| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2025/0012/3 |
| Дугаар | 127/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 127/ШШ2025/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2025/0012/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б,
Хариуцагч: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар нарын хоорондын “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1 О.Бг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд түр томилогдсон[1].
2.2 Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар О.Бг Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилсон дээрх тушаалыг хүчингүй болгосон[2].
2.3 Нэхэмжлэгч О.Б нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж, ажилгүйдлийн тэтгэмж авахаар Хэнтий аймгийн нийгмийн даатгалын газарт 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан байна[3].
2.4 Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/251 дугаартай албан бичгээр "... ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй” гэсэн хариуг О.Бд өгчээ[4].
2.5 Нэхэмжлэгч О.Б нь дээрх хариуг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдол гаргахад, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/1919 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/251 дугаартай албан бичиг хууль зүйн үндэслэлтэй...” гэх хариуг өгсөн[5] байна.
2.6 Нэхэмжлэгч О.Б нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШЗ2025/0089 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2012 оноос их эмчээр, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35-р тушаалаар ажлаас халагдсан. Ийнхүү Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 13 жил ажилласан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг бүрэн хангасан учир ажилгүйдлийн тэтгэмж авахаар Хэнтий аймгийн нийгмийн даатгалын газарт зохих журмын дагуу өргөдөл гаргасан. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 07-р сарын 01-ний өдрийн 01/251 дугаартай албан бичгээр "ажлаас чөлөөлсөн гэх нэртэй, утга бүхий тушаал гараагүй учраас ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэх хариуг өгсөн. Үүнийг би эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу ... Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08-р сарын 20-ны өдрийн 03/1919 дугаартай албан бичгээр "Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хүргүүлсэн хариу хууль ёсны байна" гэсэн агуулга бүхий хариу өгсөн. Миний бие Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 5-р сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай шийдвэрээр ажилгүй болсон бөгөөд тус тушаалыг 3 дахь хэсэгт зааснаар нэр бүхий ажилчид миний ажлыг хүлээлцэж улмаар мөн тушаалын 2 дахь хэсгээр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг тус эмнэлгийн чанарын албаны дарга А.Ад хавсран гүйцэтгүүлэхээр болсон. Үүнээс хойш би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажил үүргийг хийх боломжгүй болсон бөгөөд цалин хөлс зогсож нийгмийн даатгал маань тасалдсан... Ажил олгогчийн гаргах тушаалын эрх зүйн үндэслэлийг миний бие зааж зааварлах эрхгүй бөгөөд ... би ажлаа хүлээлцэж миний ажлыг өөр этгээд гүйцэтгэж байгаагаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Иймд ... Хэнтий аймгийн нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулж ажилгүйдлийн тэтгэмж олгуулахыг тус байгууллагад даалгуулж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний хувьд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2012 оны 7 дугаар сараас эхлээд 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тасралтгүй нийт 13 дахь жилдээ ажилласан. Ажиллах хугацаандаа 2012 оноос эхлээд яаралтай тусламжийн их эмчээс эхлүүлээд арьс судлалын их эмч, мөн 2023 оноос эхлээд Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын ажлаас чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэн өгсөн. 13 жил нийгмийн даатгалыг тасралтгүй төлсөн иргэн хүний хувьд ажилгүй байх хугацааныхаа эрсдэлийг хуваалцах зорилготой, ажилгүйдлийн тэтгэмжээ авах хүсэлтийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт өгсөн. Харамсалтай нь Нийгмийн даатгалын газраас таны тушаалын хувьд “тушаал хүчингүй болгох” гэсэн товч утгатай учраас ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй буюу тухайн тушаалын гарчиг буруу байна гэсэн. Манайхаас “ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг гарчигтай тушаалд ажилгүйдлийн тэтгэмж олгодог гэсэн хариуг албан ёсоор өгсөн. 2025 оны 6 сард өөрийн гараар өргөдлөө бичээд Нийгмийн даатгалын газарт очоод анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа болохоор зөвлөн туслах үйлчилгээ авах гээд өргөдлөө бичиж тушаалтайгаа хамт аваад очиход байцаагч энэ тушаалын агуулгыг харахад ийм агуулгатай байгаа учраас ажилгүйдлийн тэтгэмж олгох үгүйг мэдэхгүй байна. Тийм учраас өргөдлийг чинь хариуг бид нар дотооддоо хэлэлцэж ярилцаж байж хариуг нь өгнө гэж хэлсэн. Хариу өгөхдөө ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Үүний дагуу би дээд шатны байгууллага буюу Нийгмийн даатгалын ерөнхий газарт энэ хүсэлтээ гаргаж адилхан хариу авсан учраас Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Миний хувьд 13 жил тасралтгүй нийгмийн даатгал төлж байсан ажилтан, иргэн хүний хувьд ажилгүйдлийн тэтгэмжээ авах хүсэлтэй байна” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд ... тасралтгүй 13 жил нийгмийн даатгал төлсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9.1-т зааснаар миний үйлчлүүлэгч 24 сар нийгмийн даатгал төлсөн, түүний 9 сар нь тасралтгүй төлсөн бол энэ удаагийн ажилгүйдлийн тэтгэмжийг авах эрхтэй. Хэрэгт байгаа баримтаас харахад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр маргаан байдаггүй, акт тавьсан зүйл байхгүй. Даатгал гэдэг нь эрсдэл гарсан тохиолдолд даатгалын байгууллагаас шимтгэл төлсөн хэмжээгээрээ эрсдэлээ арилгах ийм л зорилготой. Миний үйлчлүүлэгчийн хувьд эрсдэл учирсан, ажилгүй болсон, зээлээ төлж чадахаа больсон. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн зээл авахад ч хүнд болсон.
Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ёстой гэтэл Б-гийн өмнө Нийгмийн даатгалын байгууллага шууд танд өгөх боломжгүй гээд хаалгаа хаачихсан. Нийгмийн даатгал боломжгүй гэсэн учраас халамж дээр очих боломжгүй болчхож байгаа юм. Тэр бичигтэй бичиггүй Нийгмийн даатгалын байгууллага та халагдаагүй юм байна гэдэг агуулгаар миний үйлчлүүлэгчид хаалт тавьчихсан. Тухайн тушаалыг харахаар нэр яаж ч бичигдэхийг үгүйсгэхгүй, гэхдээ тушаалын агуулгыг нь харахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.4-т тус тус заасны дагуу О.Бгийн ажлыг нь А гэдэг хүнд хүлээлцүүлсэн байдаг.
Миний үйлчлүүлэгч өргөдөл өгсөн, өргөдлийн дагуу Нийгмийн даатгалын байгууллагаас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.1-т зааснаар өргөдөлтэй холбоотой ажил олгогчоос нь ажил хүлээлцсэн баримт, тэмдэглэл зэрэг баримт тодруулга авах боломжтой байсан. Гэтэл шүүх энэ талаарх баримтыг Нэгдсэн эмнэлгээс хэрэгт авсан байна. Энэ баримтыг танай байгууллага тухайн үед авах ёстой байсан, огт гаргуулж аваагүй. Зөвхөн тэр тушаалын гарчгаар л энэ хүний тэтгэмж авах эрхийг нь хязгаарласан.
Хэрэв Б- үнэхээр ажлаасаа халагдаагүй байсан бол Иргэний шүүх дээр ажлаас үндэслэлгүй халагдсан гээд маргаад явахгүй. Хоёрт энэ хүний нийгмийн даатгалын шимтгэл 5 сараас хойш огт төлөгдөөгүй. Ийм үйл баримтыг нь хараач ээ. Үг үсгээр нь харахаар энэ хүний эрх зөрчигдөөд байна. Энэ болзлоо хангасан хүн 28 хоногийн дотор Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дээр 28 хоногийн хугацаанд материалаа өгөх ёстой. Шаардлагатай бол хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор өгнө гэж байгаа юм. Халамжаас авах баримтыг хэзээ л бол хэзээ авах боломжтой байсан. Энэ нотлох баримт хэрэгт ач холбогдолгүй. Ийм нөхцөл байдал үйл баримтууд хэргийн материалд байдаг. Эцэст нь хэлэхэд Нийгмийн даатгалын байгуулга албан бичгээр л миний үйлчлүүлэгчид ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзаад байдаг. Энэ татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа юм” гэв.
6. Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:[6] “...О.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд 2025 оны 06 дугаар сард Нийгмийн даатгалын газарт ирүүлсэн өргөдөлд 01/251 тоот албан бичгээр хариу өгсөн болно” гэжээ.
|
|
7. Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Иргэн Б-гийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын байгууллагад, ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргахдаа 2025 оны 5 сарын бүтэн цалингаа авсан учраас 2025 оны 6 сараас эхлэн ажилгүйдлийн тэтгэмж тооцож олгож өгнө үү гэсэн өргөдлийг тушаалын хамт өгсөн. Үүнийг тэтгэмжийн байцаагч дангаараа шийдэхгүй. Хяналтын байцаагч, Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга, газрын даргатайгаа ярилцаж байгаад шийддэг. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалыг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар хүчингүй болгосон байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9.1-т ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар түүнээс сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөрийн байгууллагад ажил хайгчаар бүртгүүлсэн, тэтгэврийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж хуульчилсан. Мөн Засгийн газрын журамд тэтгэмж авахад ямар баримт бүрдүүлэх талаар бий. ...Гэтэл Б-гийн тухайд энэ нөхцөлийг хангаагүй байна. Учир нь 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тушаалаар 2023 оны ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тул энэ хугацаанд шимтгэл төлсөн болон ажилласан хугацаа нь хүчингүй болох эрсдэл үүсээд байгаа юм. Иймээс энэ тушаалаар тэтгэмж тогтоох боломжгүй байна гэсэн хариу өгсөн. 2023-2025 онд ажилласан хугацаа нь хүчингүй боллоо гэж үзэх юм бол шимтгэл нь тасрах эрсдэл рүү орсон байна гэж үзэж байна. Мөн Б- үнэхээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа бол Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэсэн хуулийн заалт байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Бг томилсон байна[7]. Улмаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг гаргаж, О.Бг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилсон тушаалыг хүчингүй болгожээ[8].
2. Нэхэмжлэгч О.Б нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан нөхцөлийг бүрэн хангасан гэж үзэж, ажилгүйдлийн тэтгэмж авахаар Хэнтий аймгийн нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргахад[9], Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/251 дугаартай албан бичгээр "... ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй” гэсэн татгалзсан хариуг өгсөн байна[10].
3. Нэхэмжлэгч О.Б нь “...би 13 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажлаас чөлөөлөгдөөд ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандахад Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар нь ажлаас чөлөөлсөн тушаал биш, ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон байна гэсэн агуулгаар ажилгүйдлийн тэтгэмж өгөхөөс татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “...хэдний өдрөөр тасалбар болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь тодорхой бус, ажилд томилсон 2023 оны Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа хүчингүй болох эрсдэл үүсэх тул ажилгүйдлийн тэтгэмж тогтоох боломжгүй, энэ тушаал нь О.Бг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр биш, ажлаас чөлөөлөгдсөн бол Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлэх ёстой байсан...” гэж тус тус маргаж байна.
4. Шүүх “Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэлийн хувьд шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан эсэх, нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгахад эрх зүйн болон бодит нөхцөл байдал нь бүрдсэн эсэхэд тус тус дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх юм.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.” гэж ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн суурь буюу үндсэн урьдчилсан нөхцөлүүдийг заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхийн тулд 1) Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх, 2) үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн байх, 3) хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй байх, 4) ажил идэвхтэй хайж байх, 5) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй байх гэсэн 5 урьдчилсан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байхыг шаардаж байна.
6. Нэхэмжлэгч О.Б нь дээр дурдсан урьдчилсан нөхцөлүүдээс 1) ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх, 5) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй байх гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа[11], иргэний үнэмлэхний хуулбараар[12] тогтоогдож байна. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
7. Харин хуулийн дээрх зохицуулалтын “2)ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн байх” гэсэн энэхүү нөхцөлийн хувьд даатгуулагч нь ажилгүй болсон байх, ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болохоос өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн байхыг тус тус шаардсан байна.
Нэхэмжлэгч О.Б нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилгүй болж, ажилгүй болохоос өмнө сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
а/ Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т ”Ажил олгогч ажилтны ажлын байрыг ... хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна” гэж заасан.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар О.Бг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд түр томилсон тушаалыг хүчингүй болгосон агуулгатай ч уг тушаалаар О.Б нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон байна. Энэ нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Дашнамжилмаагийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 645 дугаартай албан бичиг болон ажил хүлээлцсэн акт, О.Бгийн 2025 оны 5 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн талаарх лавлагаа зэргээр тогтоогдож байна.
б/ Нэхэмжлэгч О.Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд ажиллаж байсан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа хүчингүй болоогүй, төлсөн шимтгэлийг буцаасан гэх үйл баримт байхгүй.
Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын “О.Бг ажилд томилсон 2023 оны Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгосон 2025 оны Б/35 тоот энэ тушаал нь О.Бг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр биш,...” гэх утга агуулгаар ажилгүйдлийн тэтгэмж өгөхөөс татгалзсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Бгийн хөдөлмөрийн харилцаа хууль зүйн хувьд дуусгавар болсон, бодитоор ажилгүй болсон байхад “ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тушаал байх тул чөлөөлсөн тушаал биш” гэх үндэслэлээр ажилгүйдлийн даатгалын тэтгэмж олгохоос татгалзсаныг хууль ёсны гэж үзэхгүй.
8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдээс “3) хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй байх, 4) ажил идэвхтэй хайж байх” гэсэн нөхцөлийг нэхэмжлэгч О.Б хангаагүй байна.
Засгийн газрын 2023 оны 438 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгох журам”-ын 2.5-д “Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авахад дараах баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ”, 2.5.1-д “Даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр, шийдвэрт хамаарах хугацаа нь дуусгавар болж буй ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон эдгээртэй адилтгах бусад гэрээний хамт”, 2.5.2-т “Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт” гэж тус тус заасан.
Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “О.Б нь тус газрын хөдөлмөрийн зах зээлийн Ejob цахим системд ажил хайгчаар бүртгүүлээгүй” гэх 1064 тоот албан бичиг[13], нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...нийгмийн даатгалын байгууллагад тушаал, хүсэлтийн хамт өгсөн, хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлэхийг мэдээгүй, ажилгүйдлийн тэтгэмж өгөхгүй гэсэн учраас тэр талаар бүртгүүлж яваагүй” гэх мэдүүлгээр[14] нэхэмжлэгч О.Б нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад ажил хайгчаар бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.
9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан 1) Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх, 2) үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн байх, 3) хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй байх, 4) ажил идэвхтэй хайж байх, 5) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй байх гэсэн шаардах эрхийн урьдчилсан нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангасан даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх юм.
Даатгуулагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан нөхцөлүүдийг хангасан гэж үзэж байгаа бол уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан хугацаанд, Засгийн газрын 2023 оны 438 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгох журам”-ын 2.5, 2.5.1, 2.5.2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлж, өргөдлөө гаргах нь даатгуулагчийн үүрэг юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Хөдөлмөр халамжаас авах бичгийг хэзээ бол хэзээ авах боломжтой, энэ баримт байсан байгаагүй хэрэгт ач холбогдолгүй, хөдөлмөр халамжаас бичиг аваагүй гэх талаар Нийгмийн даатгалын байгууллага маргаагүй...” гэх тайлбарыг[15] шүүх хүлээн авах боломжгүй. Даалгах нэхэмжлэлийн тухайд шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрэн бодитой хангагдаагүй нөхцөлд захиргааны байгууллагын сонгох боломжийг шалгах шаардлагагүйн дээр захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаагүй учир захиргааны актыг түдгэлзүүлж холбогдох баримтыг бүрдүүлж дахин захиргааны акт гаргах хүртэл түдгэлзүүлэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авахад бүрдүүлэх хууль, журамд заасан “Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад ажил хайгчаар бүртгүүлсэн тухай” баримт бичгийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт бүрэн гаргаж өгөөгүй байх тул хариуцагчид ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгохыг даалгах шаардлагыг хангах хангалттай үндэслэл бүрдээгүй байна гэж шүүх үзлээ.
Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрэн бодитой хангагдаагүй учир нэхэмжлэлээр шаардаж байгаа “ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах” эрх зүйн үндэслэлгүй байна.
10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Бгийн шүүхэд гаргасан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын “Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Нийгмийн даатгалын газарт ажилгүйдлийн тэтгэмж олгуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 438 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгох журам”-ын 2.5, 2.5.1, 2.5.2-т заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч О.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[1] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 41, 42 дугаар хуудас,
[12] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас,
[13] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас,
[14] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас,
[15] Хавтаст хэргийн 58, 61 дүгээр хуудас,