Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2021/00061

 

Ш.С ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00635 дугаар шийдвэртэй, Ш.С ын  нэхэмжлэлтэй, С.Ш эд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Ш.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч С.Ш  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаас 10.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Ардчилсан намаас Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт Баян-Өлгий аймгаас нэр дэвшихээр горилж, холбогдох баримтуудаа АН-ын Үндэсний бодлогын хороонд бүрдүүлж өгсөн байсан. Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байсны хувьд Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүн, журмын нөхөр болох УИХ-ын 2-р тойрогт нэр дэвшигчдийн сонгуульд бэлтгэх ажлын менежер С.Ш  надтай утсаар холбогдож, яаралтай 10.000.000 төгрөг хэрэг болоод байна, түр хугацаагаар 10.000.000 төгрөг өгч тус болно уу гэхээр нь би тэр хүний үгэнд итгээд 10.000.000 төгрөгийг түүний 51803549000 дугаартай дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш С.Ш  нь өөрийн Facebook хаягаар мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн атлаа одоо хүртэл өгөөгүй, намайг хохироож байна. Иймд С.Ш ийн надаас хувийн дансаар авсан 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Ш.С  надтай утсаар холбогдож яаралтай 10 сая төгрөг хэрэг болоод байна, өгч тус болооч мэтээр худал нэхэмжлэл гаргаж, мөн аймгийн Ардчилсан намын хорооны зарим гишүүдэд миний нэр төрийг гутаан доромжилж яваа юм байна. Иймд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд жич нэхэмжлэл гаргах болно. Ш.С  нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийн тулд Ардчилсан намын төв нам болон орон нутгийн ээлжит сонгуульд Ардчилсан намд Үндэсний бодлогын хорооноос тогтоосон татвар дэнчинг төлж, АН-ын төв намаас байгуулсан Сонгон шалгаруулах хороогоор орж, төв намтай байгуулсан хариуцлагын гэрээг дүгнүүлж, УИХ-д нэр дэвших мандатаа авах ёстой байсан юм. Гэтэл Ш.С  нь орон нутгийн намд төлөх ёстой татвар хураамж болох 20 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг дутуу төлж, Улаанбаатар хотод 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ардчилсан намын төв сонгон шалгаруулах хороо хуралдах өдрийн урьд өдөр нь надтай утсаар холбогдож Шаяхмет ахаа би 10 сая төгрөгөө төлөөгүй байсан юм. Иймд таны дансанд хийж байя. Хязгаарлалтын улмаас банк богиносгосон цагаар ажиллаж байгаа тул ажлын цаг дууссан байна гэж миний данс болох 51800354900 тоот дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн болно. Уг мөнгийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын ХААН банк дахь 5197256701 тоот дансанд Ш.С ын татвар хураамж гэж бичээд 5180354900 тоот данснаас 10 сая төгрөгийг шилжүүлсэн болно. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 12\06 тоот тогтоолоор Дунд шатны намын байгууллагуудын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд зарцуулах татварын хэмжээг батлах тухай тогтоол гаргасан юм. Уг тогтоолын дагуу 2020 оны Баян-Өлгий аймгийн АН-аас УИХ-д нэр дэвшихээр горилсон Х.Мүпти, Р.Гажайв, Д.Мурат, А.Бакей, Б.Бейсен нар 20,0 сая төгрөгөө бүрэн төлсөн ба Ш.С  татвар хураамжийнхаа 50 хувийг төлж, үлдсэн 50 хувийг хийгээгүй байсан юм” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 130/ШШ2021/00635 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Жадик овогт Солтаны Шаяхметээс зээлийн мөнгө болох 10000000 (арван сая) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Жадик овогт Шаривын Жандосын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн бодит нөхцөл байдлыг буруугаар ойлгосны улмаас хэргийн шийдэл үндэслэл бүхий болж чадаагүй байна. Ардчилсан нам гэдэг хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ Ардчилсан намын аймаг дахь төлөөллийн газрыг бие даасан шийдвэр гаргадаг хуулийн этгээд юм шиг дүгнэлт хийж нөхцөл байдлыг буруугаар ойлгосон байна. Хариуцагч С.Ш  нь Ш.С оос авсан мөнгийг Ардчилсан намд түүний өмнөөс шилжүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй. Аймгийн Ардчилсан нам гэсэн бие даасан шийдвэр гаргадаг улс төрийн хүчин, хуулийн этгээд огтоос байхгүй гэдгийг анзаараагүй байна.

Ш.С ын Е.Зангар, С.Ш  нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг анхан шатны шүүхээс үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн хамтран ажиллах гэрээнд зааснаар горилогчийн татварыг намд төлсөн байхаар заасан. Горилогч Ш.С  нь нийтдээ горилогчийн татвар болох 100 сая төгрөгийг Ардчилсан намын дансанд бүрэн тушаачихсан болохыг хэн ч үгүйсгэхгүй. Ш.С , А.Бакей нар нь Ардчилсан намын Баян-Өлгий аймаг дахь төлөөллийн газрыг бие даасан татвар төлбөр тогтоох эрхгүй хэмээн үзэж тэдний шаардсан мөнгийг нь өгөхөөс татгалзсан байна. Харин С.Ш  нь хувийн журмаараа Ш.С оос мөнгө зээлдэж авчхаад түүнийг Ардчилсан намд тушаасан юм шиг тайлбарлаж байгаа нь зээлдэж авсан мөнгөө буцаан төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Нэгэнт С.Ш  нь Баян-Өлгий аймаг дахь Ардчилсан намын штабт менежерээр ажиллаж байсан учраас түүнтэй сайн харилцаа үүсгэхийн тулд мөнгө зээлээч гэхээр нь 10 сая төгрөг зээлдсэн байжээ.

Хэрэв энэхүү мөнгийг шүүхээс зээлийн гэрээ биш гэж үзэж байгаа бол С.Ш ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хуулийн буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 00635 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Давж заалдах шатын шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс маргааны үйл баримтыг буруу тогтоосон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүсээгүй гэж зөв дүгнэсэн атлаа хэргийн үйл баримтыг буруу тогтоосноос нэхэмжлэгчийн шаардах эрхийн бусад үндэслэлүүдийг нягтлаагүй орхигдуулсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.С  нь хариуцагч С.Ш эд холбогдуулан 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ “зээлдүүлсэн” гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогч Ш.С ын миний хувийн дансанд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг аймгийн Ардчилсан намын дансанд түүний төлөх ёстой татвар хураамжид шилжүүлсэн” гэж тайлбарлан, талууд шүүхэд нотлох баримт гаргах замаар мэтгэлцжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

            Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэс болсон нотлох баримтуудаар:

  • Ш.С ын ХААН банк дахь хувийн данснаас С.Ш ийн тус банк дахь хувийн данс руу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн[1],
  • Хариуцагчийн тайлбарт дурдсанаар дээрх 10.000.000 төгрөгийг Ш.С  нь “Шаяхмет ахаа би 10 сая төгрөгөө төлөөгүй байсан. Иймд таны дансанд хийж  байя.” гэж С.Ш ийн хувийн данс руу шилжүүлсэн[2],
  • С.Ш  нь өөрийн хувийн дансанд байгаа Ш.С ын шилжүүлсэн дээрх 10.000.000 төгрөгийг аймгийн Ардчилсан намын дансанд 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Жандосын татвар хураамж” гэсэн утгаар шилжүүлсэн[3],
  • 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ш.С ын ах Ш.Айдосын С.Ш эд бичсэн “Сүүлийн мөнгийг танд /таны дансанд/ хийсэн минь сайн хэрэг болсон байна. Гомдохгүй дээрх дансанд буцаагаад хийчхээрэй.” гэх нийтийн цахим сүлжээний бичвэр /Facebook messenger/[4],
  • 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ш.С ын С.Ш эд бичсэн “Сайн байна уу, нөгөө мөнгийг хийчхээрэй”, “Би танаас авах ёстой мөнгөө хуулийн хүрээнд нэхэмжилж байна.” гэх нийтийн цахим сүлжээний бичвэр /Facebook messenger/[5],
  • Ш.С  нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн данснаас аймгийн Ардчилсан намын ХААН банк дахь данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлж байсан[6] зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

 

Хоёр. Хариуцагчийн татгалзлын үндэс болсон нотлох баримтуудаар:

  • Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын хорооны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоолоор 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой гарах зардлын эх үүсвэрийн санхүүжилтийн хэмжээг 15.000.000 төгрөгөөр тогтоож, үүнийг нэр дэвшихийг горилогч бүр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3 хувааж тус аймгийн Ардчилсан намын хорооны дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ[7],
  • Тус намын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тэргүүлэгчдийн тогтоолоор дээрх санхүүжилтийн хэмжээг 20.000.000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоож, үүнийг нэр дэвшихийг горилогч нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3 хувааж тус намын хорооны дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ[8],
  • Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Е.Зангар, менежер С.Ш  нар болон Ш.С  нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан[9] ба уг гэрээний 3.2 дахь заалтад “УИХ-д нэр дэвшихээс өмнө буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн намын хорооноос тогтоосон хэмжээний горилогчийн татварыг намд төлсөн байх” нь горилогчийн /Ш.С / үүрэг байхаар тусгажээ,
  • Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дансанд Ш.С  нь өөрийн данснаас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийн санхүүжилтийг  шилжүүлсэн[10],
  • УИХ-н сонгуульд Баян-Өлгий аймгаас нэр дэвшихийг горилогч бусад иргэд, тухайлбал Х.Мупти нь орон нутгийн намын хороонд 20.000.000 төгрөг, Р.Гажайв нь 20.000.000 төгрөгийн санхүүжилт тушаасан нь тэдгээрийн гэрчийн мэдүүлэг[11] болон аймгийн Ардчилсан намын ХААН банк дахь дансны хуулгаар[12] тус тус тогтоогдсон байна.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан буюу талуудын гаргаж өгсөн эдгээр нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын хорооноос 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогч тус бүрээс сонгуулийн бэлтгэл ажлын санхүүжилт нэрийдлээр 20.000.000 төгийн хураамжийг төвлөрүүлсэн, горилогч бүр тодорхой мөнгөн хөрөнгийг аймгийн Ардчилсан намын дансанд сайн дураараа тушаасан нь баримтаар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ.

 

Тухайн үед УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогч, нэхэмжлэгч Ш.С  нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрөө, сайн дураараа, ХААН банк дахь хувийн данснаас аймгийн Ардчилсан намын дансанд 10.000.000 төгрөгийг тушаасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний ах Ш.Айдосын С.Ш эд бичсэн “Сүүлийн мөнгийг танд /таны дансанд/ хийсэн минь сайн хэрэг болсон байна” гэх зурвасууд, түүнчлэн хариуцагчийн “Шаяхмет ахаа би 10 сая төгрөгөө төлөөгүй байсан. Иймд таны дансанд хийж  байя” гэсэн хариу тайлбараар нэхэмжлэгч Ш.С ын хариуцагч С.Ш ийн хувийн дансанд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг “Ш.С ын горилогчийн санхүүжилт буюу аймгийн Ардчилсан намд төлсөн татвар хураамж”, эсхүл “уг 10.000.000 төгрөгийг татвар, хураамжид тооцон аймгийн Ардчилсан намын дансанд шилжүүлэхийг С.Ш эд даалгавраар гүйцэтгүүлсэн” гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ш.С оос 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр С.Ш ийн хувийн данс руу шилжүүлсэн мөнгийг тэрээр аймгийн Ардчилсан намын хороонд төлөх санхүүжилт буюу татвар хураамжийн зориулалтаар шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй; харин уг 10.000.000 төгрөгийг хариуцагч С.Ш  нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хувийн данснаас аймгийн Ардчилсан намын данс руу “Жандосын татвар хураамж” гэсэн утгаар, С.Жандосын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхээс өмнө нэхэмжлэгч Ш.С  нь хариуцагч С.Ш эд 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нийтийн цахим сүлжээгээр хандаж “нөгөө мөнгийг хийчхээрэй”, “Би танаас авах ёстой мөнгөө хуулийн хүрээнд нэхэмжилж байна” гэж,  Ш.С ын ах Ш.Айдосоос “Сүүлийн мөнгийг танд /таны дансанд/ хийсэн минь сайн хэрэг болсон байна. Гомдохгүй дээрх дансанд буцаагаад хийчхээрэй” гэх зэргээр түүнээс буцаан шаардаж байсан нь баримтаар тогтоогджээ.

Гэтэл хариуцагч С.Ш  нь нэхэмжлэгч Ш.С оос 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хувийн дансаараа дамжуулан 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө хадгалж байгаад Ш.С ын “аймгийн Ардчилсан намын хороонд төлөх 10.000.000 төгрөгийн санхүүжилт буюу татвар, хураамжийг төлөх эсэх” талаар хүсэл зоригийг үл харгалзан, түүний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн, уг мөнгийг Ш.С  болон түүний ах Ш.Айдос нараас 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр буцаан шилжүүлэхийг шаардсаар байхад 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Ардчилсан намын хорооны ХААН банк дахь дансанд “Жандосын татвар, хураамж” гэх агуулгаар шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтаар шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлийг бий болгожээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Ш.С  нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт хамаарах зээлийн гэрээний зохицуулалтыг иш үндэс болгож буруу тодорхойлсон боловч энэ нь түүний хариуцагчид холбогдуулан 10.000.000 төгрөгийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний дээрх гол нөхцөлүүдийн талаар хэлэлцэн тохиролцсон нь тогтоогдохгүй байгаа учраас Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн 43.1.1 дэх заалтаар Ш.С  болон С.Ш  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэгч Ш.С т гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсээгүй.

 

Нэхэмжлэгч Ш.С  нь хариуцагч С.Ш эд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг “аймгийн Ардчилсан намын хороонд төлөх татвар, хураамжид төлүүлэхээр шилжүүлсэн” гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагчийн энэ талаарх тайлбар нь 10.000.000 төгрөгийг С.Ш ээс аймгийн Ардчилсан намын дансанд шилжүүлэхээс нэг өдрийн өмнө 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ш.С оос буцаан шаардсан баримтуудаар үгүйсгэгдсэн болно. Иймээс нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар даалгаврын гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсээгүй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч С.Ш  нь нэхэмжлэгч Ш.С оос 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хувийн дансаа өгч, өөртөө түр шилжүүлж авсан 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр буцаан шилжүүлэхийг шаардсаар байхад; Ш.С  нь аймгийн Ардчилсан намын хороонд 10.000.000 төгрөгийн санхүүжилт буюу татвар, хураамжийг төлөх хүсэл сонирхолгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр, нэхэмжлэгчийн 10.000.000 төгрөгийг дур мэдэн “Жандосын татвар, хураамж” гэсэн агуулгаар, аймгийн Ардчилсан намын хорооноос тогтоосон сонгуулийн санхүүжилт буюу татвар, хураамжид тооцож тус намын дансанд шилжүүлсэн тул, хариуцагч нь аймгийн Ардчилсан намын хорооны сонгуулийн менежерээр ажилладаг байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч Ш.С  нь хариуцагч С.Ш эд холбогдуулж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтаар шаардах эрхтэй гэж дүгнэв.

Учир нь талуудын хооронд буюу өөрийн хувийн дансаа өгч, нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөгийг шилжүүлж авсан этгээд болох С.Ш  болон нэхэмжлэгч Ш.С  нарын хооронд “Ш.С ын С.Ш эд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг С.Ш  нь Ш.С ын нэрийн өмнөөс аймгийн Ардчилсан намын санхүүд шилжүүлэх” үүрэг үүсээгүй, талуудын хооронд С.Ш  нь Ш.С ын нэрийн өмнөөс улс төрийн намын санхүүжилтэд татвар, хураамж төлөх, шилжүүлэх талаар харилцан тохиролцсон зүйл тогтоогдоогүй ба Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Е.Зангар, менежер С.Ш  нар болон Ш.С  нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 3.2 дахь заалтаар аймгийн намын хорооноос тогтоосон хэмжээний горилогчийн татварыг намд төлөх үүргийг гагцхүү горилогч Ш.С  хүлээхээр байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.1 дэх заалтыг үндэс болгож, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн боловч шийдвэрийг өөрчлөх замаар маргааныг шийдвэрлэх боломжтой тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэгч Ш.С ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Ш ээс 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Үүнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас 174.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Нэхэмжлэгч талын “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.С т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00635 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Ш ээс 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.С т олгосугай.” гэж, 2 дахь заалтыг:

 

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч С.Ш ээс 174.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.С т олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.С т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

С.ӨМИРБЕК

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 2 дугаар тал.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 24 дүгээр тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 25 дугаар тал.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 30 дугаар тал.

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 38, 40 дүгээр тал.

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 65 дугаар тал.

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 130 дугаар тал.

[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 131 дүгээр тал.

[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 63 дугаар тал.

[10] Хэргийн 1 дүгээр хавтасны 69 дүгээр тал.

[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 148, 157 дугаар тал.

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 69 дүгээр тал.