Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2021/0062  

 

М.Г  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00585 дугаар шийдвэртэй, М.Г  нарын нэхэмжлэлтэй, Х.А д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч М.Г  болон нэхэмжлэгч Ш.Е ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгч М.Г ,  Ш.Е ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Тошинтын Цагаан хад гэх газарт байршилтай өвөлжөөнөөс хариуцагч Х.А гийн байшин болон хашаа хороог албадан нүүлгэх тухай.

Нэхэмжлэлд: “Монгол улсын иргэн М.Г , Ш.Е  нар бид Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Тошинтын Цагаан хад гэдэг газарт 1990 оноос хойш мал маллаж, одоо хүртэл амьдарч байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Тошинтын Цагаан хад гэдэг газрыг 40 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар ашиглан эзэмшихээр шийдвэр гаргуулан одоо хүртэл уг өвөлжөөг эзэмшин ашиглаж байна. Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Хажиманы Х.А  нь манай өвөлжөөнөөс 2 км орчим газар буюу Шар өлөн гэдэг газарт өвөлждөг байсан. Гэтэл Х.А  нь олон жилийн турш өвөлжиж ирсэн Шар өлөн дэх өвөлжөөг 2019 онд Бугат сумын иргэн Шаривханы Бауыржан гэдэг хүнд худалдсан. Ингээд Х.А  нь өөрийн эзэмшлийн өвөлжөөг бусдад худалдсаны дараа манай өвөлжөөнд 2020 онд түр оршин суухаар ирсэн. Тухайн үед бид Х.А д хандаж Энэ өвөлжөөг манайх хууль ёсоор эзэмшиж байгаа, Та цаашид удаан хугацаанд сууж болохгүй, байшин барилга, хашаа хороо барьж болохгүй гэж хэлж анхааруулсан байсан. Гэтэл Х.А  нь манай айлын өвөлжөөнд дур мэдэн байшин барьж, улмаар энэ хавраас эхлэн хашаа, хороо барина гэж бэлтгэл ажлыг хийж байна. Бид Х.А д манай эзэмшлийн өвөлжөөнд байшин, хашаа, хороо барьж болохгүй гэж удаа дараа сануулсан боловч тэрээр бид нартай хэрэлдэж маргалдан хүч түрэмгийлэн өвөлжөөний байшин, хашаа хороо барих гэж байна. Байдал цаашид даамжирвал хүний амь насны хэрэг гарч магадгүй гэж бодож байна. Иймд М.Г , Ш.Е  бидний өвөлжөөнд дур мэдэн барьсан Х.А н байшин болон хашаа хороог албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч М.Г , Ш.Е  нарын нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлээс үзэхэд М.Г , Ш.Е  нар нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Тошинтын Цагаан хад гэх газарт 1990 оноос хойш мал маллан амьдарч байна гэжээ. Гэвч 1990 онд 9 настай Ш.Е  нь Бугат сумын дунд сургуульд 1 дүгээр ангийн сурагч байсан харин эцэг нь болох Гайыпберген нь Бугат сумын төвд гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байсан. Гайыпбергений дээрх газарт мал маллаж амьдарч байсан гэж байгаа нь орон зай хугацааны хувьд боломжгүй юм. Харин дээрх маргаан бүхий газарт Х.А н аав болох Хажиман нь 1972 оноос хойш өвөлжиж байгаад 1996 онд аав Хажиман болон Х.А  нар нь Ала-Тау ХК-ийн эзэмшилд байсан дээрх өвөлжөө буюу Тошантын Цагаан хад гэх өвөлжөөг 180,000 төгрөгөөр тус компаниас худалдан авсан. Үүнийг тухайн үед Ала-Тау ХК-ийн захирал байсан Х.Аман нь нотолно. 2000 онд Х.А н ээж нас барсны дараа аав нь болох Хажиманы бие нь муудаж Х.А нх гэдэг айл Өлгий сумд байрлах ахынх нь хашаанд түр хугацаагаар өвөлжиж байхдаа хүргэн ах болох Гайыпберген нь Тошинтын Цагаан хад гэх газарт байдаг Хажиман Х.А  нарын өвөлжөөнд хэсэг өвөлжиж байсан. Гайыпбергений эзэмшдэг гэж байгаа газар нь одоогийн өвөлжөө байгаа газраас 150-200 м зайтай байрладаг юм. Дээрх хугацаанд өвөлжөөг өөр хэн нэгний нэр дээр шилжүүлээгүй ба зарж борлуулаагүй байсан. Хажиман нь 2003 онд маргаан бүхий өвөлжөөг Х.А н дээр шилжүүлж 40 жилийн хугацаатайгаар гэрчилгээ авч өгсөн. Харин зарсан гэж байгаа Шар өлөн гэх газарт байрладаг өвөлжөө нь үнэн хэрэгтээ өвөлжөө биш бөгөөд Х.А  нар намар болон хаврын улиралд тэнд хэсэг хугацаанд буудаг байсан. М.Г  нь Х.А н эцгээс нь өвлөж авсан өвөлжөөг өөрийн өвөлжөө мэтээр худал хэлж Х.А н өмчлөх эрхэд нь халдах гэж байна. Иймд Гайыпбергений нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Х.А н эрхийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00585 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Тошинтын Цагаан хад гэх газарт байршилтай өвөлжөөнөөс хариуцагч Х.А гийн байшин болон хашаа хороог албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч М.Г , Ш.Е  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч М.Г  болон нэхэмжлэгч Ш.Е ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч М.Г , Ш.Е ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар бид: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 130\ШШ2021\00595 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх М.Г , Ш.Е  нарын нэхэмжлэлтэй Х.А д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

М.Г , Ш.Е  нар нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Тошинтын Цагаан хад гэдэг газрыг 40 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар ашиглан эзэмшихээр шийдвэр гаргуулан одоо хүртэл уг өвөлжөөг хууль ёсоор эзэмшин ашиглаж байна. Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Хажиманы Х.А  нь манай өвөлжөөнөөс 2 км орчим газар буюу Шар өлөн гэдэг газарт өвөлжөөддөг байсан. Гэтэл Х.А  нь олон жилийн турш өвөлжиж ирсэн Шар өлөн дэх өвөлжөөг 2019 онд Бугат сумын иргэн Шаривханы Бауыржан гэдэг хүнд худалдсан . Ингээд Х.А  нь өөрийн эзэмшлийн өвөлжөөг бусдад худалдсаны дараа тус өвөлжөөнд 2020 онд түр оршин суухаар ирсэн. Тухайн үед бид Х.А д хандаж “Энэ өвөлжөөг манайх хууль ёсоор эзэмшиж байгаа, Та цаашид удаан хугацаанд сууж болохгүй, байшин барилга, хашаа хороо барьж болохгүй” гэж хэлж анхааруулан хэлж байсан. Гэтэл Х.А  нь тухайн айлын өвөлжөөнд дур мэдэн байшин, малын хороо барьж Гайыпберген, Ерболат нартай байнга хэрэлдэж, малын бэлчээр булаалцалдаж байна.

Газрын тухай хуулиар Монгол улсын иргэнд газрыг зөвхөн эрхийн гэрчилгээтэй эзэмшүүлэх журамтай. Гэтэл Х.А н байшин, хороо барьсан газарт газар эзэмших гэрчилгээ байхгүй байна. Анхан шатны шүүхээс газар дээр нь хийсэн үзлэгийн үед Х.А н байшин, хороо нь Гайыпберген, Ш.Е  нарын өвөлжөөнөөс 30 метрийн зайтай болох нь тогтоогдсон юм. Гайыпберген, Ерболат нар уг өвөлжөөнд байнга амьдарч мал аж ахуй эрхэлж байгаа тул Х.А  нь уг өвөлжөөнөөс 30 м-ийн зайд байшин, малын хашаа хороо барьсан нь буруу гэж үзэж байна. Х.А  нь уг газрыг эзэмших, ашиглах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй байхад анхан шатны шүүх Х.А г уг газарт байх ёстой гэсэн шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 130\ШШ2021\00585 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье”  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч М.Г , Ш.Е  нар  нь хариуцагч Х.А д холбогдуулж Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Тошинтын “Цагаан хад” гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч Х.А н дур мэдэн барьсан байшин болон хашаа хороог албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

                Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалбал нэхэмжлэгч М.Гайпберген, Ш.Е  нарын өвөлжөөний хажууд Тошинтын “Цагаан хад” гэх газарт хариуцагч Х.А  2019 онд байшин болон хашаа, хороо барьснаас болж  2 айлын мал нийлэх, бэлчээрийн хэрэгцээнээс үүдэн маргасан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч М.Г  нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 24 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 030400111 дугаар бүхий 700 (0,07) м2 (га) газрыг 40 жилийн хугацаатай Буга багийн нутаг дэвсгэрт Тошинтын “Цагаан хад”-д өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг болох нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаас 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр олгосон 0068433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн газар ашиглах гэрээ, газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар, мөн хариуцагч Х.А   нь Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах Тошинтын “Цагаан хад” хэмээх өвөлжөөг 1972 оноос эхлэн Х.А н эцэг Хажиман эзэмшиж, ашиглаж байгаад 2000 онд Хажиман нь Өлгий сум руу нүүхдээ хүргэн болох нэхэмжлэгч М.Г д үлдээсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт байрлах Тошинтын “Цагаан хад” өвөлжөөний газарт 2021 оны 6 дугаар сарын 10-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр хариуцагчийн ашиглаж, эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгүүд нэхэмжлэгч М.Г ийн эзэмшил газарт биш, өөр газарт байрласан нөхцөл байдал тогтоогдсон ба нэхэмжлэгч М.Г ий нэгж талбарын 03040011 дугаар бүхий 700 м.кв газарт барьсан үл хөдлөх хөрөнгүүдийн эзлэх нийт талбай хэмжээ 2189 м.кв ба Тошинтын “Цагаан хад”-д өвөлжөөний зориулалтаар 700 (0,07) м2 (га) газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Х.А  саад болсон гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болжээ. Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоохдоо нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Газрын тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг зөвхөн эрхийн гэрчилгээтэй эзэмшүүлэх журамтай. Гэтэл Х.А н байшин, хороо барьсан газарт газар эзэмших гэрчилгээ байхгүй, Х.А  өвөлжөөнөөс 30 м зайд байшин, малын хашаа хороо барьсан нь буруу гэж үзэж байна. Х.А  нь уг газрыг эзэмшин, ашиглах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй байхад анхан шатны шүүх Х.А  уг газарт байх ёстой гэсэн шийдвэр гаргасан явдалд гомдолтой.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаас үзэхэд, гагцхүү өмчлөгч л хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт энэ хуулийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасан зохицуулалт хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж хуульчилсан тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар газрыг чөлөөлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дахь хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж зааснаас үзэхэд хариуцагч Х.А  газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй бол Газрын тухай хуулиар тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахаар байх тул хариуцагч Х.А н эзэмшиж байгаа газар зохих зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Г  болон нэхэмжлэгч Ш.Е ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар М.Г  болон нэхэмжлэгч Ш.Е ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                               

Д.КӨБЕШ