2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04441

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19

191/ШШ2025/04441

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ю.М

 

Хариуцагч: С ХХК холбогдох

 

Ажилгүйдлийн тэтгэмж 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ю.******* цахимаар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ю.******* нь ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарт 2011 онд ажилд орж, 2024 он хүртэл тасралтгүй 13 жил ажилласан. 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан. 7 сардаа чөлөө авч, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж, 8 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Ингээд хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжээ авах гээд Халамжийн байгууллагад очиход Нийгмийн даатгалын байгууллага руу явуулсан. Гэтэл байгууллагын зүгээс 2024 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тасалдсан учир ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Нийгмийн даатгалын байгууллагаас залруулга хийж болно гэсний дагуу би байгууллагынхаа нягтлан бодогч нарт хэлсэн боловч залруулга хийж өгөөгүй. Ингээд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хуулийн хугацааг дуусгаж, намайг хохироосон. Миний бие сүүлд Орхон аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад хандахад нийгмийн даатгалын байцаагч миний ажилгүйдлийн тэтгэмжийг бодож өгсөн, 3,158,940 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авах юм байна гэсэн хариуг өгсөн.

Иймд ажилгүйдлийн тэтгэмжид 3,200,000 төгрөг нэхэмжилснийг 3,158,940 төгрөг болгон багасгаж, үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн зүгээс Ю.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан болно. Ю.******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ю.******* нь ээлжийн амралт авах тухай хүсэлт гаргасан ба талууд харилцан тохиролцож, ээлжийн амралтын цалин хөлсийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 26 хоногоор тооцож олгосон болно. Бидний зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр алдаа дутагдал гаргаагүй. 2024 оны 7 дугаар сарын шимтгэлийг 8 дугаар сарын 05-ны өдөр, 8 дугаар сарын цалингийн бичилтийг дараа сарынх нь 05-ны өдөр бичиж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн бичилтийн хувьд 6 сард ээлжийн амралтынх нь мөнгийг тэр чигт нь олгосон. Нэхэмжлэгч өөрөө ээлжийн амралт авахдаа 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажиллахгүй гэдгээ хэлсэн бол 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүйг тайлбарлах байсан. Мөн 7 дугаар сард хүсэлтээ өгөхөд нь ч энэ зүйлийг тайлбарласан. Бидний зүгээс 7 дугаар сарын 15-ны өдрөөс 30-ны хооронд ажиллана, үүнийх нь дагуу шимтгэлийг нь төлөх байсан. Гэвч бид 6 дугаар сар дээр нь ээлжийн амралтын мөнгийг олгосон. Түүнийхээ шимтгэлийг 7 дугаар сарын 05-ны өдөр шивсэн. 7 дугаар сард ямар ч ажил эрхлээгүй. Ээлжийн амралт гэж байгаа ч ээлжийн амралтын мөнгийг авсан учраас манайх бичилт хийх боломжгүй. Бичилт хийж байгаа тохиолдолд программ тулж байх ёстой. Мөнгө шилжүүлсэн бол бичилт хийх ёстой. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэл төлөлтийг төлүүлэх журмын 2.2-т даатгуулагчид нэгтгэн олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон ээлжийн амралтын олговрыг уг даатгуулагчийн аль сард олгох орлогыг тодорхойлно гэж заасан. Үүнийг 6 сард ногдох орлого байна гэж тодорхойлоод, тайландаа тусгасан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс өмнө шүүх хуралдаан хойшилсны дагуу Орхон аймгийн нийгмийн даатгалын газраас тус шүүхэд Ю.******* нь Орхон аймгийн нийгмийн даатгалын байцаагчаас зөвлөгөө мэдээлэл авсан бөгөөд тухайн үед Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг хангаагүй учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүйг тодорхойлсон. Гэвч нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулах ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр гарсан өдрөөс хойш дөрвөн 7 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын тодор өргөдөл гаргана гэж заасан. Түүнээс энд ямар нэг зөвлөгөө мэдээлэл аваад шийднэ гэж хуульд тусгаагүй. Хуульд тусгасан нь өргөдөл гаргана гэж заасан. Өмнөх хурал дээр өргөдөл гаргасан эсэхийг тайлбарласан болохоос санал авсан эсэхийг тайлбарлаагүй. Хуулийн 9.1 дэх заалтыг хангаагүй бол уг заалт нь өөрөө ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг 24 сараас дээш хугацаанд, ажилгүй болохоос өмнө сүүлийн 9 сар тасралтгүй төлнө гэж заасан. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хугацаа 24 сар. Гэтэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нь 7 сарын шимтгэл төлөгдсөн. Орхон аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тус шүүхэд гаргасан Ю.*******ын нотлох баримт хүргүүлэх тухай 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биеэр Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ажил хайгчаар бүртгэл сэргээлгэсэн. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй гэдэг нөхцөл байдал нь 12 дугаар сарын 05-ны өөр бүртгэл сэргэсэн. Нэхэмжлэгчийн нөхцөл байдалд 24 сар гэдэг нөхцөл байдал байхгүй. Сүүлийн 9 сар гэж байгаа боловч 8 сар хүртэл авсан. Мөн нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж буй Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, хяналтын байцаагч Д.Энхмөнх гэх хүний өргөдөл шалгаж шийдвэрлэсэн тухай гэдэг баримт нотлох баримтаар авагдсан. 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 022 дугаартай өргөдөл ирүүлсэн. 2024 оны 7 дугаар сард 1,965,000 төгрөг, 2,516,921 төгрөгийн гарт олгосон цалин дээр хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмээд, үүнээс 6 сарын тайланд тусгасан 841,076 төгрөгийг хасаж, 7 дугаар сарын амралтын цалинг багцаагаар бодов гэсэн. Багцаагаар гаргасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3,158,940 төгрөг гарч ирсэн. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Эвлэрэх асуудал дээр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаатай байсан, манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа үр өгөөж өгсөн учраас 50 хувиар тохирох боломжтой гэдэг байдлаар тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/, Ю.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-2/, ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарын даргын 2024.08.30-ны өдрийн Б/24-33 дугаартай тушаал /хх-3, 28/, Ю.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5,6/, Ю.*******ын нийгмийн даатгалын дэвтэр /хх-27/, Өргөдөл шалгаж шийдвэрлэсэн тухай /хх-29,30/ тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн итгэмжлэлүүд /хх-10, 11, 20, 32, 39, 65, 71, /, ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-33, 34, 40/, хариуцагчийн хариу тайлбар /хх-81/, 2024.02.02-ны өдрийн ээлжийн амралт авах тухай хүсэлт /хх-82/, ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарын даргын 2024.08.30-ны өдрийн Б/24-33 дугаартай тушаал /хх-83/, 2024.06.03-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарын даргын тушаал /хх-84/, 2024.07.18-ны өдрийн Ю.*******ын хүсэлт /хх-85/, ******* ******* ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын 2024 оны 5, 6, 7 сарын цалингийн хүснэгт /хх-86,87,88,89/, 2024 оны 5, 6 сарын цагийн бүртгэл /хх-90,91/, хариу тайлбар /хх-20/-ыг тус тус хариуцагч нь нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.05.08-ны өдрийн 263 дугаартай албан бичиг /хх-117/, Ю.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-118/, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025.05.09-ний өдрийн 01/270 дугаартай албан бичиг /хх-120/, Хөдөлмөрийн зах зээлийн цахим мэдээллийн нэгдсэн сан /ejob/ системийн бүртгэл /хх-121/, Нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмж авахад шаардагдах бүрдүүлэх материалын жагсаалт /хх-122/-ыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг 3,158,940 төгрөг болгож багасгасан байна.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай байгууллагын буруу байхгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй, мөн хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад өргөдлөө гаргаж өгөөгүй, 2024 оны 6 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж, 7 дугаар сард ажилдаа орсон боловч ажилаа хийгээгүй буюу цалинтай чөлөө хүссэнийг цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэсэн тул нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, 2024 оны 8 дугаар сард ажиллаж, улмаар 8 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа үр өгөөжтэй ажилласан тул нэхэмжлэлийн 50 хувиар тохирох боломжтой гэдэг хүсэл зоригоо илэрхийлсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Нэхэмжлэгч Ю.******* нь ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарт 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хамгаалагчаар ажилд орж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ээлжийн ахлах түгээгчээр ажиллаж байсан болох нь түүний ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр тогтоогдож байна. /хх-27/

 

3б. ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарын хүний нөөцийн албанд Ю.******* нь ээлжийн амралт авах хүсэлтээ 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, Орхон салбарын даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, амралтын цалин олгох тухай тушаалаар 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс ээлжийн амралтыг 29 хоногоор, ээлжийн амралтын цалинг мөн өдрөөс олгохоор шийдвэрлэсэн. /хх-82,84/

 

3в. Ю.******* нь ээлжийн амралтаа 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эдэлж, тэрээр 7 дугаар сарын 18-ны өдөр 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ургийн баярын арга хэмжээнд оролцохоор 10 хоногийн чөлөө олгохыг хүссэн, энэхүү хүсэлтэд ******* ******* ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ю.*******д цалингүй чөлөө олгохоор санхүүд цохолт хийж, тэрээр цалингүй чөлөөгөө эдэлсэн байна. /хх-85/

 

3г. Ийнхүү чөлөө авснаас хойш Ю.******* нь ажилдаа орж, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж, ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарын даргын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/24-33 дугаартай Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарч, 8 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-28/

 

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь заалт, ажилтны өөрийн бичгээр гаргасан хүсэлт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.27, 8.28, 8.29, 15.9 дэх заалтыг тус тус үндэслэн ээлжийн ахлах түгээгч албан тушаалтай Ю.*******ыг ажлаас чөлөөлсөн байна.

 

3д. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь ажил олгогчийн хувиар нэхэмжлэгч /ажилтан/ Ю.*******ын 2024 оны 01, 02, 3, 4, 5, 6, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, харин 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор тогтоогдож байна. /хх-118/

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаартай албан бичигт Юндэндоржийн ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын П.******* байцаагчаас зөвлөгөө мэдээлэл авсан бөгөөд тухайн үед Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг хангаагүй тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй болно гэжээ. /хх-117/

 

4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ю.******* нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй боловч ажил олгогч ******* ******* ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө 2024 оны 7 дугаар сарын төлөлтийг орхигдуулснаас энэхүү зохицуулалтын дагуу эрх үүсээгүй гэх үндэслэлээр Орхон аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчид зөвлөгөө өгч буцаасан байна.

 

4а. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж зааснаар ******* ******* ******* ХХК нь ажилтан Ю.*******ын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж нийгмийн даатгалын санд төлөхөөр байхад 2024 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 2.2-т Ажил олгогч нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож, дараах шаардлагыг хангасан тайланг гаргаж баталгаажуулан ирүүлнэ. Үүнд: 2.2.2-т даатгуулагчид нэгтгэн олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон ээлжийн амралтын олговрыг уг даатгуулагчийн аль сард ногдох орлого болохыг тодорхойлж, тухайн саруудын тайланд тусгах-аар байна.

 

Нэхэмжлэгч Ю.******* нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн байх бөгөөд ажил олгогчийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын даатгуулагчийн цалин 841,076 төгрөгөөс 218,679.76 төгрөгийн шимтгэлийг төлсөн, харин 8 дугаар сард нэхэмжлэгч нь 3-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл ажилласан цалин хөлс гэж 1,743,013 төгрөгийн цалингаас 453,183.39 төгрөгийн шимтгэл төлсөн байна.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч ******* ******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, дээрх журамд зааснаар даатгуулагч Ю.*******ын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон тайлагнаж, төлөхөөр байхад нэхэмжлэгчийг 2024 оны 6 дугаар сараас ээлжийн амралтаа эдэлж, ээлжийн амралт нь 7 дугаар сарын 15-ны өдөр дуусч, мөн өөрийн хүсэлтээр чөлөө авч, улмаар 7 дугаар сард ажилаагүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, төлөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж буй нь үндэслэлгүй, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогчийн зүгээс Ю.*******ын 2024 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар тодорхой арга хэмжээ авсан нь тогтоогдохгүй байна.

 

5. Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаартай албан бичгээс үзвэл Ю.******* нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хүлээн авснаас хойш 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад хандсан байна гэж үзэх үндэслэлтэй.

 

5а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд Ю.******* нь Миний бие ******* ******* ******* ХХК-д ажиллаж байгаад 2024 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн, 7 дугаар сарын амралтын цалинг тус байгууллага нийгмийн даатгалын тайланд оруулж тайлагнаагүйн улмаас 7 дугаар сар тасарсан. Үүний улмаас нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүсээгүй учир ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй. Иймд миний улсад ажилласан жилийг тооцож нийт хэдэн төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авч болох байсан тооцооллыг хийж өгнө үү гэх өргөдлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байх бөгөөд энэхүү өргөдлийн агуулгаас үзвэл ямар хэмжээний ажилгүйдлийн тэтгэмж авч болох байсан тооцооллыг гаргуулахыг хүссэн, харин дээрх хуулийн хугацаандаа өргөдөл гаргаж буй асуудал биш байна.

 

Дээрх өргөдөлд Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч Д.Энхмөнх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн хариуд Ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт ... 41,565 х 76 хоног=3,158,940 төгрөг... гэжээ.

 

6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгоно гээд ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг сараар, тэтгэмж бодох хэмжээг хувиар тооцохоор, 11 дүгээр зүйлийн 11.1-д Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр тооцож олгоно гэж зохицуулжээ.

 

6а. Дээрх тэтгэмжийн хяналтын байцаагч Д.Энхмөнхийн өгсөн өргөдлийн хариуд ... Ю.*******ын Голомт банкны ******* тоот дансны 2024 оны 6, 7 дугаар саруудын дансны хуулганаас шүүж үзэхэд ******* ******* ******* компаниас 6 дугаар сарын 10-нд 1,829,004 төгрөг, 6 дугаар сарын 25-нд 292,875 төгрөг, 7 дугаар сарын 09-нд 395,042 төгрөг, нийт 2,516,921 төгрөг орж ирсэн байна. ...Сүүлийн 9 сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл тооцон, 7 дугаар сард 1,965,000 төгрөг ба 2,516,921 төгрөгийн гарт олгосон цалин дээр ХХОАТ, НДШ нэмж үүнээс 6 сарын тайланд тусгасан 841,076 төгрөгийг хасч 7 дугаар сард тайланг амралтын цалингийн дүнг багцаагаар гаргав, ажилгүйдлийн тэтгэмж бодох цалин хөлс түүнтэй адилтгах орлогын нийлбэр дүн нь 11,222,744 төгрөг..., ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт: 11,222,744/9 сар=1,246,971 /сарын дундаж цалин/, 1,246,971/21өдөр=59,379 /өдрийн дундаж цалин/, 59,379*70%=41,565 /нэг өдөрт олгогдох тэтгэмжийн дүн/, 41,565*76 хоног= 3,158,940 төгрөг /ажилгүйдлийн тэтгэмжийн дүн/ гэжээ. /хх-29,30/

 

6б. Хэрэгт авагдсан Ю.*******ын нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд тэрээр ******* ******* ******* ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр чөлөөлөгдсөн буюу нийт 152 сар 29 хоног тус байгууллагад ажилласан болох нь тогтоогдож байна. /хх-27/

 

Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ю.******* нь улсад 180 ба түүнээс дээш сараар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй юм.

 

Үүнээс үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 180 сараас доош байх тул тэтгэмж бодох хэмжээг 60 хувиар тооцох үндэслэлтэй, дээрх өргөдлийн хариуд заасанчилан 70 хувиар тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.  

 

Мөн дээрх өргөдлийн хариуд нэхэмжлэгчийг 2024 оны 7 дугаар сарын 09-нд 395,042 төгрөгийн цалин хөлс авсан гэх боловч нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч байгууллагаас 7 дугаар сард цалин хөлс аваагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, энэхүү цалин хөлсийг нэхэмжлэгч авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Ажилгүйдлийн тэтгэмж бодох цалин хөлс түүнтэй адилтгах орлогын нийлбэр дүн нь 11,222,744 төгрөгөөс дээрх нэхэмжлэгчийн аваагүй цалин хөлс болох 395,042 төгрөгийг хасч, 10,827,702 төгрөгийн цалин хөлс гэж үзэж, үүнийг хуульд заасан хугацаа болох 9 сард хуваахад сарын дундаж цалин хөлс нь 1,203,078 төгрөг ба үүнийг ажлын 21 хоногт хувааж 57,289.4 төгрөгийн өдрийн дундаж цалин гарч байна. Уг өдрийн дундаж цалингийн 60 хувь нь 34,373.64 төгрөг ба үүнийг 76 хоногоор тооцоход 2,612,396.64 төгрөгийг нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжид авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлээс 546,543.36 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч Д.Энхмөнхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн өргөдлийн хариутай холбоотойгоор Ю.*******ын ажилгүйдлийн тэтгэмжийг багцаагаар гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэхүү баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэл болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүргээ ажил олгогч ******* ******* ******* ХХК нь хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нь хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй хохирсон байх тул мөн зүйлийн 32.2.6-д ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 56,748 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгох нь зүйтэй.

 

8. Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмын дагуу нэхэмжлэгч Ю.******* нь Орхон аймгаас шүүх хуралдаанд цахимаар оролцсон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдэж буй ажиллагаа болон хэргийн материалд шинээр ирсэн баримтыг түүний ******* цахим хаягаар танилцуулах ажиллагааг гүйцэтгэсэн болохыг үүгээр тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас ажилгүйдлийн тэтгэмж 2,612,396.64 /хоёр сая зургаан зуун арван хоёр мянга гурван зуун ерэн зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 546,543.36 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,050 /дөрвөн мянга тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 56,748 /тавин зургаан мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ