2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/05961

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 08

191/ШШ2025/05961

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

 

/хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.******* миний бие нь хамт ажиллаж байсан С.*******гийн гуйснаар түүнд 2024 оны 09-р сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийг 1 сарын 10%-ийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээ байгуулан гэрээг нотариатаар батлуулсан. С.******* нь гэрээнд заасан ёсоор 2024 оны 10-р сарын 05-ны өдөр өгөх ёстой сарын хүү 1,500,000 төгрөгийг 2024 оны 10-р сарын 10-ны өдөр өгсөн. Дараа сарын хүүнд 1,200,000 төгрөгийг өгөөд 300,000 төгрөгийг дутуу өгсөн. Дараа сарын хүүгээ хугацаандаа өгөхгүй, өмнөх сарын хүүний дутуу 300,000 төгрөгөө нөхөн өгөхгүй явсаар 2024 оны 12-р сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 04-ний өдөр 50,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 07-ны өдөр 50,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 08-ны өдөр 50,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 09-ний өдөр 50,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 11-ний өдөр 50,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 13-ны өдөр 50,000 төгрөг тус тус өгөөд түүнээс хойш дахин мөнгө өгөөгүй. Нийт хүүнд 4,200,000 төгрөг өгсөн.

Миний бие гэрээнд заасан хугацааны хүү, хугацаа алдангийг С. *******гаас нэхэмжлэх эрхтэй ч энэ хэмжээгээр нэхэмжлэх бодолгүй байх ба түүнээс зээлийн хүүнд 3,500,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч С.******* нь өөрөө сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлье гэж гуйснаар энэхүү зээлийг олгосон гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10408 дугаартай Зээлийн гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 4/,

3.3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх 5/,

3.4. Б.*******гийн Хаан банкны дансны хуулга /хх 7-12/

3.5. Голомт банкны дансны хуулга /хх 13

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10408 дугаартай зээлийн гэрээг хариуцагч С.*******тай байгуулж, түүнд 15,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэйгээр 6 сарын хугацаанд зээлдүүлсэн. С.******* нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 3,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй мөн өдөр танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний сонгосон өмгөөлөгч мөн адил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С.******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10408 дугаар зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Б.******* нь 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр 15,000,000 төгрөгийг зээлдэгч С.*******д шилжүүлэх, зээлдэгч С.******* нь сар бүрийн 20-ны өдөр хүүний төлбөрийг төлж, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож, гэрээг нотариатаар батлуулж талууд гарын үсгээ зурсан байна. /хх 4/

 

4.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай.

 

Ийнхүү зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хариуцагч С.******* нь 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

4.3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас С.*******гийн Хаан банкны тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээл гэх утгатайгаар шилжүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

4.4. Гэрээгээр хариуцагч С.******* нь 2024.10.20-ны өдрөөс 2025.03.05-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 9,000,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Үүнээс 2024.10.10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.11.08-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024.12.25, 2024.12.26, 2024.12.29, 2024.12.30-ны өдрүүдэд тус тус 100,000 төгрөг, 2025.01.03, 2025.01.04, 2025.01.07, 2025.01.08, 2025.01.09, 2025.01.11, 2025.01.13, 2025.02.14-ний өдрүүдэд тус тус 50,000 төгрөг, нийт 3,50,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдсон.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч С.******* зээлийн хүүнд 4,200,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 19,800,000 төгрөгийн хэмжээнд байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойших хугацаанд аливаа эсэргүүцлийг гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зохицуулсан тул дээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Гэсэн хэдий ч, нэхэмжлэгч Б.******* нь нийт 18,500,000 төгрөгийг хариуцагч С.*******гаас гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь талуудын (диспозитив) зарчимд нийцнэ.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 250,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******гаас 18,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 250,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   О.АЗЗАЯА