Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 311/ШШ2025/00345

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ....... багт оршин суух, Ж.*******ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* нь 1966 онд төрсөн 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатад ажиллаж байсан, мөн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд миний ажилд орсон болон гарсан. Зарим тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие тус шүүхэд ажилласан жил тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний бие 2025 оны 7-р сарын 25-ны өдөр шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар эрх олгосон ямар нэгэн баримт бичиг нь /иргэний үнэмлэх/-д бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 01-нийг хүртэл Ой модны аж үйлдэврийн яамны харьяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатад хутга хөрөө ирлэгчээр,

-1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-н хүртэл Ой модны аж үйлдэврийн яамны харьяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатад суурь машины засварчнаар,

-1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 092079 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Ой модны аж үйлдэврийн яамны харьяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатын захиргааны 1985 оны 8 дугаар сарын 19-ний өдийн 235 дугаартай Ажилд авах тухай тушаал, түүний хавсралт зэрэг бичгий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Г.*******агийн өгсөн мэдүүлгийн: ...******* бид нар 1984 онд 10-р анги төгсөөд ******* Орос руу ТМС-д суралцаад 1 жил болж төгсч ирээд Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрт хувиарлагдаад очиж ажилласан юмаа. Тэгээд 1987 онд Завхан аймагт ирчихсан байж байгаад цэрэгт явчихсан. 1989 оны 10 сард ******* цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсан. Тэгээд манай нэгдэл 1991 онд байна уу тарсан. миний мэдэхийн нэгдэл тартал ******* тус нэгдлийн үйлдвэр бригадад ажилладаг байсан. ... гэх мэдүүлэг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж байх тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Ж.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ..........г 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 01-нийг хүртэл Ой модны аж үйлдэврийн яамны харьяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатад хутга хөрөө ирлэгчээр,

-1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-н хүртэл Ой модны аж үйлдэврийн яамны харьяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатад суурь машины засварчнаар,

-1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ