| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2302000000386 |
| Дугаар | 2024/ДШМ/530 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ДШМ/530
2024 5 07 2024/ДШМ/530
Г.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Э,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.М,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ..........................дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим .....дүүргийн .... дугаар хороо ..... урд замд ..... улсын дугаартай улаан өнгийн ...... загварын тээврийн хэрэгсэл дотор өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй гялгар ууттай жин нь 8.3463 грамм, цэвэр жин нь 7.9154 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн урьдчилан цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...цагаан өнгийн уутны хамт 8.3463 грамм, цэвэр жин нь 7.9154 грамм жинтэй мөс мэт зүйл, хүрэн өнгийн жижиг хэмжээтэй сав, 9 ширхэг гялгар уут...” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдпэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн хувьд болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй ч ялын хувьд гомдолтой байна. ...Би хэдийгээр гэм буруутай ч гэсэн миний хувийн байдлыг харгалзан үзэж, шийтгэгдсэн ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хар тамхины хор уршгийг өөрийн бие, сэтгэл, алдсан цаг хугацаагаараа ойлгож мэдэрч байна. Тиймээс ахин хэрэглэхгүй, та бүхний итгэлийг алдахгүй, ажиллаж амьдрах болно. Би дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ амлаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. Г.Т нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээ, дахин хэрэгт холбогдсон байдал зэрэг бүхий л зүйлээ үнэн зөвөөр мэдүүлж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхаа илэрхийлж оролцсон. Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар ял шийтгүүлсэн бөгөөд энэ хугацаанд миний үйлчлүүлэгч харуусал, нигүүсэл маш олон зүйлийг бодсон гэдгээ илэрхийлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс Г.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас багасгаж өгөхийг хүсч байна. ...” гэв.
Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Т-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож, анхан шатны шүүхээс түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэгт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим ......дүүргийн .... дугаар хороо ...... урд замд ..... улсын дугаартай улаан өнгийн ..... загварын тээврийн хэрэгсэл дотор өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй гялгар ууттай цэвэр жин нь 7.9154 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
яллагдагч Г.Т-ийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 83-84/ гэх мэдүүлэг,
“...Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5255 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 42-44/,
“...Г.Т нь Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Г.Т нь хэрэг хариуцах чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 929 дугаар дүгнэлт /хх 47-49/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-14/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 15/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Т-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан 7.9154 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Г.Т-ийн “...ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Г.Т-д тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин шүүх, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5 дахь заалтыг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...Цагаан өнгийн уутны хамт 8.3463 грамм, цэвэр жин нь 7.9154 грамм жинтэй мөс мэт зүйл, хүрэн өнгийн жижиг хэмжээтэй сав, 9 ширхэг гялгар уут...” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ