Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 527

 

Б.Г-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 295 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 685 дугаар магадлалтай, Б.Г-од холбогдох 1810018750872 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Ч.О-ы гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ай ти инженер мэргэжилтэй, “Түшигт хур” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт, Хан- Уул дүүрэг, 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 09 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Бямбацогтын Г-.

Б.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны 116-03 тоот байрыг иргэн Ч.О- худалдан авахдаа түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100,000,000 төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг цагаатгаж, хохирогч Ч.О- нь 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, ...” гэсэн хэсгийг болон тогтоох хэсгийн 5 заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч Ч.О-ы гаргасан давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг үг, үсэг, тоо, техникийн шинжтэй бусад алдааг ойлгох ба бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоог хийхдээ дансны дугаар, банкны нэр, харилцагчийн нэр мөнгөн дүнгийн тоо хэмжээ, дүн зэргийг алдаатай бичилтээр гүйлгээг хийхийг ойлгоно” гэж хуулийг илтэд буруу тайлбарлаж, энэ хэрэгт хамааралгүй Банкны тухай хуулийн зүйл заалтыг үндэслэж байгаа нь хууль бус байна. Учир нь хууль тогтоогч “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ” гэдгийг төлбөр төлөгч эсвэл гүйлгээ хийж буй этгээд тухайн үед өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас төлбөр тооцоогоо буруу тооцоолсноос андуурч алдаатай гүйлгээ хийсэн, гүйлгээ хүлээн авсан этгээд өөрт нь шилжин ирэх ёсгүй байсан мөнгөн гүйлгээ хийгдсэн байгааг, мөнгө дансанд нь орсон гэдгийг мэдсээр байж санаатайгаар ашигласан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Ч.О- нь байр худалдан авахдаа Б.Г-ын данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 100 сая төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлгээр болон Б.Г-ын мэдүүлгээр ч хангалттай нотлогдсон байхад иргэний эрх зүйн гэрээнээс үүссэн маргаан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, харин ч “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж илүү мөнгө шилжүүлснийг мэдсээр байж авч завших” гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болсон гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэснийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан зохих журмын дагуу авсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйгээр шүүгдэгчийн илтэд худал мэдүүлэг, хэрэгт огт хамааралгүй Банкны тухай хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хуулийг ноцтой зөрчсөн байна.

2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан бол”, мөн зүйлийн 1.3-т “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг зөрчсөн дүгнэлт хийсэн байна. Тухайлбал:

Хохирогч Ч.О-ы /хх-ийн 9-15, 160-161/, гэрч О.М-н /хх-ийн 21-22/, яллагдагч Б.Г- нарын мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг заагаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг ноцтой зөрчсөн.

3. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэг нь ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэснийг зөрчиж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгүүлэхээр прокурор эсэргүүцэл бичсэн байхад магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж ...” гэсэн хэсгийг болон тогтоох хэсгийн 5 заалтыг тус тус хүчингүй болгосугай”, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг...хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт хуулийг буруу хэрэглэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл хэсгийг үндэслэн хэрхэн зөвтгөсөн талаар заагаагүй, шийтгэх тогтоолын гэж агуулгын хувьд огт өөр “шийтгэх тогтоолд” өөрчлөлт оруулж хууль зөрчсөн байна.

Ийнхүү шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно. Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтыг тус тус зөрчиж байх тул нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Ч.О- гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны  шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ... Талуудын хооронд үүссэн маргаан нь иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн шинжтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм гэж хэт нэг талыг барьж Эрүүгийн хууль болон Иргэний хуульд заасан гэрээний харилцааг буруу тайлбарлах замаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь талуудын хооронд үүссэн Худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон хохирогч нь гэрээний харилцаа, түүний үүрэгтэй холбоотой аливаа гомдол гаргаагүй. Шүүгдэгчээс гэрээний үүрэг шаардаагүй гэдгийг анхаарч үзэхгүйгээр иргэний харилцаа байна гэж Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг буруу тайлбарлаж дүгнэсэн.

Мөн хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан бусад нотлох баримтаар нотлогдохгүй мэдүүлгийг үнэлж "Шүүгдэгч Б.Г- Ч.О- нь анхнаасаа 50,000,000 төгрөгөөр тавилга авна гэж хэлчихээд миний мөнгийг өгөхгүй одоо шууд 100,000,000 төгрөг нэхэж байгаа нь зүй бус асуудал байна...,” гэснийг үнэлж талуудын хооронд тавилга авах талаар тохиролцоо байсан байна гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийж, хохирогч болон гэрчийн мэдүүлгийг огт харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч Б.Г- нь энэхүү хэргийг шалгах явцад нэг ч удаа тавилга зарсан болон тус тавилга нь 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж ярьж байгаагүй бөгөөд тавилгын үнэлгээ гэх зүйл гарсны дараа миний хөрөнгийг завшсан үйлдлээс зугтахын тулд тавилга, өөр бусад ашиглалтын зардлын мөнгө (ашиглалтын зардал гэх зүйл огт байхгүй ашиглалтын зардалыг бид өөрсдөө төлдөг) гэх огт хамааралгүй асуудал ярьдаг. Бидний хооронд тавилга худалдан авах талаар тохиролцоо хийгдэж байгаагүй бөгөөд энэ тухай гэрч О.М-н мэдүүлгээс харж болно. Тэр тавилгуудыг одоо хүртэл Б.Г-ыг ирж авахыг хүлээгээд байж байгаа бөгөөд зарагдахгүй, хийх савгүй гээд хаяж явсан тавилгуудаа миний алдаатай хийсэн гүйлгээнд далим болгож шингээж үлдээх гээд улайран дайрч байгаад гайхаж байна миний бие Б.Г-од буруу хийсэн зүйл нэг ч байхгүй бөгөөд түүний санал болгосон үнээр орон сууцыг нь худалдан авсан. Гэтэл шунахайн сэдэлтээр илүү мөнгө орж ирснийг мэдэнгүүтээ огт хамааралгүй, өөрийнхөө ч яриагүй зүйлсийг шүүх дээр ярьж энэхүү тайлбарыг нь шүүх үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Цагаатгах тогтоолд “Хохирогч Ч.О- нь 2018 оны 04 сарын 13-ны өдөр 100,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт өөрөө шилжүүлснийг алдаатай гүйлгээ гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тухайн цаг хугацаанд хохирогч Ч.О- нь 2018 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан 1,800,000,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийн нэг хэсэг болгон төлж байсан. 2018 оны 04 сарын 13-ны өдөр гэрээнд заасан орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй байсан тул илүү төлөлт гэж үзэхгүй” гэсэн.

Дээрхээс үзэхэд шүүхээс дүгнэхдээ алдаатай гэж үзэж буй гүйлгээ хийгдэх цаг хугацаа нь талуудын хооронд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй үйл явдал үргэлжилж байгаатай холбон тайлбарласан байна. Хэдийгээр хохирогч болон шүүгдэгч нарын хооронд 100,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдэх үед үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн хэвээр байсан боловч тус гүйлгээний дараа талууд тооцоо нийлсэн үйл баримт байдаг.

Тухайлбал 2018 оны 05 сарын 17-ны өдөр Голомт банкнаас хохирогч Ч.О-д зээл олгох шийдвэр гарч тус өдрөө талууд гэрээний үлдэгдэл төлбөрөө тооцсон. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс шүүгдэгчид төлвөл зохих төлбөрийн үлдэгдлийг мэдсэний үндсэн дээр Голомт банкнаас үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх байсан. Гэтэл шүүгдэгчийн зүгээс 2018 оны 04 сарын 13-ны өдөр хохирогчоос шилжиж орж ирсэн 100,000,000 төгрөгийг төлбөрийн үлдэгдлээс хасаж тооцоогүй. Ийнхүү тооцоо нийлсэн явдал нь 100,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс хойш 1 сар гаруй хугацааны дараа болсон үйл явдал бөгөөд шүүгдэгч нь их хэмжээний мөнгө дансанд нь шилжиж орж ирсэн байхад хохирогчоос асууж тодруулах, ийнхүү асууж тодруулаагүй тохиолдолд 05 сарын 17-нд тооцоо нийлэхдээ гэрээний төлбөрөөс хасаж тооцох ёстой байсан.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг цагаатган шийдвэрлэхдээ 05 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн үйл баримтад ач холбогдол өгөлгүйгээр дүгнэлт хийсэн нь мөн хохирогч гэрээний төлбөрийг төлөхдөө алдаатай буюу андуурсан гүйлгээ хийсэн гэдгийг анхаарч үзээгүй, зөвхөн 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн төлбөр нь алдаатай гүйлгээ байсан уу гэдгийг анхаарсан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Мөн шүүхийн цагаатгах тогтоолд “Алдаатай гүйлгээ” гэх ойлголтыг тайлбарлахдаа Банкны тухай хуулийн холбогдох хэсгийг иш татан банкны гүйлгээний зөвхөн гадаад илэрхийлэл буюу техникийн шинжтэй нөхцөл байдал талаас нь дүгнэлт хийсэн.

Алдаатай гүйлгээ гэх ойлголт нь холбогдох хууль тогтоомжид заасан ойлголтуудаар илэрхийлэгдэхээс гадна тухайн гүйлгээ бүрийн онцлог шинжээс шалтгаалан гүйлгээний утга агуулга, зориулалт зэрэг бусад агуулгын талаараа алдаатай байж болно гэж үзэж байна.

Шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа “Алдаатай гүйлгээ” гэсэн ойлголтыг хэт нэг талыг барин тайлбарлаж дүгнэлт өгсөн мөн хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж шүүгчдэгч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн.

3. Шүүгдэгчийг алдаатай гүйлгээний талаар мэдээгүй гэж үзсэн тухайд.

Цагаатгах тогтоолд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрөө илүү төлөлт хийснийг мэдсэн даруй Б.Г-од хэлэхэд “Үгүй тийм байх ёсгүй гэсэн ба чи дансаа шалгаад үзээдэх гэхэд би завгүй байна, Америк явах гэж байна” гэж хэлсэн ... гэж мэдүүлэх ба Ч.О- нь 2018 оны 06 сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэргээр Б.Г- 100,000,000 төгрөг илүү төлөгдсөн гэх асуудлыг мэдсэн байх боломжгүй ...” гэсэн байна. Дээрхээс үзвэл шүүгдэгч Б.Г-ыг тус гүйлгээг алдаатай гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэн шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч буюу гэмт этгээд нь тухайн зүйлийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсанаар тус гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагддаг.

Хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 100,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, улмаар хохирогч нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгчид хандсан байдаг. 01 сар 20 орчим хоногийн дараа хохирогч нь шүүгдэгчид хандсан. Энэ хугацаанд шүүгдэгчийн зүгээс өөрийн дансанд 100,000,000 төгрөг орж ирсэн гүйлгээг мэдээгүй байсан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Тус мөнгө нь хэмжээний хувьд бага хэмжээний мөнгө биш бөгөөд дансанд мөнгөний хэмжээ 100,000,000 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг даруй биш юм аа гэхэд богино хугацааны дотор мэдэх боломжтой гэж үзэж байна.

Мөн шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр өгсөн мэдүүлэгтээ "... Надад Ч.О-аас байрны төлбөрт илүү 70,000,000 төгрөг шилжиж орж ирсэн Энэ мөнгөнөөс би 50,000,000 төгрөг нь тавилгын мөнгө юм байх гэж бодсон ...” гэсэн. Дээрх мэдүүлгээс үзэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгчид илүү мөнгө шилжиж орж ирсэн гэдгийг шүүгдэгч мэдэж байсан гэдэг нь илэрхий байна.

Иймд шүүхээс Б.Г-ыг 100,000,000 төгрөг шилжиж орж ирсэн гэдгийг мэдээгүй байсан гэж үзэн “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрийг хуулийг буруу тайлбарлах замаар үгүйсгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Б.Г- хэргийг хянан шалгах ажиллагааны явцад надтай холбогдож 100,000,000 төгрөгөнд тохирох хэд хэдэн орон сууцыг авахыг санал болгож байсан нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг илтгэнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байгаа бөгөөд хохирогч гомдол гаргасан учраас прокурорын эсэргүүцлийг хамтад нь хэлэлцүүлж байна.

Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтооол гаргасан нь үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ч.О-ы гаргасан гомдол зэргийг үндэслэн Б.Г-од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны 116-03 тоот байрыг иргэн Ч.О- худалдан авч түүний данс руу байрны төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ тооцооны алдаатай гүйлгээ хийж 100,000,000 төгрөг илүү шилжүүлснийг мэдсээр байж авч завшин их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Анхан шатны шүүх Б.Г-, Ч.О- нарын хооронд үүссэн эрх зүйн маргааны харилцан хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарласан нь зөв боловч гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Банкны тухай хуульд заасан хэм хэмжээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон Б.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бодит байдал буюу хохирогч Ч.О- нь Б.Г-ын байрыг худалдан авч түүний данс руу байрны төлбөрийн мөнгө шилжүүлэхдээ тооцооны алдаатай гүйлгээ хийж 100,000,000 төгрөг илүү шилжүүлсэн гэх гүйлгээний талаар Б.Г- нь тус гүйлгээг орж ирснийг мэдээгүй, эсхүл байр, тавилга ашигласны төлбөр мэтээр өөр өөрөөр мэдүүлсэн бөгөөд эдгээр харилцаа, мэдүүлгийн мөн чанар, үнэн бодит байдлыг хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй, цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, өөр өөр агуулга бүхий нотлох баримтыг тоочиж, хуулбарлан Б.Г-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “...шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.3-т заасан “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлд хамаарна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Ш.Алтанцэцэг, хохирогч Ч.О- нарын ...Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцэл болон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 295 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 685 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН