Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 315/ШШ2025/00256

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, .. тоотод оршин суух, *******ийн *******гийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ... тоотод оршин суух, *******ын *******од холбогдох 

зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 2,850,000 төгрөг нийт 5,850,000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.******* (оролцоогүй),

Хариуцагч: Б.******* (оролцоогүй),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.******* миний бие Б.*******той харилцан тохиролцож 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн. Б.*******ыг зээлсэн мөнгө, хүүгийн хамт төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочиж одоог хүртэл төлөөгүй. Б.******* нь мөнгө зээлээд 19 сар болж байгаа бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 2,850,000 төгрөг нийт 5,850,000 төгрөгийг Б.*******оос гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа 1,850,000 төгрөгөөр багасгаж, 4,000,000 төгрөгийг төлүүлэхээр эвлэрсэн тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.******* эгчид зээлд 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 08-р сард багтаан төлнө гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.*******оос зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 2,850,000 төгрөг нийт 5,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч зээлийн хүү 2,850,000 төгрөгийн шаардлагыг 1,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь зээл 3,000,000 төгрөг, хүү 1,000,000 нийт 4,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сард багтаан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийн 5,850,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,550 төгрөгийн тал хувь 54,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 4,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тал хувь 39,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 2,850,000 төгрөг нийт 5,850,000 төгрөг гаргуулах шаардлагаа зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч Б.******* 2025 оны 08-р сард багтаан 4,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийн 5,850,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,550 төгрөгийн тал хувь 54,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 4,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тал хувь 39,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА