Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 311/ШШ2025/00344

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын .......... тоотод оршин суух, Д.*******ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь 1965 онд төрсөн. Улиастай суманд оршин суудаг. 1981 оны 01 р сарын 20-ны өдрөөс 1984 оны 06-р сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдлийн Чандмань бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд 1984 оны 06-р сарын 06-ны өдөр татагдаж, 1987 оны 06-р сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Мөн би 1984 оны 06-р сарын 06-ны өдөр цэрэгт татагдаж, 1987 оны 06-р сарын 22-ны өдөр хүртэл дотоодын цэргийн 05-р ангид цэргийн алба хааж байсан боловч цэргийн батлахаа гээгдүүлсэн бөгөөд цэргийн алба хаасан лавлагаа авахад овгийг ...... гэсэн зөрчилтэй бичигдсэн байна.

 Иймд намайг 1981 оны 01-р сарын 20-ны өдрөөс 1984 оны 06-р сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдлийн Чандмань бригадад малчнаар, 1989 оны 08-р сарын 14-ний өдрөөс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт инддүүчнээр ажиллаж байсан болохыг тогтоож, мөн намайг 1984 оны 06-р сарын 06-ны өдрөөс 1987 оны 06-р сарын 22-ны өдөр хүртэл дотоодын цэргийн 05-р ангид цэргийн алба хааж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь улсад ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардалга гаргажээ.

Тэрээр 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдлийн Чандмана бригадад малчнаар,

-1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт индүүчнээр ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/685 тоот лавлагаа, 1981, 1982, 1983 онуудын Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдлийн Чандамана бригадын хөдөлмөрийн хөлсний 70-р дансны баримтууд, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, түр чөлөө олгох, түр чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь НАХЯ-ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар Завхан аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж, 05-р ангид алба хаахдаа ........ нэрээр бүртгүүлж цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 08/1427 тоот лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.

Харин уг лавлагаанд түүний эцгийн нэрийг ...... гэж ташаарч бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 08/1427 тоот лавлагаагаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн эцгийг ....... гэж дуудагдаж, бичигддэг болох нь Архивын ерөнхий газар үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын баримт, мөн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн ХААТР-1/А/, ХААТР-21/А маягтууд болон хаягийн хуудас №7 баримтуудаар нотлогдож байна.

Иймд түүнийг дээрх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........ 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Саруул зам нэгдлийн Чандмана бригадад малчнаар,

-1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт индүүчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан ........... 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл дотоодын цэргийн 05-р ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ