| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00319/И |
| Дугаар | 311/ШШ2025/00365 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 311/ШШ2025/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,............ тоот хаягт оршин суух, Д.*******ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.******* нь 1969 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн. 1974-1982 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургууль төгссөн. 1983-1986 онд цэргийн алба хаасан. 1986-1989 онд Цагаанхайрхан сумын Социолизмын төлөө нэгдлийн Онц бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн сантарчинаар ажиллаж байгаад, 1990-1993 онд аймгийн Хөгжимт жүжгийн театрт жүжигчнээр ажилласан. Тухайн үед би ******* гээд аваараа овоглож явж байгаад иргэний үнэмлэх авахдаа ******* гээд ээжрээ овоглож авсан байна. Иймд овгийн зөрүү үүссэн учраас өөрийн ажилласан жилийг тогтоолгох хүсэлтэй байна шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1986 оны 9 дүгээр сарынм 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Онц бригадын эмилчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар,
-1990 шоны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр тус тус ажиллаж байсан болох нь түүний 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 307890 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай Малын санитарч томилох тухай тушаал, мөн нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1990 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай Дагалдан жүжигчнээр цалинжуулах тухай тушаал, мөн Хөгжимт жүжгийн театрын 1990, 1991, 1992, 1993 онуудын цалингийн жагсаалтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин Д.******* нь дээрх хугацаанд ажиллаж байхдаа 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 307890 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай Малын санитарч томилох тухай тушаал, мөн нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1990 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай Дагалдан жүжигчнээр цалинжуулах тухай тушаал, мөн Хөгжимт жүжгийн театрын 1990, 1991, 1992, 1993 онуудын цалингийн жагсаалтуудад бичилт хийлгэхдээ *******ийн ******* гэж ааваараа овоглож бичүүлж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч тэрээр ээж буюу *******ын ******* гэж иргэний үнэмлэхээ авч, *******-аар овоглож байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн төрөгсдийг бүртгэх анкет, нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, ХААТР-21/А/ маягт, хаягийн хуудас №7, Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 1989, 2000 оны хүн амын тооллогын баримтууд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ.
Мөн түүнчлэн Д.******* айлын том хүүхэд байх бөгөөд дүү нар болох ......... зэрэг төрөл садангийн лавлагааг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэстэй.
Түүнчлэн нэхмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Т.*******ээгийн өгсөн мэдүүлгийн: ...Д.******* 1990 оны үеэс шиг санагдаж байна Завхан аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байсныг санаж байна. Итгэл жүжигэнд тоглож байсан. Мөн олон жүжгэнд манай нөхөртэй ч хамт тоглодог байсан. Мөн манай нөхөртэй Улаанбаатар хотын хөгжимт драмын чуулга уулзалтанд хүртэл явж байсан. ...2001 он хүртэл ажилласан шиг санагдаж байна. ...тэр үеийн дарга ******* гэж байсан. ... гэх хэсэг,
гэрч Ю.*******ийн өгсөн мэдүүлгийн: ...Би 1984 онд Завхан аймгийн Хөгжимт драмын театрт тайзны эрхлэгчээр анх ажилд орж ажилласан юмаа. Тэгэхэд Д.******* 1989 оны хавар байна уу, намар байна уу лав л 1989 онд драмын жүжигчин шалгаруулж байхад орж байсан. Тэгээд 1990-1994 он хүртэл ажилласан. ... тэр үеийн театрын дарга ******* байсан. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ............ыг 1986 оны 9 дүгээр сарынм 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Онц бригадын эмилчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар,
-1990 шоны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ