж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэдгээр хүмүүс хэрэгт хамааралтай ач холбогдолтой байдлыг дүрсэлж өгсөн Ш.К  А.А-н  үхрүүдийг худалдаж аваагүй болохыг, мөн А.А-н  гэх эзэнгүй үхрүүд хар магнай гэх газарт байсныг, дараа нь А.А-н  хүсэлтээр түр харахаар болж байсныг, дараа нь үхрүүд нь алга болсон үед А.А хайж байсныг тус тус нотолж өгсөн байхад шууд нотлох баримт биш гэж үнэлэхгүй байгаа нь илт нэг талыг баримтлан шүүх шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Шүүхээс зах зээлийн үнэлгээ тогтоосон баримтыг үндэслэн "Малын үнэлгээ тогтоолгох тухай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн баримтаар цуваа сарлаг үүлдрийн эм үхрийн үнийг 800000 төгрөгөөр, сарлаг дөнөн эр үхрийн үнийг 500000 төгрөгөөр, сарлаг дөнжин эм үхрийн үнийг 500000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. Хариуцагч талаас дээрх үнэлгээг няцааж нотлох баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд тухайн үнэлгээгээр нийт 10 тооны үхрийн үнийг тооцоход 5600000 төгрөг байна" гэжээ. Ш.К  болон А.А нар худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоо хийхээр болж үнэ тодорхойлох арга хэрэгслийг тохирсон зүйл байхгүй байхад анхан шатны шүүх санаачилга гаргаж Ш.К , А.А нарын наймааны үнийг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Мейрамбекийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ители овогт А.А-н  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг  хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Ш.К д  холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.К  эс зөвшөөрч  маргажээ.

 

Хариуцагч Ш.К  нь “Би А.Акбайгаас ямар нэгэн мал худалдаж аваагүй. ... Түүний үхрийг нь харж хандаж өгөхөөр болж тохиролцсон зүйл огт байхгүй, түүнээс үхэр худалдаж авсан зүйл ч байхгүй. Түүнд мөнгө өгч байсан удаа байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэж  тайлбар  гаргасан  байна. Ш.К ын дээрх тайлбараас үзвэл тэрээр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж  маргасан байна.

 

Хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний талаар маргасан учир нэхэмжлэгч үхэр худалдсан болохоо нотлуулахаар гэрчээс мэдүүлэг авах хүсэлт гаргасныг болон хариуцагчийн хавтаст хэрэгт авагдсан гарын баримтад гарын үсэг зурсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авчээ.

 

Гэрч Б.Табаракаас “Би 2019 оны 05 дугаар сарын 6, 7, 8-ны өдөр байх хилийн манаанд байхад 18 тооны үхэр хилийн заагд явж байсан тул эзэн холбогдогчийг тогтохын тулд хамгаалалтад аваад сураглахад Акбайн үхэр болохыг тогтоож холбогдсон. Тэр үед энэ хүн ажил явдалтай байсан, хүүхэд нь нас барсан. Мөн Цагааннуур тосгонд хөл хорио тогтоосон байсан тул би очиж хүлээж авах боломжгүй, би Ш.К  гэдэг хүнд үхрээ зарсан тэр хүн хүлээж авна гэсэн. Тэгээд Княз гэдэг хүнд холбогдоод хүлээлгэж өгсөн. ... Тухайн үед Ш.К  нь би худалдаж авсан гэж хүлээж авсан, саатуулагдсан үхрийг гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч А.Нурболын шүүх хуралдаанд өгсөн “Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр аав маань малд туслаарай гээд дуудсан. Би Өлгий сумаас мотоциклээр очсон. Тэгээд 4 дүгээр сарын 27-ны өдөр малыг хүлээлгэж өгье гээд аавтайгаа хамт Ш.К ын гэрт очсон. Тэнд малчдад манай үхрүүд тархсан байдалтай байсан. Бид өөрсдийнхөө үхрүүдийг ялгаж аваад Ш.К ын гэрт очиж цай уунгаа тохирч, үхрүүдийг өгсөн. Ш.К  үхрүүдийг худалдаж авах үед эхнэр нь авахгүй гэхээр Ш.К  заавал авна гэж хэлээд манай аавтай тохиролцож үхрүүдийг худалдаж авсан” гэх мэдүүлэг, хариуцагч Ш.К ын 2019 оны 08 дугаар16-ны өдрийн, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтууд нь үйл явдлыг тодорхойлсон баримтууд бөгөөд шинжээчийн дүгнэлтээр уг баримтуудад зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ш.К ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд болон бичгийн хэвийн туршилтын загвартай тохирч байгаа гэх шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэгдсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны байна.

 

Талууд гэрээ байгуулахдаа худалдан авагч нь хоёр үхрийн үнэ 1000000 төгрөгийг худалдагчид бэлнээр өгч, бусад үхрийн үнэ өртгийг тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлж өгөхөөр тохиролцож, мөн Ш.К  нь 3 тооны үхрийг нэхэмжлэгчид буцааж өгсөн ба үлдсэн 2 үхрийн үнэ 1600000 төгрөг, 8 тооны шар үхрийн үнээс 4000000 төгрөг, нийт 5600000 төгрөгийг төлөөгүй байх тул худалдах-худалдан авах гэрээний уг үнийг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн малын үнэлгээ тогтоолгох баримт, зохигчийн тайлбарыг  үндэслэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч буюу хариуцагч нь үхрийн үнийг бүрэн төлөөгүй нь тогтоогдсон гэж дүгнэн Ш.К аас 5600000 төгрөг гаргуулахаар  шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлсэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2021/00492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

Д.КӨБЕШ