2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04042

 

 

 

 

 

 


  2025     05         08                            191/ШШ2025/04042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, П ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 давхарт байрлах, М ХХК /РД:000000/-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 271,800,000 төгрөг, алдангид 135,890,000 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний зардалд 101,371,910 төгрөг, нийт 509,061,910 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Р.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,  Э.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Манай компани нь М ХХК-тай 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний хүрээнд үүссэн нөхөн төлбөрийн асуудлаар даатгалын брокер C ХХК-иар дамжуулан 2022 оны 06 сарын 08-ны өдөр даатгагчид мэдэгдэн, хамтарсан уулзалтыг 2022 оны 06 сарын 23-ны өдөр зохион байгуулж, мөн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 22/88 тоот Хохирол барагдуулах тухай хүсэлт-ийг гаргасан болно. Уг асуудалд М ХХК-иас 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 03/12-136 тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг ирүүлсэн тул 2023 оны 04 сарын 11-ний өдөр 23/79 тоот Хариуг хүргүүлэх тухай албан бичгээр дахин хүсэлт гаргасан бөгөөд даатгагч 2023 оны 04 сарын 18-ны өдрийн 03/12-557 Хариу хүргүүлэх тухай албан бичгээр өмнө гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж байгааг мэдэгдсэн. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд 2023 оны 04 сарын 26-ны өдөр 23/89 тоот албан бичгээр гомдол гаргасан ба тус хорооноос 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 3/2186 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр ...даатгагч байгууллага нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн тул ийнхүү шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Дээр дурдсанчлан манай компани нь М ХХК-тай 2022 оны 04 сарны 06-ны өдөр 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан.

Гэрээний хугацаанд даатгалын тохиолдол үүссэн буюу нэхэмжлэгч компанийн борлуулалт ложистикийн менежер ажилтай Т овогтой Б-ийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас харилцагч Оюу толгой ХХК-иас зөөн тээвэрлүүлж буй ачаанд нэмэлт зардал, төлбөр үүссэн болно.

Ажилтан Т.Б нь Герман дахь агент болох RTSB-г тээврийн нөхцөл болон бусад мэдээллүүдээр шуурхай өгч чадаагүй, Port handling agent-ын талаар мэдээлэл өгч чадаагүй, тээврийн нөхцөлийг солихдоо буруу мэдээлэл (40ft 2 containers-г 20ft container гэж буруу мэдээлэл өгсөн) өгч буруу үнэ санал судлуулж хугацаа алдсан, Hamburg port дээр чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал гарч байгааг тооцоолоогүй зэрэг мэргэжлийн үйл ажиллагааны алдаа дутагдал болон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан. Улмаар тэрээр COSCO Shipping (Hamburg) Line-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал гарч байгааг 2022 оны 06 сарын 07-ны өдөр компанийн удирдлагад мэдэгдсэн байдаг.

Манай компани нь COSCO Shipping (Hamburg) Line-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардалд 2023 оны 01 сарын 26-ны өдөр EUR45000-174,555,000 төгрөг, 2023 оны 01 сарын 27-ны өдөр EUR25000-97,225,000 төгрөг, нийт EUR70,000 буюу 271,780,000 төгрөг төлсөн болно. Иймд уг 70,000 евро буюу 271,780,000 төгрөгийг Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-нд заасан журмын дагуу нэхэмжилж байна.

Даатгалын компаниас нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлын улмаас үүсч байгаа хохирлын хэмжээг багасгах, асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор Герман улс дахь "Rotthege хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авч ажилласны үндсэн дээр 164,308,80 еврогийн зардлыг 70,000 евро болгон багасгуулсан болно.

Талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 22201/340 дугаартай "Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.1.4-т даатгагч "Даатгалын тохиолдол бий болсоны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө" гэж заасан.

Иймд Герман улс дахь "Rotthege" хуулийн компаниас авсан хууль зүйн зөвлөх үйлчилгээний төлбөр зардал болох 27,567.84 евро буюу 101,371,910 төгрөгийг (Монгол банкны 2024 оны 05 сарын 29-ний өдрийн албан ханш) хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Даатгалын тохиолдол бий болсоны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний зардал буюу хуулийн зөвлөх үйлчилгээний зардал 101,371,910 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 22201/340 дугаартай "Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ"-ний 10 дугаар зүйл /Гэрээний хариуцлага, нууцлал/- ийн 10.3-т "Даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авсан болохоо даатгуулагчид мэдэгдэж хариу өгсөнөөс хойш гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож олгоно.", мөн 8.8-д заасны дагуу Даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэлийг ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэж нөхөн төлбөрийг олгоно" гэж тус тус заасан байдаг.

"М" ХХК-иас хүссэний дагуу 2023 оны 01 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс сүүлийн материалыг илгээсэн бөгөөд даатгагч 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 03/12-136 тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай" албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн.

"М" ХХК нь 2023 оны 02 сарын 06-ны өдрөөс хойш 2024 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүйгээр 271,780,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохгүй 625 хоног хугацаа хэтрүүлсэн тул хоногт 0.5 хувийн алданги буюу 1,358,900 төгрөг, нийт 849,312,500 төгрөгийн алданги бодогдсон байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 22201/340 дугаартай "Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-ний алданги 135,890,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Манай компанийн Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээний дагуу нөхөн төлбөр 271,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 444 дүгээр зүйл /Хариуцлагын даатгал/-ын 444.1-д Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй, 444.3-т Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна, 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 22201/340 дугаартай Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-ний 7 дугаар зүйл /талуудын эрх, үүрэг/-ийн 7.1.4-т Даатгагч даатгалын тохиолдол бий болсоны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртөгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх, 7.2.3-т Даатгуулагч даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол бий болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах, 8 дугаар зүйл /Даатгалын нөхөн төлбөр олгох, тооцох нөхцөл/-ийн 8.10-т "Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө Даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж болсоны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга Даатгуулагчид нөхөн төлнө. гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний зардал 271,780,000 төгрөгийг гаргуулах" болгон өөрчилсөнийг тодруулж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдаж байсанчлан тус зардал нь манай компани COSCO Shipping (Hamburg) Line-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардалд 2023 оны 01 сарын 26-ны өдөр EUR45000 - 174,555,000 төгрөг, 2023 оны 01 сарын 27-ны өдөр EUR25000 - 97,225,000 төгрөг, нийт EUR70,000 буюу 271,780,000 төгрөг төлсөн төлбөр болно.

Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:" гэж, мөн хэсгийн 9.1.8-д "даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгуулагчид нөхөн төлөх гэж, Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.3-т "Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна гэж заасны дагуу даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд авсан арга хэмжээний зардал буюу Cosco shipping (Hamburg) Line-д чингэлгийн болон талбайн түрээсийн зардалд нийт 271,780,000 (EUR 70,000) төгрөгийг болон ХБНГУ-ын Роттеж Хуулийн фирм хөлсөлсөн зардал болох 27,567.84 евро буюу 101,371,910 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээний 8.8-д Даатгагч нь нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэлийг ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэж нөхөн төлбөрийг олгоно" гэж, мөн гэрээний 10.3-т Даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээж авсан болохоо даатгуулагчид мэдэгдэж хариу өгснөөс хойш гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож олгоно" гэх хэсэг болон Иргэний хуулийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй." гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээний алдангийг 2023 оны 02-р сарын 06-ны өдрөөс 2024 оны 10-р сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 135,890,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч М ХХК-иас нийт 509,061,910 /таван зуун есөн сая жаран нэгэн мянга есөн зуун арван/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч П ХХК /Н ХХК/ нь манай компаниас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 271,780,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: П ХХК /Н ХХК/ нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22201/340 дугаар "Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ"-г 1 /нэг/ жилийн хугацаатай байгуулсан байна

П ХХК /Н ХХК/-ийн ачааний тээвэрлэлт 2021 оны 09 сарын 27-ны өдөр Австрали улсаас хөдөлж 2022 оны 03 сарын 01-ний өдөр Герман улсын Hamburg port-хүрч тэндээс Монгол улс руу ачигдан хөдлөх үед хугацаа алдсан гэж даатгагчид 2022 оны 06 сарын 08-ны өдөр и-мэйл илгээн мэдэгдсэн, 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 23/68 дугаар албан бичгээр "... О ХХК-д учирсан нийт хадгалалтын болон чингэлэг түрээсийн 150,000 еврогийн зардлаас хариуцлагын гэрээ байгуулснаас хойш мөн өмнө албан бичгээр мэдэгдсэн өдөр (2022 оны 07 сарын 08) хүртэлх буюу 2022 оны 4 сарын 12-аас 2022 оны 05 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан 2 чингэлгийн хадгалалт, түрээсийн зардал болох 33,540 еврог нөхөн төлж хохирлыг барагдуулахыг хүсье гэж хүсэлт ирүүлсэн.

Даатгуулагч дээр дурдсан үйл баримттай холбогдуулан ирүүлсэн чингэлэг хүлээн авах, дамжин өнгөрүүлэх тээврийн баримт бичиг болон захиалга өгөх, тээвэрлэлттэй холбоотой и-мэйлүүдэд "... ачааг Aust Singapore German (Hamburg) UB гэсэн маршрутаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингээд 03 сарын 01-ний өдөр ачаа Нamburg port-д хүрч тэндээс ачааг Монгол руу гаргахаар RTSB-тэй харилцаж эхэлсэн.... энэ үеэс менежер Билгүүн port handling agent гэж юу болох, түүний холбогдох хаяг, буруу зөрүү хаяг явуулсан зэргээс шалтгаалж 2 талд үл ойлголцлууд үүсч хугацаа алдаж эхэлсэн.... Ингээд нөгөө талд зөв цэгцтэй мэдээллүүд өгч чадалгүй явсаар 4 сар гарч... Одоогоор 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх өдрийн 48,300 орчим еврогийн төлбөр үүссэн байгаа... гэж, мөн Cosco Shipping Line-ийн нэхэмжлэхэд дурдсан хугацаа зэргээс харахад даатгуулагчийн ажилтны мэргэжлийн алдаа нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл тус ачаа ХБНГУ-ын Ханбург боомтод 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 12-ны өдрийн хугацаанд гаалийн талбайд үнэгүй байж, 2022 оны 03 сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл нийт 142 хоног хэтрэлттэй контейнерын төлбөр гарсан нь Cosco Shipping Lines-ийн 306 2801858 дугаар нэхэмжлэлээр тогтоогдож байна. Эдгээр үйл баримтууд нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.4-т Даатгалын хугацаа гэж заасны дагуу дээрх гэрээний хугацаанд хамаарахгүй бөгөөд 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-г байгуулсан өдрөөс хойшхи хугацаанд үүссэн эрсдэлд даатгагч үүрэг хүлээх ба даатгалын гэрээ байгуулагдаж гэрээний хамгаалалт үйлчилж эхлэхээс өмнө тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдсон.

Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн байгаа аюул учруулах буюу байдал түүнчлэн гэрээ байгуулсанаас хойш бий болсон ийм нөхцөлд байдлын талаар даатгагчид нэн баруй мэдээллэх үүрэгтэй гэж заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгуулагч гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мөн даатгалын хураамжийг гэрээ байгуулсанаас хойш 3 хоногийн дотор эхний 50 хувь, үлдэгдэл 50 хувийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эхний 50 хувь болох 4,250,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 50 хувь буюу 4,250,000 төгрөгийг тус тус брокер "К ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 470020237 тоот төгрөгийн дансанд төлсөн нь Иргэний хуулийн 437 дугаар зүйл 437.2-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж тус тус заасны дагуу даатгагчид нөхөн төлбөр олгох үүрэг хууль болон гэрээний дагуу үүсээгүй байна.

Иймд дээр дурдсан шалтгаан, үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ачаа тээвэрлэлтийн асуудлаар Герман дахь хуулийн компаниас хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авч 164,308.80 еврогийн зардлыг 70,000 евро болгон багасгуулсан бөгөөд энэхүү зардлаа даатгалын гэрээний 7.1.4-т Даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж нэхэмжилнэ гэж заасны дагуу хуулийн компанийн зөвлөгөө, туслалцааны зардал гэж 27,567.84 евро буюу 101,371,910 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэмэгдүүлсэн шаардлагад хавсарган өгсөн баримтуудаас үзэхэд, хуулийн компанийн 17551-2023 дугаар нэхэмжлэхэд "П ХХК-ийн Герман дахь албан төлөөлөгчийн 2022 оны 02 сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 сарын 04-ний хугацааны үйлчилгээний төлбөр гэж дурдсан болон гүйцэтгэсэн ажлын жагсаалт, зарцуулсан цаг хугацаа, ажилласан өдрийн огноо зэргийг жагсаасан баримтаас үзэхэд хуулийн компаниас зөвлөгөө, туслалцаа авч эхэлсэн хугацаа нь даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэнийг тогтоож байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 439 дугаар зүйлийн 439.5-д заасны дагуу нэхэмжлэгчид заавар өгөөгүй, даатгалын гэрээ байгуулагдаагүй тул заавар өгөх боломжгүй үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хоёр дахь удаагаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ даатгалын гэрээний 10.3-т заасны дагуу алдангид 135,890,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч нь даатгалын гэрээ байгуулахаас өмнө даатгалын гэх тохиолдол бий болсон, даатгалын хураамж төлөгдөөгүй гэж үзэж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4, 436 дугаар зүйлийн 436.1. 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсгүүдэд тус тус заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх үндэслэлээр алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.1-д заасны дагуу ачаа тээвэрлэлтийн гэрээний улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох зорилгоор энэхүү гэрээ байгуулагдсан ба мөн гэрээний 9.1.3, 9.3-т тус тус заасны дагуу даатгуулагчийн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохгүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1. Нэхэмжлэгч нь "Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ"-ний дагуу нөхөн төлбөрт 271,780,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1, 444.3, Даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2.3, 8 дугаар зүйлийн 8.10-т заасныг тус тус үндэслэн Даатгалын тохиолдол болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний зардал 271,780,000 төгрөг гаргуулах" гэж,

2. Мөн "Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1-д "Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй", 444.3-т "Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна" гэж тус тус заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Иймд, хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд тайлбар гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. Үүнд:

Нэхэмжлэлийн 1 дүгээр үндэслэлийн хүрээнд:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн нэхэмжлэгчийн ажилтан Т.Б-ий гэрчийн мэдүүлэгт "...04 дүгээр сарын 12-нд бүтэн чингэлэг гэдгийг нь цаад агентдаа мэдүүлээд эхэлсэн би өөрөө буруу ойлголт төрүүлээд цаад агент маань бүтэн чингэлэг гээд ойлгочихсон яваад байгаа л гэж бодсон" гэж мэдүүлснээс үзэхэд, гэрч нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үйлчлүүлэгчийн тээврийн зааврыг зөрчиж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн үйлчлүүлэгчийн заавраар буюу "FCL" нөхцөлөөр тээвэрлэлт хийхээр болж, энэ тухайгаа хариуцагчид 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-т "Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй" гэж заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 439 дугаар зүйлийн 439.1-т Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй" гэж заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Мөн хуулийн 439 дугаар зүйлийн 439.5-т "Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох үед аюулыг зайлуулах буюу хохирлыг багасгах арга хэмжээг даатгагчийн өгсөн зааврын дагуу авах бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг даатгагч хариуцна" гэж заасны дагуу ямарваа нэгэн заавар зөвлөгөө аваагүй, даатгагчийг заавар зөвлөгөө өгөх боломжийг хангаагүй нь Иргэний хуулийн 444.3-т "Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна" гэж заасанд хамаарахгүй байна.

2. Нэмэгдүүлсэн шаардлагад хавсарган өгсөн баримтуудаас харахад хуулийн компанийн 17551-2023 дугаар нэхэмжлэхэд "П ХХК-ийн Герман дахь албан төлөөлөгчийн 2022 оны 02 дугаар сарын 20-оос 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хугацааны үйлчилгээний төлбөр" гэж дурдсан болон гүйцэтгэсэн ажлын жагсаалт, зарцуулсан цаг хугацаа, ажилласан өдрийн огноо зэргийг жагсаасан баримтаас үзэхэд, хуулийн компаниас зөвлөгөө, туслалцаа авч эхэлсэн хугацаа нь нэхэмжлэгчийн зүгээс даатгалын тохиолдол 2022 оны 04 дүгээр сараас эхэлсэн гэж тайлбарлаж байгаагаас огнооны хувьд зөрүүтэй буюу даатгалын тохиолдол болсон гэх хугацаанаас өмнө хуулийн фирмтэй байгуулсан гэрээ болох нь нотлогдож байна. Мөн дээрх тохиолдолтой шууд холбоо хамааралтай зөвлөгөө, туслалцаа авсан гэж шууд холбон үзэх үндэслэлгүй, гуравдагч этгээд буюу үйлчлүүлэгчийн шаардлагаас хамгаалсан үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Хуулийн фирм зөвхөн RSTB буюу ХБНГУ дах агенттай холбоотой маргаан дээр зөвлөгөө туслалцаа үзүүлж ажилласан зэрэг нь нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтуудаар нотлогддог бөгөөд гуравдагч этгээд буюу О ХХК-тай холбоотой асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, харилцаагүй байх тул тус хуулийн фирмийн зардал Иргэний хуулийн 444.3-т "Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна" гэж заасанд хамаарахгүй, тухайн маргааны зардал нь өөрсдийн үндсэн үйл ажиллагааны зардлаа багасгах, холбогдох зардлаа хариуцан тохиролцон төлөх харилцаанд хамаарч байна.

3. О ХХК-ийн 2022 оны 12 сарын 09-ний өдөр 3/08/log дугаар Н ХХК-д хүргүүлсэн албан бичигт "... Та бүхний гаргасан алдаа дутагдлаас шалтгаалж манай ачаа Герман улсын Хамбург боомтод 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 10 сарын 06-ны өдөр хүртэл саатсан..., нэн яаралтай тээвэрлэлтийг зохион байгуулж авчрах шаардлага үүсэж байгааг мэдэгдэж байна, иймд захиалсан ачааны холбогдох нэмэлт зардлуудыг нэн даруй төлж ойрын хугацаанд авчрахгүй бол бид тухайн ачааг өөр тээвэр зуучлагчаар дамжуулж шинээр захиалах бөгөөд шинээр ачаа барааг захиалахтай холбогдон гарах бүх зардлыг та бүхнээс хууль шүүхийн дагуу нэхэмжлэх болохыг анхааруулж байна" гэж дурдсан байх бөгөөд хэрвээ ачааг яаралтай авчрахгүй бол өөр зуучаар дамжуулан шинээр захиална гэдгээ илэрхийлсэн боловч ачааг шинээр захиалж, зардал гаргасан зүйл байхгүй, нэхэмжлэгч нар өөрсдөө ачааг тээвэрлэн 2023 оны 03 дугаар сард авчирсан болох нь Т.Б-ий гэрчийн мэдүүлэг болон холбогдох баримтуудаар нотлогддог. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд буюу О ХХК-д аливаа шаардлага гаргаагүй, нэмэлт зардал болон хохирол үүссэн баримт байхгүй байна.

Нэхэмжлэлийн 2 дугаар үндэслэлийн хүрээнд:

1. Талуудын хооронд байгуулсан даатгалын хугацаанд дээрх тохиолдол үүсээгүй гэж хариуцагчийн хувьд маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ажилтан Т.Б нь тээвэрлэлтийг зохион байгуулах ажилд мэргэжлийн алдаа гаргасан гэх тохилдол нь Нэхэмжлэгч болон хариуцагч талын хооронд хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө бий болсон нь нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудаар нотлогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн ажилтан Т.Б-с гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэрч нь мэргэжлийн ажилтны хувьд 2 алдаа гаргасан ба эхний алдаа нь 2021 оны 11 дүгээр сард Оюу Толгой ХХК-иас өгсөн захиалгын нөхцөлийг зөрчиж, тээврийн "FCL" (дүүрэн чингэлгээр ачих) заавартай ирсэн захиалгыг "LTL" /олон салангид буюу түүвэр ачаа/ болгон тээвэрлэлтийн заавар зөрчиж, 2021 оны 11 сарын 09-ний өдөр RTSB буюу Герман дахь төлөөлөгч руу тээвэрлэлтийн заавар өгсөн байдаг. Ачаа 2022 оны 03 сарын 01-ний өдөр ХБНГУлсад ирсэн бөгөөд энэ хугацаанд Б RTSB-тэй ойлголцоогүй, түүнд зөв мэдээллийг залруулан өгөөгүй хэвээр байсан бөгөөд 2022 оны 03 сарын 30-ны өдөр үйлчлүүлэгчийн зааврын дахин зөрчиж, тээврийн зааврыг "FTL" /бүтэн трак ачаа/ болгон дахин санаатайгаар заавар өөрчилж, 2022 оны 04 дүгээр сард Cosco-гоос тээвэрлэлтийг анхнаасаа FCL" нөхцөлөөр тээвэрлэх ёстой, өөрчлөх боломжгүй гэсэн шаардлагыг авснаар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр "FCL" тээврийн захиалгыг үйлчлүүлэгчийн заавраар өгсөн байна. Нэхэмжлэгчийн үйлчлүүлэгчийн захиалгын хуудсанд FCL" нөхцөлийн тээврээр 2 ширхэг 40 тонны контейнер чингэлгийн хямд буюу "LTL" (олон салангид буюу түүвэр ачаа) нөхцөлөөр тээвэрлүүлэх гэсэн нь өөрсдийн үйл ажиллагааны зардлыг багасгах, тээврийн төлөвлөгөөг өөрчилснөө анхнаасaa мэдэж байсан үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Эдгээр үйл баримтууд бүгд нэхэмжлэгч талаас гарган өгсөн мэйл харилцаа болон гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогддог бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн санаатай өөрчилсөн тээвэрлэлтийн төлөвлөгөө нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхэлсэн, талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаанд хамаарахгүй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороонд урьдчилсан журмаар гомдол гаргаагүй, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага нь гэрээгээр талууд тохиролцоогүй тул алданги төлөх үндэслэлгүй байна.

3. Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээг байгуулахдаа гэрээний хураангуй хэсэгт даатгалын хураамж төлөх нөхцөлийг (Эхний 50 хувийг гэрээ эхэлснээс 3 хоногийн дотор, үлдсэн 50 хувийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны дотор) төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгчийн зүгээс эхний 50 хувийн хураамжийг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлөх ёстойг 2022 оны 04 дүгээр сарын 20-нд, үлдсэн 50 хувийн хураамжийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны дотор төлөх ёстойг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус тус төлсөн бөгөөд даатгалын хураамжийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байдаг. Мөн 2022 оны 03 дугаар сарын 01-нд нэхэмжлэгчийн үйлчлүүлэгчийн ачаа ХБНГУ-ын Хамбург хотын боомтод ирснээс хойш хадгалалт болон чингэлгийн түрээсийн зардал гарч байсан гэж дурдсанаас үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаанаас өмнөх тохиолдолд хамаарч байгаа юм.

Иймд нэхэмжлэгчийн даатгалын тохиолдол болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний зардал гэх 271,780,000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон энэхүү нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн нэмэгдүүлсэн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, 2021.03.30-ны өдрийн Даатгалын зөвлөх болон даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ, даатгалын хураамж төлсөн Голомт банкны мемориалын баримт-2ш, М ХХК, К ХХК нарын Тооцоо нийлсэн акт, Т.Б-ий 2022.01.03-ны өдрийн Х-02/22 дугаар Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Т.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа, Т.Б-ий нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Н ХХК-ийн 2022.07.08-ны өдрийн 22/88 дугаар албан бичиг, Н ХХК-ийн 2023.02.02-ны өдрийн 23/14 дүгээр албан бичиг, М ХХК-ийн 2023.02.06-ны өдрийн 03/12-136 дугаар албан бичиг, П ХХК-ийн 2023.03.28-ны өдрийн 23/68 дугаар албан бичиг, П ХХК-ийн 2023.04.11-ний өдрийн 23/79 дүгээр албан бичиг, П ХХК-ийн 2023.04.26-ны өдрийн 23/89 дүгээр албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.05.25-ны өдрийн 3/2186 дугаар албан бичиг, Коско нэхэмжлэх, Тээврийн баримт бичиг, Коско барааны падаан-3ш, О ХХК-ийн Материал техник хангамжийн ажлын зааварчилгаа, Голомт банкны цахим гүйлгээний баримт-2ш, О ХХК-тай байгуулсан Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ, англи, монгол хэлээр, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны гадаад шилжүүлгийн мэдээлэл-2ш, Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2022.06.21-ний өдрийн итгэмжлэл хуульчдын нөхөрлөл, 17551-2023 дугаар нэхэмжлэл /П ХХК-ийн Герман дахь албан төлөөлөгчийн 2022.02.20-ноос 2023.04.04-ний хугацааны үйлчилгээний төлбөр/, 2020.07.07-ны өдрийн Зардлын бүртгэл /Rotthege-Туслан гүйцэтгэгч ба New logistics LLC-ийн хоорондын тооцоо, нэхэмжлэлийн дугаар: 221872/, Зардлын бүртгэл /Rotthege-Туслан гүйцэтгэгч ба N LLC-ийн хоорондын тооцоо, нэхэмжлэлийн дугаар: 222046/, Монгол улсын Н ХХК ба ХБНГУ-ын R компаниуд хоорондын байгуулсан гэрээ, Нийлүүлэгчийн гарал үүсэлийн мэдэгдэл, 2021.11.09-ний өдрийн нэхэмжлэх, Тээврийн дагалдах бичиг, Татварын нэхэмжлэх, Тээврийн бичиг баримт, О ХХК-ийн 2022.12.09-ний өдрийн 3108/Log дугаар албан бичиг, 17551-2023 дугаар нэхэмжлэл /П ХХК-ийн Герман дахь албан төлөөлөгчийн 2022.06.20-ноос 2023.04.04-ний хугацааны үйлчилгээний төлбөр/, 2025.04.24-ний өдрийн П ХХК-ийн тээврийн мэдээ, Зардлын бүртгэл /Р ХХК нэхэмжлэх дугаар:222046/, 2025.05.08-ны өдрийн бодитоор гарч болох байсан хохирлын хэмжээний тооцоолол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар 2024.03.27-ны өдрийн нэхэмжлэгч компанийн борлуулалтын ложистикийн менежер ажилтай Т.Б-ий компанийн b хаягаас C хаяг руу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцан ачаа хадгалалтын талаар асууж тодруулсан агуулга бүхий мэйл, Т.Б-ний компанийн b...mn хаянаас Герман дахь агент болох R-тэй 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Mongolia-хаягаар харилцан хадгалалтын зардлын тухай и-мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2024.05.30-ны өдрийн j хаягаас s.mn хаягтай харилцсан и-мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2024.05.30-ны өдрийн гэрч Ч.Ж, Т.Б нарын мэдүүлэг, 2025.03.10-ны өдрийн Нэхэмжлэгч П ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.О-ын o гэх и-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2025.04.30-ны өдрийн П ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О-ын O болон ажилтан Т.Б-ий B и-мэйл хаягаас "О" ХХК-ийг төлөөлөн харилцаж байсан ажилтан Б.У-ын U и-мэйл хаягтай 2022 оны 05-р сарын 17-ны өдрөөс 2022 оны 07-р сарын 15-ны өдрийг дуустал харилцсан и-мэйлүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч М ХХКдаатгалын нөхөн төлбөрт 271,800,000 төгрөг, алдангид 135,890,000 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний зардалд 101,371,910 төгрөг, нийт 509,061,910 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчтай байгуулсан Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээий хугацаанд даатгалын тохиолдол бий болсон буюу нэхэмжлэгч компанийн ажилтан Т.Б ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мэргэжлийн алдаа гаргасны улмаас харилцагч О ХХК-ийн тээвэрлүүлж буй ачаанд нэмэлт зардал, төлбөр үүссэн, манай компани нь C-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардалд нийт EUR70,000 буюу 271,780,000 төгрөг төлсөн, даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний зардал 271,780,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлын улмаас үүсч байгаа хохирлын хэмжээг багасгах, асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор Герман улс дахь "Rotthege хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авч ажилласны үндсэн дээр 164,308,80 еврогийн зардлыг 70,000 евро болгон багасгуулсан, Герман улс дахь "Rotthege" хуулийн компаниас авсан хууль зүйн зөвлөх үйлчилгээний төлбөр зардал болох 27,567.84 евро буюу 101,371,910 төгрөгийг гаргуулах, даатгалын нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тул даатгалын гэрээний алданги 135,890,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: даатгалын гэрээ байгуулагдаж гэрээний хамгаалалт үйлчилж эхлэхээс өмнө маргаан бүхий тохиолдолд үүссэн, даатгалын хураамж төлөгдөөгүй тул даатгагчид нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй, гуравдагч этгээдэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох зорилгоор даатгалын гэрээ байгуулагдсан ба даатгуулагчийн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохгүй, Иргэний хуулийн 439 дугаар зүйлийн 439.5-д заасны дагуу нэхэмжлэгчид заавар өгөөгүй, даатгалын гэрээ байгуулагдаагүй тул хохирлын хэмжээг багасгах арга хэмжээний зардал гэж үзэхгүй, алданги шаардах эрх үүсээгүй гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

4.1. Даатгалын брокер C ХХК-иас зөвлөх үйлчилгээ авч, нэхэмжлэгч П ХХК нь М ХХК-тай 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа болгоомжгүй алдаа дутагдал болон үйлдэл эс үйлдэхүй гарсаны улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлын хариуцлагыг даатгуулж, даатгалын хураамжид 8,500,000 төгрөг төлөх, даатгагч даатгалын тохиолдолд бий болоход нөхөн төлбөрийг олгохоор тохиролцжээ. /1-р хавтаст хэргийн 9-20, 3-р хавтаст хэргийн 117-118 хуудас/

4.2. Уг гэрээний хураамж төлөх нөхцөлд Эхний 50% - гэрээ эхэлсэнээс 3 хоногийн дотор, үлдэгдэл 50% - 5 сарын 10-ны дотор төлнө гэж заасан ба П ХХК нь 2022.04.20-ны өдөр 4,250,000 төгрөгийг, 2022.05.18-ны өдөр 4,250,000 төгрөгийг тус тус даатгалын зуучлагч Ковер хилл ХХК-ийн дансанд шилжүүлсэн, М ХХК нь даатгалын хураамж 8,500,000 төгрөгийг хүлээн авсан талаар К ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /1-р хавтаст хэргийн 21-22 хуудас/

4.3. П ХХК /Н ХХК/ нь О ХХК-тай байгуулсан Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ авах тухай гэрээ /1-р хавтаст хэргийн 100-125, 168-190 хуудас/-ний дагуу Австрали улсаас галын 2 ширхэг гүйдэг хаалга бүхий 40 тн 2 ширхэг чингэлэг бүхий ачааг Герман улсын Хамбург боомтоор дамжуулан Улаанбаатар хүртэлх тээврийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг ачааг тээвэрлэж явсан 2 чингэлэг нь 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Герман улсын Хамбург боомтод ирснээс хойш тээврийг амжилттай зохион байгуулж чадалгүй удааснаас үүдэлтэйгээр чингэлгийн болон талбайн түрээсийн зардал үүссэн байна. /1-р хавтаст хэргийн 127-143 хуудас/ .

4.4. П ХХК-ийн борлуулалт ложистикийн менежер ажилтай Т.Б нь О ХХК-ийн ачаа тээвэрлэлтийг хариуцан Герман дахь агент болох RTSB-тэй харилцаж байсан болох нь түүний Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, и-мэйлүүдээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 23-32, 49-99, 196-250 хуудас, 2-р хавтаст хэргийн 1-9, 11-36 хуудас/

4.5. Нэхэмжлэгч П ХХК нь COSCO Shipping (Hamburg) Line-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардалд 2023 оны 01 сарын 26-ны өдөр 45000 EUR, 2023 оны 01 сарын 27-ны өдөр 25000 EUR, нийт 70,000EUR төлсөн болох нь Голомт банкны цахим гүйлгээний баримт-2ш тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 144-145 хуудас/

4.6. Нэхэмжлэгч П ХХК нь Герман улс дахь Rotthegе хуулийн компаниас авсан хууль зүйн зөвлөх үйлчилгээний төлбөр зардалд 27,567.84 евро төлсөн болох нь Гадаад шилжүүлгийн мэдээлэл, Голомт банкны цахим гүйлгээний баримт, нэхэмжлэх, ажилбар, тооцооны баримт, и-мэйл, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 69-85, 216-224, 177-180, 208-213 хуудас/

 

5. Талуудын хооронд 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-г байгуулснаар Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 444 дүгээр зүйлийн 444.1-д заасан Хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Мөн Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй байна.

 

6. Талууд даатгалын гэрээндээ даатгалын эрсдлийг Даатгуулагч байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа болгоомжгүй алдаа дутагдал болон үйлдэл эс үйлдэхүй гарсаны улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлын хариуцлага гэж тодорхойлж, Даатгуулагч байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаанд гадаад болон дотоод тээврийн зохион байгуулалт, гаалийн бүрдүүлэлт ерөнхий чиглэлүүд хамаарна гээд Энэ хэсгээр гуравдагч этгээдэд учирсан хохирол нь даатгуулагчийн мэргэжлийн үйл ажиллагааны алдаа дутагдал, үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаалсан байх тохиолдолд нөхөн төлбөр олгоно гэжээ.

6.1. Даатгуулагч П ХХК нь гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон тухай даатгалын брокер C ХХК-иар дамжуулан 2022 оны 06 сарын 08-ны өдөр даатгагчид мэдэгдэж, хамтарсан уулзалтыг 2022 оны 06 сарын 23-ны өдөр зохион байгуулж, 2022.07.08-ны өдрийн 22/88 дугаар албан бичгээр нөхөн төлбөр буюу хохирлыг барагдуулахыг мэдэгдсэн, М ХХК нь 2023.02.06-ны өдрийн 03/12-136 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгох боломжгүйг даатгуулагчид мэдэгдсэн, П  ХХК-ийн 2023.03.28-ны өдрийн 23/68 дугаар албан бичгээр М  ХХК-д хохирол барагдуулах хүсэлтийг гаргаж, мөн 2023.04.11-ний өдрийн 23/79 дүгээр албан бичгээр М  ХХК-д нөхөн төлбөр олгох боломжгүй гэх шийдвэр үндэслэлгүй болох талаар хариу хүргүүлсэн, М ХХК нь 2023.04.18-ны өдрийн 03/12-557 дугаар албан бичгээр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж байгааг мэдэгдсэн, П ХХК нь 2023.04.26-ны өдрийн 23/89 дүгээр албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.05.25-ны өдрийн 3/2186 дугаар албан бичгээр даатгалын гэрээний хугацаанаас өмнө үүссэн тохиолдолд байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэжээ. /1-р хавтаст хэргийн 33-48 хуудас/

6.2. Даатгуулагч П ХХК нь борлуулалт ложистикийн менежер Т.Б-ийг Герман дахь агент болох RTSB-г тээврийн нөхцөл болон бусад мэдээллүүдээр шуурхай хангаж чадаагүй, Port handling agent-ын талаар мэдээлэл өгч чадаагүй, тээврийн нөхцөлийг солихдоо буруу мэдээлэл (40ft 2 containers-г 20ft container гэж буруу мэдээлэл өгсөн) өгч буруу үнэ санал судлуулж хугацаа алдсаны улмаас харилцагч О ХХК-иас зөөн тээвэрлүүлж буй ачаанд Hamburg port дээр чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал гарч даатгалын тохиолдолд үүссэн, мөн даатгалын тохиолдлын улмаас үүсч байгаа хохирлын хэмжээг багасгах, асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор Герман улс дахь "Rotthege хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авч, үйлчилгээний төлбөр төлсөн гэж нөхөн төлбөр шаардсан.

Даатгагч М ХХК нь гуравдагч этгээд О ХХК-д хохирол учраагүй, даатгуулагчийн өөрийн эд хөрөнгөд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй, Иргэний хуулийн 439 дугаар зүйлийн 439.5-д заасны дагуу нэхэмжлэгчид заавар өгөөгүй тул хохирлын хэмжээг багасгах арга хэмжээний зардал гэж үзэхгүй, чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал нь даатгалын гэрээний хугацаанаас өмнө үүссэн тул нөхөн төлбөр олгохгүй буюу даатгалын гэрээ байгуулагдаагүй гэж маргасан.

 

Талуудын маргааны зүйл нь даатгалын тохиолдол бий болсон эсэх бөгөөд үндэслэлээ гуравдагч этгээд Оюутолгой ХХК-д хохирол учирсан эсэх, даатгалын тохиолдол гэх үйл явдал нь даатгалын гэрээний хугацаанд хамаарах эсэх талаар маргаж байна.

 

7. Ачаанд Hamburg port дээр чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал гарсан нь гуравдагч этгээд О ХХК-д учирсан хохирол мөн эсэх талаар,

 

Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1-д Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 444.3.Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

 

7.1. П ХХК /Н ХХК/ нь О ХХК-тай Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ /1-р хавтаст хэргийн 100-125, 168-190 хуудас/-г байгуулсан бөгөөд О ХХК-ийн захиалгын дагуу галын 2 ширхэг гүйдэг хаалга бүхий 40 тн 2 ширхэг чингэлэг бүхий ачааг Австрали улсаас Улаанбаатар хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д зааснаар Илгээгч нь өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах замаар ачаа, илгээмжийн тээвэрлэлтийг зохион байгуулдаг этгээд тул П ХХК /Н ХХК/ нь дээрхи ачааны тээвэрлэлтийг зохион байгуулахдаа Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор Тяньжин боомтод ачааны бөөгнөрөл үүссэн байдлыг харгалзан Австрали улсаас Герман улсын Хамбург боомтоор дамжуулан Улаанбаатарт хүргэхээр тээврийг зохион байгуулах, мөн Хамбург боомтод 40 тн 2 ширхэг чингэлэг бүхий ачааг задалж, бусад ачаатай нийлүүлэх замаар газраар тээвэрлэхээр төлөвлөсөн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

7.2. Хариуцагч М ХХК нь гуравдагч этгээд О ХХК-д учирсан хохирол биш гэх үндэслэлээ нэхэмжлэгчийг 2021 оны 11 дүгээр сард О ХХК-иас өгсөн захиалгын нөхцөлийг зөрчиж, тээврийн "FCL" (дүүрэн чингэлгээр ачих) заавартай ирсэн захиалгыг "LTL" /олон салангид буюу түүвэр ачаа/ болгон тээвэрлэлтийн заавар зөрчиж, 2021 оны 11 сарын 09-ний өдөр RTSB буюу Герман дахь төлөөлөгч руу тээвэрлэлтийн заавар өгсөн, Ачаа 2022 оны 03 сарын 01-ний өдөр ХБНГУлсад ирсэн боловч энэ хугацаанд RTSB-тэй ойлголцоогүй, зөв мэдээллийг залруулан өгөөгүй бөгөөд 2022 оны 03 сарын 30-ны өдөр үйлчлүүлэгчийн зааврын дахин зөрчиж, тээврийн зааврыг "FTL" /бүтэн трак ачаа/ болгон дахин санаатайгаар заавар өөрчилж, 2022 оны 04 дүгээр сард Cosco-гоос тээвэрлэлтийг анхнаасаа FCL" нөхцөлөөр тээвэрлэх ёстой, өөрчлөх боломжгүй гэсэн шаардлагыг авснаар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр "FCL" тээврийн захиалгыг үйлчлүүлэгчийн заавраар өгсөн. Энэ нь өөрсдийн үйл ажиллагааны зардлыг багасгахаар тээврийн төлөвлөгөөг өөрчилснөөс үүссэн зардал бөгөөд үүнийг О компаниас та бүхний гаргасан алдаа дутагдлаас шалтгаалж ачаа саатсан тул захиалсан ачааны холбогдох нэмэлт зардлуудыг нэн даруй төлж ойрын хугацаанд авчрахгүй бол тухайн ачааг өөр тээвэр зуучлагчаар дамжуулж шинээр захиалж, холбогдох бүх зардлыг нэхэмжлэх болохыг анхааруулсан О ХХК-ийн 2022 оны 12 сарын 09-ний өдөр 3/08/log дугаар Н ХХК-д хүргүүлсэн албан бичиг, Т.Б-ий гэрчийн мэдүүлэг, и-мэйлүүдээр тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

7.3. Иргэний хуулийн 407.1-д зааснаар Захиалагч нь зөвхөн зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд үндэслэл бүхий нэмэлт зардал гарахаар байсан тохиолдолд илгээгч энэ талаар захиалагчаас зааварчилгаа өгөхийг хүсэх буюу асуух үүрэгтэй. Энэ нь захиалагчийн ашиг сонирхолд нийцүүлэх үүрэгтэй гэсэн илгээгчийн үүргээс үүсч байгаа юм.

а/ Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 болон 407.2-ын хүрээнд П ХХК /Н ХХК/ нь захиалагчийн өгсөн зааварчлагааны дагуу ачааг тээвэрлүүлэх үүрэгтэй бөгөөд О ХХК-ийн 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Материал техник хангамжийн ажлын зааварчилгаа-нд Тээвэрлэлтийн хэлбэрийг дүүрэн чингэлэгээр ачих гэж тодорхойлсон, мөн Zeus global logisrics-тээврийн дагалдах бичигт үйлчилгээний төрөл CY/CY болон Маягтад Хөдөлгөөний төрөл FCL /FCL CY-CY гэж тэмдэглэсэн байна. /1-р хавтаст хэргийн 143, 139, 2-р хавтаст хэргийн 19-22 хуудас/

Нэхэмжлэгч П ХХК нь О ХХК-тай Хамбург боомтод 40 тн 2 ширхэг чингэлэг бүхий ачааг задалж, бусад ачаатай нийлүүлэх замаар газраар тээвэрлэхээр тохиролцсон талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тээвэрлэлтийн талаар захиалагчийн өгсөн зааварчилгааг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

б/ Гуравдагч этгээд О ХХК нь Герман улсын Хамбург боомтод 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 10 сарын 06-ны өдөр хүртэл ачаа саатсан чингэлэгийн болон талбайн түрээсийн зардлыг төлөх, төлбөрийг багасгуулахаар хуулийн фирм авч ажиллуулах зааварчилгааг П ХХК /Н ХХК/-д өгсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч П ХХК-ийн захирал Г.О, ажилтан Т.Б нарын О ХХК-ийг ажилтан Б.У-тай харилцсан и-мэйлээр ачаа саатсан нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ачааг яаралтай ирүүлэх шаардлагын дагуу боломжит хугацааны талаар мэдээлэл солилцсон байх тул Иргэний хуулийн 407.2, 400.3-д заасны дагуу гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. /3-р хавтаст хэргийн 54-112 хуудас/

7.4. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан захиалагчийн зардлаар гэдэгт болон 407 дугаар зүйлийн 407.2-ыг журамлан 401 дүгээр зүйлийн 401.1-д даалгаварыг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу О ХХК нь зайлшгүй зардал-ыг төлөх үүрэгтэй.

Илгээгчийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой гарсан зардал нь зайлшгүй байсан, эсхүл тухайн үүрэг нь илгээмжийг зохион байгуулахад багтах эсэхийг тогтоох нь чухал бөгөөд гарсан зардал нь зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг илгээгч нь даалгавар авагчийн хувьд нотлох үүрэгтэй.

П ХХК нь ачаа, илгээмжийн тээвэрлэлтийг зохион байгуулдаг ажил үйлчилгээг эрхэлдэг мэргэжлийн байгууллагын хувьд Герман улсын Хамбург боомтод ачаа хэзээ ирэх, ирснээс хойш чингэлэг ямар хугацаанд гаалийн талбайд үнэгүй байрлах, хэзээнээс талбайн түрээс тооцогдох зэргийг урьдчилан мэдсэн байх боломжтойгоос гадна ачааг цааш тээвэрлэхэд ямар тээвэрлэгч зохицох, ямар замаар тээвэрлэхийг тооцоолон тээвэрлэгч, хадгалагч, эсхүл өөр илгээгчийг ажиллуулах ажлыг урьдаас зохион байгуулах үүрэгтэй байсан.

Герман улсын Хамбург боомтод 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 10 сарын 06-ны өдөр хүртэл ачаа саатсаны улмаас чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал гарсан нь илгээгчийн буюу П ХХК-ийн тээвэрлэлтийг хурдан, шуурхай зохион байгуулах өөрийн үүрэгтэй холбоотой байх тул зайлшгүй зардал буюу захиалагч О ХХК-ийн төлөх зардал гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, ажилтан Т.Б нь Герман дахь агент болох RTSB-г тээврийн нөхцөл болон бусад мэдээллүүдээр шуурхай хангаж чадаагүй, Port handling agent-ын талаар мэдээлэл өгч чадаагүй, тээврийн нөхцөлийг солихдоо буруу мэдээлэл (40ft 2 containers-г 20ft container гэж буруу мэдээлэл өгсөн) өгч, буруу үнэ санал судлуулж хугацаа алдсан зэрэг нь П ХХК-ийн тээвэрлэлтийг зохион байгуулах үндсэн үүрэгтэй нь шууд холбоотой байна. /1-р хавтаст хэргийн 49-99, 196-250, 2-р хавтаст хэргийн 1-9, 11-36 хуудас/

Иймээс уг зардлыг багасгах зорилгоор Герман улс дахь "Rotthege хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авч, үйлчилгээний төлбөр төлсөн нь мөн П ХХК-ийн өөрийн үүрэгтэй холбоотой гарсан зардал байна.

7.5. Нэхэмжлэгч П ХХК нь COSCO Shipping (Hamburg) Line-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардалд 70,000 евро төлсөн, мөн Герман улс дахь Rotthegе хуулийн компанид хууль зүйн зөвлөх үйлчилгээний төлбөр 27,567.84 евро төлсөн бөгөөд уг төлбөрүүдийг О ХХК-иас шаардсан талаар шүүхэд нотлох баримт гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал, Герман улс дахь "Rotthege хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авсаны үйлчилгээний төлбөр зэргийг гуравдагч этгээд О ХХК-д учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Хариуцлагын даатгалын гэрээгээр даатгагч нь даатгуулагчийн зүгээс даатгалын хугацаанд гуравдагч этгээдэд учруулсан бодит хохирлын хариуцлагаас чөлөөлөх үүрэг хүлээдэг бөгөөд П ХХК /Н ХХК/-ийн М ХХК-тай 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 22201/340 дугаартай Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-гээр гуравдагч этгээдэд учирсан хохирол нь даатгуулагчийн мэргэжлийн үйл ажиллагааны алдаа дутагдал, үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаалсан байх тохиолдолд нөхөн төлбөр олгохоор тохиролцсон.

Нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болсон чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал, Герман улс дахь "Rotthege хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авсаны үйлчилгээний төлбөр зэрэг нь гуравдагч этгээд О ХХК-д учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрхи даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч П ХХК-ийн О ХХК-ийн ачаанд нэмэлт зардал, төлбөр үүссэн буюу COSCO Shipping (Hamburg) Line-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардалд төлсөн 271,780,000 төгрөг, даатгалын тохиолдлын улмаас үүсч байгаа хохирлын хэмжээг багасгах зорилгоор Герман улс дахь "Rotthege хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авч, үйлчилгээний төлбөрт төлсөн 101,371,910 төгрөг зэргийг хариуцагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

9. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4, 431.4.4даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл-ийг даатгалын гэрээнд тусгахаар заасан. Мөн талуудын байгуулсан 22201/340 дугаартай Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-нд Гэрээний хугацаа: 2022 оны 04 сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 24:00 цаг хүртэл хүчин төгөлдөр байна гэж заасан.

Талууд нөхөн даатгалын гэрээ байгуулаагүй тул, Даатгалын эхлэх нь даатгалын гэрээ нийтлэг журмын дагуу байгуулагдсан үе буюу гэрээний талууд үүрэг хүлээх болсон цаг мөч юм. Ачаа Герман улсын Хамбург боомтод 2022 оны 03 сарын 01-ний өдөр ирсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал тооцогдож эхэлсэн тул уг зардал буюу хохирол нь даатгалын гэрээ байгуулагдаж гэрээний хамгаалалт үйлчилж эхлэхээс өмнө үүссэн байна.

Иймээс нэхэмжлэгч П ХХК-ийн удирдлага COSCO Shipping (Hamburg) Line-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал гарч байгааг мэдсэн үеэс буюу 2022 оны 06 сарын 07-ны өдөр даатгалын тохиолдол бий болсон гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

10. Хариуцагч М ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан болон 22201/340 дугаартай Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-ний 10.3-д заасны дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй гэх үндэслэлээр алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

Иймээс нэхэмжлэгч П ХХК-ийн алданги 135,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид 3,017,860 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 444 дүгээр зүйлийн 444.1, 444.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 271,800,000 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний зардал 101,371,910 төгрөг, алдангид 135,890,000 төгрөг, нийт 509,061,910 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,017,860 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА