Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/27  

 

 

Э.Төмөрбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв /цахимаар/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******, Г.******* /цахимаар/,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/39 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тээврийн прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Төмөрбаатарт холбогдох  2228002980093 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Яллагдагч Э.Төмөрбаатар нь Өмнөговь аймгийн Цогт- Овоо сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* УНК улсын дугаартай “Тоёота приус" маркийн суудлын машинтайгаа зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Норд бенз” маркийн 78-91 УБН улсын дугаартай авто машины чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч М.******* нас барж, Ч.*******ийн эрүүл мэндэд хүнд, Г.*******, Ө.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ нь Э.Төмөрбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх чоно овогт Эрдэнэбатын Төмөрбаатарт холбогдох 2228002980093 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж,

Хэргийг тус прокурорын газарт очтол яллагдагч Э.Төмөрбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:  

           Шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянавал шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн.

Харин шүүгдэгч Э.Төмөрбаатарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлээгүй орхисон" гэж үзэж 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДШМ/ 48 дугаартай магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан байна.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЭ/162 дугаартай захирамжаар яллагдагч Э.Төмөрбаатарыг шүүхэд шилжүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад өмгөөлөгч Н.Нарангаварын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 1.2-т “хэргийг прокурорт буцаах” мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж тус тус заасан бөгөөд дээрх хэрэгт прокуророос 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 101 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Иймд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Төмөрбаатарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүгчийн 2024/ШЗ/39 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байх тул шүүгчийн 2024/ШЗ/39 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.

Шүүхийн шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулиудаар "сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой” асуудлыг хуульчилсан. Монгол Улсын дээд шүүхээс сэтгэцэд учирсан хохирлын талаар журам баталсан байна.

Шүүгдэгч Э.Төмөрбаатарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Ч.******* миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, цаашид эмчлэгдэх шаардлагатай байгаа мөнгө байхгүй хагалгаанд орж чадахгүй заавал хагалгаа хийлгэсний дараа баримтаар мөнгө нэхэмжил гэсэн. Бүтэн 2 жилийн хугацаанд сэтгэл санаа, эрүүл мэнд, аж амьдрал, цаг хугацаагаараа хохирч, маш их гомдолтой байна.

Иймд тус хэрэгт сэтгэцэд учирсан хохирлын талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

          Прокурор Г.Нандин-Эрдэнэ  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхээс зөвхөн шүүгдэгчид оногдуулсан ялыг хувийн байдалд тохироогүй, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг хэрэгт хамтатган шийдвэрлээгүй орхисон гэж үзэж анхан шатны шүүх хурлаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүнийг анхан шатны шүүх прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

 

          Яллагдагчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...******* мэдүүлэгтээ 10 минут машин дотроо байсан, тамхи татсан, бие зассан гэж мэдүүлсэн. Тэгвэл ******* зайлшгүй зогсолт хийсэн үү, ослын зогсолт хийсэн үү, эсвэл түр зогсолт хийсэн үү, удаан зогсолт хийсэн үү гэдэг нь өөрийнх нь мэдүүлгээр 10 минут орчим зогссон гэдэг. Тэгвэл зогсохдоо ослын тэмдгээ байршуулсан уу, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмд заасан орон нутгийн замд зогсохыг хориглосон газар зогсвол 50 метрээс багагүй зайд ослын тэмдгийг байршуулна гэж заасан.

          Суурин дотор 15 метр, суурины гаднах зайд 30 метр, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна гэж заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 9.5-д заасан дүрмээ биелүүлсэн үү, үгүй юү гэдэг асуудал огт хөндөгдөөгүй орхигдсон.

          Анхан шатны шүүхийн шүүгч энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн. Яагаад вэ гэхээр хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд авагдаагүй. Яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудлаар шүүх ямар нэгэн ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэн.

Шинжээчийн дүгнэлт гаргуулах гэхээр ашигтай нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай. Тогтоож байж *******ыг яллагдагчаар татах уу, үгүй юү гэдэг асуудлыг шийдвэрлэнэ. *******ыг яллагдагчаар татах үндэслэлтэй. Шүүхэд яллагдагчаар татах эрх нь байхгүй. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ажиллагаануудыг хийхээс өөр үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн миний үйлчлүүлэгч Төмөрбаатарт яллагдагчаар татсан тогтоол танилцуулахдаа тээврийн цагдаагийн мөрдөгч гарын үсэг зураагүй.  Тэгэхээр албан ёсоор яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаад, эрх үүргийг нь хангаад, албан ёсоор яллагдагчаар татаж гэж үзэх эргэлзээтэй дүгнэлтийг бий болгож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тогтоосон дүрэм, журмынхаа явагдаагүй байна гэж үзэх үндэслэл бүрдээд байгаа.

Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөрбаатар, ******* 2-ын хоёулангийн нь буруу ч гэсэн манай талийгаач ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Тэрнээс хойш компани бид нартай огт уулзаагүй. Эргэж тойрч уучлалт ч гуйгаагүй.

          Анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч нь бид нарт хамаагүй гэсэн байдлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрэнд нь манай гэр бүл маш их гомдолтой байна.

          Компаний зүгээс унаа олж, зардлыг нь шилжүүлээд авч явсан. Тухайн хүмүүс ажил үүргээ гүйцэтгэхээр явж байсан. Гэтэл компани нь ямар ч хариуцлага үүрэхгүй. Шүүх хурал хуралдаанд ч оролцохгүй. Хохирогч нарыг хөсөр хаясанд нь маш их гомдолтой байна.

          Тэгээд сэтгэл санааны хохирол болон өөр ямар хохирол байна тэр бүгдийг нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байна гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* драгон” ХХК-ийн зүгээс бид нартай нэг я удаа холбоо аваагүй. Маш их гомдолтой байна. Миний хувьд хагалгаандаа орж чадахгүй. Эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна. Хохирол төлбөрөө Төмөрбаатараас нэхэмжлээд 2 жил өнгөрч байна. Энэ хугацаанд ажил төрөл хийх боломжгүй байгаа тул мөнгөгүйгээсээ болж хагалгаандаа орж чадахгүй байна. Би их хэмжээний мөнгө нэхэмжлээгүй. Зөвхөн хагалгааныхаа мөнгийг нэхэмжилсэн. Төмөрбаатар хохирол төлбөрөө төлчихвөл би хагалгаандаа ормоор байна. Мөн компаниас өвчтэй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байгаа гэв.

                    Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөрбаатар болон “******* драгон” ХХК-иас болж хохироод 2 жил өнгөрч байна. Би өөрөө ажил хийх боломжгүй өрөнд ороод маш хэцүү байна. Тэгэхэд Төмөрбаатар сэтгэл амар явж байна. Нэг ч удаа утсаар залгаж яриагүй. Би зам тээврийн осолд орохоосоо өмнө цалингийн зээл авсан байсан. Одоо ажил хийх боломжгүй хэвтэрт орсон.

          Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй. Хөгшин ээж хэдэн хүүхдүүдтэйгээ хашаа байшингаа алдах дээрээ тулаад байна. Тэгэхэд 2 машины жолооч болон “******* драгон” ХХК-ийн зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байна.

          Би 2 банкны зээлээс болоод гудамжинд гарах дээрээ тулаад байна. Тиймээс хохирол төлбөрийн асуудлыг хурдан шийдэж өгнө үү гэв.

          Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн жолооч *******ын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр ч удаа дараа гарсан. Хамгийн боломжтой нөхцөлөөр баруун тал руугаа шахаж зогссон.

          Яагаад вэ гэхээр манай компанийн машин хүнд ачаа тээвэрлэж явсан. Тэр зайнаас илүү хэмжээгээр зогсвол тухайн техникийн хэрэгсэл өөрөө унах магадлалтай байсан учраас хамгийн боломжтой нөхцөлөөр түр зогсож бие засчхаад машинаа тойроод машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгачхаад кабиндаа орж ирж суугаад арын машиныг өнгөрөхөөр хөдлөхөөр хүлээж байхад араас машин ирж мөргөсөн. Машин асаалттай байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр гарсан байгаа.

          Төмөрбаатар нь зүүрмэглэж явсан гэдгээ мэдүүлгүүдээрээ гэрчилсэн байдаг. Тухайн автомашин манай машины хажуугаар урсгал сөрөхгүйгээр өнгөрөх бүрэн боломжтой байсан гэж шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг. Ийм байтал хэргийг удаашруулаад хохирогч нарыг улам хүнд байдалд оруулаад яваад байгааг ойлгохгүй байна. Манайх зөрчлийн арга хэмжээ авхуулаад торгуулиа төлсөн. Тэгэхээр ******* жолоочийн зогсолтоос болж энэ асуудал болоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлтэй байна гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

           Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь Өмнөговь аймгийн Цогт- Овоо сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* УНК улсын дугаартай “Тоёота приус" маркийн суудлын машинтайгаа зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Норд бенз” маркийн 78-91 УБН улсын дугаартай авто машины чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч М.******* нас барж, Ч.*******ийн эрүүл мэндэд хүнд, Г.*******, Ө.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ нь Э.Төмөрбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Төмөрбаатарт холбогдох хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байна гэж үзэж, яллагдагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын хүсэлтэд дурдсан ажиллагааг нэг мөр шалгаж М.*******ыг тус гэмт хэрэгт буруутай эсэхийг тодруулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт ба дахин шинжилгээг хийлгэх, ...М.*******ын тээврийн хэрэгслээ зогсоосон үйлдэл нь замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ямар зогсолт болохыг, тухайн үед ямар арга хэмжээ авах байсныг зайлшгүй тогтоох дээрх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ нь “хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* нь “шүүгдэгчээс эмчилгээний зардлыг гаргуулах, сэтгэцэд учирсан хохирлын талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Төмөрбаатарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэж 91 дугаартай шийтгэх тогтоол гарган түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэжээ. /3 дугаар хавтас хэргийг 24-43, 48-64 дэх тал/

Дээрх шийтгэх тогтоолыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******, Г.******* нас эс зөвшөөрч “хорих ял оногдуулахгүй тэнссэн нь буруу, хорих ялыг биеэр эдлүүлэх, хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаартай магадлалаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолын хүчингүй болгож шийдвэрлэжээ.  /3 дугаар хавтас хэргийн 110-125 дахь тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн заалтыг зөрчиж яллагдагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд /3 дугаар хавтас хэргийн 156-166 дахь тал/ хавтас хэрэгт авагдсан мэдүүлгүүд, шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдийг харьцуулан үнэлэн, дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шүүх зөрчсөн байна.

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, саналд “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй, уг тогтоолд мөрдөгчийн гарын үсэг байхгүй, шинжээчийн 3 удаагийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй, М.*******ыг яллагдагчаар татах” гэснээс үзэхэд /3 дугаар хавтас хэргийн 162-163 дахь тал/ анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэхээр байна.

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд заасан “2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Төмөрбаатарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүгчийн 2024/ШЗ/39 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийг тус тус зөрчсөн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЭ/162 дугаартай захирамжаар яллагдагч Э.Төмөрбаатарыг шүүхэд шилжүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад өмгөөлөгч Н.Нарангаварын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй.” гэсэн үндэслэлүүдийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй, давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах эрхгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн “шүүгдэгчээс эмчилгээний зардлыг гаргуулах, сэтгэцэд учирсан хохирлын талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

         Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Э.Төмөрбаатарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/39 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн “шүүгдэгчээс эмчилгээний зардлыг гаргуулах, сэтгэцэд учирсан хохирлын талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Э.Төмөрбаатарт холбогдох 2228002980093 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

          4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч  Э.Төмөрбаатарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                               Х.ГЭРЭЛМАА