Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2021/00059 

 

З.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00520 дугаар шийдвэртэй, З.Б ын нэхэмжлэлтэй, Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн мэдээллийн сангаас Зулкапилийн Б д холбогдох регистрийн дугаар БЮ79020911, ... 7. Төрөл: зээл, валютын нэр: МNТ, анх олгосон зээлийн хэмжээ: 590.843.01 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндсэн зээлийн үлдэгдэл: 590.843.01 төгрөг, ангилал: хэвийн, олгосон байгууллага: Х  банк, ... 9. Төрөл: зээл, Валютын нэр: МNТ, анх олгосон зээлийн хэмжээ: 1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2011.06.03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1.069.013.82 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага Х  банк гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Х  банкны Баян-Өлгий салбарт үүрэг болгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х  банкнаас 15000000 төгрөгийн зээл авч үүнээс 5397031 төгрөгийг төлж чадаагүй. Ингэснээр Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уг үлдэгдэл 5379031 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүхээс холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараа нь Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлснээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулаад төлбөрөө 100% төлөөд дуусгасан юм. Өөрөөр хэлбэл төлбөр авагч Х ы банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь шүүхийн шийдвэрийн дагуу авах төлбөрөө барьцаа хөрөнгөөр бүрэн авснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан байсан. Үүнээс хойш миний бие Х  банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй тул уг банканд өргүй юм. Гэтэл миний бие 2021 оны 3 дугаар сарын эхэнд тус аймаг дахь Төрийн банкнаас зээл авах гэтэл Зээлийн мэдээллийн сан-д хугацаа хэтэрсэн зээлтэй байна. Өөрөөр хэлбэл Х  банкнаас 2009 оны авсан зээлийн үлдэгдэл 590843.01 төгрөгийн, мөн 2011 оны авсан зээлийн үлдэгдэл 1069013.82 төгрөгийн нийт 1659856.83 төгрөгийн зээлийг төлөөгүй муу зээлийн үлдэгдэлтэй тул зээл олгох боломжгүй гэж татгалзсан. Бусад арилжааны банкнуудад хандахад мөн адилхан Зээлийн мэдээллийн сан-д Х  банканд төлөх зээлийн үлдэгдэл төлбөртэй тул зээл олгох боломжгүй гэсэн хариулт хэлээд байна. Миний бие Х  банкнаас 2009 онд 15 сая төгрөгийн зээл авч байснаас хойш огт зээл авч байгаагүй. Миний бие үүний учир шалтгааныг мэдэхийн тулд Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт очиж эрх бүхий албан тушаалтнаас лавлахад тэд мөн адилхан намайг Зээлийн мэдээллийн сан-д хугацаа хэтэрсэн зээлтэй байна гэсэн мэдээллийг гаргаж өгсөн. Ингэсээр миний бие аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж энэ талаар асууж лавлахад тэрбээр бусдад төлөх төлбөргүй тухай тодорхойлолт өгөв. Миний бие 2009 оноос хойш Х  банкнаас ямар ч зээл аваагүй байхад банк миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж Зээлийн мэдээллийн сан-д миний тухай үндэслэлгүй бусдад төлөх өр төлбөртэй мэтээр мэдээлэл оруулсанд гомдолтой байна. Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас ингэж мэдээлэл оруулахдаа урьдчилж надад мэдэгдээгүй, ямар нэгэн зөвшөөрөл аваагүй юм. Хариуцагчаас Зээлийн мэдээллийн сан-д өр төлбөртэй холбоотой мэдээлэл оруулах эрхтэй хэдий хуульд заасан 6 жилийн хугацаа өнгөрсөн байсныг анхаараагүй холбогдох хуулийг ноцтой зөрчсөн байна. Миний бие Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт очиж уг хууль бусаар оруулсан мэдээллийг хасаж залруулж өгөхийг хүссэн боловч тэрбээр үл ойшоож олигтой тайлбар өгөхгүй байна. Иймд зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч Шыбарайгыр овогт Зулкапилийн Б  /РД:БЮ79020911/-д холбогдох, Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 590843.01 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон онгоо:2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндэслэн зээлийн үлдэгдэл:590843.01 төгрөг, ангилал: хэвийн гэсэн мэдээллийг, түүнчлэн Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ:1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон онгоо: 2011-06-03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1191013.82 төгрөг, ангилал муу гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт үүрэг болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: “З.Б ын нэхэмжлэлтэй Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл хасуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Х  банкны Баян-Өлгийи аймаг дахь салбар 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд З.Б д холбогдуулан зээлийн төлбөрт 5828522 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тухай нэхэмжлэлийн шаардлагыг З.Б  хүлээн зөвшөөрч тус шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэгдсэн боловч өнөөдрийг хүртэл З.Б  зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна. МУ-ын иргэний хууль болон гэрээнд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч хэргийн талаар үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж, үл хөдлөх хөрөнгийг банк төлбөртөө тооцон авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон гэж, зээлийн мэдээллийн санд буруу таашаа мэдээлэл нийлүүлсэн гэх мэтээр ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг банкны зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00520 дугаар шийдвэрээр Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18,2-т заасныг баримтлан зээлийн мэдээллийн сангаас Зулкапилын Б д холбогдох регистрийн дугаар БЮ79020911, ... 7. Төрөл: зээл, валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 590843.01 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндсэн зээлийн үлдэгдэл: 590843.01 төгрөг, ангилал: хэвийн, олгосон байгууллага: Х  банк, ... 9. Төрөл: зээл, Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2011.06.03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1191013:82 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага Х  банк гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Х  банкны Баян-Өлгий салбарт үүрэг болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдлын агуулга: “Зээлдэгч З.Б  нь анх Х  Банкны Баян-Өлгий салбараас 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №1964 тоот Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б  нь зээлээ хугацаандаа төлөхгүй хугацаа хэтэрсний улмаас банк зээлдэгчээс зээл, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн хамт нийт 5,828,522 төгрөг нэхэмжилж Баян өлгий аймгийн анхан шатны шүүхэд хандсан. 2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн №1013 тоот шүүхийн шийдвэрээр банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан.

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Банк зээлдэгчийг Шийдвэр гүйцэтгэлд өгч шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн хүрээнд 2 удаа дуудлага худалдаа явуулахад хөрөнгийг худалдан авах сонирхох этгээд гарч ирээгүй учраас 2010 оны 04 дүгээр сарын 13- ны өдөр З.Б ын гүйцэтгэх хуудсыг банканд буцаасан. 2010 оны 04 дүгээр сарын 23- ны өдөр З.Б ын зээлийн барьцаанд буй үл хөдлөх хөрөнгийг хадам аав нь "4,200,000 төгрөгөөр худалдан авч зээл рүү төлсөн байна. Үүнээс өөрөөр зээлийн төлөлт хийгдээгүй тул үлдсэн зээл 1.069.013 төгрөг, хуримтлагдсан хүү 590.843 төгрөгийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байгаа. Шүүхийн шийдвэрт ... Зээлдэгч З.Б ын Х  банканд төлөх зээлийн үлдэгдэл нийт 1,659,856.83 төгрөгийг Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн заалтууд дах журмыг зөрчиж З.Б оос мөн хуулийн 6-р зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн талаарх зөвшөөрлийг авалгүйгээр мэдээлэл нийлүүлсэн байна хэмээн банкийг буруутгажээ.        

Гэтэл  Баян-Өлгий салбар болон зээлдэгч З.Б  нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан байхад Зээлийн мэдээллийн тухай хууль нь гэрээ байгуулагдсанаас хойш 4 жилийн дараа буюу 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн байна. Уг хууль батлагдахаас өмнө нь Мөнгөл банкны ерөнхийлөгчийн 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №131 тоот тушаалаар батлагдаж, 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн "Зээлийн мэдээллийн сангийн журам"-д энэ зээлдэгчээс зөвшөөрөл авах талаарх хуулийн болон журмын зохицуулалт байхгүй байсан болно. Эндээс үзэхэд анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1- т заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэж хариуцагчийн зүгээс үзэж энэхүү гомдлыг гаргав. Иймд Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00520 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зээлийн мэдээллийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.Б  нь хариуцагч буюу мэдээлэл нийлүүлэгч Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас өөрт холбогдох мэдээллийг хасуулахыг шаардаж, хариуцагч нэхэмжлэгчийн уг шаардлагыг эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь түүний гаргаж өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас олгосон 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тодорхойлолтод үндэслэгдсэн байх боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаар шүүгчийн захирамжаар З.Б  нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х  банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээс 5.828.522 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, үүнээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар 4.200.000 төгрөг төлөгдсөн нь гэрч А.Ахтуйгын, З.Үсен, Х.Хайрол нарын мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн, 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлүүд, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид 4.200.000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн тухай 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаартай акт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнээс дүгнэвэл, З.Б  нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бүрэн биелэгдээгүй, зарим хэсэг нь биелэгдсэн буюу төлбөр төлөгч төлбөрийн зарим хэсгийг төлсөн, харин тодорхой үндэслэлээр төлбөр төлөгч З.Б д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр авагчид буцааж /хх-70/ байсан нь баримтаар нотлогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн атлаа мэдээлэл нийлүүлэгч буюу хариуцагч банкны салбар нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2 дахь заалтад хуульчилсан шаардлагыг биелүүлээгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцээгүй бөгөөд Зээлийн мэдээллийн тухай хууль нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байна. Харин үүнээс өмнө зээлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлттэй холбоотой харилцааг Монголбанкны ерөнхийлөгчийн 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан “Зээлийн мэдээллийн сангийн журам”-аар зохицуулж байсан ба энэ журам 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдах хүртэл хэрэгжиж байжээ.

 

Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан, тухайн үед мөрдөгдөж байсан уг журмын 2.1.1 дэх заалтаар банк нь шинээр зээл олгох, баталгаа гаргах, эх үүсвэргүй аккредитив нээх, кредит карт болон зээлээр хийх төлбөр тооцооны төлбөр хийх хугацааг 3-аас дээш сараар хэтрэх бүрд мэдээллийг зээлийн мэдээллийн санд ирүүлэхээр тогтоосон, энэ тохиолдолд зээлдэгчээс зөвшөөрөл авахаар журамлаагүй бөгөөд нэхэмжлэгч З.Б  нь нэгэнт Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлөх өр төлбөртэй буюу төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй нь баримтаар тогтоогдсон тохиолдолд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2 дахь заалтыг түүнтэй холбогдох үйл баримтад буцаан хэрэглэх нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцээгүй, хууль бус байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иймээс нэхэмжлэгч З.Б  нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй, уг төлбөр бүрэн, эсхүл хэсэгчлэн төлөгдсөн талаар үйл баримт тогтоогдоогүй байхад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч буюу мэдээлэл нийлүүлэгч Х  банкны Баян-Өлгий салбарт мэдээллийг өөрчлөх, шинэчлүүлэхээр мэдээлэл нийлүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаар, 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой баримт бичгийг тодорхой үндэслэлээр төлбөр авагчид нь буцаасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр олгосон 93 дугаартай, З.Б  нь шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар “Зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл хасуулах тухай” уг маргаанд хамааралтай талаас үнэлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн  хураамжийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00520 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б ын хариуцагч Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан гаргасан “регистрийн дугаар БЮ79020911, 7. Төрөл: зээл, валютын нэр: МNТ, анх олгосон зээлийн хэмжээ: 590.843.01 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндсэн зээлийн үлдэгдэл: 590.843.01 төгрөг, ангилал: хэвийн, олгосон байгууллага: Х  банк, 9. Төрөл: зээл, валютын нэр: МNТ, анх олгосон зээлийн хэмжээ: 1.191.013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2011.06.03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1.069.013.82 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага Х  банк гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагчид үүрэг болгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б ын нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, Х  банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

                                                                                                            С.ӨМИРБЕК