Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 127/ШШ2025/0010

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс: 127/2025/0010/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би ХАБӨСДСДПГ-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдох “...Бор-Өндөр сумын Засаг даргын хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулахыг зохион байгуулах арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХАБӨСДСДПГ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд ахуйн болон энгийн хог хаягдлын талаар авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон сумын хэмжээнд хог цуглуулах, тээвэрлэх талаар мөрдөгдөж буй журам, холбогдох баримт бичгийг авахаар 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц-1/282 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.

Тус сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 431 дугаартай хариу албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай “Хог хаягдал цэвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай” тогтоол, хавсралтын хамт, сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/27 дугаартай “Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамж, батлагдсан эсэх нь тодорхойгүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хавсралт буюу “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах, булшлах журам”, мөн Бор-Өндөр сумын хог хаягдлын талаарх нэгтгэсэн тайлан, айл өрхүүдийн хог хаягдал тээвэрлэх хуваарь зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Ирүүлсэн баримтуудтай танилцахад айл өрхүүдийн хог хаягдал тээвэрлэх хуваарь нь долоо хоногийн даваа, мягмар, лхагва, пүрэв, ням гарагуудад 13 цаг 30 минутаас 17 цаг 20 минутын хооронд цуглуулж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэх ажлыг зохион байгуулдаг байна. Дээрх хуваарь нь иргэдийн ажлын цагтай давхацдаг ба нийтийн эзэмшлийн газарт хогийн сав байрлуулаагүйтэй холбоотой орцны үүд хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, бусад газарт ил задгай хог хаях, хогийн цэг үүсэх нөхцөлийг бүрдүүлж Бор-Өндөр сумын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Ялангуяа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвийн 1, 2 дугаар багийн орон сууцны гадна хэсэгт иргэд хогийн цэг үүсгэж байгаа нь оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй байна.

Иймд тус прокурорын газраас 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 60 дугаартай албан бичгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад хандаж Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн 9.4.11 дэх заалтад заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн сумын нутаг дэвсгэрийн нийтийн эдэлбэр газарт буюу орон сууцны дунд төвлөрсөн хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах ажлыг зохион байгуулж оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгөхийг хүссэн. Гэвч сумын Засаг даргаас уг албан бичигт одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйл "Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" 2 дахь хэсэгт "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан.

Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Хог хаягдлын талаар сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.4.11 “нийтийн эдэлбэр газарт хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах” гэж тодорхой хуульчилсан.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна", Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолын тайлбарлах хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон" гэснийг б/ Прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлгүйгээр, харин төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж тус тус хуулиар зохицуулсан.

Сумын Засаг даргын зүгээс хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.11 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн хүртээмжтэй хогийн савыг байрлуулах шийдвэр гаргаснаар Бор-Өндөр сумын оршин суугчдын Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах зөрчигдсөн эрх нь сэргээгдэх боломжтой юм. Энэ нь сумын Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрх учраас энэ талаар дээд шатны байгууллагад хандах боломжгүй юм.

Сумын Засаг даргын уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Бор-Өндөр сумын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг зөрчиж байна.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Бор-Өндөр сумын нийтийн эдэлбэр газарт хогийн савыг хүртээмжтэй байрлуулах ажил зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй тул тус прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн өөрийн санаачилгаар нийтийн сонирхол буюу оршин суугчдын хүрээлэн байгаа орчин, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.4-т заасны дагуу ахуйн хог хаягдлыг арилгуулж, хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах шийдвэр гаргуулахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Цаашид шат дараатай хогийн сав байршуулж ажиллахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХАБӨСДСДПГ-аас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “...Бор-Өндөр сумын Засаг даргын хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулахыг зохион байгуулах арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

2. Уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна”, 28.2 дахь хэсэг Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ” гэж заасан.

4. Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ХАБӨСДСДПГ-аас гаргасан “...Бор-Өндөр сумын Засаг даргын хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулахыг зохион байгуулах арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

6. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ХАБӨСДСДПГ-аас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...Бор-Өндөр сумын Засаг даргын хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулахыг зохион байгуулах арга хэмжээ авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ХАБӨСДСДПГнь Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.БАЯСГАЛАН