Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2021/0064

 

Н.С гийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00614 дугаар шийдвэртэй, Н.С гийн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, хүсэлт гаргагч Н.С , хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт байршилтай Хосхарагай гэх газрын хавцлын Харасайн ам дахь өвөлжөө буюу малын тал саран саравчтай модон дээвэртэй чулуун хашааны болон мөн уг өвөлжөө, хашааг эзэмших тухай гарсан Ногооннуур сумын Ачит-Алхабы хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн хурлын тогтоол, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Өвөлжөө хаваржааг хувьцаа эзэмшигчдэд худалдан эзэмшүүлэх тухай 4 тоот хурлын протокол, Хашааны үнэ гэж 1988 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Ачит-Алхабы ХК-ийн захирал Нусивийн Сомагийн 220000 төгрөг тушаасан 2 тоот орлогын ордерын жинхэнэ эзэмшигч нь Н.С  мөн болохыг тус тус тогтоолгох тухай.

 

Хүсэлтэд: “Н.С  би одоо 80 настай бөгөөд дээд боловсролтой мал аж ахуй, агрономч мэргэжилтэй юм. 1963 онд ХАА Дээд сургуулийг энэ мэргэжлээр төгсөн ирж тус аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд агрономч мэргэжилтнээр томилогдон ажилласан. 1970 онд Партизан нэгдэлд тэжээлийн аж ахуйн фондыг мөн албыг шинээр байгуулж эхэлсэн бөгөөд би тус тэжээлийн аж ахуйг шинээр барилцаад 1971 онд тус тэжээлийн аж ахуйн даргаар ажилласан. Тэжээлийн аж ахуй нь трактор, комбайн, тариалан, хадланг эрхлэн явуулах хөдөө аж ахуйн техник хэрэгсэлтэй хадлан авах талбайтай, өөрийн гэсэн малтай, өвөлжөө хашаа саравч амбаар, байшинтай зэрэг хөрөнгө хогшилтой байлаа. Улсын хэмжээнд болсон зах зээлийн жамаар бүх нэгдлүүд 1990 оноос 1992 онуудад хувьд хувьчлагдан, түрээс аж ахуйн нэгж болон тарж бутрахад тус тэжээлийн аж ахуй нь 1992 онд нэгдлээс салж бие даасан Ачит-Алхабы хувьцаат компани болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба би тус компанийн гишүүн нь байсан. Зарим гишүүд хувьцаагаар техник хэрэгсэл, машин, мал зэргийг авсан.Энэ үед манай компани нь бусдад өгөх өр төлбөрөөс болж үйл ажиллагаагаа явуулах ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй болж дампуурсан. Ачит-Алхабы ХКомпани нь өөрийн эд хөрөнгийг компанийн гишүүд, хувьцаа эзэмшигчдэд 1997 оны эцсээр худалдаж эхэлсэн ба олсон мөнгөөр компанийн зээлийг төлсөн. Хөрөнгө худалдаж эхлэхэд би Хос харагай гэх газрын Харасайн ам дахь малын тал саран саравчтай, модон дээвэртэй чулуун хашаа мөн өвсний чулуун хашаа зэрэг тус өвөлжөөг тухайн үеийн “Ачит-Алхабы" ХКомпаниас тогтоосон үнэ болох 220.000 төгрөгийг 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Ачит-Алхабы” ХКомпанийн няравт тушааж мөнгө авсан тухай 02 тоот орлогын ордерыг бичүүлж байгаад хувьдаа худалдаж авсан юм. Энэ өдрөөс эхлэн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутгийн Харасайн ам дахь өвөлжөө буюу өвөлжөөнд багтах өвлийн нэг өрөө сууц 1, малын тал саран саравчтай модон дээвэртэй чулуун хашаа мөн өвсний чулуун хашаа зэргийг би хувьдаа эзэмшиж, тэр өвөлжөөндөө одоо хүртэл хүүхдүүдтэйгээ хамт мал маллан оршин сууж амьдарч байна. Энэ өвөлжөөний 700 метр.кв газрын эзэмшил бага хүү С.Еркинбекээс шилжиж хүү С.Жанарбект очсон байгаа. Эзэмшлийн гэрчилгээний дугаар нь 000683558 юм. Өвөлжөөний нэг өрөө өвлийн сууцыг хүү С.Еркинбект өвлүүлсэн бөгөөд хүү С.Еркинбек нь өөрийн нэр дээр 000062952 дугаарын өмчлөх гэрчилгээг авсан. Харин өвөлжөөний малын саран тал саравчтай модон дээвэртэй чулуун хашааг өөрийн нэр дээр эзэмшил нь мөн гэж; тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаад байна. Ногооннуур сумын засаг даргад өргөдөл өгч малын саравчтай хашааны эзэмшил гэрчилгээ авахаар хандахад урьд өмнө малын саравчтай болон бусад хашаанд эзэмшлийн гэрчилгээ олгож байгаагүй, мөн бидэнд иргэд, малчид хашаа эзэмшүүлэх гэж өргөдөл өгч байгаагүй тул өгөх боломжгүй гэж хариу өгсөн. Энэ хашааг тухайн үед би Партизан нэгдэлд агрономич, дараа нь тэжээлийн аж ахуйд ажиллаж байхад нэгдлээс хөрөнгө мөнгө гаргаж туслах бригадын ажилчдаар бариулж байсан ба “Ачит-Алхабы” ХХКомпани болох үед нь үнэ 220.000 төгрөгийг нь төлж авсан миний өмч хөрөнгө мөн болохоор уг хашааны эзэмшигчээр өөрийгөө мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.Би өндөр настай хүн болохоор энэ хашааг хэзээ нэгэн цагт аль нэг хүүхдэдээ өвлүүлэх зорилго агуулж байгаа тул эрхэм Шүүгч зөвөөр ойлгон уу. Иймд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт байршилтай Хосхарагай гэх газрын хавцлын Харасайн ам дахь өвөлжөө буюу малын тал саран саравчтай модон дээвэртэй чулуун хашааны болон мөн уг өвөлжөө, хашааг эзэмших тухай гарсан Ногооннуур сумын Ачит-Алхабы хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн хурлын тогтоол, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Өвөлжөө хаваржааг хувьцаа эзэмшигчдэд худалдан эзэмшүүлэх тухай 4 тоот хурлын протокол, Хашааны үнэ гэж 1988 оны 02 дугаар сарын 20-ний өдөр “Ачит-Алхабы” ХК-ийн захирал Нусивийн Сомагийн 220000 төгрөг тушаасан 2 тоот орлогын ордерын жинхэнэ эзэмшигч нь Н.С  мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00614 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Молхы овгийн Нусивийн Сомагийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт байршилтай Хосхарагай гэх газрын хавцлын Харасайн ам дахь өвөлжөө буюу малын тал саран саравчтай модон дээвэртэй чулуун хашааны болон мөн уг өвөлжөө, хашааг эзэмших тухай гарсан Ногооннуур сумын Ачит-Алхабы хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн хурлын тогтоол, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Өвөлжөө хаваржааг хувьцаа эзэмшигчдэд худалдан эзэмшүүлэх тухай 4 тоот хурлын протокол, Хашааны үнэ гэж 1988 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Ачит-Алхабы ХК-ийн захирал Нусивийн Сомагийн 220000 төгрөг тушаасан 2 тоот орлогын ордерын жинхэнэ эзэмшигч нь Н.С  мөн болохыг тус тус тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга: “Хүсэлт гаргах үндэслэл бол Н.С  би 1998 оны 02 дугаар сарын 20-нд хүсэлтэд дурдагдсан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын "Ачит-Алхабы" нэртэй малын тэжээл, тариалан бэлдэх зориулалттай Хувьцаат Компанийг өр төлбөрт орж дампуурч гишүүддээ худалдагдах үед тус компаны гишүүн болох би Ногооннуур сумын 7 дугаар багт байршилтай "Хосхарагай" гэх газарт уулын хавцал "Харасайн ам" дахь "Ачит-Апхабы" ХХК- ны хөрөнгө болох малын өвөлжөөг буюу мал өвөлжүүлэх тал саравчтай чулуун хашаа, өвлийн сууц байшин, өвсний хашаа зэргийг компаны удирдах зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлж нийт үнэлгээ тэр үеийн ханшаар 220000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэр өвөлжөөний газрыг том хүү /хоёр хүүтэй/ С.Жанарбекийн нэр дээр өвлүүлэн гэрчилгээ авч өгсөн ба өвлийн сууцыг отгон хүү С.Еркинбек нэр дээрээ өмчлөх гэрчилгээ авсан. Тэр газарт С.Еркинбек нь надтай хамт амьдарч мал маллаж байгаа. Хамгийн гол нь Социализмын үед баригдсан дахин сэргээн засварласан 1000 бог, бодын төл багтах, чулуугаар баригдсан хэсэг нь модоор дээвэрлэгдсэн төл багтах чулуугаар баригдсан, том хэмжээтэй малын хашааг эзэмшил өмчлөлд бүртгүүлэх гэхэд сум орон нутаг болон үл хөдлөх хэлтсээс "Хашааг бүртгэхгүй тийм практик байхгүй" гэхээр нь би уг өвөлжөөг авсан бичиг баримтуудыг Н.С  минийх мөн гэж тогтоолгохоор Анхан Шатны Шүүхэд хүсэлт гаргасан юм. Ногооннуур сумын Засаг дарга, газрын даамал зэрэг нь:-"Та бичиг баримтуудаа А.Сомагийнх мөн гэж тогтоолгож ирвэл бид тал саравчтай малын хашаанд эзэмшил өгье!. Таны эдгээр гаргаж өгөөд байгаа бичиг баримтууд нь дээр үеийн хэлбэр, байдлаар бичигдсэн, одоогоор хүчин төгөлдөр баримт болох шаардлагыг хангахгүй байна. Зарим нь хуучирч, урагдсан хэсэг газар нь танигдахгүй зэргээр муудсан тул" Та Шүүхээр баримт бичгийн эзэмшигч нь Н.С  мөн болно гэж тогтоолго!" гэснээр хүсэлт өгсөн билээ. Нэгэнт Сумын Засаг дарга, эд хөрөнгийн бүртгэгч, Улсын бүртгэлийн байцаагчид баримтуудыг минь үнэлэхгүй байгаа болохоор Шүүхээр үнэлүүлнэ гэж Шүүхэд итгэж өгсөн. Миний хоёр хүүгийн хүүхдүүдийн нэгэнд нь уг тал саравчтай малын хашааг хожим маргаан болгохгүйгээр өвлүүлчих санааг 90 дөхсөн өвгөн би бодсон юм.

Иймд Давж Заалдах Шатны Шүүх нь миний хүсэлттэй холбогдуулан гаргасан дээрх шаардлагад бичигдсэн газарт байгаа малын тал саравчтай чулуун хашааг буюу өвөлжөөг худалдаж авсан тухай 1997, 1998 онуудын хуучирсан бичиг баримтууд нь иргэн Н.С  минийх мөн гэж тогтоож хүсэлтийн шаардлагыг хангаж Анхан Шатны Шүүхийн 130/ШШ2021/00614 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.С  нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт байршилтай Хосхарагай гэх газрын хавцлын Харасайн ам дахь өвөлжөө буюу малын тал саран саравчтай модон дээвэртэй чулуун хашааны болон мөн уг өвөлжөө, хашааг эзэмших тухай гарсан Ногооннуур сумын Ачит-Алхабы хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн хурлын тогтоол, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Өвөлжөө хаваржааг хувьцаа эзэмшигчдэд худалдан эзэмшүүлэх тухай 4 тоот хурлын протокол, Хашааны үнэ гэж 1988 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Ачит-Алхабы ХК-ийн захирал Нусивийн Сомагийн 220000 төгрөг тушаасан 2 тоот орлогын ордерын жинхэнэ эзэмшигч нь Н.С  мөн болохыг тус тус тогтоолгох тухай хүсэлт гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад нэхэмжлэгч Н.С гийн хүсэлтийн шаардлага болох “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт байршилтай Хосхарагай гэх газрын хавцлын Харасайн ам дахь өвөлжөө буюу малын тал саран саравчтай модон дээвэртэй чулуун хашааны болон мөн уг өвөлжөө, хашааг эзэмших тухай гарсан Ногооннуур сумын Ачит-Алхабы хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн хурлын тогтоол, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Өвөлжөө хаваржааг хувьцаа эзэмшигчдэд худалдан эзэмшүүлэх тухай 4 тоот хурлын протокол, Хашааны үнэ гэж 1988 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Ачит-Алхабы ХК-ийн захирал Нусивийн Сомагийн 220000 төгрөг тушаасан 2 тоот орлогын ордер” зэрэг баримтуудад бичигдсэн Н.С  гэдэг нэр нь хүсэлт гаргагч  Н.С гийн Монгол улсын иргэний үнэмлэхэд бичигдсэн эцгийн болон өөрийн нэртэй тохирч байгаа нь тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт нь хөндлөнгийн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх ийм агуулга бүхий дүгнэлт хийх шаардлагагүй байжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх”-ийг тогтоохоор зааснаас үзэхэд хүсэлт гаргагч Н.С гийн нотлох баримтуудаар гаргаж өгсөн Ачит-Алхабы хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн хурлын тогтоол, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Өвөлжөө хаваржааг хувьцаа эзэмшигчдэд худалдан эзэмшүүлэх тухай 4 тоот хурлын протокол, Хашааны үнэ гэж 1988 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Ачит-Алхабы ХК-ийн захирал Нусивийн Сомагийн 220000 төгрөг тушаасан 2 тоот орлогын ордер зэрэг баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн “...Шүүх нь Н.С  миний тус хүсэлтийн шаардлагад холбоотой шүүхэд гаргаж өгсөн  баримт бичгүүдийг хөндлөнгийн бичиг баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Хэрэг дотор дээрх бичиг баримтуудыг  Сомагийнх  биш гэж нотолсон нэг ч баримт алга байхад шүүх хөндлөнгийн  гэх ямар бичиг баримтуудыг бичсэнийг ойлгохгүй байна...” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, хэрэгт авагдсан 3 төрлийн баримт бичигт дурдагдсан Н.С гийн эцгийн нэр, нэр нь түүний иргэний үнэмлэх дэх нэртэй тохирч байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

               

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                     

 

Д.КӨБЕШ