| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0058/Э |
| Дугаар | 00059 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 00059
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Л.Д , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д д холбогдох эрүүгийн 1815000700048 дугаартай, 163/2018/0058/э индэкстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, О овогт Л.Д
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Л.Д нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
1815000700048 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч С.Б ийн өгсөн:…Д намайг айлд зарц хийдэг барьдаг юм яриад л намайг элдвээр хэлсэн. Тэгээд л намайг гадаа гаргаж байгаад л хуванцар сандлаар нүдээд байсныг нь санаж байгаа юм...Д ярихдаа болохоор намайг хуванцар сандлаар нүдсэн гэсэн гэх мэдүүлэг /хх 14-15 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Т өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ ганцаараа байхад манай аав С.Б нэг танихгүй цагдаагийн хамт хувцас нь цустайгаа хутгалдсан юм орж ирсэн. Манай аав тухайн үед архи уучихсан байсан ба нэг их согтоогүй байсан. Д гэдэг хүн аавыг хутгална, 2 нүдийг чинь ухна гээд тэдний гэрийн гадаа хашааных нь үүдэнд түүнтэй зодоон хийгээд тэгээд гэмтсэн гээд баруун нүднийх нь доор, 2 хөмсөгний голд, зүүн гарны долоовор, дунд ядам гээд 3 хуруу нь ташуу байрлалтай дунд, ядам 2 хуруу нь нэлээд гүн зүсэгдсэн, хурууных нь өөх мах нь ярзайгаад гарчихсан байсан. Мөн баруун талын шанаа хацар нь бага зэргийн хавдартай, хөх туяа орчихсон юм уу гэмээр ирсэн. Өмд куртик нь нил цус болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-22-23 тал/
Гэрч Ш.М өгсөн: “...Д гэдэг хүн аавыг нь хутгална, 2 нүдийг чинь ухна гээд тэдний гэрийн гадаа хашааных нь үүдэнд түүнтэй зодоон хийгээд тэгээд гэмтсэн гээд баруун нүднийх нь доор 2 хөмсөгний голд зүүн гарны долоовор, дунд, ядам гээд 3 хуруу нь ташуу байрлалтай дунд, ядам хуруу нь нэлээн гүн зүсэгдсэн, хурууных нь өөх мах нь ярзайгаад гарчихсан байсан гэж хүү хэлсэн. Мөн баруун талын шанаа хацар нь бага зэргийн хавдартай хөх туяа орчихсон юм уу гэмээр ирсэн. Өмд күртик нь нил цус болчихсон байсан гэх мэдүүлэг /хх 22-23 тал/,
Гэрч Н.М өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр д/а А.Баярхүүгийн хамт өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Цагдаагийн газрын жижүүрээс Булган сумын 2 дугаар багийн Өрхийн эмнэлгийн гудамжинд согтуу хүн унтаад байна гэсэн дуудлага өгч тухайн газарт очиж шалгахад Булган сумын 2 дугаар багийн өрхийн эмнэлгийн гудамжинд баруун талаасаа 2 дахь айлын хашааны гадна талд хашаа налаад Мөнхөө гэгч нь ганцаараа нүүр хэсэгтээ цус болчихсон сууж байсан. Түүнээс зүүн тийш 1-2 айлын цаана хашааны үүдэнд Л.Д өөр нэг залуугийн хамт зогсож байсан гэх мэдүүлэг /хх 24-25 тал/,
Гэрч Д.Э өгсөн:...гаднаас орж ирэхдээ бол ямар нэгэн зодуулсан гэмээр гэмтэлгүй зүгээр орж ирсэн. Ямар нэг цус нөж болсон зүйлгүй зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-27-28 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай
1. С.Б ийн биед зүүн дунд, долоовор хуруу, баруун гарын алганд шарх, дух баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 34 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 59 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Д нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч С.Б , гэрч Ш.М, Н.М, Д.Э, насанд хүрээгүй Б.Т нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Д д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Д гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч С.Б нь эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуванцар цэнхэр өнгийн сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Л.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Д г 700 /долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгуулийг сард 233333 /хоёр гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар цэнхэр өнгийн сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч С.Б эрүүл мэндийн хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ