| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0058/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/57 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Ц.Баярмагнай, Ц.Бат-Энэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Баярмагнай, Ц.Бат-Энэрэл нарт холбогдох эрүүгийн 1736000800045 дугаартай, 178/2018/0058/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил сургуульгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-26 тоотод оршин суух, ПП89032114 регистрийн дугаартай, Шаргаахан овогт Цэзэнгийн Баярмагнай,
2.Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй,бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ПП 85042012 регистрийн дугаартай, Шаргаахан овогт Цэзэнгийн Бат-Энэрэл
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Баярмагнай нь 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Тасаг гэх газраас иргэн Р.Цулцогийн эзэмшлийн 1 тооны үхрийг Ц.Бат-Энэрэлтэй бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, яллагдагч Ц.Бат-Энэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Тасаг гэх газраас иргэн Р.Цулцогийн эзэмшлийн 1 тооны үхрийг Ц.Баярмагнайтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрөө төлсөн гэв.
Шүүгдэгч Ц.Бат-Энэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол 850000 төгрөгийг төлсөн гэв.
Шүүгдэгч Ц.Баярмагнай Ц.Бат-Энэрэл нар нь бүлэглэн машин механизм болон уналга буюу морь ашиглан 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Тасаг гэх газраас иргэн Р.Цулцогийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.Цулцогийн өгсөн: Манайх Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр Тасаг гэх газарт өвөлжиж байхад 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө манай нэг тооны үхэр бэлчээрээс алга болсон.Тухайн үед хайгаад олохгүй болохоор нь Мянгад сумын цагдаагийн тасагт бүртгүүлсэн.Манай үхэр нас гүйцсэн,улаан зүсмийн баруун чих шуурхай имтэй,зүүн эвэр нь улаан шар будагтай эр үхэр байсан.Ц.Бат-Энэрэл,Ц.Баярмагнай нар нь надад учруулсан хохирлыг бүрэн төлсөн тул одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх 24-25/
Шүүгдэгч Ц.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: 2018 оны 02 дугаар сарын эхээр Ховд аймгаас Ц.Бат-Энэрэл ахынд ирээд байж байтал Ц.Бат-Энэрэл ах утасдаад “ 1 тооны үхэр аваад ирж байна, машин аваад ир” гэсэн.Би машиныг нь аваад урдаас нь тосоод Ховд гол дагаад явж байтал улаан зүсмийн үхэр туугаад ирсэн.Энэ юун үхэр бэ гэхэд “хулгайлж ирсэн” гэж хэлсэн.Бид хоёр тэр үхрийг Мянгад сумын Цагаанбулан багийн Хонгорж гэх газарт аваачиж нядлаад машинд махыг нь ачаад би тэр орой нь Ховд аймгийн төв рүү оруулаад маргааш өглөө нь Хан жаргалант хиамны цехэд килограммыг нь 2500 төгрөгөөр бодож 150 кг махыг 375000 төгрөгөөр өгсөн.Би уг махыг Ц.Бат-Энэрэлийн өөрийнх 40-43 УБВ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн машинаар Ховдод оруулж ирсэн. Тэр машин манай дүү Ц.Доржсүрэнгийн нэр дээр байдаг.Тухайн үед цагаан сар болох гээд мөнгө төгрөгний хэрэгцээ гараад хулгайлсан гэх мэдүүлэг /хх 10-11/
Шүүгдэгч Ц.Бат-Энэрэл мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:Би 2017 оны 02 дугаар сарын 4-5-ны өдрийн үед адуу мал хайж явтал Мянгад сумын Цагаанбулан багийн Шаазантын гол гэх газарт хэсэг үхэр таараад нас гүйцсэн 1 тооны улаан зүсмийн эр үхрийг ганцаараа барьж аваад хулгайлаад, мориор туугаад Цагаанбулан багийн Хонгорж гэх газар ирээд өөрийн дүү Ц.Баярмагнайтай утсаар яриад машин асаагаад ир гэж дуудсан.Тэр шөнөө бид хоёр уг үхрээ нядлаад Ц.Баярмагнай үхрийн махаа аваад Ховд аймгийн төв оруулж зарахаар миний машинтай ганцаараа явсан.Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Ц.Баярмагнайтай уулзахад хиамны цехэд зарчихлаа гээд надад 200000 төгрөг өгсөн.Тухайн үедээ хэний үхэр гэдгийг мэдээгүй, үхрийг нядалсны дараа Р.Цулцог гэх хүн үхрээ алдаад хайж байна гэдгийг мэдсэн.Нэг удаа хулгай хийж үзье гэж бодоод хулгайлсан.Хөх өнгийн 43-40 УБВ улсын дугаартай Портер маркийн машиныг хотоос манай дүү худалдаж авч өгсөн, дүү Ц.Доржсүрэнгийн нэр дээр байдаг гэх мэдүүлэг /хх 12-13/
Мал үнэлсэн тухай тайланд: Нас гүйцсэн 1 тооны үхэр 850000 төгрөг гэх үнэлгээ /хх -27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь төрсөн ах дүүгийн холбоотой бөгөөд цагаан сар болох гээд мөнгөний хэрэгцээ гарсны улмаас бүлэглэн мөнгө олох зорилгоор бусдын үхэр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Баярмагнай,Ц.Бат-Энэрэл нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Баярмагнай,Ц.Бат-Энэрэл нар нь тээврийн хэрэгсэл, уналга ашиглан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Баярмагнай, Ц.Бат-Энэрэл нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх 60-61/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Р.Цулцогийн “ надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул хохирол гомдолгүй” /хх99/ гэх хүсэлт, Р.Цулцогийн дансанд Ц.Баярмагнай,Ц.Бат-Энэрэл нараас 850000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар гэрч Б.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ц.Баярмагнай 2010-2011 онд Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан.Бид хоёр 2012 онд гэр бүл болсон.Одоо 5-6 насны хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-26 тоотод амьдарч байна. Манай нөхөр Ц.Баярмагнай дулааны улиралд цахилгааны шугамын ажил хийж амьдралаа авч явдаг, би дэлгүүрт зогсдог, манай амьдралын түвшин дундаж гэх мэдүүлэг / хх14-15/
Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ц.Бат-Энэрэл нь миний аав Баяртайгийн төрсөн дүү нь юм. Ц.Бат-Энэрэл үг дуу цөөтэй хүн.Мянгад сумын дунд сургуулийн 4-р ангиас сургуулиас гарсан, муу уншиж, бичдэг.Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөгөөд 2011 онд эхнэр Цагаанбилэгтэй гэр бүл болсон.Одоо Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх-18/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Бат-Энэрэл, Ц.Баярмагнай нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 92-55 ХОҮ улсын дугаартай Портер маркийн автомашин 3.000.000 төгрөг, 1 тооны морь 800.000 төгрөгний үнэлгээтэй болох нь хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-45/ хавтаст хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Бат-Энэрэлийн эзэмшлийн Портер маркийн автомашин, 1 тооны морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлсөн 850000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Баярмагнайгийн эзэмшлийн Алтизза маркийн 45-30 ХОҮ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/40 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож,шүүгдэгч Ц.Бат-Энэрэлийн эзэмшлийн 92-55 ХОҮ улсын дугаартай Портер маркийн автомашин, 1 тооны морь битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5/41 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шаргаахан овогт Цэзэнгийн Бат-Энэрэл, Шаргаахан овогт Цэзэнгийн Баярмагнай нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Шаргаахан овогт Цэзэнгийн Бат-Энэрэл, Шаргаахан овогт Цэзэнгийн Баярмагнай нарт хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Энэрэлийн эзэмшлийн 3.000.000 төгрөгний үнэлгээтэй 92-55 ХОҮ улсын дугаартай Портер маркийн автомашин, 800.000 төгрөгний үнэлгээтэй 1тооны морийг тус тус хурааж, хохиролд төлсөн 850000 төгрөгийг хасаж, нийт 2.950.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
4.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Баярмагнайгийн эзэмшлийн Алтизза маркийн 45-30 ХОҮ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/40 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бат-Энэрэлийн эзэмшлийн 92-55 ХОҮ улсын дугаартай Портер маркийн автомашин, 1 тооны морь битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5/41 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
5.Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form