Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/531

 

 

 

 

 

 

  2024               5            07                                         2024/ДШМ/531

 

 

Э.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.М,

шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Х.С,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Х.С-ын гаргасан давж заалдах гомдлоор Э.О-д холбогдох ................................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.О нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө .......... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” гэх нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Ч.Э-ийн өмчлөлийн .......... загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 827.820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хориглосон хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Х.С-ын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул анхан шатны түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Х.С-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.О нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнө ..............дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” гэх нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Ч.Э-ийн өмчлөлийн ............... загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 827.820 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Э-ийн “...Би найз Б.О, Э.О нарын хамт шөнийн цэнгээний газарт орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тооцоогоо хийх гэж тухайн газрын зөөгчид гар утсаа өгөөд гар утасны код, интернэт банкныхаа кодыг өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.О-т гар утсыг маань зөөгчөөс авчих гэж хэлээд явуулсан чинь Б.О нь зөөгч дээр оччихоод буцаж ирээд Э.О-ийг авсан гэж зөөгч эмэгтэй хэлж байна гэхээр нь би Э.О-с гар утсаа асуусан чинь би аваагүй, чи анх зөөгчид өгсөн биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамгаалагч залуугаар нь камер шүүлгэсэн чинь шөнийн цэнгээний газрын текен дээрээс миний гар утсыг аваад бэлэн мөнгөөр тооцоогоо хийж байгаа нь харагдсан. Тэгээд шууд Э.О-с чи авсан байна шүү дээ гэсэн чинь Э.О би аваагүй гээд зүтгээд байсан. Тэгээд би дахиад Б.О-тай камер шүүж байсан чинь Э.О гараад явсан байсан. ...” /хх 17, 19-20/,

гэрч Ч.И-ийн “...тэр эмэгтэй эргэж очоод зөөгч охинд гар утас өгсөн гээд надаас гар утсаа алдсан гэх эгчийн өөр нэг найз ирээд надаас гар утсаа нэхэхээр нь би нөгөө гарч явсан найзад чинь өгсөн гэж хэлсэн. ...” /хх 26/,

гэрч Б.О-ийн “...тооцоо хийх болсон. Э-ийн дансанд 50.000 байгаа, О надад 60.000 төгрөг гээд тэр 2 тооцоо хийх гээд явчихсан. Нэг харсан Ч.Э бүжиглээд, нөгөө О болохоороо текэн дээр очоод, ирж суугаад л, гарч гүйгээд байсан. Тэгснээ нэг ирэхээр нь “Ч.Э-ийн гар утсыг өгөөдөх” гэсэн чинь юу яриад байгаа юм өөрт нь байгаа гэхээр нь би Ч.Э-г шууд дуудаад гар утас чинь хаана байна гэсэн зөөгч, О 2 аваад явсан гэж хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаад байхаар нь би зөөгчийг дуудсан. Тэгсэн О руу заагаад гар утас энэ хүн авсан гэсэн. Тэгээд О гэх эмэгтэй орилоод хашхираад, бид хоёрыг ёс бус үг хэллэгээр доромжлоод, намайг цагдаа дуудлаа гэсэн чинь О өөрийн эд зүйлсээ аваад гараад явчихсан. Тэгээд бид хэд хяналтын камер шүүхэд О гэх эмэгтэй Ч.Э-ийн гар утсыг авч байсан. ...” /хх 22/ гэх мэдүүлгүүд,

“гар утсыг 827.820 төгрөгөөр үнэлсэн. ...” гэсэн Дамно хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /хх 28-29/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13-14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 65-68/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Э.О-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Х.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ