Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/26                                                         Даланзадгад сум

 

 

 

Я.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Т.Солонго /цахим/,

Шүүгдэгч: Я.Мөнхбаатар /цахим/,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Я.Мөнхбаатарт холбогдох 2429000390019 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Я.Мөнхбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 94-14 УБК улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Я.Мөнхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.Мөнхбаатарт холбогдох 2429000390019 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдсон тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Я.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Я.Мөнхбаатар нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрханы 5 дугаар багийн Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар 94-14 УБК улсын дугаартай тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл, гэрчээр Б.*******, яллагдагчаар Я.Мөнхбаатар нараас авсан мэдүүлэг болон 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан.

Шүүгдэгч Я.Мөнхбаатарын согтуурлын зэрэг 0,56 хувьтай гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

          2. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн талаар:

          2.1. Шүүх 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааны дэг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, аль нэг нь хангагдаагүй, эсхүл шүүгдэгч хүсэлтээсээ татгалзвал 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

          Мөн шүүх “хялбаршуулсан журмаар” хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийн үйл баримт, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэх журамтай байтал прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийг шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Я.Мөнхбаатарт холбогдох хэрэгт хийгдвэл зохих нэмэлт ажиллагаа байхгүй, шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэрэгт цугларсан яллах, цагаатгах талын нотлох баримтыг харьцуулан, эх сурвалжийг нь магадлан шинжлэн судалснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой боловч шүүх улсын яллагчийн саналд тусгасан асуудал бүрт нотлох баримт, үйл баримтад тулгуурлан няцаалт өгөхгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй эсэхийг дүгнээгүй.

          Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36,6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж дүгнэх үндэслэл болж байна.

          2.2. Шүүх шийдвэртээ шинээр хуульчлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт, түүний тайлбар, уг гэмт хэргийн шинж болон Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөөр хуульчилсан хугацааг тус тус дурдаж, улмаар “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй.

          Ийнхүү хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр гэмт үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж заасныг журамлан мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно." гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй....” хэмээн дүгнэсэн байна.

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо Зөрчлийн тухай

хуулийн хэм хэмжээг иш татаж нэмэлт нөхцөл болохоор тайлбарласан нь буруу биш. Гэвч хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хийсэн аутентик тайлбарт мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” байхаар салаа утгагүйгээр хуульчилсан байхад шүүх гэмт хэргийн шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг гэмт хэргийн шинжид шууд хамаатуулж буруу дүгнэн, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.

          Мөн шүүх хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарласан. Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл нь “Хууль буцаан хэрэглэх” талаархи заалт бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн хувьд хууль буцаан хэрэглэх нөхцөл үүсэхгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт шинээр хуульчлагдсан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтыг тайлбарлаж, шийдвэрийн үндэслэл болгохдоо хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэсэн ямар нөхцөл байдал үүссэн үндэслэл тодорхойгүйгээр шийдвэр гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно.

          2.3. Хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” заалтыг баримтлан прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дараахи няцаалтуудыг хийж байна.

          Шүүх шийдвэртээ: “....шүүгдэгч Я.Мөнхбаатарыг цагаатгаж болох үндэслэл тогтоогдсон....” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг цагаатгаагүй, гэм буруугүйд тооцсон эсэх нь тодорхойгүй, хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоол бус харин хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн.

          Түүнчлэн шүүхийн шийдвэрт: “....мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй...” гэж дурдсан боловч Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дурдаж, хуулийн заалтаас зөрүүтэй байдлаар дүгнэн, хэргийг прокурорт буцаасан.

          Мөн шүүхийн шийдвэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болон шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа байгаа болохыг тодорхойлж дүгнээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль хэрэглээний нэгдмэл бодлогыг алдагдуулсан, хууль ёсны бус шийдвэр болсон гэж дүгнэх үндэслэл болж байна.

          Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль заалт нь хангагдаагүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг: “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэх хуулийн зохицуулалтыг илт зөрчсөн шийдвэр болохыг дурдаж байна.

          Шүүхийн гаргасан дээрх хууль хэрэглээний алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

          Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/67 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

         Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/67 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

         Шүүгдэгч Я.Мөнхбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

       Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь шүүгдэгч Я.Мөнхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хяналтын прокурор Т.Солонго нь анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн“ гэсэн шинжүүдийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа  этгээдийг ойлгохоор байна. 

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдсон гэх үндэслэлээр  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Я.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  Я.Мөнхбаатар нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр тодорхойлогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болохоор байна.

 Я.Мөнхбаатар нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал тогтоогдож шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтын аль нэгээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч хуульчилжээ гэж хууль зүйн үндэслэлээ тайлбарласан нь Эрүүгийн хуулийн буруу тайлбарласан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шийтгэл хүлээсэн хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэл болно гэж тайлбарласнаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулахаар заагдаагүй Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан шинжийг Эрүүгийн хуульд заасан шинжид хамааруулахаар адилтган тайлбарласныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” байхаар салаа утгагүйгээр хуульчилсан байхад шүүх гэмт хэргийн шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг гэмт хэргийн шинжид шууд хамаатуулж буруу дүгнэн Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.”, “Хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” заалтыг баримтлан прокурорт буцаасан.” гэх хяналтын прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус    удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 2024/ШЗ/67 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хүлээн авахаар тогтсугай.

2. Хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд очих хүртэл шүүгдэгч Я.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                 ШҮҮГЧИД                                        Л.УГТАХБАЯР

                                                                                                                        Х.ГЭРЭЛМАА