Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 127/ШШ/2025/0011

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2025/0009/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би нэхэмжлэгч “ПХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “...Аймгийн Засаг  даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих зөвшөөрлийн хоёр дахь дуудлага худалдааг тусгайлан урилгаар оролцуулах хаалттай хэлбэрээр зохион байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн  хянаад

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ПХБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “ПХБ" ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолоор 2025 онд Хэнтий аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар Угалз, Тэх, Халиун буга, Цагаан зээр, Агнуурын шувуу агнуулах зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдаа зарласны дагуу манай компани тусгай зориулалтаар Угалз-6, Шувуу 30 тоо толгойг агнуулах зөвшөөрөл авахаар дуудлага худалдаанд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр оролцсон болно.

Тус нээлттэй дуудлага худалдаа нь хүчингүйд тооцогдсон тул хоёр дахь дуудлага худалдааг Амьтны тухай хуулийн 291.6 дахь хэсэгт “Анхны үнийн санал гарснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцох бөгөөд хамгийн өндөр үнийн саналаар ялагч тодорсноор дуудлага худалдааг дуусгавар болгоно. Дуудлага худалдаанд оролцогчид үнийн санал гаргаагүй тохиолдолд долоо хоногийн дотор хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна” гэж зааснаар зохион байгуулах үүргийг тус аймгийн Засаг дарга хуулийн өмнө буюу хуулиар хүлээж байсан.

Гэтэл ийнхүү дахин нээлттэй дуудлага худалдаа зарлан хуулийн дагуу зохион байгуулах ёстой байсан боловч тус аймгийн Засаг дарга нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдаа хаалттайгаар зохион байгуулан манай компанийн дуудлага худалдаанд оролцох эрхийг зөрчсөн байна. Тухайлбал, манай байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, Амьтны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хуулийн өмнө эрх тэгш байдлаар, шударга өрсөлдөх замаар аж ахуй эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 15.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхийг эдэлж байна.

Хэнтий аймгийн Засаг дарга нь хуулиар тогтоосон хэм хэмжээг дараах байдлаар зөрчсөн. Тухайлбал:

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаартай “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай" гэж тусгайлан үүрэг болгосныг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нь зөрчиж, хаалттай хэлбэрээр хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл /Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт/-ийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.15, 1.23, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгоно” гэж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.23-т “тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих” зөвшөөрлийг тухайн аймгийн Засаг дарга олгохоор зохицуулсан, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлд /Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих/, 29.1 дэх хэсэгт “Тусгай төлбөр төлсөн иргэнд энэ хуулийн 24.3.3-т заасан зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 25.5-д заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд олгоно”, 29.2 дахь хэсэгт “Агнуурын амьтныг тусгай зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна, 29.2.1 агнуурын амьтныг эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, 29.2.2 иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр” гэж тус тус заасныг зөрчсөн.

Хоёр дахь дуудлага худалдааг хаалттай хэлбэрээр буюу урилгаар сонгох зарчмаар зохион байгуулж, улмаар манай компанид урилга ирүүлээгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Амьтны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн шинжтэй, хууль бус үйл ажиллагаа болсон.

Уг эрх зүйн зөрчилтэй, хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгож, ийм зөрчилтэй байдлаар дуудлага худалдааг зохион байгуулахад оролцсон албан хаагчдад зохих арга хэмжээ авхуулах агуулга бүхий гомдлыг өгсөн боловч үүнд тус аймгийн Засаг даргын тамгын газрын Байгаль орчны газар нь бичгээр хариу өгсөн бөгөөд ингэхдээ хууль зөрчөөгүй, тусгайлан зохицуулсан хэм хэмжээг бус Монгол Улсын Иргэний хуулийг хэрэглэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Иймд 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хууль бусаар зохион байгуулагдан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ПХБ” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...Аймгийн Засаг  даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих зөвшөөрлийн хоёр дахь дуудлага худалдааг тусгайлан урилгаар оролцуулах хаалттай хэлбэрээр зохион байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Уг нэхэмжлэлд шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч “ПХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ш-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч уг хүсэлтдээ: “...Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа учраас ... шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан байдаг.

            Иймд нэхэмжлэгч “ПХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ш нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн хүсэлтээ бичгээр гаргасан байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

           

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон

 

                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “ПХБ” ХХК нь “...Аймгийн Засаг  даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих зөвшөөрлийн хоёр дахь дуудлага худалдааг тусгайлан урилгаар оролцуулах хаалттай хэлбэрээр зохион байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саадгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч “ПХБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН