Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00050

 

    Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга н.Оюумаа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Солонгод холбогдох 201706000079 дугаартай, 132/2017/0155/Э индекстэй хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Н.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 4-р багийн нутаг “Баруун гүдэн" гэх газарт 07-80 УНД улсын дугаартай, “Пирус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Д  ид жолоогоо шилжүүлсний улмаас Б.Д   нь зам тээврийн ослын улмаас  амь хохирч, хүнийг болгоомжгүй алах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Жолоогоо шилжүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна харин хүнийг болгоомжгүй алсан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

201706000079 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Д.Б өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр талийгаач хүү маань найз охин болох С гийн машинтай хамаатны хүү З  нартай хамт хот яваад 5 дахь өдөр ирнэ гээд явсан. Тэгсэн Булган аймгийн Дашинчилэн сумын хэсгийн төлөөлөгч Энхболд над руу утсаар залгаад “хүүхэд чинь аваарт орсон, ахын чинь хүүхдийн бие муу байна, яаралтай наашаа гараарай” гэж хэлсэн. Тэгээд шууд Булган аймгийн Дашинчилэн сумын төв рүү өөрийн эхнэр, хүүхэд, дүү нарын хамт явцгаасан. Ослын газарт ирэхэд миний хүү машин дотор нас барсан байсан. З , С  нар эмнэлэг дээр байсан. Миний талийгаач хүү их төлөв даруу, архи уудаггүй, сэргэлэн ажилсаг хүү байсан. 1995 онд Булган аймгийн Могод суманд төрөөд наймдугаар ангиа төгсөөд МСҮТ-д суралцаж байгаад 17 настайдаа цэрэгт яваад ирсэн. Цэрэгт явж ирээд Улаанбаатар хотод ажиллаж байгаад гэртээ байдаг байсан. Талийгаач хүү маань өөрөө найз охиныхоо машиныг жолоодож яваад аваарт орсон байсан гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Хохирогч Н.Б өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Могод суманд айлд байж байхад манай тогооч Бадамханд надад “танай хүүхэд Дорж аваарт орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн том хүү Энхболд болон нөхрөөсөө юу болсон талаар асуухад миний талийгаач хүүг Булган аймгийн Дашинчилэн суманд аваарт орсон байна гэж хэлсэн. Тэгээд л бөөнөөрөө Булган аймгийн Дашинчилэн сум руу явцгаасан. Дашинчилэн сумын наахан талд явж байхад замын урд талд хөх өнгийн Прюус маркийн тээврийн хэрэгсэл баруун хойд зүгт харсан, 4 дугуйн дээрээ эвдэрч гэмтсэн байдалтай байсан ба жолоочийн суудал дээр миний хүү нас барсан байсан. Тэгээд л Булган аймгаас цагдаа нар ирээд хүүгийн маань цогцсыг Дашинчилэн сумын төв рүү оруулсан гэх мэдүүлэг /хх-110-112 тал/,

Гэрч Б.З өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос С гийн машинтай түүний найз залууг Булган  аймгийн  Могод сумаас авахаар явсан. Тэгээд 15  цагийн  үед Могод суманд очоод талийгаач Доржийг аваад буцаад Улаанбаатар хот руу С , талийгаач бид 3 гарсан. Могод сумаас гарахад талийгаач машин бариад гарсан. Тэгээд жаахан явж байгаад талийгаач машинаа найз охин С доо бариулсан. Тэрний дараа талийгаач бид хоёр машин дотор нэг ширхэг лаазтай, лимонтой Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд явж байтал талийгаач би машин баръя гээд найз охиноосоо машин аваад бариад цааш хөдөлсөн. Засмал зам руу нийлээд талийгаач намайг “машины милл хардаа” гэсэн, тэгээд би машины милл харахад 150 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд би Номын булаг өнгөрөөд унтаад өгсөн байсан. Тэгсэн нэг мэдсэн машин хажуу талаараа засмал зам дээр унаад өнхөрсөн. Тэгээд би машинаас яаж буусан гэдгээ санахгүй байна. Нэг мэдсэн машины гадна гараад сууж байсан. Тэгсэн С  талийгаач дээр очсон байсан, намайг “түргэн дууд” гээд байхаар нь би түргэн дуудахаар Дашинчилэн сумын чигт явсан. Намайг явж байхад мотоциклтой хүн таарахаар нь “түргэн дуудаад өгөөч” гэж хэлээд буцаад С  дээр очсон. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн “түргэн яасан” гэж цагдаагаас асуухад “одоо ирж байгаа” гэж хэлж байсан. Түргэн ирээд С  бид хоёрыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-15-17 тал/,

Гэрч Б.Э өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Могод суманд би шатахуун түгээх станц дээр бензин аваад хөдлөх гэж байхад манай талийгаач дүү найз охиныхоо машиныг барьчихсан, найз охин С , хамаатны хүүхэд З нартай гурвуулаа явж байсан. Би тухайн үед “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж талийгаачаас асуухад “шууд хот руу гарлаа” гэж хэлж байсан. Тэгээд би талийгаачийг явсны дараа төвийн ард талын толгой дээрээс дурангаар харахад урагшаа Улаанбаатар чиглэлд явж байсан. Тухайн үед манай аав, ээж хоёр надаас түрүүлээд дүүг хот явж байгаа талаар мэдсэн байсан гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч Б.М өгсөн: 07-80 УНД улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 6 дугаар сард манай төрсөн эгч Уранцэцэг өөрийн нэр дээр Монгол улс руу оруулж ирсэн. Тэгээд манай том эгчийн охин С мөнгөөр нь зарсан боловч С нэр дээр шилжүүлж чадаагүй байж байгаад Уранцэцэг эгч буцаад Япон улс руу яваад өгсөн. Уранцэцэг эгчийн нөхөр Дамба гэх хүн Улаанбаатар хотод байдаг байсан. Монгол улсад одоо байхгүй, эхнэрийнхээ араас Япон улс руу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр явсан гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Яллагдагч Н.С өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шиг санаж байна. Би талийгаач, найз залуу Д хамтаар Булган аймгийн Могод сумаас Улаанбаатар хот руу миний 07-80 УНД улсын дугаартай, Приус маркийн тээврийн хэрэгслээр явсан. Улаанбаатар хотод очоод хамт нэг хоночихоод “хүн дуудаад байна” гээд Булган аймгийн Могод сум руу буцсан. Тэгээд талийгаачийг явсны маргааш нь миний бие өвдөөд эмнэлэгт очоод үзүүлэхэд эмч “намайг жирэмсэн байж байгаад зулбачихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд тэр орой би гэртээ хариад талийгаачид утсаар эмнэлэгт үзүүлсэн талаараа болон эмчийн хэлсэн зүйлийг хэлсэн чинь уурлаад намайг “өөртөө жаахан арчаатай байгаач” гэж хэлэхээр нь “чи тийм арчаатай юм бол намайг өвдөж байхад аваачаад үзүүлчихгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь дахин өөр эмнэлэгт очоод үзүүлэхэд зулбасан асуудал байхгүй, доороосоо даараад давсагны ханын үрэвсэл /цестит/ гэж хэлсэн. Тухайн үед уурласнаасаа хойш талийгаач надтай утсаар ярихаа больсон. Би талийгаачийн утас руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр талийгаач над руу өөрөө утсаар залгаад “чи бүр намайг тоохоо байжээ, намайг архичин болгох гэж байгаа юм уу” гэж хэлсэн. Талийгаач Улаанбаатар хотоос явснаасаа хойш 4-5 хоног архи уусан, надтай дандаа согтуу утсаар ярьж байсан. Тэгээд би талийгаачийн ээж рүү утсаар залгаад “Дорж байна уу, архи уугаад байна” гэхэд ээж нь “ архи уугаагүй зүгээр гэртээ байгаа, яасан юм бэ” гэхээр нь бид хоёр хоорондоо жаахан хэрэлдсэн юм гэж хэлсэн. Тэр үед би утсаар ярьж байхдаа талийгаачийг хоёулаа дундаа буюу “Лүн дээр уулзъя” гэж хэлсэн. Тэгсэн талийгаач “Лүн гэж байхаар чи хүрээд ир, Приус ямар бензин идэх биш” гэхээр нь  би “одоо угаасаа орой болсон байна,  аав ээж хоёрт юу гэж хэлэх юм. Надтай хамт явах хүн байхгүй” гэж хэлсэн чинь “танай Отгоо найз яасан юм бэ” гэхээр нь “за за би ээж, аавтай ярьчихаад буцаагаад хэлье” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би орой 21 цагийн үед найз З  дээр очоод “хоёулаа хамт Могод явчихаад ирье, Дорж дуудаад байна” гэж хэлсэн чинь З  талийгаачтай утсаар яриад маргааш өглөө нь Могод сум руу явахаар болсон. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос өглөө 09 цагийн үед З  бид хоёр миний машинаар явсан. Баяннуур сум өнгөрөөд явж байхад талийгаач утсаар залгаад “хаана явна, уух юмаа олж ирсэн юм уу” гэж хэлэхээр нь би “хаа байгаа тэндээс архи уух гэж ирсэн юм уу” гэж хэлсэн чинь “тэгвэл архи уух гэж ирээгүй юм бол яах гэж ирсэн юм бэ” гэж хэлэхээр нь “тэгвэл би буцаад явлаа” гэхэд “за тоглож байхад тоглоом даахгүй юм” гэж хэлсэн. Тэгээд талийгаач З  бид хоёрыг “Хайрханы шил дээр уулзъя тэнд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд явсаар байгаад Хайрханы шил дээр яваад очиход талийгаач бид хоёрын өмнөхөн очоод зогссон. Бид хоёр очиж зогсоод талийгаачийн машинд суугаад юм ярьцгаагаад сууж байхад талийгаач 0.5 литрийн нэг шил архи гаргаад ирэхээр нь би “яах гэж байгаа юм” гэсэн чинь талийгаач “ууя” гэж хэлсэн. Тэгээд би архийг хийж өгөөд З , талийгаач хоёр тэр архийг хувааж уусан. Тэгээд байж байтал талийгаач, З  2 дахиад архи авч ууя гээд Дашинчилэн сум руу явна гэсэн. Тэгэхээр нь би “чи тэгвэл наад З  найзыгаа аваад үлд, би явлаа” гэсэн чинь З  “би тэгээд яах юм бэ” гэхээр нь “танай найз чинь мэдэж байгаа юм байлгүй” гэж хэлсэн. Тэгээд талийгаач, З  хоёр талийгаачийн машинд юм яриад суугаад байсан. Тухайн үед би уурлаад машинаа дотроос нь цоожлоод сууж байсан. Талийгаач миний машины түлхүүрийг тухайн үед авсан байсан ба намайг хаалгаа онгойлгохгүй байсан чинь гаднаас онгойлгоод орж ирээд ард суусан. Тэгээд байж байгаад талийгаач өөрийнхөө машин руу орж суугаад З тай юм яриад байсан. Тэгсэн талийгаач машинаасаа бууж ирээд миний машинд суусан. Тэгсэн З  талийгаачийн машиныг унаад Могод сумын чиглэлд хөдлөөд явсан. Тухайн үед талийгаач, З  нар хоорондоо хэрхэн юу ярьсан талаар би мэдэхгүй. З ын араас явсаар байгаад Могод сумын бригадын төвийн ойролцоо очиж З  утсаар Отгоо руу залгаж “Могод сум руу ирэх юм уу” гэхэд Отгоо “яаж ч магадгүй сайн мэдэхгүй байна” гэхэд талийгаач “за за буцаад ирэх унаатай юм байна. Би Улаанбаатар хот руу хамт явъя” гэж хэлсэн. Тэгээд талийгаач хамт явахаар болоод Могод сумын төв орж хувцсаа солино гээд миний машиныг төвийн наахан нуугаад талийгаачийн машинтай З  бид 3 төв орсон. Тэгээд талийгаачийн ээж дээр очоод талийгаач “Отгоо намайг хотоос машин бариад Могод сум руу авчраад өгөөч” гэнээ гэж хэлсэн байсан. Тэгээд бид 3 буцаад миний машин дээр хүргүүлээд Улаанбаатар хот руу гарах гэж байхдаа Сарангийн дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн архи авсан. Тэгээд цаашаа явж байхад талийгаач дахиад нэг дэлгүүр рүү бичиг авна гэж ороод нэг ширхэг лаазтай пиво аваад гараад ирсэн. Тэгээд би тухайн үед уурлаад “чамайг ээжид хэлнэ” гэж талийгаачид хэлэхэд талийгаач “чи намайг загнуулж алуулах гээ юу” гээд миний утсыг булаагаад авсан. Тухайн үед талийгаач Могод сумаас миний машиныг барьж яваад гүүр ороод надад машиныг маань өгсөн. Тэгээд З  тэр 2 авсан архи, пивоо хувааж уусан. Цаашаа явж байхад талийгаач “хайр нь машиныг нь баръя” гэхээр нь би дуугарахгүй яваад байсан чинь талийгаач намайг хажуу талаас хатгаад “чи надад бүр итгэхээ байсан юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за” гээд машинаа өгсөн. Талийгаач надаас машин аваад засмал зам дээр гараад явж байхдаа “хөөе энийг хараач, 150 хүрдэг юм байна” гэж хэлсэн. Тэгээд машины хянах руу харахад 150 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд би “яаж яваад байгаа юм, боль” гэж хэлэхэд хурдаа хассан. Тэгээд цаашаа явж байгаад Номын булаг гэх газарт очиж зогсоод талийгаач архи авна гээд байхаар нь би уурлаад загнаад архи авахыг нь болиулсан. Тэгээд цаашаа талийгаач машин бариад хөдөлсөн Дашинчилэн сумын наахан явж байхад улаан өнгийн машиныг гүйцэж түрүүлээд хажуугаар нь гарах гэтэл машин тэнцвэргүй болж байгаад л тас гээд явсан. Нэг мэдсэн машин онхолдсон байсан. Тэгээд машинаас буугаад харахад талийгаач жолоочийн суудал дээрээ нүүр ам нь цус болсон бүс нь зүүлттэй байсан ба дуудахад юм дугарахгүй байсан. З  гадаа гарчихсан сууж байсан. Тэгээд л удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нарын араас түргэн ирээд талийгаачийг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд л З  бид хоёрыг Булган аймгийн Дашинчилэн сумын эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /хх-120-123 тал/,

        Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Д   гэх цусанд 4,6 хувийн промилль спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд илэрсэн 4,6 хувийн промилль спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-25-26 тал/,

        Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Б.С  гэх цусанд 0.6 хувийн промилль спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд илэрсэн 0.6 хувийн промилль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-32-33 тал/,

        Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20 тоот:

  1.  Шинжилгээнд ирүүлсэн Б.З  гэх цусанд 2.2 хувийн промилль спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд илэрсэн 2.2 хувийн промилль спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-35-36 тал/,

        Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20 тоот:

1. Талийгаач Б.Д  ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, суурь ясны баруун жигүүрээс турк эмээл, турк эмээлээс суурь  ясны   зүүн  жигүүр дайрсан  шугаман хугарал, хуйхан доорхи цус хуралт, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.   Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.   Талийгаачид   хийсэн   шүүх   эмнэлгийн   задлан   шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

          4. Талийгаач Б.Д   нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-38-39 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 90 тоот:

1. Н.С биед баруун шуу, баруун бугалаганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

          4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-45-46 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 тоот:

1. Б.З ын биед баруун сарвуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Булган аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №23 тоот:

1. ЗЦТ-ийн зохицуулагч,  цагдаагийн дэслэгч Б.Өнөрбатын    гаргасан дүгнэлт үндэслэлтзй боловч учир дутагдалтай байна.

2. Талийгаач Б.Д  ,  иргэн  Н.С нар нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Талийгаач Б.Д   нь 07-80 УНД улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалт, 2.7.а “Согтууруулах ундаа, мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, ЗХД-ийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийн харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, ЗХД-ийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иргэн Н.С нь ЗХД-ийн 2.7. б. “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь: Н.С нь эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоог шилжүүлсэн,       Б.Д   нь эрхээ хасуулсан, эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо     тухайн замд хурдыг тохируулаагүйгээс тэнцвэржилт алдагдах үед зогсоох арга хэмжээ аваагүйгээс онхолдож зам тээврийн хэрэг гарах шалтгаан болсон байна.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, а/131 тушаалын 2.5. “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтуулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэх дүгнэлт /хх-92-93 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, тэмдэглэл /хх-1-2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10 тал/, цогцост үзлэг хийсэн тэдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-43 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-125-129 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шүүгдэгч Н.С нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 4-р багийн нутаг “Баруун гүдэн" гэх газарт 07-80 УНД улсын дугаартай “Пирус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх”-ийг хориглосон заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Д  ид жолоогоо шилжүүлсэн, амь хохирогч Б.Д   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тухайн замд хурдыг тохируулаагүйгээс тэнцвэржилт алдагдах үед зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж, амь насаа хохироорсон үйл баримт тогтоогдож байна.

       Энэ үйл баримтын талаар шүүгдэгч Н.С өгсөн “тухайн үед талийгаач Могод сумаас миний машиныг барьж яваад гүүр ороод надад машиныг маань өгсөн. Тэгээд З  тэр 2 авсан архи, пивоо хувааж уусан. Цаашаа явж байхад талийгаач “хайр нь машиныг нь баръя” гэхээр нь би дуугарахгүй яваад байсан чинь талийгаач намайг хажуу талаас хатгаад “чи надад бүр итгэхээ байсан юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за” гээд машинаа өгсөн. Талийгаач надаас машин аваад засмал зам дээр гараад явж байхдаа “хөөе энийг хараач, 150 хүрдэг юм байна” гэж хэлсэн. Тэгээд машины хянах руу харахад 150 км цагийн хурдтай явж байсан.      ...Дашинчилэн сумын наана явж байхад улаан өнгийн машин гүйцэж түрүүлээд хажуугаар нь гарах гэтэл машин тэнцвэргүй болж байгаад л тас гээд явсан. Нэг мэдсэн машин онхолдсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Энхболдын өгсөн “2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Могод суманд би шатахуун түгээх станц дээр бензин аваад хөдлөх гэж байхад манай талийгаач дүү найз охиныхоо машиныг барьчихсан, найз охин С , хамаатны хүүхэд З  нартай гурвуулаа явж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.З ын өгсөн “2017 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос С гийн машинтай түүний найз залууг Булган  аймгийн  Могод сумаас авахаар явсан. Тэгээд 15  цагийн  үед Могод суманд очоод талийгаач Доржийг аваад буцаад Улаанбаатар хот руу С , талийгаач бид 3 гарсан. Могод сумаас гарахад талийгаач машин бариад гарсан. Тэгээд жаахан явж байгаад талийгаач машинаа найз охин С доо бариулсан. Тэрний дараа талийгаач бид хоёр машин дотор нэг ширхэг лаазтай, лимонтой Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд явж байтал талийгаач би машин баръя гээд найз охиноосоо машин аваад бариад цааш хөдөлсөн. Засмал зам руу нийлээд талийгаач намайг машины милл хардаа гэсэн, тэгээд би машины милл харахад 150 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд би Номын булаг өнгөрөөд унтаад өгсөн байсан. Тэгсэн нэг мэдсэн машин хажуу талаараа засмал зам дээр унаад өнхөрсөн...” гэх мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн согтолтын зэргийг тогтоосон “Б.Д   гэх цусанд 4,6 хувийн промилль спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд илэрсэн 4,6 хувийн промилль спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх, талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон “талийгаач Б.Д   нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлтүүд, Булган аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн шинжээчийн зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “Н.С нь эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоог шилжүүлсэн, Б.Д   нь эрхээ хасуулсан, эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тухайн замд хурдыг тохируулаагүйгээс тэнцвэржилт алдагдах үед зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас онхолдож зам тээврийн осол гарчээ” гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

       Уг хэрэг, үйл баримт нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болсон, тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн  222 дугаар зүйлд заасан “Бусдад жолоогоо шилжүүлэх” гэмт хэргийн шинж, “энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулсан байна.

       2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1-д “Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

       222.2-т энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.  

       Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Н.С хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба энэ хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн 10.6 дугаар зүйлийн 1-д “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь шүүгдэгч Н.С оногдуулах ялыг хүндрүүлсэн, түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

       Түүнчлэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 222 дугаар зүйлд заасан бусдад жолоогоо шилжүүлэх гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсноор шүүгдэгч А.С дээрхи үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

       Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 Иймд шүүгдэгч Н.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх боловч  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.  

          Энэ хэрэгт шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж, шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:  

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.С 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 10.6.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 2 болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй. 

     2. Д овогт Н.Стээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.С холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

    4. Энэ хэрэгт  шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

 5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хүчингүй болгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНДУЛАМ