| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00176/И |
| Дугаар | 315/ШШ2025/00252 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2025/00252
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Монгол банкны байранд байрлах, утас 70518085, 99066147, ******* банк ХК-ийн Баруун-Урт салбарын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багт оршин суух, *******ы *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багт оршин суух, *******н ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 36,141,383.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Баруун-Урт салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.*******, М.******* нар нь ******* банктай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1230085174 дугаартай бичил жижиг зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Б.*******гийн ******* банк дахь 5001697504 дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,805,55.6 төгрөг, зээлийн хүүд 4,249,161.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,379.80 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1230085174 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 460 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 36,141,383.82 төгрөгийг Б.*******, М.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, М.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкнаас 35,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан. 1 жилийн хугацаанд төлөлтийг тасралтгүй хийсэн. 2023 оноос эрүүл мэндийн шалтгаанаас болж бизнес доголдож, зээлээ төлж чадахгүй тасалдсан. Одоо тус банканд 36,141,383.82 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Баруун-Урт салбар нь хариуцагч Б.*******, М.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 36,141,383.82 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.*******, М.******* нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Баруун-Урт салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,389 төгрөгийн тал хувь 163,694.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 163,694.5 төгрөгийг хариуцагч Б.*******, М.******* нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Баруун-Урт салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Баруун-Урт салбарын зээлийн гэрээний үүрэгт 36,141,383.82 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б.*******, М.******* нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Баруун-Урт салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,389 төгрөгийн тал хувь 163,694.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 163,694.5 төгрөгийг хариуцагч Б.*******, М.******* нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Баруун-Урт салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА