Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2021/01271/И |
Дугаар | 212/МА2021/0063 |
Огноо | 2021-09-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 212/МА2021/0063
“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00565 дугаар шийдвэртэй, “Э” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газар , хамтран хариуцагч МЦХ ХК, МХС Төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газарт тус тус холбогдох иргэний хэргийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Холбооны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2019, 2020 онуудын эрчим хүчний дулааны төлбөрөөс дутуу төлсөн 10.433.681 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн Х газар нь 2019 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 4дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9,631,089 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Манай компаний зүгээс “Э” ХК-аас тус шүүхэд хандаж МЦХ ХК, Баян-Өлгий аймгийн Х газар , МХС Төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газарт холбогдуулан 9,631,089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Энэхүү өр нь 2019 оноос 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх бодсон дулааны эрчим хүчний үнэ байсан юм. Дараа нь энэхүү төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орж үлдэгдэл төлбөрийн хэмжээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12,841,454 төгрөг болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 3,210,365 төгрөгөөр ихэсгэж, хариуцагчаас 12,841,454 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Холбооны газрын дарга З.Нургуланы шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “МЦХ ХК-ний салбар болох Баян-Өлгий аймгийн Х газар нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь заалт, МЦХ ХК-ний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэг тус тус заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй этгээд юм.Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Х газар 2008 оноос эхлэн МХС ХК-ний өмчлөлийн байр талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж ашигладаг ба тус гэрээний дагуу түрээсийн байр талбайн түрээс, ашиглалт үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасны дагуу МХС Төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газар нь төлсөөр ирсэн. МЦХ ХК-ний Баян-Өлгий аймгийн Х газар нь нэхэмжлэгч хуулийн этгээд болох “Э” ХК-тай дулааны эрчим хүчээр хангах, хангагдах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй , ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Иймд дээрх үндэслэлийн дагуу “Э” ХК-ний нэхэмжилсэн дулааны эрчим хүчний дулааны төлбөр болох 9,631,089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хамтран хариуцагч МЦХ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Содбаяр, Ж.Азбаяр нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “Нэхэмжлэгч “Э” ХК нь МХС төрийн өмчит ХХК-тай Байгууллага , аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг ба МЦХ ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Х газар тай Дулааны эрчим хүчээр хангах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, эрх эдэлж үүрэг хүлээгээгүй тул МЦХ ХК-ний Баян-Өлгий аймаг дахь Х газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангахгүй.
МЦХ ХК-ний Баян-Өлгий аймаг дахь Х газар нь МХС төрийн өмчит ХХК-ний Баян-Өлгий аймгийн газартай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БӨ/БТТГ/16-01/01 тоот “Байр талбайн түрээсийн гэрээг Мэдээлэл холбоо сүлжээ ХХК, МЦХ ХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан ҮАГLLC20/04-17, MTC-20/248 дугаар “Багц үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр хүчингүй болгож 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны аймаг орон нутгийн холбооны газрын байр талбайн ашиглалт /дулаан/-ын зардлыг тус гэрээгээр зохицуулсан. Дээрх гэрээний дагуу МЦХ ХК нь МХС ХХК-иас түрээсээр эзэмшиж ашигладаг бүх аймаг, орон нутгийн байр талбайн ашиглалт /дулаан/-ын зардлыг МХС ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу МЦХ ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь холбооны салбар нь тус хэргийн хариуцагчаар татагдах үндэслэлгүй мөн нэхэмжлэгч Эрчим-Баян Өлгий ХК-ийн нэхэмжилсэн дулааны эрчим хүчний төлбөр болох 9,631,089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хамтран хариуцагч МХС Төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ерлан шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “Манай компани Э ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэг сард 3.829.807.18 төгрөг буюу халаалт хэрэглэсэн жилийн төлбөрт 30.638.457.40 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Манай компани Э ХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн барагдуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн. МЦХ ХК-ийн Баян-Өлгий аймгийн салбар нь манай компанийн эзэмшлийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч халаалт, дулаан, ус цахилгаан зэрэг хэрэглээний зардлын төлбөрийг төлж байгаагүй болно. Иймд манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00565 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хамтран хариуцагч МХС Төрийн өмчит ХХК-нийн Баян-Өлгий аймгийн Газраас 2019 , 2020 оны эрчим хүчний дулааны төлбөрөөс дутуу төлсөн 10.433.681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газар , хамтран хариуцагч МЦХ ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хамтран хариуцагч МХС Төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00565 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Эрчим Баян-Өлгий ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл 2019 оны 11, 12 дугаар сарын төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй юм. Учир нь манай компани Баян-Өлгий аймгийн Х газар тай 2016 онд ашиглалт үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон байхад гэрээг 2019 он хүртэл үргэлжилсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Эрчим Баян-Өлгий ХК-ийн дулааны төлбөрт 2019 оны 11,12 дугаар сард нэхэмжилсэн 3.210.362 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: “ ... “ЭрчимБаян Өлгий” ХК-аас МЦХ ХК, МЦХ ХК-ийн Баян-Өлгий аймгийн Х газар болон МХС ТӨХХК, МХС ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газарт холбогдуулан 12.841.454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэсний дараа хариуцагч МХС ХХК буюу МХС ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж төлбөрөө бүрэн төлж нэхэмжлэгч “Эрчимбаян Өлгий” ХК-ийг хохиролгүй болгосон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газар , хамтран хариуцагч “МЦХ” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газарт холбогдуулан 2019, 2020 онуудын эрчим хүчний дулааны төлбөрөөс дутуу төлсөн 10.433,681 төгрөг гаргуулахыг тухай нэхэмжлэл гаргаж хариуцагч болон хамтран хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хамтран хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газраас 2019, 2020 оны эрчим хүчний дулааны төлбөрөөс дутуу төлсөн 10.433.681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газар , хамтран хариуцагч “МЦХ” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ерлан эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас хянан хэлэлцэж эхлэхээс өмнө тус шүүхэд нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нь нэхэмжлэгчээс өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах бүрэн эрхтэй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримталж нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус байгууллагын Баян-Өлгий аймгийн Х газар , хамтран хариуцагч “МЦХ” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлдээ татгалзсан байх тул хуульд зааснаар уг маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хуульд зааснаар энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсгийг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2021/00565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газар , хамтран хариуцагч “МЦХ” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газарт холбогдуулан гаргасан “10.433.681 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэг, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220.414 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 66.320 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ