Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 242

 

 П.Э нарын 5 иргэний нэхэмжлэлтэй,

... дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

        Даргалагч, шүүгч: Л.Атарцэцэг

        Шүүгчид:               Б.Мөнхтуяа

                                      Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

        Илтгэгч шүүгч:    Г.Банзрагч

        Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал, 

Нэхэмжлэлийн шаардлага: “... дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0133 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0257 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Д.С нарыг оролцуулан,

Хариуцагч ... дүүргийн Засаг дарга Ж.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0133 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э, Г.Б, Ш.Н, Э.Х, Э.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ... дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

2. Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны  шүүхийн  2019  оны  5  дугаар  сарын 08-ны өдрийн 221/МА2019/0257 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарыг тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй нь бусдын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэн дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар дурдсан албан бичиг мөн харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлсэн албан бичгүүдийг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

6. Цагдаагийн байгууллага шалгаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг эцэслэн шийдвэрлэж буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй байхад шүүх зөрчлийн хэрэг үүссэн нь бусдын буруу мөн гэж шийдвэрлэсэн. Хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаатай маргаагүй бөгөөд харин маргаан бүхий захиргааны акт гаргах хүртэл шүүхийн үндэслэл болоод байгаа Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа гэх маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд газар эзэмшигч иргэд хоорондын маргааныг тухайн шатны Засаг дарга хянан шийдвэрлэдэг дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч тал дүүргийн Засаг даргад хандаагүй байдалд дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлээгүй.

7. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу шүүхийн шийдвэрүүд ижил шийдэлтэй байхад гуравдагч этгээдээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүйгээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.“Давж заалдах шатны журмаар хэлэлцээгүй хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй” гэснийг зөрчсөн байх тул шүүх бүрэлдэхүүн мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4-ийг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзахаар тогтов.

10. Иймд, хяналтын шатны шүүх уг хэргийг зөвхөн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хянав.

11. Хариуцагч ... дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”; 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болоогүй байхад нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Тодруулбал, нэхэмжлэгч нар газрын төлбөрөө бүрэн төлсөн, мөн бусдын буюу гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас газраа хуульд заасан хугацааны дотор зориулалтын дагуу ашиглаж чадаагүй “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байхад хариуцагчийн зүгээс эдгээр нөхцөл байдлыг шалгаж тодруулалгүйгээр дээрх хуулийн зүйл заалтыг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тул хууль бус юм.

13. “Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар албан бичиг, харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлсэн албан бичиг, мөн цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруу нь тогтоогдоогүй байхад шүүх эдгээрийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль бус” гэсэн агуулгатай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй /Тодорхойлох хэсгийн 4-6/.

14. Учир нь, гомдолд дурдсан эдгээр баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар /гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг гэх мэт/ гуравдагч этгээдийн /Д.Ганбаатарын Макс групп ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнууд/ үйлдэл нь нэхэмжлэгч нар газраа зориулалтын дагуу ашиглахад буюу хашаа барихад нь “саад болсон” гэсэн үйл баримтыг л хангалттай нотолж байгаа тул бодит байдал дээр зөрчлийн хэрэг шалгаж дуусаагүй, гэм буруу нь бүрэн тогтоогдоогүй, эсхүл хэрэгсэхгүй болгосон зэрэг нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тусдаа юм.  

15. Түүнчлэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон хэн боловч эхэлж эзэмшил газраа тойруулан хашаа барих нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж буй нэг хэлбэр гэдэг нь илэрхий ойлгомжтой тул “барилга байгууламж бариагүй учир зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэхгүй.

16. Маргаан бүхий актын үндэслэл нь /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6/ нь газар эзэмшигчид хамааралтай, өөрөөр хэлбэл газар эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан гэж үзэхээргүй тул нэхэмжлэгч нар нь эхэлж заавал Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны Засаг даргад хандах ёстой байсан гэж үзэхгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “... Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал явагдахыг шаардахгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан гомдол үндэслэлгүй.

17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0133 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0257 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол  гаргахдаа  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн  70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Л.АТАРЦЭЦЭГ

           ШҮҮГЧ                                                                        Г.БАНЗРАГЧ