Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00054

 

     Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч О.Г ,

Шүүгдэгч Ү.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Х холбогдох эрүүгийн 1815000690053 дугаартай, 163/2018/0053/Э индэкстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт оршин суух, ял шийтгэлгүй, Ц овогт Ү.Х

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ү.Х нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч О.Г г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Х өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Г гийн өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгний орой намайг нөхөр Х  зодсон юм. Тэр өдөр бид хэд ээжийндээ очиж хажуу талынхаа айлын хүмүүстэй цуг явж ирсэн. Хоёр айлаар орж золгуул хийчихээд гэртээ ирсэн. Би Х ыг согтуу байхаар нь унтуулах гэсэн унтаагүй, би гэртэй ороод манай нөхөр намайг нааш ир гэж хэлж би очсон чинь миний толгой руу 3 удаа гараараа цохисон. Х ыг цохисны дараагаар манай хажуу талын Сэр-Од гэдэг хүн охинтойгоо орж ирээд намайг салгаж авч, би Сэр-Одынд тэр орой нь хоносон. Эмчилгээний зардалд эм тарианы мөнгө 300,000 төгрөг гарсан, эмчилгээний зардлын талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа юм. Би эм тарианы мөнгө болох 300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй, тэхдээ би нөхөр Ү.Х эвлэрээгүй байгаа мөн эвлэрэхгүй гэжээ.

1815000690053 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч О.Г гийн өгсөн: ...Би өөрөө 2 хүүхэдтэйгээ Булган сумын төвд сургууль цэцэрлэгт нь явуулах гээд энд амьдарч нөхөр маань хөдөө мал дээр ганцаараа байгаа. Тэгээд хүүхдүүд маань сургууль амрахаар нь хүүхдүүдээ аваад хөдөө гэртээ 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр харьсан. Тэгээд цагаан сар болоод битүүний орой манай нөхөр архи уучихаар нь би гэртээ орсон ба намайг нааш ир нааш ир гэж дуудаад байхаар нь очиж хажууд нь суусан чинь намайг ямар нэгэн үг хэлэлгүйгээр гараараа миний толгой баруун нүдрүү 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би муухай хашгирсан чинь манай хажуугийн хөршийн эхнэр Сэр-Од охины хамт орж ирж намайг салгаж авсан. Үүний улмаас баруун нүд хөхөрч хавдсан. Одоо толгой өвдөөд байгаа. Одоо бол миний нүдний хөхрөлт жаахан буураад байна. Яг намайг зодох үед бол гэрт маань нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй, 2 хүүхэд маань хөршийн гэрт зурагт үзэж сууж байсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Намайг урд нь зоддог байсан ба би тухайн үед нь ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй юм гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,

Гэрч Ж.Э өгсөн: ...2-3 удаа эхнэрээ зодсон талаар Хутаг-Өндөр сум руу дуудлага өгч байсан санагдаж байна. Архи уугаад ирэхээрээ л гэр орондоо агсам тавьдаг гэсэн Хишигээгийн л буруу байх. Сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,

Гэрч П.Н өгсөн: манайх 2012-2015 оны хооронд 3 жил зун хамт зусаж, намаржиж байсан. Манайхтай цуг байхдаа эхнэрээ барьж авч зодож цохиж байсан удаа бол байхгүй. Нөхөр нь бол архи уудаг. Гэр орондоо архи уусан үедээ бол агсам тавьж зодож цохисон байсан удаа байхгүй. Архи уугаад ирэхээр нь эхнэр нь их айдаг л юм билээ. Тугалын зэл, хашаа, хээр хоноод гэж ирдэг гэх мэдүүлэг /хх-13-14 тал/

Гэрч Ж.Д өгсөн: ...Цаг хугацааг нь сайн санахгүй байна. Эхнэр нь нөхөр агсам тавиад гэж манайд шөнө 2 удаа ирж хонож байсан. Юунаас болоод ягаад цохиж зоддог талаар нь би нарийн ширийн мэдэхгүй. Ямар ч байсан агсам тавьж эхнэр хүүхдүүдээ амар тайван байлгадаггүй хүн шиг байгаа юм гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,

Гэрч Д.Г өгсөн: ...Уухаараа жаахан дуу муутай болчихсон байдаг. Хамт 1 дор амьдрах биш хэрэлдэж маргалдах шалтгааныг нь мэдэхгүй.яг нүдэн дээр цохиж зодож байхыг бол хараагүй гэх мэдүүлэг /хх 18-19 тал/,   

Гэрч А.С өгсөн: ...шинийн нэгний буюу 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой байсан эхнэр нь орилохоор нь гэрт нь орж салгаж авсан ба нөхөр нь эхнэрээ барьчихсан л зогсож байсан ба салган аваад гэртээ оруулж хонуулсан. Маргааш нь аавындаа ирж золгоод шинийн 3-нд харихад эхнэрийнх нь нүд нь хөхөрч хавдчихсан байсан гэх мэдүүлэг /хх-25-26 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай

1. О.Г гийн биед баруун хацар, чамархай, баруун дээд, доод зовхи, зүүн чамархай, эрүү, зүүн чих, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 28 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 тал/, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Засаг даргын тодорхойлолт /хх 35-36 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Ү.Х нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт нутаг дэвгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч О.Г г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч О.Г , гэрч А.С, Ж.Э, П.Н, Ж.Д, Д.Г нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.    

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.   

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ү.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Ү.Х ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Ү.Х гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Г  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэм хорын болон бусад хохиролд 300000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ү.Х ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ү.Х нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ц овогт Ү. Х ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ү.Х ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Х нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 300000 /гурван зуун мянган/  төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж,  торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 сарын хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ү.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ү.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч О.Г  эрүүл мэндийн хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ