2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/05548

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 20

191/ШШ2025/05548

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч давхарт байрлах, ******* ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 565,641,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан 565,641,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. *******-ийн зүгээс нэхэмжлэгч *******-д эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр 2022 оны 4 сарын 27-ны өдрийн ******* ******* *******-тай байгуулсан 22/18 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, үлдэгдэл, алданги шаардах, төлбөрийг хүлээн авах, гаргуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг хүлээн авах гээд бүх эрхийг шилжүүлж авсныг үндэслээд хариуцагчаас төлбөрийг үүргийн шаардаж байгаа. Бетон зуурмагийг нийлүүлсэн, хариуцагч компанитай 2022 оны 6 сарын 16-ны өдөр хамгийн сүүлд тооцоо нийлсэн. Бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 377,094,400 төгрөг байна гээд 2 компанийн санхүүгийн албанаас харилцан тооцоо нийлсэн. Үүнээс өмнө зөндөө олон удаа тооцоо нийлж байсан. Үүнээс хойш хариуцагч байгууллагын зүгээс төлбөр хийгээгүй 3 жил болж байна. 377,094,400 төгрөгөөс гэрээний 4.3-т заасны дагуу алданги хоног тутамд 0,3 хувь байхаар харилцан тохиролцсон байгаа бөгөөд 2022 оны 6 сарын 16-ны өдрөөс хойш алданги тооцоход хугацаа хэтэрсэн хоног нийтдээ 1037 хоног болж, 1 хоногийн алданги нь 1,131,283 төгрөг болсон. Нийт алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байгаа учраас хуульд заасны дагуу 377,094,400 төгрөгийн 50 хувь болох 188,547,200 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Хариуцагчаас 564,641,600 төгрөг гаргуулж өгнө үү.

 

1.2. Энэ тооцооны нийлсэн актын баталгааг харахаар 2021 оны 12 сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэл нь 6,485,600 төгрөг л байгаа. Тооцоо нийлсэн акт, гэрээ хоёр нь эрх шилжүүлэх гэрээний салшгүй хэсэг гэдэг агуулгаар хоёр компани гэрээ хийсэн. Эрх шилжүүлж авахдаа гэрээний тооцооны үлдэгдлийг энэ баталгаагаар тооцож авсан. 1 тэрбум төгрөг гээд гэрээ хийчхээд тухайн захиалагч нь авах дээд хэмжээгээр баталгаажуулаад тэрийг нь ачиж тээвэрлэж буулгадаг. Заавал 1 тэрбум төгрөгийн бетон авах үүрэгтэй биш, захиалгынхаа тоо хэмжээгээр авна. Тооцоо нийлсэн баримт дээр 2364 м.куб хэмжээтэй бетон зуурмагийг хүлээж авсан. Энэ дээр хариуцагч компаниас маргадаггүй, тооцоо нийлээд хүлээн зөвшөөрсөн байгаа учраас санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж баримтаа бүрдүүлсэн. Шууд захилгаа өгөөд зуурмагаа аваад эхэлчихдэг. Дараа нь бичгээр гэрээ байгуулаад 2022 оны 3 сарын 28-ны өдрөөс бетон зуурмаг авч эхлээд 4 сарын 27-ны өдөр гэрээ хийж байгаа. Бэлнээр, бартераар төлнө гэдгээр төлөлтүүдээ хийсэн. 2022.04.27-ны өдрийн гэрээ нь хожим байгуулагдсан гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт дансаар 864,143,750 төгрөгийг шилжүүлсэн. Графикийн дагуу өдөр өдрөөр нь бодоод 2021 оны 9 сар, нийт манайх 1,8 тэрбум төгрөгийн бетон авснаас 370 сая төгрөг дутуу өгсөн гэж байгаа. Бид нарын гэрээ 2021-2022 оны 4 сар хүртэл үргэлжилсэн. *******, ******* ******* ******* нар хоорондоо 2021 оны 9 сарын 27-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулаад куб метрийг нь 250,000 төгрөгөөр гэрээ хийгээд бетон зуурмаг авч эхэлсэн. Нийт авсан бетоны үнэ 1,835,931,000 төгрөгийн нийлүүлж авсан байна. 1,835,931,000 төгрөг өгөх ёстойгоос 1,716,835,350 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл тооцоо 111,995,000 төгрөг эднийд өгөх тооцоо гарсан байна. Манайх төлчихсөн. *******-тай гэрээ байгуулж байгаагүй. 1,800,000,000 төгрөгөөс 370,000,000 төгрөг дутуу төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манайх 370,000,000 төгрөг дутуу үлдээгээгүй, дансаар 864,143,750 төгрөгийг дансаар төлсөн, 7 орон сууцыг 622,691,000 төгрөгөөр тооцож өгсөн байна. Ланд круйзер 300 маркийн машиныг 240,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. 2021 оны 9 сараас эхэлж авсан. 2022 оны 4 сарын 27-ны өдрөөс гэрээ хийгээд бетон зуурмаг авсан гэвэл 150 сая төгрөгийн л бетон авсан харагдаад байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 93/

3.2. Итгэмжлэл /хх 5/

3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/

3.4. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №22/14 дугаар Зээлээр худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ /хх 6-8/

3.5. *******-ийн 2023.10.05-ны өдрийн 04/126 дугаар албан бичиг /хх 14/

3.6. 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ /хх 94/

3.7. *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 95/

3.8. Холдинг ******* болон ******* ******* ******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/18 дугаар Бетон Зуурмаг нийлүүлэх гэрээ /хх 96-97/.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа /хх 126/

4.2. Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 129-166/.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр *******-ийн гэх и-мэйл хаягт гэх хаягаар 2022.06.17-ны өдөр ирүүлсэн тооцоо нийлсэн актад үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 119-125/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан 2022.04.27-ны өдөр байгуулсан 22/14 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт буюу арматурын үнэ болон алдангид 308,418,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч ******* ******* *******-иас Холдинг ******* болон ******* ******* ******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/18 дугаар Бетон Зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 565,641,600 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Холдинг ******* болон ******* ******* ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 22/18 дугаар Бетон Зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийг буюу үндсэн төлбөрийн үлдэгдэл болон алдангийг шаардан авах эрхийг 2025.04.18-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр манай компанид шилжүүлсэн.

 

******* ******* ******* нь дээрх гэрээний дагуу бетон зуурмагийн үнэ 377,094,400 төгрөгийг төлөөгүй, мөн гэрээний 4.3-т алданги тооцохоор заасан тул алдангид 188,547,200 төгрөг, нийт 565,641,600 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчаас хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ бетон зуурмагийн үнийг төлсөн, 370,000,000 төгрөг дутуу үлдээгээгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Холдинг ******* болон ******* ******* ******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/18 дугаар Бетон Зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, Холдинг ******* нь ******* ******* *******-ийн захиалгын дагуу бетон зуурмагийг техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн, тээвэрлэн барилгын талбайд нийлүүлэх үүргийг, ******* ******* ******* нь нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 96-97/

 

Холдинг ******* болон ******* ******* ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

4.2. ******* болон ******* нар 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, ******* нь 2022.04.27-ны өдөр ******* ******* *******-тай байгуулсан 22/18 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг шаардах буюу үндсэн төлбөрийн үлдэгдэл болон алданги шаардах, төлбөрийг хүлээн авах, төлбөрийг гаргуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг хүлээн авах зэрэг бүх эрхийг *******-д шилжүүлсэн байна. /хх 94/

 

Мөн гэрээний 2-т эрх шилжүүлэгч нь ******* ******* *******-тай 2022.06.16-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж үндсэн төлбөрийн үлдэгдэл 377,094,400 төгрөг болохыг баталгаажуулсан болно. Тооцоо нийлсэн акт нь энэ гэрээний салшгүй хэсэг байна гэжээ.

 

Иргэний хуулийн 123.1 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан.

 

Хариуцагчаас ******* болон ******* нар 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан үйл баримтад буюу нэхэмжлэгч *******-г шаардах эрхтэй эсэх асуудалд маргаагүй.

 

Иймд хэрэгт авагдсан эрх шилжүүлэх гэрээгээр шаардах эрхийг шилжүүлэх замаар үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон гэж үзэх үндэслэл тогтоогдсон буюу *******-ийн шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн байна гэж дүгнэв.

 

4.3. Харин ******* ******* ******* нь 22/18 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үүргээ гүйцэтгэсэн эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

 

 Нэхэмжлэгч нь ******* болон ******* нар нь 2022.06.16-ны өдөр тооцоо нийлж, ******* ******* ******* нь 377,094,400 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан, эрх шилжүүлэх гэрээгээр алданги шаардан авах эрхийг авсан үндэслэлээр хариуцагчаас 565,641,600 төгрөгийг шаардсан боловч уг үндэслэл нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

 

Тодруулбал үзлэг хийж бэхжүүлсэн тооцоо нийлсэн актад байгууллага хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх компаниудын хооронд үүссэн тооцоог хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлтийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ******* ******* нь Холдинг *******-д 377,094,400 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав гэжээ.

Тус актын төлбөрийн задаргааг харвал 2021.12.31-ний үлдэгдэл 6,485,600 төгрөг гээд 2022.03.28-ны өдрөөс 2022.04.30-ны өдрийг хүртэл 18 удаагийн бетон зуурмаг нийлүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл энэхүү тооцоо нийлсэн актаар 2022.04.27-ны өдрийн 22/18 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн тооцоог нийлсэн байх бөгөөд энэхүү гэрээний үүргийг дүгнэсэн гэж шууд үзэх үндэслэлгүй, давхар баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Холдинг ******* нь шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн байх хэдий ч Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үүрэгт ******* ******* *******-иас 377,094,400 төгрөгийг авлагатай болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хариуцагчаас Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 377,094,400 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн Бетон Зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 377,094,400 төгрөг, алдангид 188,547,200 төгрөг, нийт 565,641,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,144,109 /1,700,041+1,444,068/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******-д холбогдох 565,641,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,144,109 /1,700,041+1,444,068/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА