Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00053

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э ад холбогдох эрүүгийн 1815000490036 дугаартай, 163/2018/0052/э индэкстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4 ээж, ах, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт  оршин суух, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулсан , Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн гэх Говогт Э. Э  

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Э  нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 03 –ны орой найз Билгүүн, түүний  найз охин Хишгээтэй хамт караокед  дуу дуулах гэж хамт орсон караокед ороод сууж байхад  дээд давхрых нь хоолны заалнаас манай найз  Одхүү ирж  бид гуравт нэг нэг  пиво  авч өгсөн ба  дууныхаа захиалгыг өгчихөөд байж байтал  Одхүү дээд давхраас бууж  ирээд гадаа гарч тамхи татъя гэж хэлээд гадаа цуг Одхүүтэй хамт гарсан. Гадаа 2 залуу  тамхи татаж байсан. Тамхи татаж байсан 2 залуугийн нэг нь надаас утас нэхэж, намайг чи сая миний утсыг авсан биздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би  чиний утасыг аваагүй гэж хэлсэн.  Тэгээд Одхүү утасных нь эзнийг нь очоод нэг цохисон юм. Одхүү утасны эзэн 2 зууралдаж зодолдож байсан чинь тэнд байсан Нямбаяр гэдэг залуу Одхүү рүү нийлээд тэр 2 дайрахаар нь би салгах гээд Нямбаярыг татсан чинь Нямбаяр эргэж хараад намайг цохиж, би Нямбаярыг зөрүүлж цохисон. Би хохирогч Нямбаярыг хөлөөрөө хавсрач цохисон чинь Нямбаяр унахдаа караоконы үүдний цемент дээр унаж толгой нь хагарчих шиг болохоор нь би надтай хамт явж байсан Билгүүнд хэлж  цусыг нь угаалгуулах гэж явуулсан. Дараа нь Нямбаяр намайг хайгаад хашгираад байхаар нь би караокеноос орж куртикээ авч, Билгүүнээ Нямбаярын цусыг нь угаалгачихаад надтай хамт таксины буудлын тэнд очиж таксинд суугаад явсан. Сүүлд нь  Алтангарьд гэдэг байцаагч дуудаж би цагдаагийн байгууллагад  очсон. Алтангарьд байцаагч тухайн хэргийн талаар байцаалт авах гэж байгаа гэж надад хэлсэн. Байцаалтаа өгөөд гарч явж байсан чинь хохирогч Нямбаяр ахтай нугийн зоогийн гадна тааралдахад манай ах өргөдөл гаргасан гэсэн харин би гомдол гаргахгүй, өргөдөл гомдлоо авна гэж надад хэлсэн. Тэгж сонсоныхоо дараа би  Улаанбаатар  хотруу чухал амжилт сургалтын төврүү гар утасны сургалтанд суух гээд явсан  хохирогч Б.Н  энэ хэрэг хаагдсан шүү гэж надад хэлсэн. Тэгсэн  саяхан Батдорж гээд байцаагч надруу утасдаад хэргийг чинь шүүх рүү шилжүүлсэн гэж хэлсэн гэжээ.  

 

1815000490036 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Б.Н ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой найз Буянбадрах, Батсайхан нарын хамт Өрнөх учрал кафед орж сууж байгаад гарч тамхи татаад зогсож байтал хажууд зогсож байсан 3-н залуугийн нэг нь та нар намайг таних уу? гэхээр нь би үгүй гэхэд өнөөх залуу гартаа барьж байсан пивороо манай найзын толгойн хэсэгт цохихоор нь би болиоч гэхэд намайг хажууд нь зогсож байсан хоёр залуугын нэг нь толгойд цохиж толгой хагалсан. Тэгээд би толгойгоо бариад газар унатал намайг дахин доороос цохиж уруул сэтэлж шүдийг хөдөлгөсөн. Тэгээд газар хэвтэж байхад дээрээс өнөөх залуус хөлөөрөө дэвсэж байгаад зугтаагаад машинд сууж явсан. Тэгээд цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх 09-10 тал/,

Гэрч Ч.Б өгсөн: “...Одхүү нэг залуутай нь зууралдчихсан, Э  одоо зодуулсан гээд байгаа нэг залуутай барьцалдчихсан байхаар нь яасан гээд асуусан чинь намайг утас авсан гээд байна гээд Э  хэлсэн ба нөгөө залууд би чиний утсыг яахаараа авдаг юм бэ мангар бацаан минь гээд гараараа нэг удаа алгадаад эргэсэн чинь нөгөөх нь араас нь зууралдангуут эргэж хараад хавсараад унагаачихсан. Тэгсэн газар байсан ёрдгор бетонон дээр унаад баруун талаас нь цус гарчихсан байсан. Тэгээд л тэр залууг нь босгоод харсан чинь баруун талаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би авч орж цус нөжийг нь угааж цэвэрлэсэн. Э  газар хавсарч унагаачихаад л яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 17-19 тал/,

Гэрч Э.Б өгсөн:...Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд Булган буудлаас гарч “Өрнөх учралт” гэдэг газрын нийтийн карокетой зааланд нь орж суусан. Тэгэхэд бид нарын суусан ширээний өөдөөс харсан ширээнд Б.Н ын таньдаг 3 залуу сууж байсан ба миний утас Б.Н т байсан ба тэр 3 залуугийн 1 нь түүнээс утсаар чинь яриадхая гээд миний утсыг авсан юм. Хэн нь авсаныг би хараагүй. Тэгээд нөгөө утас авч гарсан залуу орж ирэхгүй удаад байхаар нь би Б.Н тай хамт утсаа авья гээд гадаа гарсан. Тэгсэн тэр караоке дотор сууж байсан 4 залуу гадаа зогсож байсан ба би Нямбаяраас хэн нь миний утсыг авсан юм бэ гэж асуухад Одхүү гэдэг залууг заасан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод чи сая миний утсыг авлуу хөгшөөн, утсаа авъя гэхэд тэр залуу жаахан халамцуу байж таараад би яахаараа чиний утсыг авдаг юм бэ гэхээр нь би уучлаарай би андуурчихаж ээ гээд хэлсэн чинь яахаараа андуурдагын гээд бид 2 маргалдсан. Тэгээд бид нарын араас Буянбадрах гарч ирсэн. Тэгээд Одхүү гээд надтай маргалдсан залуу намайг 1 удаа мөргөсөн ба би түүнийг мөн зөрүүлээд 1 удаа мөргөсөн. Тэгээд бид 2-г салгаад авсан ба эргээд харсан хамт явсан Б.Н  баруун хөмсөг нь задарчихсан, цус гарчихсан зогсож байсан. Хажууд нь Одхүүтэй хамт явсан 2 залуу л ойрхон байсан. Тэгээд л Б.Н ын цусыг тэр караокед нойлын өрөөнд оруулж угаасан ба Б.Н  дээд давхарын нойлруу орж цусаа угаасан. Тэгээд гараад ирсэн нөгөө залуучууд ч гэсэн явчихсан байхгүй байсан гэх мэдүүлэг /хх 20-21 тал/,

Гэрч Н.О өгсөн:...Тэгээд хоолоо идэж дуусаад хамт явсан 2 найзуудтайгаа гарч яваад гадаа гараад тамхи татаж байсан Э , Билгүүн 2 хамт гарч ирж тамхи татаад зогсож байсан тэнд сууж байсан 1 залуу гарч ирээд намайг андуурсан уу яасан утас аваад ир гээд намайг бариад авахаар нь чи хүн андуураад байна гээд түлхээд салгасан ба тэр бандитай хамт явсан 2 залуу нь цаанаас гараад ирсэн. Тэгээд  тэд нарынх нь нэгийг Э  хаана нь ч юм цохиод авах шиг болсон. Тэгээд нөгөө залуугынх нь хамарны орчимд цус болчихсон харагдсан. Тэгээд л цус нөжийг нь угааж өг барь гээд л хамт явсан 1 залуу нь уучлаарай андуурсан байна гээд өнгөрсөн. Тэгээд би ч яваад өгсөн. Дараа Э , Билгүүн 2-той таарсан тэр асуудал дээр эрүүгийн хэрэг үүсээд байна гэнээ гэчихсэн явж байсан гэх мэдүүлэг /хх-22 тал/

Гэрч Ц.Б өгсөн: Манай хүү Э  Улаанбаатар хотод байгаа. Булганаас 2018 оны 02 дугаар сарын 20-ны үед л Улаанбаатар хотод гар утас засварын сургалтанд сууж байгаа юм. Сургалт нь 1 сарын сургалт гэсэн ба дунд нь бие нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн гээд сургалт сунасан байх. Одоо бол 14 хоногийн сургалт дутуу байгаа түүнийгээ гүйцээчихээд л ирнэ. Тухайн үедээ надад нэг хүүхэдтэй муудалцсан гэсэн ба нөгөөх нь цагдаад өргөдөл өгчихсөн байна. Тэгээд бид хоёр уулзаад уучлалт гуйгаад нөгөөх маань өргөдөлөө буцаагаад авчихна гэсэн л гэж хэлсэн. Түүнээс Эрүүгийн хэрэг үүссэн талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-23 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай

1. Б.Н ын биед уруулд шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 25 тал/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 34 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э  нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.   

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Н , гэрч Ч.Билгүүн, Э.Батсайхан, Н.Одхүү, Ц.Батцэцэг  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. 

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Э.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Э. Э ад Энэ тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-т зааснаар оногдуулсан 10000000 төгрөгийн торгох ялаас үлдэх 8055561 төгрөгийн торгох ялыг тус тусд нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх болон  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Э.Э ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гомдол санал, нэхэмжлээгүй болно.   

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Г овогт Э. Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Э.Э ад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Хот тохижуулах үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Э. Э ад Энэ тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-т зааснаар оногдуулсан 10000000 төгрөгийн торгох ялаас үлдэх 8055561 төгрөгийн торгох ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Э.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНДУЛАМ