Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2021/00060 

 

Х.Д ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00591 дүгээр шийдвэртэй, Х.Д ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчид Х.Б, К.Н , С.А , А.М , Т.Е , Ш.Ж нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.К , хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговорт 23.962.884 төгрөг, хохиролд 708.726 төгрөг, нийт 24.671.610 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2020/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 482 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 434 дугаар тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 17.994.117 төгрөгийг Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн.

Миний бие 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд хандаж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдэд холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 21787440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 23.962.884 төгрөг гаргуулах тухай гэж ихэсгэж тордуулсан билээ.

Миний бие ажлаас халагдахаас өмнө Төрийн банкнаас 26.800.000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан ба зээлээ зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу цалингийн орлогоосоо буцаан төлдөг байсан. Гэтэл хариуцагч намайг хууль бусаар ажлаасаа халснаас болж ямар ч орлогогүй болж цалингийн зээлээ хуваарийн дагуу төлж чадаагүй. Үүнээс болж банк надад 58126 төгрөгийн торгууль буюу нэмэгдүүлсэн хүү тооцсон байна. Энэхүү 58126 төгрөг нь миний хувьд хохирол болж байна. Учир нь хариуцагч намайг хууль бусаар ажлаасаа халаагүй байсан бол цалингийн орлогоосоо зээлээ хугацаандаа төлөөд явна, ингэснээр нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх байсан. Түүнчлэн, манай гэр аймгийн төвлөрсөн халаалтаас дулааны эрчим хүч худалдан авдаг юм. Хариуцагч намайг хууль бусаар ажлаасаа халснаас болоод ямар ч орлогогүй болсноос болж дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй. Ингэснээр ЭрчимБаян-Өлгий ХК-аас надад холбогдуулан сүүлийн 8 сарын дулааны эрчим хүчний төлбөр болгож 1.301.200 төгрөг, алданги 650600 төгрөг, нийт 1.951.800 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/0823 дугаар шийдвэрээр 1.951.800 төгрөгийг надаас гаргуулж ЭрчимБаян-Өлгий ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Хэрэв хариуцагч намайг хууль бусаар ажлаас халаагүй байсан бол цалингийн орлогоосоо уг дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг хугацаандаа төлөөд явах байсан ба торгууль 650600 төгрөгийг төлөх ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл энэхүү 650600 төгрөг нь миний хувьд хохирол болж байна. Тийм учраас 708726 /58126+650600/ төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,101 дүгээр зүйлийн 101.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 23.962.884 төгрөг, гэм хорын хохиролд 708726 төгрөг, нийт 24.671.610 төгрөг гаргуулах гэж ихэсгэн тодруулж байна” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: “Нэхэмжлэгч Х.Д  нь Өлгий сумын ИТХ, ИТХ-ын тэргүүлэгчдэд холбогдуулан ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговорт 23.962.884 төгрөг, гэм хорын хохиролд 708726 төгрөг, нийт 24.671.610 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч Х.Д  нь Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн өөр ажилд шилжин ажиллаж, улмаар ажлаас чөлөөлөгдсөн боловч, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2020/0028 дугаар шийдвэрээр урьд ажиллаж байсан Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдож, 2017 оны 02 дугаар сарын 01-ээс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний хүртэлх ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговорт 17.994.117 төгрөгийг шүүхийн шийдвэр ёсоор шийдвэрлүүлэн авсан байна.

Нэхэмжлэгч Х.Д  нь шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-нд ажилд эгүүлэн томилогдох хүртэл нийт 11 сарын хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт нэхэмжилж байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 29-ээс 2021 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэлх 11 сард ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах ёстой боловч тухайн хугацаанд нэхэмжлэлийн шаардлага болох 23.962.884 төгрөгийн олговорт авах боломжгүй бөгөөд, дундаж цалин хөлсийг буруу тооцоолсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор олгоно гэж заасан байдаг. Мөн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7(а) заалтад буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохдоо холбогдуулан дундаж цалин хөлс тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр олгоно гэж заасан байдаг. Тэгвэл нэхэмжлэгч Х.Д  нь Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн халагдах буюу шилжүүлэгдэхийн өмнөх 3 сар 2016 оны 11-р сар, 12-р сар, 2017 оны 01-р саруудад тогтмол 1.100.794 төгрөгийн цалин хөлс авч байсан учир дундаж цалин хөлсийг 1.100.794 төгрөгөөр тогтоож 2020 оны 4 дүгээр сарын 29-ээс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний хүртэлх 11 сарын хугацааны олговорт 12.108.734 (1.100.794х11 сар) төгрөг авах ёстой гэсэн тооцоо гарч байна. Иймд нэхэмжлэлийн илүү нэхэмжилсэн хэсгийг хүчингүй болгохыг хүсье.

2. Нэхэмжлэгч Х.Д  нь 2021 оны 5 дугар сарын 01-ээс 2021 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэлх 11 сарын цалин хөлсний олговорт сар бүр 2.178.44 төгрөг нэхэмжилж, бүгд 23.962.884 төгрөг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7(а) заалтад нийцэхгүй байна.

3.Нэхэмжлэгч Х.Д ы нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд Нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн хувь хэмжээ, Хөрөнгө орлогын албан татвар бүгд шингээж байгаа учраас хариуцагч Өлгий сумын ИТХ, ИТХ-ын тэргүүлэгчид нь тухайн хугацааны НДШ, ХОАТ давхар төлөх боломжгүй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг шүүхээс хүсэж байна.

4.Гэм хорын хохирол болгон нэхэмжилсэн Төрийн банкнаас ноогдуулсан зээлийн гэрээний торгууль 58126 төгрөг, ЭрчимБаян-Өлгий ХК-ны гэрээний үүргээ зөрчсөний улмаас ноогдуулсан алданги 650600 төгрөг бүгд 708726 төгрөг нэхэмжилснийг бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь Х.Д  нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас хоёр талын гэрээнд заасан хариуцлагыг гэрээний талууд өөрсдөө тодорхойлох тул ажил олгогч буюу Өлгий сумын ИТХ-д ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Уг хохирол бол хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан шууд хохирол биш гэж үзэж байна” гэжээ.

 

Хамтран хариуцагч нарын тайлбарт: “Нэхэмжлэгч Х.Д ы нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Өлгий сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар шийдвэр гаргаж, Х.Д ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авч ажиллуулж байгаа ба ажилд томилогдсон нөхцөлд цалин хөлс нэхэхгүй байхаар тохиролцсон байсан. Урьд нь шүүхийн шийдвэрээр гаргаж өгсөн цалин хөлсийг нь төлж байгаа болно. Түүнээс гадна Х.Д  нь зарим төрлийн нэмэгдлийг хууль бус нэмж нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00591 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс ажилгүй байсан хугацааны олговорт 14.123.637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Д д олгож, илүү нэхэмжилсэн 10.547.973 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00591 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2020/0028 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,  101 дүгээр зүйлийн 101.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжпэгч миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 17,994,117 төгрөгийг Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байгаа атлаа дундаж цалин хөлсийг өөр байдлаар тодорхойлсон нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ажлаасаа хууль бусаар халагдахаас нь өмнө Төрийн банкнаас 26,800,000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан ба уг зээлээ зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу цалингийн орлогоосоо буцаан төлдөг байсан.

Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаасаа халснаас болж нэхэмжлэгч ямар ч орлогогүй болж цалингийн зээлээ хуваарийн дагуу төлж чадаагүй. Үүнээс болж банк нэхэмжлэгчид 58,126 төгрөгийн торгууль буюу нэмэгдүүлсэн хүү тооцсон байна. Энэхүү 58,126 төгрөг нь нэхэмжлэгчийн хувьд хохирол болж байгаа. Учир нь хэрэв хариуцагч нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаасаа халаагүй байсан бол цалингийн орлогоосоо зээлээ хугацаандаа төлөөд явна, ингэснээр нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх байсан юм.

Нэхэмжлэгчийн гэр нь аймгийн төвлөрсөн халаалтаас дулааны эрчим хүч худалдаж авдаг юм байна. Нэхэмжлэгч ажлаасаа хууль бусаар халагдсанаас болж ямар ч орлогогүй болсноос болж дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй байна. Ингэснээр ЭрчимБаян-Өлгий ХК-аас Х.Д д холбогдуулан сүүлийн 8 сарын дулааны эрчим хүчний төлбөр болгож 1,301,200 төгрөг, алданги гэж 650,600 төгрөг нийт 1,951,800 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/0823 дугаар шийдвэрээр 1,951,800 төгрөгийг Х.Д аас гаргуулж ЭрчимБаян-Өлгий ХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна. Хэрэв хариуцагч тал нэхэмжлэгч Х.Д ыг хууль бусаар ажлаасаа халаагүй байсан бол цалингийн орлогоосоо уг дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг хугацаандаа төлөөд явах байсан ба торгууль 650,600 төгрөгийг төлөх ёсгүй байжээ. Өөрөөр хэлбэл энэхүү 650,600 төгрөг нь нэхэмжлэгчийн хувьд хохирол болж байгаа юм. Тийм учраас 708,726 /58,126төгрөг + 650,600 төгрөг/ төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас нэхэмжилж байгаа.

Гэтэл анхан шатны шүүхээс тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг хохироогүй мэтээр үзсэн нь ойлгомжгүй байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00591 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч хамтран хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

 

Х.Д  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын нэр бүхий Тэргүүлэгчдэд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 23.962.884 төгрөг, хохирол 708.726 төгрөг, нийт 24.671.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс Х.Д ы ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 14.123.637 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10.547.973 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Х.Д  нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 11 сарын хугацаанд ажил олгогчийн буруугаас /Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус/ ажилгүй байсан, түүний ажлаас халагдахаас өмнө авч байсан цалин хөлсний дундаж нь 1.283.967 төгрөг байсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тус тус тогтоогдсон тул түүний ажилгүй байсан буюу дурдсан хугацаанд олгох нөхөх олговорт 14.123.637 төгрөгийг ажил олгогч Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж Х.Д д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Харин уг нөхөх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалт, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй тул тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтаар нутгийн удирдлагын тогтолцоонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус Хурлын хуралдааны чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчид багтахаар хуульчлагдсаныг тэмдэглэж байна.

 

            Нэхэмжлэгч Х.Д  нь ажилгүй байсан хугацаандаа цалин хөлсний орлого нь тасалдсанаас банканд төлсөн торгууль 58.126 төгрөг, дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу хангагч хуулийн этгээдэд төлсөн алданги 650.600 төгрөг, нийт 708.726 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Х.Д ы бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн торгууль, алданги зэрэг дээрх төлбөр нь ажил олгогч Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тэдгээрийн Тэргүүлэгчдийн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн буруутай үйл ажиллагаатай шууд хамааралгүй буюу шалтгаант холбоогүй учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

            Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хангах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 183.718 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00591 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 14.123.637 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.547.973 төгрөгийг болон хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид  Х.Б, К.Н , С.А , А.М , Т.Е , Ш.Ж нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.718 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

                                                                                                          С.ӨМИРБЕК