Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2016/0432/З |
Дугаар | 792 |
Огноо | 2016-10-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 792
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ /РД:8207445/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургууль /РД:584549/
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан 627 сая төгрөгийн хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын тэргүүн Л.Зэс-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар, Б.Пүрэвхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ, гуравдагч этгээд Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын тэргүүн Л.Зэс-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар, Б.Пүрэвхүү нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх нийтийн мод тарих өдрөөр хуучнаар ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ард иргэдтэй хамтран мод тарьсан. Тухайн өдөр нь Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургуулиас машин, механизмаар хашаа ачиж ирэн хашаалахыг завдахад ард иргэд бухимдан ямар ч барилга байгуулахгүй цэцэрлэгт хүрээлэн, мини паркаар нь үлдээх саналыг тухайн үед гаргахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дарга руу утастан үүрэг болгон газар дээр нь шийдвэрлэж өгсөн.
2011 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нар нь Улаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд тус бүр нэг тогтоолын төвийг барьж байгуулснаас зүүн бүсийн тоглоомын төв 652 сая төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан. Үүнээс хойш 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус тоглоомыг төвийг тоглоомын төвийн байгууламжийг хийж гүйцэтгэсэн компанийн гүйцэтгэх захирал н.Цэрэндолгор нь бидэнд акт үйлдэн хүлээлгэн өгсөн.
“Чулуутын задгай” ТББ-ын тэргүүн Л.Зэс-Эрдэнэ, ажилтан Алдармаа, Бадараа, манаач Чулуунбаатар, Даваа, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Санхүү, Саранчимэг, Сумъяа бүрэлдэхүүнтэйгээр тооллого хийн данс хөтлөн хүлээн авсан ба хөндлөнгийн гэрчээр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий дендрологич Ж.Жавхлантөгс нь байлцсан.
2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл Монголын оюутан залуусын нэгдэл, Монголын дугуйн спортын холбоо, Галсан сан, Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран хавар, намартаа хур хогийг цэвэрлэн, мод тарих арга хэмжээг тогтмол явуулж ирсэн.
2014 оны 6 дугаар сараас шинэ амьдрал тоглоомын төвийг иж бүрнээр нь урсгал засвар хийн дахин ашиглалтад оруулсан. 2015 оныг хүртэл эх үрсэд зориулсан тусгай арга хэмжээг батиканы сүм, Монголын оюутан залуусын нэгдэл, Галсан сан, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жигүүр гранд групп, Номингийн чулуу овоо салбар, Буман ган ХХК, Сансар үйлчилгээний төв, Чулуутын задгай ТББ зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж, зураг, шүлэг, дууны уралдаан зохион байгуулан шагналт байр шалгаруулан нийт мянга гаруй хүүхдэд бэлэг тараан тоглоомыг тал үнээр буюу 50 хувийн хөнгөлөлттэй тоглуулсан.
2014 он болон 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдөр билет таслалтын тоогоор нийт гурван мянга гаруй ард иргэд ирж үйлчлүүлсэн байсан.
Анх 2013 оноос Хууль зүйн яамны шүүхийн барилга барих асуудлаас эхлэн өдийг хүртэл холбогдох яам, Нийслэлийн удирдлагуудад 2014 оноос Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа туршилт судалгаа, лабораторийн эмнэлэг барих асуудлыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ойр орчмын дахин төлөвлөлтөд хамрагдсан байршлуудад болон Хонгор, Ургах, Наран хорооллын орчим хотоо тэлэн барьж байгуулаач гэсэн албан бичгийг удаа дараа хүргүүлэн хэвлэлийн бага хурал болон тайван байдлаар жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж байсан.
Үүний үр дүнд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нөгөө талаас Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургуулийн удирдлага болох Г.Батбаатар, дэд захирал Л.Содномцог, газрын дарга Ц.Батхуяг зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй, манай талаас Л.Зэс-Эрдэнэ, Г.Батбаатар, Э.Эрдэнэбат, н.Сайханбат, өмгөөлөгч Ц.Монгол бүрэлдэхүүнтэй хурлыг явцыг дуу бичлэг болон гар бичмэлээр протокол хавсаргасан болно.
Уг хурлаар хоёр тал тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэн бүрэн шийдэлд хүрч, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажлын хэсэг газар дээр нь очин Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, ХОТЗА дарга О.Мөнхбаяр, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Батсүх, Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургуулийн удирдлага болох Г.Батбаатар, дэд захирал Л.Содномцог, газрын дарга Ц.Батхуяг нар ирэн газар дээр нь байдалтай танилцан Чулуутын задгай, Монгол оюутан залуучуудын нэгдэл, Амгалан иргэдийн бүлэг гэсэн байгууллагуудыг нэгтгэсэн байгууллагуудын нэр дээр үлдсэн газраа баталгаажуулахад дэмжлэг үзүүлсэн албан бичиг болон тоглоомын төвийн төсөвт өртгийн нөхөн олговрыг олгож өгнө үү гэсэн хүсэлтээ гаргаж өгсний дараа яаралтай асуудлыг холбогдох байгууллагууд болон Канто констракшн, ЖАЙКО, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагууд гурвалсан уулзалт хийн уг асуудлыг шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон.
Энэхүү тохиролцооны дагуу өгсөн албан бичгийг хүргүүлсний дагуу хариу албан бичиг ирсэн ба тэр албан бичиг нь шийдвэрлэснээсээ буцсан утга бүхий албан бичиг ирүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн иргэд ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг одоо байгаа байдлаар нь байлгахыг хүсч, 5000 гаруй иргэдийн гарын үсгийг цуглуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасны дагуу “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ыг байгуулан уг эрхээ хамгаалахаар ажиллаж байна.
Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, 56.3-д “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ”, мөн Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүсэд хот орчмын ой, ойн хамгаалах зурвас, амралт, сувилал, усан сан, цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор, наран шарлагын газар зэрэг олон нийтийг хамрах амралт зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан орон зайн задгай орчин, түүнчлэн байгалийн дархан цаазат болон онцгой хамгаалалттай газар нутгийг төлөвлөнө” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Баянзүрх дүүргийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг ногоон бүсээр авч арчлан тордох арга хэмжээг авах талаар заажээ.
Иймд ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас таслан өгсөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
“...Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээдийн шаардах эрхтэй”, 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэв” заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын хууль зөрчин гаргасан захирамжаас болж “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-д 627 сая төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Учир нь 2011 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нар нь Улаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд тус бүр нэг тоглоомын төвийг барьж байгуулснаас зүүн бүсийн тоглоомын төв 652 сая төгрөгийн төсөвтэйгөөр байгуулсан.
2014 оны 6 дугаар сараас “Шинэ амьдрал” тоглоомын төвийг иж бүрнээр нь урсгал завсар хийн дахин ашиглалтанд оруулсан.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд уг тоглоомын төвийг ашиглах боломжгүй болж, олон мянган эрх үрсийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах ганц цэцэрлэгт хүрээлэнг барилгын талбай болгож байгаа тул тус дүүргийн иргэдийн төлөөлөл болсон “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай” А/994 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгийн баруун хойд хэсэгт Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн зориулалтаар 8.0 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, тухайн хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан маргаан бүхий захиргааны акт буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, газар эзэмших зориулалтыг өөрчлөн шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл, захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх тухайгаа тодорхойлсон байх ёстой.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг... ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг ногоон бүсээр авч, арчлан тордох арга хэмжээг авах талаар заажээ” гэж тодорхойлоод маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
“Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ нь маргаж буй байршилд газар эзэмших, ашиглах эрхгүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газартай холбоотой эрх хөндөгдөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор ямар эрх нь хэрхэн сэргэх талаар үндэслэл гаргаагүй байна.
“Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан захиргааны хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд биш буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэв.
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т зааснаар хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар нэгэн үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэхээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлсон байх ёстой.
Дээрх шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг Нийслэлийн Засаг дарга зөрчин үйл ажиллагаа явуулсан гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглах бөгөөд Газрын тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд газар эзэмших хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч маргаж буй газрыг хуульд зааснаар эзэмшдэггүй буюу газар эзэмших эрхгүй этгээд байна.
Нийслэлийн Засаг дарга маргаж буй газарт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй.
Иймд энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.
Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг байгуулах тухай 346 дугаар тогтоолоор Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай их сургуулийн сургалтын эмнэлэг барихыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Эдийн засгийн сайд нарт Эмнэлгийн барих газрыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эзэмшилд шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалган шийдвэрлэсэн байдаг.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/994 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ботаникийн цэцэрлэгийн баруун хойд хэсэгт эмнэлгийн зориулалтаар 8 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших гэрчилгээ олгосон.
Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/134 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль”-ийн нэрийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль” гэж өөрчилсөн. Тийм учраас холбогдох хууль, журмын дагуу улсын бүртгэл, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх арга хэмжээ авахыг тус сургуулийн захиралд даалгасугай гэснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалтыг өөрчилж, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль гэснийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон газар эзэмших эрхийн зориулалтыг эмнэлэг, сургалтын цогцолбор гэж зааж 5 жилийн хугацаатай эзэмшүүлэн гэрчилгээг шинэчилж олгосон.
“Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ нь маргаж буй байршил буюу газар эзэмших, ашиглах эрхгүй бөгөөд энэ төрийн бус байгууллагын нэр дээр газар болон хөрөнгийн бүртгэл байхгүй.
Манай байгууллагын газар эзэмших гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаартай захирамжаар сургуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон өөрчлөн газар эзэмших эрхийн зориулалтыг эмнэлэг, сургалтын цогцолбор болгон өөрчилснөөр нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын хуулиар олгогдсон ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг нь туйлын тодорхойгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн уг захирамжийн улмаас нэхэмжлэгчид 627 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул дээрх хохирол учирсан гэж үзэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм.
Түүнчлэн “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ нь захиргааны хэргийн шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан 627 сая төгрөгийн хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/839 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 87 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ботаникийн цэцэрлэгийн баруун болон баруун хойд хэсэгт эмнэлгийн барилга барих зориулалтаар 10 га газрыг, Ботаникийн цэцэрлэгийн баруун урд хэсэгт Шинжлэх Ухааны академийн харьяа Ботаникийн хүрээлэнд ургамал хамгааллын лабораторийн барилга барих зориулалтаар 1,8 га газрыг 5 жилийн хугацаатайгаар тус тус олгож шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 346 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг байгуулах ажлыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарт даалган, Эмнэлгийн барилга барих газрыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эзэмшилд шилжүүлэхийг” Нийслэлийн Засаг даргад даалгажээ.
Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/839 дүгээр захирамжийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/994 дүгээр захирамжаар хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 346 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ботаникийн цэцэрлэгийн баруун болон баруун хойд хэсэгт эмнэлгийн зориулалтаар 8 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгон, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулж, 000434888 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/134 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль” гэсэн нэрийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль” гэж өөрчилсөн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/1682 дугаар албан бичгээр “...сургуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль гэж гарсан гэрчилгээг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль гэж нэрийг өөрчлөн гэрчилгээ гарган өгнө үү”, мөн гуравдагч этгээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1676, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/1744 дүгээр албан бичгүүдээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт “...газрыг гэрчилгээн дээрх нэршил, эмнэлгийн сургалтын цогцолбор, оюутны байр гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэж тус тус хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан “Газар баталгаажилтын зөвлөл”-ийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчлөн газар эзэмших эрхийг зориулалтыг эмнэлэг, сургалтын цогцолбор болгон өөрчлөн 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар захирамжаар Ботаникийн хүрээлэнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 346948 м.кв газрыг ботаникийн цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 0299589 дүгээр гэрчилгээг 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон байх бөгөөд мөн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/827 дугаар захирамжаар “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг зөрчин Ботаникийн хүрээлэнд 346948 м.кв газрыг ботаникийн цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 493 дугаар захирамжийн Ботаникийн хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 493 дугаар захирамжийн ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 228926 м.кв газрыг ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгожээ.
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн маргаж байна.
“Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ нь гуравдагч этгээд Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургуулийн эзэмшиж байгаа 8 га газар дээр тоглоомын талбайг ашиглаж, эзэмшиж байгаа хэмээн 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн доторх хүүхдийн паркийн эд хөрөнгийг акт үйлдэн хүлээн авсан” баримтыг гаргаж өгсөн бөгөөд тухайн засч тохижуулсан талбайд тоглоом байгаа нь шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зураг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм.
2. Түүнчлэн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох тухай” тогтоолоор Баянзүрх дүүрэгт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 34.9 га газар хамаарсан байхад энэхүү газраас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар тогтоолоор “...Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэсний харгалзах мөрөнд байгаа талбайн хэмжээ 34.9 га гэснийг 22.9 га” гэж өөрчилснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/839 дүгээр захирамж гарч байжээ.
3. “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар захирамжаар Ботаникийн хүрээлэнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 346948 м.кв газрыг ботаникийн цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байхад тухайн эзэмшил газартай давхцуулан эзэмшүүлж, 2016 оны А/530 дугаар захирамжийг хариуцагч нөхөж гаргасан, ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж байхаар тусгагдсан” гэх нэхэмжлэгчийн маргааны тухайд Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/827 дугаар захирамжаар Ботаникийн хүрээлэнд 346948 м.кв газрыг ботаникийн цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 493 дугаар захирамжийн Ботаникийн хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ нь хууль зөрчсөн, давхцуулан эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургууль /хуучин нэрээр/-д газар эзэмшүүлсэн ба 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан “Газар баталгаажилтын зөвлөл”-ийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчлөн газар эзэмших эрхийн зориулалтыг эмнэлэг, сургалтын цогцолбор болгон өөрчлөн газар эзэмшүүлсэн байх бөгөөд уг хариуцагчийн захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч тухайн тоглоомууд байрлах газрын хууль ёсны эзэмшигч этгээд биш, бусдын газартай давхцалтай гэх мэтээр бусад газар эзэмшигч этгээдийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шинээр газар эзэмшүүлээгүй зөвхөн өмнө эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай А/108 дугаар захирамжийн улмаас түүний хууль ёсны эрх зөрчигдөөгүй байна.
“Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ нь “Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан 627 сая төгрөгийн хохирол гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараас хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу актын улмаас нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-д 627 сая төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан 627 сая төгрөгийн хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан 627 сая төгрөгийн хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА