Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2021/00058 

 

С.Г гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00523 дугаар шийдвэртэй, С.Г гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол болох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгө 2.924.182 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2019 оны 3 дугаар сард Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас хууль бусаар халагдсаныг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Монгол Улсын гурван шатны шүүхээр эгүүлэн тогтоогдож, 2021 оны 01 дүгээр сарын Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн ажилд эргэн томилогдсон. Миний бие одоо жирэмсэн учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар жирэмсний тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах ёстой байтал ажил олгогч намайг хууль бусаар ажлаас халсны улмаас жирэмсний амралт авахаас өмнө 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгдөөгүй учраас нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсэхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сар нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байна. Иймд Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадахгүй хохирч байгаа тул Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 1496093 төгрөгийг гаргуулан С.Г  надад олгож өгөх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “С.Г  нь Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс жирэмсний болон амаржсаны тэтгэмж бүгд 1496093 төгрөг гаргуулах тухай тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч би хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1. С.Г  нь шүүхийн шийдвэрээр тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллахаар болсон тул шүүхийн шийдвэрийг хүндэтгээд ажиллуулж байгаа билээ.

2. Аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.Г г тус хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор авч ажиллуулах тухай Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 01 дугаар сарын 07-ны өдөр 06 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох энэ маргаантай захиргааны хэрэг шивэрлэгдээгүй байна. Тушаалыг хүчингүйд тооцох, шийдвэр гарвал би шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас танай шүүхэд С.Г г ажилд эгүүлэн томилуулсан тухай шийдвэрийг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэл гаргах болно. Энэ байдлаас болж С.Г гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа тайлбарлаж байна. Түүнээс гадна тус цэцэрлэг нь С.Г гийн нэхэмжилсэн 1496093 төгрөгийг төлөх байтугай эргэж ажилд орсон цалинг нь төлж чадахгүй хүнд байдалд байгаа бөгөөд цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо төсөв огт байхгүй болохоор төлөх боломжгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00523 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгээс хохирол болох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгө нийт 2.924.182 (хоёр сая есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун наян хоёр) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жадик овогт Сонгыбайн Гүлданад олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:Баян Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 523 дугаартай Баян нуур сумын хүүхдийн цэцэрлэгээс жирэмсний амралтын 2924189 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчтай зөвлөж дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Баян нуур сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо, төсөв хөрөнгө, цалингийн сан байхгүй гэдэг нь нэгэнт тодорхой бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал ялангуяа итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд сайн мэдэж байгаа. Хөрөнгө мөнгө байхгүй байгууллага дээрх нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй. Иймд хэргийг хянан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.Г  нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 2.924.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Ажил олгогчийн буруутай тушаалын улмаас би 2021 оны 1 дүгээр сараас эхлэн ажилд орсон тул жирэмсний амралт авахаас өмнө 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгдөөгүй учраас нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсэхгүй хохирч байна” гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй, төсөв батлагдаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тэтгэмжийн мөнгийг төлөх боломжгүй гэж тайлбарлан талууд шүүхэд мэтгэлцжээ.

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ20208/00416 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Г г Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болж, хариуцагч дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн нэхэмжлэгч С.Г г 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгээс С.Г гийн ажилгүй байсан хугацаанд ногдох нөхөн олговорт 15401761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г д олгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2021/00065 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажилтан С.Г г ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй, хууль бусаар чөлөөлсөн нь гурван шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон; С.Г  нь шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилогдсон; энэ хугацаанд ажил олгогчийн хууль бусаар ажлаас чөлөөлсөн буруугаас түүний хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тасалдсан нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дүгээр албан бичгээр тогтоогдсон; С.Г  нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал жирэмсний, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 09-ний өдрийг дуустал амаржсаны чөлөө авч, нийт 2.924.182 төгрөгийн тэтгэмж авах байсан нь баримтаар тус тус нотлогдсон байна.

 

Иймд ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр, хууль бусаар чөлөөлсөн ажил олгогчийн буруугаас болж С.Г гийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан тэтгэмж авах эрх нь хасагдсан тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогчид нь бүрэн хариуцуулж, Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, нотлох баримтуудад үндэслэгдсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5-д Монгол Улсын иргэн хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах үндсэн эрхтэй, тус эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой нөхцөлтэйгөөр баталгаажуулсан ба нэхэмжлэгч С.Г гийн зөрчигдсөн тэтгэмж авах эрхийг сэргээн эдлүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иймд “хөрөнгө мөнгө байхгүй байгууллага дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн  41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

                                                                                                            С.ӨМИРБЕК