Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 124/ШШ2025/0041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Г” ХХК/РД:............../, ............................................ тоотод байрлах,

            Хариуцагч: Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

            “Түргэн сумын Засаг дарга 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/98 дугаартай албан бичгээр орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээ, газар, ус ашиглах гэрээ, хог хаягдал зайлуулах гэрээнүүдийг байгуулахаас татгалзсаныг илт хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээнүүдийг байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Түргэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдуулан “Түргэн сумын Засаг дарга 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/98 дугаартай албан бичгээр орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээ, газар, ус ашиглах гэрээ, хог хаягдал зайлуулах гэрээнүүдийг байгуулахаас татгалзсаныг илт хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээнүүдийг байгуулахыг даалгах” тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            2. Нэхэмжлэгч “Г” ХХК холбогдох гэрээг байгуулахаар Түргэн сумын Засаг даргад удаа дараа хандаж байсан байх бөгөөд сүүлд  2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 25/23 дугаартай албан бичгээр  Орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээ байгуулах, газар болон ус ашиглах гэрээ байгуулах,хог хаягдал устгах тухай гэрээг байгуулах тухай хүсэлтийг Түргэн сумын Засаг даргад гаргасан байх бөгөөд Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/98 дугаартай албан бичгээр хүсэлтэд дурдсан гэрээг байгуулж ажиллах боломжгүй талаар хариу мэдэгджээ.

            3.Увс аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/641 дугаартай албан бичгээр “Г” ХХК-иас удаа дараа хүсэлт ирүүлсэн тул Түргэн сумын Засаг даргад “хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах гэрээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан ажиллах” талаар чиглэл хүргүүлж байсан байна.

            4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акттай холбоотой нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар зохицуулсан тул нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            5.Нэхэмжлэгч “Г” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г ХХК нь Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэр Элжигний боом гэх газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд хууль журмын хүрээнд авбал зохих зөвшөөрөл, төлбөл зохих төлбөр хураамжийг бүрэн төлж үйл ажиллагаагаа хууль, журамд нийцүүлэн явуулж байна. Ашигт малтмалыг олборлохоор ажлаа 2025 оноос эхлүүлсэн бөгөөд одоогоор бэлтгэл ажил явагдаж байгаа болно. Энэ ажлын хүрээнд сумын Засаг даргатай Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 -д заасан Орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээ, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7- д заасан газар, ус ашиглах гэрээ, мөн хог хаягдал зайлуулах гэрээ зэргийг байгуулах ёстой. Эдгээр гэрээг байгуулах нь Засаг даргад хуулиар хүлээлгэсэн үүрэг юм. Гэрээнүүдийн загвар нь Ашигт малтмал, газрын тосны газрын сайтад бэлэн байдаг бөгөөд энэхүү загварыг ашиглан гэрээнүүдийн эх бэлтгэж, 2024 оноос хойш өнөөг хүртэл нийт 6 удаа хандсан, мөн энэ талаар аймгийн Засаг даргад хандаж, гомдол гаргаж байсан. Сумын Засаг даргаас 2025 оны 04 сарын 09-ны өдрийн 1/98 тоот албан бичгээр хариу хүргүүлэхдээ эдгээр гэрээг байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ гэрээнүүдийг байгуулахгүй бол цаашид олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Манай компани эрэл хайгуул хийх, нөөц тогтоох, ашиглалтын лиценз авах, олборлолтын бэлтгэл ажил хийх зэрэгт 5 тэрбум орчим төгрөгийн зардал гаргасан бөгөөд одоо сумын Засаг дарга Б.Ггийн илт хууль бус шийдвэрээс болж үйл ажиллагаа зогсох, үүнээс үүдэн компани эдийн засгийн хувьд алдагдал хүлээх нөхцөл бүрдсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Засаг дарга Б.Г-ийн шийдвэр нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд байгуулахаар заасан, төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан гэрээнүүдийг байгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдлээ хууль бус үндэслэлүүдийг дурдан татгалзсан, өөрт байхгүй эрхийг эдэлсэн энэ үйлдлээ ямар хуулийн ямар заалтыг үндэслэж байгаагаа заагаагүй тул уг шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандаж байна. Засаг даргын энэ шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа Алт-3 хөтөлбөрийг хууль бусаар саатуулж байгаа үйлдэл юм. Иймд Засаг даргын шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээнүүдийг төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК-тай байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

            6.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Бидний зүгээс хуулийг хэрэгжүүлж, хамтран ажиллана уу гэсэн хүсэлттэй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг хангуулах буюу нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллана уу гэсэн хүсэлттэй байна.Нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хүрээнд оролцож байна.Миний биеийн эрүүл мэндийн байдлаас болоод тайлбар гаргаж чадахааргүй байгаа тул өмгөөлөгч тайлбарлана” гэв.

               7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилснаар энэ хуулийн 42.1-д заасан гэрээний загварыг Засгийн газар батална гэж заасан.

              Тухайн гэрээний загварыг 2015 оны 11 сарын 02-ны өдрийн 430 дугаартай Засгийн газрын тогтоолоор баталсан. “Г” ХХК нь загварыг дагуу гэрээнийхээ асуудлыг шийдээд сумын засаг даргад хүргүүлсэн боловч сумын Засаг дарга гэрээг байгуулахгүй гэдэг хариу өгсөн.

                 Ус ашиглалтын болоод уурхай ашиглагдаж байгаа тохиолдолд гарч байгаа хаягдал хогоо зайлуулах талаар гэрээнүүдийг хийгээгүй.

Засаг даргын хариу өгсөн албан бичгийн 3 дахь хэсэгт татгалзалдаа: манай суманд хог хаягдлын талаар мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхгүй, 42 дугаар зүйл заасан гэрээг байгуулахгүй шалтгаан нь сумын иргэдийн хурлаас Засаг даргын мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэж батлахдаа байгаль орчны ашигт малтмалын чиглэлийн холбоотой заалтуудыг Иргэдийн хурлаас дэмжээгүй. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт байхгүй, иргэдийн хурал нь дэмжээгүй учраас гэрээг хийж ажиллах боломжгүй талаар хариу ирүүлсэн.

           Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумыг засаг захиргааны үндсэн нэгж гэж заасан. Гүйцэтгэх засаглалын хувьд Засгийн газраас явуулж байгаа бүх бодлого шийдвэрийг сумын Засаг дарга хэрэгжүүлж ажиллаж байх ёстой. Үүний дагуу Монгол Улсад ажиллах тусгай зөвшөөрлийг нь ашигладаг. Төр засгийн бодлого суманд ирэхээр сумын иргэдийн хурал дэмжээгүй гэх үндэслэлээр унагааж болохгүй. Дэмжээгүй гэх хариу өгч байгаа нь илт хууль бус. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1 утга агуулгын хувьд эрхийн алдаатай, өөрт байхгүй эрхийг өөрт болохгүй зүйлийг бичсэн. Мөн 47.1.6 өөрт байхгүй эрхийг эдлээд татгалзсан. 47.1.7-д тухайн татгалзлыг бодит амьдралд хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлүүд байгаа. Ийм учраас гэрээг хийж ашигт малтмалаа ашиглах боломж байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан 12.1.1 Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртэй зохион байгуулах гэж эрхийг нь дурдсан. Засгийн газраас зөвшөөрлөө аваад ирж байгаа компанийг мөн Засгийн газраас гаргачихсан тогтоолоор баталсан гэрээний загвараар хийсэн гэрээг биелүүлэхгүй байгаа нь сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй санаатайгаар татгалзаж байгаа асуудал байна гэж харж байгаа.

          Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийдвэрт Г даргын татгалзаад байгаа татгалзлуудын асуудлыг шийдчихсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг.

           Шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны лавлагаанд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол мөрний урсгал бүрдэх эх, ойн сан бүхий газрын хил, засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалгүй байна гэх лавлагаа өгсөн. Гэтэл аймгийн Иргэдийн хурлын баталсан энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байна гэж хараад олгох боломжгүй, ашиглах боломжгүй гэж тайлбарласан.

Хэм хэмжээний актыг нь үзэхэд аймгийн Иргэдийн хурлын сайтад зөвхөн тогтоол нь байгаа болохоос ямар газрууд байгаа, жишээлбэл Г компанийн ашиглалтын бичээстэй яаж давхцаж байгаа гэдгийг харах боломжгүй. Хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэхдээ координатуудыг нь бүртгүүлээгүй.

            Тийм учраас түүнийг баримтлаад татгалзаж байгаа нь хуулийн хувьд үндэслэлгүй байна. Засгийн газраас баталсан 2 тогтоолоос дээшээ гарах акт биш гэж үзэж байна” гэв.

   8.Хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Сумын Иргэдийн хурлын тэмдэглэл, тогтоол байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж мөн 59.1.17-д заасан.

Усны тухай хууль, Газрын тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Ашигт малтмалын тухай хууль, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолууд үүнд хамаарч байгаа. Усны тухай хуульд Увс нуур, Тэс голын сав газрын захиргааны 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 94 тоот албан бичгээр 00020574 дугаартай нүүрс дуулгавар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй 275,69 га талбайд давхцалтай байгаа нь Монгол Улсын Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 230 дугаар 127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн тухай, онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх журам тус тус заасны дагуу давхцалтай талбайд ашигт малтмал хайх болон олборлох үйл ажиллагааг явуулахыг хориглосон.

            Мөн аймгийн Иргэдийн Хурлын тогтоол 2025 оны 9 сарын 18-ны шинээр гаргаж өгсөн нэмэлт материалд байгаа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 0 4/2728 давхцалтай байна гэсэн байгаа. Мөн аймгийн Иргэдийн хурлын 2025 оны 06 сарын 13-ны 36 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай тогтоол, ашигт малтмалын тухай хууль 26.2-т заасан байгаа. Багийн Иргэдийн нийтийн хурлын 2017, 2018, 2019 онуудын хурлын тогтоолууд байгаа. Илжигний боом гэх газар нь Рашаант багийн иргэдийн зуслангийн гол усны эх булаг болсон газар. Иргэдийн мал бэлчээрийн гол бүс нутаг хамаарагдаж байгаа. Усны ундарга устаж үгүй болоогүй, ус урсаж байгаа. Орон нутгийн Увс нуур, Тэс голын сав газрын захиргаанд тогтоогдсон” гэв.

            9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” 36 дугаар тогтоолтой холбоотой хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 2025 оны 6 дугаар сарын 13-ны 33 дугаар тогтоолоор баталсан эргэлтийн цэг нь аймгийн Хурлын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8; 48 дугаар зүйлийн 48.1; Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4; байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/125 дугаар хамтарсан тушаалыг үндэслэж тогтоосон. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 нь Усны тухай хуулийн 22.1; 22.4-д заасны дагуу усны сан бүхий газар, газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдэл, мужийн заагийг хот суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно гэж байгаа. Төрийн захиргааны төв байгууллага гэдэг нь Байгаль орчны яам, аймагт усны сав газар хэрэгжүүлж байгаа. Усны сан бүхий газар онцгой бүс гэдэг нь голын голдирлоос 50 метрээс доошгүй зайд гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж байгаа юм. Г ХХК-ийн ашиглалтын талбай нь нийт 864 га талбайгаас 275 га нь давхцалтай байгаа” гэв.

   10.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа. “Г” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7, мөн хуулийн 42.1-д заасан заалтад орон нутгийн хөгжлийг дэмжих хамтран ажиллах гэрээ, газар ус ашиглах гэрээ, хог хаягдал зайлуулах гэрээнүүдийг байгуулахгүй байгаа үйлдлийг, тухайлбал сумын Засаг даргын зүгээс ирүүлсэн 2025 оны 4 сарын 9-ний өдрийн 1/ 98 дугаартай тоот албан бичгээр ирүүлсэн татгалзсан хариу нь илт хууль бус болохыг тогтоож, тухайн нэрлэн заасан гэрээнүүдийг байгуулахыг даалгаж өгнө үү гэх шаардлагыг гаргасан. Үндэслэлээ 2025 оноос хойш Түргэн сумын нутаг Илжигний боомт гэх газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьд 2025 оноос хойш ашигт малтмал олборлохоор ажлаа эхлүүлсэн, бэлтгэл ажил явагдаж байгаа. 2024 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 6 удаа хандаж, гэрээ байгуулж хамтран ажиллая гэдэг байдлаар хандсан. Гэтэл 4 сарын 9-ний өдрийн 1/98 дугаартай албан бичгээр байгуулахгүй гэдэг хариуг ирүүлсэн. Компанийн хувьд эрэл хайгуул хийх, нөөц тогтоох, ашиглалтын лиценз авах, олборлолтын бэлтгэл ажил хийх зэрэгт 5 тэрбум орчим төгрөгийн зардлыг гаргасан гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ тодорхойлж дээрх шаардлагыг гаргасан. Ингэхдээ 2025 оны 4 сарын 9-ний өдрийн 1/98 дугаартай албан бичгээр ирүүлсэн татгалзсан хариу нь илт хууль бус байна гэдэг байдлаар шаардлагаа гаргасан.

Хариуцагчийн зүгээс сая үндэслэлүүдээ тодорхой тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг. Хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоод байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д заасан зохицуулалт нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах баримт бичгийг уурхайд байлгана. Газар ус ашиглах тухай гэрээ байх ёстой, 35.3.7-д гэрээ байх ёстой байна гэдэг заалт. Мөн хуулийн  42.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уул уурхай ашиглах үйлдвэр байгуулахтай холбогдон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэсэн зохицуулалт байгаа тэгэхээр засаг даргын зүгээс гэрээг байгуулах боломжгүй талаараа хариунуудыг өгч, үндэслэлүүдээ  тайлбарладаг. Хариу тайлбартаа нэхэмжлэгч хуулийн этгээдэд болон Захиргааны хэргийн шүүхэд татгалзлынхаа үндэслэлийг тайлбарладаг. 1 дүгээрт 2024-өөс 2025 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг төслөө хуралдаа танилцуулсан. Тухайн төслөөс хариуцлагатай уул уурхайг дэмжин ажиллана, бичил уурхайтай холбоотой асуудлыг цэгцэлнэ, байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжинэ гэдэг заалтуудыг олонхын саналаар дэмжээгүй. Засаг даргын зүгээс нэгжийн тухай хуулийнхаа 59.1.2-т заасан Иргэдийн төлөөлөгчийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй субъект.

Үйл ажиллагаа явуулах газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй 275,69 мкв талбайд давхцалтай байгаа нь Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалтыг зөрчиж байна гэдэг байдлаар хариу тайлбар гаргаж байгаа.

Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь тухайн бүс нутагт дээрх төрлийн үйл ажиллагааг явуулахыг хориглосон зохицуулалт бүхий заалт байгаа. Хуулиар хориглосон зохицуулалтыг Түргэн сумын Засаг даргын зүгээс хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа. Усны тухай хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа. Ашигт малтмалын тухай хуульд хамгаалалтад авсан тухайн ашигт малтмал олборлох, тэсэлгээ хийх үйл ажиллагаануудыг явуулахыг хориглосон зохицуулалттай байдаг. Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлд зохицуулсан. Усны сан бүхий газар гэж ямар газрыг хэлэх юм бэ гэдэг талаар зохицуулчихсан.

Өнөөдөр шүүх хуралд шинээр гаргаж өгсөн нотлох баримтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 9 сарын 18-ны өдрийн албан бичиг байгаа. Тухайн албан бичгээр өмнө нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол мөрний ус бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын улсын сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалгүй байсан харин Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаартай тогтоолоор батлагдсан усны сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа. 020524 дугаартай талбайг давхцалтай байна гэдэг талаар албан бичиг ирүүлсэн. 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 36 дугаартай хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хавсралтын хамт хэрэгт нотлох баримтаар авагдсан, тухайн координатын цэгээрээ тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа цэгтэй давхцаж байгаа Илжигний боомт, Хүйтэн хошуун булаг гэх газрууд нь өргөрөг, уртрагаараа давхацсан.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс гаргаж өгсөн лицензтэй холбоотой ямар цэгт тусгай зөвшөөрөл эзэмшээд байгаа гэдэг нь тухайн координат эргэлтийн цэгүүд давхцаж байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Засаг даргын зүгээс 1 дүгээрт хууль зөрчиж гэрээ байгуулахгүй, мөн Рашаант багийн иргэд мал бүхий малчин ард иргэд байдаг гол зуслангийн газар гэж байгаа. Усны ундарга болсон газар байдаг. Цаашдаа ямар сөрөг үр дагаврыг үүсгэх вэ гэхээр байгаль экологийн тэнцвэр алдагдах нөхцөл байдал байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1 зүйлд захиргааны илт хууль бус акт гэж юуг хэлэх юм бэ гэдгийг хуульчлан тогтоосон. Нэхэмжлэгч талаас 47.1.1; 1.6-д заасан шинжийг хангаж байна, Захиргааны актын илт хууль бус байх шинж нь 47.1.1; 1.6-нд зааснаараа илт хууль бус акт гэдэг үндэслэлийг гаргаж байна. Энэ нь утга агуулгын илэрхий алдаатай, Засаг даргын гэрээ байгуулахгүй гэх 2025-ны 04 сарын 09-ний өдрийн 1/98 дугаартай албан бичиг захиргааны акт мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлага байна.

Албан бичиг илт хууль бус байна гэдэг байдлаар шаардлагаа тодорхойлчихсон учраас Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт захиргааны үйл ажиллагааны хэлбэр захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэсгүүдээс бүрдэж, үйл ажиллагааны хэлбэр нь ийм байдлаар явагддаг. Магадгүй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэдэг байдлаар хэрэв хандаж байгаа бол 47.1.1-д илт хууль бус байх шинж, утга агуулгын хувьд илэрхий алдаатай, тухайн шинжийг хангахгүй байна гэж үзэж байгаа.

Эс үйлдэхүй утга агуулгын илэрхий алдаатай байх, 47.1.1-д заасан шинжийг хангахгүй байна. Нийтдээ 7 үндэслэлийг хуульчилж өгсөн. Нэхэмжлэгч талаас 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж тайлбарласан учраас тухайн 2-т тайлбараа хэлье.

            Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Засаг даргын зүгээс иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйлдлийг хийгээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зохицуулалт хамтарч ажиллаж болно гэх, лиценз эзэмшигчийн хувьд ямар эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах юм бэ гэхээр тухайн нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаад бүс нутагт тусгай байгаль орчныг хамгаалах, уул уурхайг ашиглах үйлдвэр байгуулахтай холбогдсон зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хандив тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж хамтарч ажиллах зохицуулалт байгаа. Хариуцагч талаас ямар нэгэн эрхийн акт гараагүй. Г компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдлийг гаргаагүй учраас нэхэмжлэгчийн шүүхэд хандаж байгаа илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүхээс хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч талаас “Ашигт малтмал олборлох ажлаа 2025 оноос эхлүүлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээ, газар, ус ашиглах гэрээ, хог хаягдал зайлуулах гэрээ зэргийг сумын Засаг даргатай байгуулах ёстой. Гэтэл сумын Засаг дарга хуульд заасан гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 дахь хэсгийн хуульд заасан үндэслэл байгаагүй гэх шинжийг агуулж байх тул уг шийдвэр илт хууль бус байна” гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

            3. Хариуцагч талаас “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхдээ хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана гэсэн заалтыг олонхын саналаар дэмжээгүй, тусгай зөвшөөрөлтэй талбай нь усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй 275,69 га талбайд давхцалтай байгаа, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, “Монгол Ус” ТӨААТҮГ-ийн дүгнэлтэд заагдсан 2 байршилд худаг байхгүй, уурхай дээр техник эдийн засгийн үзүүлэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө бүрэн эхээрээ байгаагүй, сумын ард иргэд эсэргүүцэж байгаа” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

            4.Түргэн сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/98 дугаартай албан бичигт : “Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ” гэж заасан. 2024 оны 12 -р сарын сумын ИТХ-аар Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөөс хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана гэх заалтыг олонхын саналаар дэмжээгүй.

            Увс нуур-Тэсийн гол сав газрын захиргааны 2024 оны 8 сарын 21-ний өдрийн 94 тоот албан бичгээр танай ашиглалтын талбай усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй 275,69 га талбайд давхцалтай бөгөөд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасны дагуу давхцалтай талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

            Тус суманд хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага байхгүй болно. Иймд танай байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хог хаягдал устгах гэрээ, газар ашиглуулах, ашиглах тухай гэрээ байгуулж ажиллах боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

            5. Газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            5.1 Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн газар эзэмших, ашиглахтай холбогдох харилцаатай холбогдох маргаанд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгохоор, 4.1.16-д "ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг; 4.1.19."уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтцын хэсгийг; ойлгохоор тус тус заасан.

            Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “нутгийн захиргааны байгууллагаас харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулахаар”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах эрхтэй” байхаар, 27.1.11-д “зааснаар холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах эрхтэй” байхаар тус тус зааснаас гадна 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ”.

            35.3. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг уурхай дээр байлгана:”

            35.3.7.”газар, ус ашиглах тухай гэрээ гэж зохицуулсан байна”.

            5.2 Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор уурхайн талбайг олгогдсонд тооцон тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашигт малтмал олборлохын тулд уурхайн эдэлбэрт хамаарах газрын хэвлийг ашиглах эрх үүсэх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар газар ашиглах гэрээг байгуулсан байхыг шаардана.

            5.3 Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд газрыг эзэмшиж, ашиглаж байгаа аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байхаар, 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж заасан тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх үүрэгтэй байна.

            Нөгөө талаас сумын Засаг даргын хувьд нэгэнт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон, хүчин төгөлдөр байгаа тул уурхайн эдэлбэр газарт газрыг ашиглуулах гэрээг байгуулах үүргийг хүлээнэ.

            Гэтэл Түргэн сумын Засаг даргаас “Г” ХХК-иас ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийн дагуу газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан байна.

            5.4 Хариуцагчаас газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзахдаа сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана гэснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас хасаж шийдвэрлэсэн тул гэрээ байгуулах боломжгүй гэжээ.

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-д сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байхаар зохицуулсан ба ашигт малтмал олборлох уурхайн эдэлбэр газрыг ашиглуулах гэрээ байгуулах эсэх асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамааралгүй бөгөөд сумын Засаг дарга сумын Хурлын бүрэн эрхийн хүрээнд гаргасан аливаа тодорхой шийдвэрийг хэрэгжүүлэх тухай ойлголт юм.

            Мөн Татварын ерөнхий хуулийн 7.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ”.

             7.2.”Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:”

            7.2.18. “Газрын төлбөр гэж”,

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.19-д нутаг дэвсгэрийнхээ татварын албыг удирдлагаар хангах, татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг  сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан зэргээр үзэхэд сумын Засаг дарга газар ашиглах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулан газрын төлбөрийн орлогыг төвлөрүүлэх үүргийг хүлээхээр байна.

            Иймд хариуцагчийн энэ талаарх тайлбар хуульд нийцээгүй гэж үзлээ.

            5.5       Хариуцагчаас тусгай зөвшөөрөлтэй талбай нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2025 оны 36 дугаар тогтоолоор баталсан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй  275,69 га талбайд давхцалтай байгаа гэх үндэслэлээр газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан.

            Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг баталсан байх бөгөөд хэрэгт Түргэн суманд хамаарах хэсгийг хавсаргасан байна.

            Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заажээ.

            “Г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дугаартай тогтоолоор баталсан  Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289-р тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай тус тус давхцалгүй болох нь Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Г” ХХК-д өгсөн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07/3022 дугаартай албан бичиг, мөн яамны иргэн Е.Баяраад хаягласан 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 04/4728 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна.

            Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 04/4728 дугаартай албан бичигт Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэжээ.

            Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж харьяаллыг зааж өгсөн тул “Г” ХХК-ийн талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхцалтай гэж үзэхгүй тул хариуцагч сумын Засаг дарга энэхүү үндэслэлээр газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзах боломжгүй юм.

            5.6 Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг уурхай дээр байлгах үүрэгтэй байх бөгөөд 12 дугаар зүйлийн 12.2.5-д зааснаар сумын Засаг дарга ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийг төлөвлөгөөг хянах эрхийг хэрэгжүүлэхээр зааж, энэ талаар харилцан холбоо хамааралтай байх тул  хариуцагчийн “2025 оны байгаль орчны менежмент төлөвлөгөөг  батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан байхгүй, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө бүрэн эхээрээ байгаагүй” гэх үндэслэлээр газар ашиглуулах гэрээ байгуулахаас татгалзсан нь үндэслэлгүй.

            Ашигт малтмалын тухай хуульд газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзах нөхцөлийн талаар заагаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд газар ашиглах эрхтэй тул сумын Засаг даргаас сум, багийн иргэд ашигт малтмалын үйл ажиллагааг эсэргүүцсэн гэх үндэслэлээр  газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан нь үндэслэлгүй болно.

            5.7 Дээр дурдсан дүгнэлтүүдээр сумын Засаг даргад газар ашиглуулах гэрээг байгуулахаас татгалзах эрхийг хуулиар олгоогүй гэж үзэх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх нөхцлийг хангаж байна гэж үзлээ.

            Иймд нэхэмжлэгчийн уурхайн эдэлбэрийн газрыг ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол хариуцагчийн шийдвэрийн улмаас хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс “газар ашиглахаас татгалзсан Түргэн сумын Засаг даргын шийдвэрийг илт хууль бусад тооцуулан, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            5.8 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.16-д зааснаар гадна 47.1.1, 47.1.7-д заасан үндэслэлийг дурдаж тайлбар гаргасан.

            Нэхэмжлэгч талаас хариуцагчийг шийдвэр гаргахаас татгалзахдаа хууль бус үндэслэлүүдийг дурдсан, хуулийн ямар заалтыг үндэслэж байгаагаа заагаагүй тул захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаатай, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй тайлбар болохыг дурдах нь зүйтэй.

            Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал ямар нэг салаа утгагүй, уншихад ойлгомжтой байх тул утга агуулгын илэрхий алдаатай /ЗЕХ-ийн 47.1.1/ гэж үзэхгүй, хариуцагчийн татгалзалд хэн нэгэнд үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй тул түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй/ЗЕХ-ийн 47.1.7/ гэж үзэхгүй юм.

            5.9 Нэхэмжлэгчээс хариуцагчийн шийдвэрийг илт хууль бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч холбогдох гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хамт гаргасан.

            Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан шийдвэрийн төрлийг шүүхээс гаргахад тухайн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцсон шийдвэр гаргахаас, даалгах нэхэмжлэлийн төрлийг хамтат нь шийдвэрлэгдэхээр зохицуулаагүй боловч шүүхээс газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан сумын Засаг даргын шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар  илт хууль бус гэж тооцож шийдвэрлэж байгаа, нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх, ашиг сонирхол байх тул цаашид шүүхийн шийдвэрийн үр дагавар болох газар ашиглах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

            6. Ус ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            6.1 Усны тухай хуулийн 28.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана.

            28.4.Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана.

            28.6.Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна” гэж зохицуулсан.

            6.2 “Г” ХХК-ийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр уг ашиглуулах дүгнэлтийг гаргуулсан байна.

            Уг дүгнэлтээр “Г” ХХК хоногт 100 шоометрээс их ус ашиглахаар дурдаж, ус ашиглах зөвшөөрлийг Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас авч, гэрээ байгуулахыг зөвлөжээ.

            Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, 29.1-д заасан зохицуулалтын хүрээнд ус ашиглах зөвшөөрөл өгч, гэрээ байгуулах эрх бүхий этгээд нь сав газрын захиргаа байх тул сумын Засаг дарга “Г” ХХК-тай ус ашиглах гэрээ байгуулах үүрэг үүсээгүй байна.

            Иймд “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс Түргэн сумын Засаг даргын ус ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзлыг илт хууль бусад тооцуулан гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            7. Хог хаягдал зайлуулах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал илт хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн талаар:

            7.1 Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.6-д “Хог хаягдлын талаар уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”

8.6.1.”уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдалд хяналт тавих, үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;”

8.6.2.”уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих” гэж зохицуулсан ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/87 дугаар тушаалаар “Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам”-ыг хавсралтаар баталжээ.

Тус журамд уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг ангилж зэрэглэн ялгаатай байдлаар ангилах, цуглуулах,хадгалах,тээвэрлэх, дахин боловсруулах, устгахаар нарийвчлан заасныг “Г” ХХК мөрдөхөөр байх бөгөөд сумын Засаг даргын хувьд уул уурхайн хог хаягдлыг зайлуулах гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш, хууль, эрх зүйн хэм хэмжээгээр  энэ талаар үүрэг хүлээлгээгүй байна.

            Иймд “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс Түргэн сумын Засаг даргын хог хаягдал зайлуулах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзлыг илт хууль бусад тооцуулан гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            8. Хамтран ажиллах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал илт хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн талаар:

            8.1 Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан.

            8.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн,эсхүл зөрчигдөж болзошгүй эрх,хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д” Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”гэжээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны үйл ажиллагаа захиргааны акт,захиргааны гэрээ,захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар, 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заажээ.

            Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох зорилго бүхий захиргааны гэрээтэй холбогдох маргааныг харьяалан шийдвэрлэхээр байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар байгуулагдах гэрээ нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах шинжгүй, эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй, өөрөөр хэлбэл тухайн гэрээг байгуулахтай холбоотой асуудал нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох үндэслэл болох талаар ашигт малтмалын тухай хуульд заагаагүй.

            Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргааны байгууллагатай байгуулах байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах гэрээний саналыг гаргагч тал байх бөгөөд талууд харилцан тохиролцож ямар асуудлаар ямар хөрөнгө оруулалтыг орон нутагт хийж болох, талууд гэрээгээр ямар үүргийг хүлээх зэрэг зохицуулалт нь иргэний эрх зүйн гэрээний эрх зүйд хамаарах асуудал байна.

            Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар байгуулагдах гэрээ нь захиргааны гэрээ биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

            9. Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн шүүхээс нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тооцуулан гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс ус ашиглах гэрээ, хог хаягдал зайлуулах гэрээнүүдийг байгуулахаас татгалзсаныг илт хууль бус болохыг тогтоож, дээрх гэрээнүүдийг байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хамтран ажиллах гэрээ байгуулахаас татгалзсаныг илт хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

            10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын албан болох Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2  дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16, 27 дугаар зүйлийн 27.1.11, 35 дугаар зүйлийн 35.3.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж Түргэн сумын Засаг даргаас 2025 оны  4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/98 дугаартай албан бичгээр газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, тухайн шийдвэрийн үр дагавар болох холбогдох журмын хүрээнд газар ашиглах гэрээ байгуулахыг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад даалгасугай.

            2.Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хог хаягдлын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.6, 8.6.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ус  ашиглах гэрээ, болон хог хаягдал зайлуулах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзлыг илт хууль бус болохыг тогтоолгон, холбогдох гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хамтран ажиллах гэрээ байгуулахаас татгалзсан татгалз\ал илт хууль бус болохыг тогтоолгон, гэрээг байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

            4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн , хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АЛТАНЦЭЦЭГ