Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 124/ШШ2025/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............... овгийн Б-ын Ц, .................................. оршин суух,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: .......... овгийн Б-н Б оролцсон /.............................оршин суух/

         “Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч О.Г, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд  холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хурлын хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2.Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 05 дугаартай тогтоолоор Б.Бийг багийн Засаг даргаар томилуулахаар Улаангом сумын Засаг даргад уламжилж  шийдвэрлэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлээ 2025 оны 9  дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

4.Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргыг сонгуульд Б овогтой Ц би холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага ханган нэр дэвшин өрсөлдсөн билээ. Тус сонгууль 2025 оны 09 дүгээр сарын 15- ны өдөр Улаангом сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн урлагийн зааланд 7 дугаар багийн иргэдийн оролцоог хангаж, хоёр нэр дэвшигчтэй явагдаж, дүнгээ танилцуулж, Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн "Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" 05 тоот тогтоол гарсан.

Улаангом сумын 7 дугаар багийн даргыг сонгох сонгуулийн санал хураалтын дүнг сонгууль зохион байгуулагчид танилцуулсан ба уг дүнгээр сонгогчдын нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, баталгаажуулан саналын хуудас авсан нийт сонгогчийн тоо 403, саналын хуудас цуглуулсан саналын хайрцгаас гарсан саналын хуудасны тоо 444 ширхэг, үүнээс хүчинтэй саналын хуудас 440 ширхэг, хүчингүй саналын хуудас 4 ширхэг тоологдсон бөгөөд надтай өрсөлдсөн нэр дэвшигч Б.Б-т санал өгч, тэмдэглэл хийсэн саналын хуудас 237 ширхэг, надад санал өгч, тэмдэглэл хийсэн саналын хуудас 203 ширхэг байсан тухай танилцуулагдсан.

Үүнээс үзвэл сонгогчдын нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авсан нийт сонгогчдын тоо санал хураалтын хайрцгаас гарсан саналын хуудасны тоо 41 саналын хуудсаар зөрсөн, би өрсөлдөгчдөө 34 саналын зөрүүгээр ялагдсан зэргээс энэ илэрхий будилаан, хууль бус үйлдэл нь сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж буй тул би энэ сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй байна.

Санал өгсөн хүний тоо, саналын хайрцгийн тоо зөрүүтэй байгаа эсэх дээр хуралдаан даргалагч О.Г-т гараар өргөдөл бичиж өгөөд зөвшөөрсний дагуу тооллогын комиссын хүмүүстэй хамт гарын үсгийг дахиж нягталж тоолсон. Засаг даргад нэр дэвшигч болон 90 настай нэг настай хүн, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд 4 хүн гарын үсэг зурахгүйгээр саналаа өгсөн. Санал өгөхөөр гарын үсэг зурсан иргэдийн тоо саналын хуудасны тоо зөрүүтэй гарсан учраас  сонгуулийг хууль бусаар будилаантуулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгож дахин сонгууль явуулж өгнө үү...” гэв.

5.Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр багийн Засаг даргын сонгууль болж Ц болон миний бие багийн Засаг даргад нэр дэвшээд явсан. Тэгээд тухайн үеийн хурлаар тооллогын комиссоо баталсан байгаа. Тооллогын комиссыг тэр тухайн зааланд ирсэн хүмүүсийн бүгдийнх нь саналаар батлагдсан. Тэр тооллогын комисст нь тэнцвэртэй хандах үүднээс ардчилсан намаас 2, Ардын намаас 3 гишүүн гээд тооллогын комисс нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталчихсан байгаа. Тэгээд Улаангом сумаас бас 3 хүн хянагчаар ирж оролцсон. Тухайн үеийн хурал шийдвэр гарахад тэр саналын хүний зөрөөтэй гэдгээр нь Ц нэхэмжлэл гаргасан байгаа юм байна. Тэгээд бид 2 өөрсдөө нэр дэвшиж байгаа нь ойлгомжтой гэдэг утгаараа гарын үсэг зурахгүйгээр саналын хуудсыг нь аваад хийсэн байгаа юм. Дахиад тэр бас нэг хөгжлийн бэрхшээлтэй бас ганц хоёр хүн, өндөр настай эмээ өвөө нарын гарын үсэг зурагдаагүй байгаа байх аа гэж харагдаж байгаа. Тэгээд тооллогын комиссын шийдвэр нь тухайн үедээ гарсан.   Сонгууль зааланд байсан бүх хүний нүдэн дээр ил явагдсан тул шударга явагдсан бодож байна...” гэв.

6.Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.Г нь 2025 оны 09 сарын 15-ны өдөр Улаангом сумын 7-р багийн ИНХ-ын даргаар сонгогдсон бөгөөд Багийн засаг даргад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, танилцуулга хийлгээд санал хураалтыг зохион байгуулсан. Сонгуулийн санал хураалтын ажлыг Улаангом сумаас сонгогдсон ажлын хэсэг, хуралдаанаас сонгогдсон тооллогын комисс зохион байгуулсан. Тооллогын комиссоос өгсөн тооллогын комиссын дүнг үндэслэн Улаангом сумын 7- р багийн засаг даргад олонхын санал авсан Б.Б /53,6 хувийн /-ийг Багийн засаг даргад нэр дэвшүүлэн Сумын Засаг даргад уламжлах 05 тоот тогтоолыг уншиж, танилцуулан, батлуулан, тамга тэмдгээ дарж баталгаажуулан Улаангом сумын ИТХ-ын ажлын албанд хүлээлгэн өгсөн болно. Хуралдаан дууссаны дараа нэр дэвшигч Б.Ц хүсэлт гаргасан тул сонгуулийн тооллогыг зохион байгуулсан ажлын хэсэгт хандаж хүсэлтийг уламжлаад нэр дэвшигч Б.Ц-д саналын хуудас болон гарын үсэг зуруулсан байдалд хяналт хийх боломж олгохыг хүссэн. Нэр дэвшигч ажлын хэсэгтэй хамтран саналын хуудас болон гарын үсэг зурсан байдалд хяналт хийсэн. Нэр дэвшигч Б.Ц саналын хуудас болон гарын хуудас зурсан нэрсийн жагсаалт хоёрын тоо зөрсөн асуудал байна гэсэн хүсэлт гаргасан тул хуралдааны нэрсийн жагсаалт, саналын хуудсыг битүүмжилж, тамга тэмдэг дарж баталгаажуулан, сумын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн болно...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаангом сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн зааланд болж тухайн хуралдааны 05 дугаартай тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал буюу 53,3 хувийн санал авсан Б.Бийг багийн Засаг даргад томилуулахаар Улаангом сумын Засаг даргад уламжлан шийдвэрлэжээ.

  3.Нэхэмжлэгч Б.Ц нь Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ багийн Засаг даргыг сонгох санал хураалтад сонгогчдын нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж саналын хуудас авсан нийт сонгогчдын тоо, санал хуудасны хайрцгаас гарсан саналын хуудасны тоо 41 саналын хуудсаар зөрсөн, би өрсөлдөгчөөсөө 34 саналын зөрүүгээр ялагдсан. Иймд илэрхий будилиан, хууль бус үйлдэл нь сонгуулийн дүнд нөлөөлсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

4.Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын  7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас “Тухайн багийн Засаг даргын сонгууль хууль журмын хүрээнд явагдсан. Хуралдаан дууссаны дараа нэр дэвшигч Б.Ц хүсэлт гаргасан тул саналын хуудас болон гарын үсэг зуруулсан байдалд хяналт хийх боломж олгосон. Саналын хуудас болон гарын үсэг зурсан нэрсийн жагсаалт хоёрын тоо зөрсөн асуудал байна гэсэн тул хуралдааны нэрсийн жагсаалт саналын хуудсыг битүүмжилж, сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн...”гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

5. Гуравдагч этгээдийн зүгээс “2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн багийн Засаг даргын сонгуулийн тооллогын комисс, иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд гаднын нөлөө ороогүй шударга явагдсан” гэж тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн.

6.Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтад  Монгол Ардын нам болон Ардчилсан намаас 2 иргэн нэрээ дэвшүүлэн оролцжээ. Нэр дэвшигчдээс Б.Б 237 санал буюу 53,3%, Б.Ц 203 санал буюу 45,7 %-ийн санал  авч тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 05 дугаартай тогтоолоор Б.Б-ийг багийн Засаг даргад томилуулахаар шийдвэрлэсэн нь  2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 02 дугаартай тэмдэглэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын багийн Засаг даргын санал хураалтын дүнгийн тухай тогтоол, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна.

7.Тухайн хуралдаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын ажилтан Ж.А, Л.Т, Б.Д, тооллогын комиссоор иргэдийн дундаас Л.Ш, Б.С, Ц.Л, Г.О, Ц.Э нар сонгогдож ажилласан байх бөгөөд эдгээр иргэд Багийн Засаг даргыг сонгох санал хураалт хэрхэн явагдсан талаар дараах мэдүүлгүүдийг өгсөн байна.Үүнд:

Гэрч Ж.А гэрчийн мэдүүлэгтээ: “Улаангом сумын Засаг даргын тамгын газрын ажилтан Д, Тын нарын хамт 2025 оны 9 сарын 15-ны өдрийн Улаангом сумын 7-р багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн оролцсон. Д компьютер дээр суугаад сонгогчийн нэрийг нэрсийн жагсаалтын хэддүгээрт байгааг хэлж өгсөн. Харин Т бид хоёр сонгогчийг регистрийн дугаар бүхий баганын хоёр дахь багана дээр гарын үсэг зуруулж байсан. Зарим шилжиж ирсэн иргэдийг E-mongolia-аас лавлагааг нь шалгаж, лавлагаагаар саналын хуудас авсан сонгогчдын нэрс гэж тусдаа хуудаст гарын үсэг зуруулсан.Иргэд гарын үсгээ зураад саналын хуудсаа авч саналаа өгч байсан.Санал хураалтын дүнг танилцуулсны дараа нэр дэвшигч Ц иргэдийн гарын үсгийг тоолмоор байна гэсэн.Тоолоход саналын хуудасны тооноос 30 гаруй хүний зөрүү гарсан” гэж,

Гэрч Л.Т гэрчийн мэдүүлэгтээ: “Гарын үсэг зуруулсан баримтын хувьд 2 багана бүхий сонгогчдын регистрийн дугаар бүхий хүснэгтэд гарын үсэг зуруулсан. Эхний хүснэгтэд иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох сонгуульд оролцсон иргэдийн гарын үсэг зуруулсан.Багийн Засаг даргын сонгууль өгч байхад эхэндээ хүмүүс андуураад эхний багана дээр гарын үсэг зурах тохиолдол гарсан. Гэхдээ тоог нь мэдэхгүй байна.Цөөн тооны хүмүүс эхний багана дээр дурсан” гэж,

Гэрч Б.Д гэрчийн мэдүүлэгтээ: “Би иргэдийн регистрийн дугаарыг компьютерт шүүж нэрсийн жагсаалтын хэдэд байгааг хэлж, А, Т нар иргэдээр гарын үсгийг нь зуруулж байсан. Хөгшин настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал их байсан тул гарын үсэг зурахгүйгээр саналаа өгч байсан. Иргэд гарын үсэг зуруулах ширээгээр дүүрэн цугларч ачаалал их үүсгэж байсан. Хэчнээн иргэн гарын үсэг зурахгүйгээр санал өгснийг мэдэхгүй.Багийн даргад нэр дэвшсэн 2 иргэн мөн гарын үсгээ зурахгүй өгсөн.Хурал дууссаны дараа Ц иргэдийн гарын үсгийг тоолох хүсэлт гаргаж тоолсон. Тухайн үед саналын хуудасны тоо, гарын үсгийн тоо зөрж байсан. Яг хэдээр зөрснийг сайн санахгүй байна” гэж,

Гэрч Л.Ш гэрчийн мэдүүлэгтээ: “Иргэний хувьд багийн иргэдийн Нийтийн Хуралд очоод тооллогын комиссын даргаар томилогдсон. Эхэндээ тооллогын комиссын гишүүн С иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуулиар болон багийн Засаг даргын сонгуулийн эхэн үед саналын хуудсыг тарааж байсан.Тэгээд ядраад байна, чи тараачих гэхээр нь би багийн Засаг даргыг сонгох саналын хуудсыг тарааж эхэлсэн. Нэрийн жагсаалт хариуцаж гарын үсэг зуруулж байсан ажилтнуудаас энэ хүнд саналын хуудас өгч болно гэж хэлсний дараа би саналын хуудсыг өгч байсан. Багийн Засаг даргад нэр дэвшсэн 2 иргэн хамгийн эхэнд гарын үсэг зурахгүйгээр саналаа өгсөн. Мөн өндөр настай, тэргэнцэртэй хүмүүс оочирлож чадахгүй байсан тул нэр дэвшигч талууд тохиролцоод гарын үсэг зуруулахгүйгээр санал өгүүлсэн тохиолдол байсан. Мөн зарим нэг иргэд Улаанбаатар хот руу явах гээд яараад байна гээд 2 иргэн гарын үсэг зурахгүй санал өгөөд гарсан. Нэр дэвшигч Ц тамгын газрын хүмүүстэй хамт гарын үсэг зураагүй хүний тоог шалгасан. Гарын үсэг зураагүй 30 хүн санал өгсөн байна гэж ярьж байсан” гэж,

Гэрч Б.С гэрчийн мэдүүлэгтээ:” Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох сонгуульд саналын хуудсыг би тараасан.Харин багийн Засаг даргын сонгуульд эхний үед хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй, ахмад настан гэх мэт 5-6 хүнд саналын хуудас тараагаад түүнээс цааш дуустал Шагдаржав саналын хуудсыг тараасан.Иргэдийн нэрийн жагсаалт хариуцаж гарын үсэг зуруулж байсан ажилтнуудаас  энэ хүнд саналын хуудас өгч болно гэж хэлсний дараа саналын хуудсыг өгч байсан.Гарын үсэг зурахгүйгээр саналын хуудас авч санал өгсөн тохиолдол гараагүй.Саналын хуудсаа тоолж хүлээлгэж өгөөд би харьсан.Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй” гэж,

Гэрч Г.О гэрчийн мэдүүлэгтээ: “ Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад эхлээд 90 настай нэг хүн, хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэний саналыг түрүүлж өгүүлэхээр болсон.Саналын хуудсыг нь гарын үсэг зуруулахаас өмнө өгсөн байсан.Өөр гарын үсэггүй саналын хуудас авч санал өгсөн тохиолдол гарсан эсэхийг би мэдэхгүй” гэж,

Гэрч Ц.Л гэрчийн мэдүүлэгтээ: “Санал хураалт эмх цэгцгүй явагдсан. Саналын хуудас зөрүүтэй гарсан. Санал өгөхөөр гарын үсэг зурсан хүний тоо, саналын хайрцагт байсан саналын хуудасны тоо зөрсөн. 444 хуудас саналын хайрцгаас гарсан.Гэтэл санал өгөхөөр баталгаажуулж гарын үсэг зурсан хүний гарын үсэг 414 байсан. 30 саналын хуудасны зөрүү гарч байсан. Нэр дэвшигч Ц гарын үсэг зурсан байдлыг тоолуулъя гэж санал гаргасан тул тамгын газраас ирж ажилласан  хоёр эмэгтэй, хурлын дарга, бид нар тоолсон” гэж,

Гэрч Р.Э гэрчийн мэдүүлэгтээ: “Зааланд байгаа хүмүүсийг гаргахгүйгээр оочирлуулж санал авч эхэлсэн. Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад иргэд гарын үсгээ зураад саналын хуудсаа аван саналын хайрцагт хийгээд гарч байсан. Гарын үсэг зурахгүйгээр санал өгсөн эсэхийг би мэдэхгүй байна” гэж тус тус мэдүүлжээ.

Гэрчийн мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд багийн Засаг даргыг сонгох санал хураалтад зарим иргэд гарын үсэг зурахгүйгээр саналын хуудас авч санал өгсөн үйл баримт тогтоогдож байна. Харин гарын үсэг зурсан байдлыг тоолоход оролцсон гэрч нар болох Ж.А гарын үсгийн тоо, саналын хайрцгаас гарсан саналын хуудас 30 гаруйгаар зөрсөн талаар, Ц.Л гарын үсэг, саналын хуудасны тоо 30-аар зөрсөн талаар тус тус мэдүүлж, нэхэмжлэгч 41-ээр зөрсөн талаар тайлбарлаж байгаа боловч 7-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны баримтууд болох гарын үсэг зуруулсан баримт, лавлагаагаар санал өгч гарын үсэг зурсан баримт, саналын хуудасны  эх баримтуудаар энэхүү 30, 41 гэх тоон үзүүлэлт тогтоогдоогүй.

8.Шүүхээс хэрэгт авагдсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд ашиглагдсан иргэд саналын хуудас авахдаа гарын үсэг зурсан баримт, саналын хуудас зэргийг  шинжлэн судлахад  санал хураах хайрцгаас тоологдсон саналын хуудасны нийт тоо 444, сонгогчдын нэрсийн жагсаалтад гарын үсэг зурсан нийт сонгогчдын тоо 418 /лавлагаагаар гарын үсэг зурсан 22 иргэн/, жагсаалтад гарын үсэг зурсан 396  байх ба эдгээрийн хооронд 26 саналын зөрүү үүссэн байна.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа санал хураалтын хамгийн эхэнд 2 нэр дэвшигч харилцан тохиролцон гарын үсэг зурахгүй санал өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй-1 иргэн, өндөр настай-1 иргэн гарын үсэг зурахгүйгээр санал өгсөн гэж тайлбарласан, мөн гэрч нараас энэ талаар мэдүүлсэн бөгөөд энэ талаар талууд маргаангүй байна.

9.  Иймд нийт зөрүү 26 саналын хуудаснаас талууд харилцан тохиролцож гарын үсэг зурахгүйгээр саналаа өгсөн 4 хүний саналын хуудсыг хасвал 22 саналын хуудасны зөрүү гарчээ.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:

 56.5.2-д “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”,

56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно гэж зохицуулсан.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн гэж тодорхойлон, 32.8.2 дахь хэсэгт хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, 32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” бүрэн эрхийг багийн иргэдийн Нийтийн хурал хэрэгжүүлэхээр заасан.

11. 7-р багийн хувьд багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг  нууц санал хураалтаар явуулж, иргэдэд саналын хуудас өгөхдөө гарын үсгийг нь зуруулж зохион байгуулсан байна.

Иймд багийн Засаг даргыг сонгох санал хураалтад санал өгөхөөр саналын хуудас  авахдаа гарын үсэг зурсан иргэдийн тоо нь саналын хуудасны саналын хайрцгаас гарсан саналын хуудасны тоотой адил байхаар байна.

12. Гэтэл 22 саналын хуудасны зөрүү гарсан нь тогтоогдсон тул  санал хураалтын явцад гарсан энэхүү зөрчил саналын дүнд хэрхэн нөлөөлөх талаар дүгнэх нь зүйтэй юм.

Хуралдаанд оролцсон иргэдийн ирцийг саналын хайрцагнаас гарсан саналын тоогоор тооцон гарын үсэг зурахгүйгээр санал өгсөн 22 иргэний саналыг хасвал нийт ирцийг 422 гэж үзэн, олонхын санал авсан Б.Бийн иргэдээс авсан 237 саналаас 22 саналыг хасаж 215 санал гэж тус тус тооцож үзэхэд нэр дэвшигч Б.Б хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан гэж үзэхээр байна.

Олонхын санал гэдгийг нийт санал өгсөн иргэдийн 50 хувиас дээш буюу 50 хувь+1 гэсэн томьёоллоор авч үзэх бөгөөд нийт ирц 422-ын 50 хувь нь 211 бөгөөд 211+1 гэвэл нэр дэвшигч нийт санал хураалтад оролцсон иргэдээс 212 санал болон түүнээс дээш санал авсан тохиолдолд олонхын санал авсан гэж тооцно.

Өөрөөр хэлбэл, зөрчил бүхий 22 саналыг хасаж тооцсон ч нэр дэвшигч Б.Б 211 саналаас их буюу 215 иргэний саналыг авсан байх тул олонхын саналыг авсан гэж үзэх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд маргаан бүхий 7-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай тогтоолыг хүчингүй болгох болон дахин санал хураалт явуулах нөхцөл үүсэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

13. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, 56 дугаар зүйлийн  56.5.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ийн “Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Улаангом сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах”нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЛТАНЦЭЦЭГ