| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00478/И |
| Дугаар | 311/ШШ2025/00399 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 311/ШШ2025/00399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******ын нэхэмжлэлтэй Л.*******ийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан болохыг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн иргэн Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний эцэг Л.******* нь 1967 онд төрсөн бөгөөд Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байв. Тэрээр 2025 оны 05-р сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд зохион байгуулагдсан Завхан ******* дэвжээний нээлтэд зориулсан бөхийн барилдаанд өөрийн ажил үүргийн хүрээнд, сурагч шавь нараа барилдаанд оролцуулахын зэрэгцээ хөлийн цэцээр ажиллаж байх үедээ зүрхний өвчний улмаас гэнэтийн байдлаар таалал төгссөн болно. Эмнэлгийн байгууллагаас миний аавыг ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу спорт зааланд нас барсан гэж үзсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж миний эцэг Л.*******ийг ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь өөрийн эцэг Л.*******ийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Л.******* нь Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын 4-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан болох нь түүний 125903 тоот Нийгмийн даатгалын дэвтэрт 2011 оны 05-р сарын 03-ны өдрийн 2 тоот тушаалаар Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуульд биеийн тамирын багш гэсэн бичилт, тус сургуулийн 2025 оны 08-р сарын 01-ний өдрийн 88 тоот тодорхойлолт, Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн биеийн тамирын боловсролын багшийн албан тушаалын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Л.******* нь 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд зохион байгуулагдсан Завхан ******* дэвжээний нээлтэд зориулсан бөхийн барилдаанд өөрийн ажиллаж буй сургуулийн захирлын зүгээс үүрэг болгосон чиг үүргийн хүрээнд оролцож тус тэмцээнд өөрийн шавь нарыг оролцуулах, хөлийн цэцээр ажиллаж албан үүргээ гүйцэтгэж явахдаа нас барсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 2025 оны 08-р сарын 04-ний өдрийн 89 тоот тодорхойлолтод Биеийн тамирын багш Л.******* нь 2025 оны 05-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Завхан ******* дэвжээний үндэсний бөхийн барилдаанд Завхан аймгийн 4-р сургуулийн удирдлагаас амаар өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд тус сургуулийн сурагч, өөрийн шавь хүүхдүүдийг бөхийн аманд ажиллуулсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн,
Завхан аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 05-р сарын 16-ны өдрийн А/52 тоот шүүгч томилох тухай тушаалын 1-рт Завхан ******* бөхийн дэвжээний нээлтийн барилдааныг зохион байгуулж шүүх шүүгчдийг хавсралтаар томилсугай гээд хавсралтын Хөлийн цэц гэсэн хэсгийн 05-рт Л.******* гэсэн,
Завхан аймгийн Алтангадас одонт Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 07-р сарын 09-ний өдрийн 02/327 тоот тодорхойлолтод *******ын ******* нь 2025 оны 05-р сарын 18-ны өдөр ******* бөхийн дэвжээний нээлтийн барилдааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт ухаан алдаж Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж дуудаж тусламж үзүүлсэн боловч амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүнгүй нас барсан болно гэсэн байна.
Ийнхүү Л.******* нь 2025 оны 05-р сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь гэрч Г.*******, Ч.*******, М.******* нарын мэдүүлэг, бөхийн барилдааныг ТV 9 телевизээр дамжуулж байх үед авсан 3 ширхэг фото зураг, нас барсны гэрчилгээ зэргээр давхар нотлогдож байна гэж үзэв.
Хэрэгт цугларсан дээрхи нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэхь хэсэгт зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан ........ ажил үүргээ гүйцэтгэж яваад 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ