2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04235

 

 

 

 

 

 

 


  2025     05         13                            191/ШШ2025/04235

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах, Г ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 01 тоотод байрлах, ******* ХХК /РД:6422454/-д холбогдох,

Хохирол 552,793,000 төгрөг, компанид учирсан алдагдал 156,638,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 3,300,000 төгрөг, нийт 712,731,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, хариуцагчийн өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Манай "Г" ХХК нь Б  компаниас Л брендийн хүнсний цагаан будааг Вьетнам улсаас импортлон, Монгол улсын зах зээлд худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2023 оны 5 дугаар сард нийт 80 тонн гаруй цагаан будааг гаалиар оруулж ирсэн.

Манай компани цагаан будааг зориулалтын, холбогдох стандарт, шалгуур, хууль тогтоомжид нийцсэн агуулахад хадгалуулахаар "С" ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2316 тоот Бараа хадгалалт, бэлтгэлийн үйлчилгээний гэрээ"-г байгуулж хадгалуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь манай компанийн барааг аюулгүй, чанар стандартын шаардлага хангасан, найдвартай агуулахад, зориулалтын тавиур болон тоног төхөөрөмжөөр зөөвөрлөн хадгалах, бэлтгэх үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон байдаг.

Гэтэл гэрээний хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагаас агуулахад ус алдсан гэсэн мессеж бидэнд ирсэн бөгөөд бид хадгалуулсан бараа болох ууттай будаануудаа очиж үзэхэд 08 дугаар сарын 20-ны өдөр борооны ус агуулахад нэвтэрч будаанууд норсон, чийг авсан, зарим будаанаас өмхий үнэр гарч, хөгц үүссэн байдалтай байсан. Улмаар гэрээний дагуу хадгалуулсан цагаа будаа нь хүнсний чанар, байдлаа алдаж, чийг авч муудан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон. Тухайн үед агуулахад манай компанийн 20 кг-ын савлагаатай нийт 929 (есөн зуун хорин ес) ширхэг, 5 кг-ын савлагаатай нийт 11375 (арван нэгэн мянга гурван зуун далан тав) ширхэг цагаан будаа хадгалагдаж байсан. Үүнээс 5 кг-ын савлагаатай 250 ширхэг цагаан будааг бид мал, амьтны тэжээлийн зэрэг зорилгоор ашиглах боломжтой эсэхийг судлахаар өөрсдөө авсан бөгөөд энэ нь манай агуулахад одоог хүртэл хадгалагдаж байгаа болно.

Хариуцагчийн агуулахын бүрэн бус байдал, буруутай үйл ажиллагааны улмаас агуулахад хадгалуулж байсан цагаан будааг хүнсний зорилгоор ашиглах, худалдан борлуулах боломжгүй болсон тул манай компанийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 35/23 дугаартай мэдэгдлээр учирсан бодит хохирол болох агуулахад байсан будааны нийт үнэ 552,793,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлөхийг хариуцагч талд мэдэгдсэн. Уг мэдэгдлийн хариуд хариуцагч нь тухайн хохирлыг барагдуулахаа илэрхийлж, төлбөрийг даатгалын компаниар шийдвэрлүүлэх талаар бидэнд мэдэгдсэн. Гэтэл тогтоосон хугацаанд хохирол нөхөн төлөгдөлгүй хугацаа алдаж байсны улмаас бидний цаашдын үйл ажиллагаа тасалдаж, бараа материалын дутагдалд орж, шууд бус хохирлууд учирч эхэлсэн. Тиймээс бид учирч буй хохирлын хэмжээг багасгахаар Вьетнам улсаас дараагийн татан авалтын захиалгууд хийсэн. Үүнийг хариуцагч талд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 39/23 дугаартай албан бичгээр мэдэгдэж хохирлын нийт төлбөрөөс уг татан авалтад зориулж 80,0 сая төгрөгийг даатгалын шийдвэрийг хүлээхгүйгээр бидэнд яаралтай төлөхийг ч мэдэгдсэн. Энэ 80,0 сая төгрөгийг хариуцагч тал яаралтай шийдвэрлэж, гаргаж өгнө гэж бидэнд мэдэгдэж байсан боловч гаргаж өгөөгүй.

Үүний дараа даатгалын компаниас нөхөн төлбөр авах асуудал хүндрэлтэй болсон тул хохирлын асуудлыг хоорондоо ярилцаад шийдвэрлэе гэж хариуцагчаас бидэнд мэдэгдсэн. Хариуцагчийн зүгээс манай компанид учирсан хохирлыг төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлсээр байсан. Ийм учраас бид өөрсдийн үйл ажиллагааг тасалдуулалгүй хэвийн явуулах, уг асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилготой байсан тул хохирлын хэмжээг хамгийн бага боломжит хэмжээгээр тооцож яаралтай төлөх асуудлыг хариуцагчтай ярилцсан. Ингээд бид Төлбөр барагдуулах гэрээ байгуулахаар, тус гэрээний дагуу хариуцагч тал манай компанид 300,149,680 төгрөгийг Төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан өдөр төлөхөөр ярилцаж, тохироод байсан. Бидний зүгээс хохирлоо яаралтай гаргуулах нь чухал байсан учраас хохирлын хэмжээг ийнхүү багаар тооцож, уг асуудалд хүлээцтэй хандаж, эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхээр хариуцагчтай хамтран ажилласан. Харамсалтай нь хариуцагч "С" ХХК нь ярилцаж, тохироод байсан Төлбөр барагдуулах гэрээндээ гарын үсэг зурахгүй, бидний хохирлыг барагдуулалгүй өдийг хүрч, уулзалтдаа ирэхгүй, холбоо барихгүй болж, эцэст нь хохирол, төлбөрийг төлөхөөс татгалзаж буй агуулгатай хариуг бидэнд өгөөд байна.

Хариуцагч нь ийнхүү үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэхгүй, бизнесийн ёс зүй баримтлахгүй, өөрийн буруутай үйл ажиллагааныхаа улмаас учруулсан хохирлоо төлөхгүй байх тул бид шүүхэд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна. Хариуцагч нь сүүлд хохирлыг төлөхөөс татгалзаж эхлэхдээ агуулахад ус орсон 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр маш ширүүн бороо орсонтой холбоотой гэдэг. Хариуцагчийн барилга байгууламж нь агуулахын зориулалттай. Агуулахын зориулалттай барилгад дээврээс борооны ус орно гэдэг бол С ХХК-ийн илтэд хариуцлагагүй байдалтай холбоотой. Хариуцагчийн агуулахад үүнээс өмнө ч ус ордог, засах арга хэмжээ авдаггүй байсан талаар бид хожим олж мэдсэн. Тодруулбал, хариуцагчийн агуулахад мөн бараагаа хадгалуулдаг "Н" ХХК нь агуулахын дээврээс ус гоожих асуудлыг шийдэж өгөх талаар 2023 оны 07 дугар сарын 04-ний өдөр хариуцагчид и-мэйл, зургийн хамт илгээсэн байдаг. Уг и-мэйлд ... 5 дугаар сараас эхний бороо орж эхлэхэд агуулахын дээврийн энд тэндээс ус гоожих асуудал гарч эхэлсэн билээ. Яаралтай засварлаж өгөх хүсэлтийг тавьж Эрдэнэчулуун менежерт утсаар болон хамтдаа явж бодитоор үзүүлэн яаралтай засаж өгөхийг удаа дараа шаардсан хэдий ч шийдвэрлэгдээгүй. Энэ асуудал өдийг хүртэл шийдэгдэхгүй байсаар агуулахын хэд хэдэн хэсгүүдэд дээврээс ус гоожиж, барааны гадна хайрцаг савыг норгон гэмтээж, бороо орох бүрт бараагаа бороо гоожихгүй газар зөөж хурааж нэмэлт ажлууд хийж бидний ажилд хүндрэлтэй байна. Өнөөдөр таазны гэрэлтүүлгийн гэрлээс борооны ус дамжин гоожиж буйг бас давхар танай менежерт мэдэгдлээ. Нэн яаралтай дээврээ бөглөх засварлах арга хэмжээг авч өгнө үү. Тун удахгүй баяр наадмын урт амралтууд эхлэх тул энэ хугацаанд эзэнгүй агуулахад борооны ус гоожиж бараа материалыг гэмтээх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй, хэрэв гарсан тохиолдолд тухайн бараа материалын хохирол, зардлыг танай компаниар 100% төлүүлэх болохыг урьдчилан мэдэгдэж байна гэсэн байна. Ийм илтэд хариуцлагагүй байдлаасаа болж манай хадгалуулсан барааг гэмтээж, хүнсний шаардлага хангахгүй болгочхоод, хохирлоо төлнө төлнө гэж хэсэг хугацаа аваад, өнөөдөр төлөхөө болилоо гэж байгаа нь тус компанийн буруутай, ёс зүйгүй, хариуцлагагүй байдлыг хангалттай нотлох болов уу.

Агуулахад ус орсны дараа бид цагаан будааг хүнсний чанар, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шинжлүүлэхээр Монгол Улсын холбогдох лабораториудад хандсан боловч Монгол Улсад тийм хэмжээний нарийн шинжилгээ хийх боломжгүй гэсэн. Иймд бид магадлан итгэмжлэгдсэн лаборатори болох Сингапур улсын Е ПТЕ ЛТД компанид дээж явуулан шинжлүүлж, тус шинжилгээний байгууллагаас шинжилгээний тайланг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гарган ирүүлээд байна. Уг тайлангийн бактериологийн шинжилгээгээр будаанд Бациллус цереус гэх бактери нь байх ёстой хэмжээнээс 3.6 дахин илүү гарсан буюу будааг хүнсний зорилгоор ашиглах боломжгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Ийнхүү Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д хадгалагч нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй, мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-т хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж, мөн талуудын хооронд байгуулагдсан Гэрээний 5.7-д үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн бараанд аливаа хохирол учруулбал нэн даруй бүхий л боломжит арга хэлбэрээр харилцагчийг хохиролгүй болгох үүрэгтэй гэж тус тус заасны дагуу "С" ХХК нь учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй байна.

Манай компанийн импортоор оруулж ирдэг уг цагаан будааны 5 кг-ын савлагаатай нь 37,000 төгрөг, 20 кг-ын савлагаатай нь 142,000 төгрөгийн зах зээл үнэтэй буюу ийм үнээр борлуулагддаг. Тухайлбал, Ү ХХК, Ү ХХК-иудтай байгуулсан гэрээнээс энэхүү зах зээлийн үнэ тодорхой харагдана.

Гэрээний дагуу агуулахад хадгалуулсан 20 кг-ын савлагаатай нийт 929 (есөн зуун хорин ес) ширхэг, 5 кг-ын савлагаатай нийт 11375 (арван нэгэн мянга гурван зуун далан тав) ширхэг будааны нийт үнэ болох 552,793,000 (таван зуун тавин хоёр сая долоон зуун ерэн гурван мянга) төгрөг болно.

Тиймд, нэхэмжлэлийн шаардлага болох 552,793,000 төгрөгийн задаргааг дараах байдлаар тодруулж байна.

1. Цагаан будааны өртгийн хувьд,

 

Цагаан будааны нэгж өртөгийг дараах үнээр тооцож импортолсон болно.

Нэр төрөл

Савалгаа

Нэгж өртөг

Тоо

Нийт өртөг

1

5 кг будаа

Уут

18,266.04

11,375

207,776,194

2

20 кг будаа

Шуудай

70,061.52

929

65,087,152

Нийт

12,304

272,863,346

Иймд, Вьетнам улсаас татан авалт хийсэн цагаан будааны өртөг үнэ 272,863,346 төгрөгийг нэхэмжилж байна.

Будааны нэгж өртөгт гаалийн татвар, гадаад, дотоод тээвэр, ачилт, буулгалтын зардлууд зэрэг будааг импортлоход зарцуулсан зардлуудыг нэгтгэн тооцсон бөгөөд холбогдох баримтыг хавсаргав.

2. Компанийн борлуулалтын орлого болон ашиг,

Нэхэмжлэгч нь 2023 оны 5-р сарын 15-ны өдөр "Бараа хадгалалт, бэлтгэлийн үйлчилгээний гэрээ"-ний дагуу хариуцагчийн агуулахад цагаан будааг хадгалуулсны дараа 2023 оны 6 дугаар сараас харилцагчидтай цагаан будааны нийлүүлэлт, борлуулалтын гэрээ байгуулж, түгээлтийг хийж эхэлсэн. Гэтэл хариуцагчийн агуулахын дээврээр борооны ус орж, хадгалуулж байсан цагаан будаа норж, хөгц, мөөгөнцөр үүссэнээс шалтгаалан гэрээт худалдан авагч, харилцагч нарт цагаан будааны нийлүүлэлтийг гэрээгээр тохиролцсон хугацаанд хийх боломжгүй болсон. Харилцагч байгууллагуудаас мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор нийлүүлэлтийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хамтран ажиллах гэрээг дуусгавар болгоод байгаа болно.

Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж заасан. Хохирол гэдэгт Иргэний хуулийн 227.3-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг тооцно.

Хэрэв нэхэмжлэгч нь цагаан будааг харилцагчтай байгуулсан гэрээний дагуу нийлүүлж, зах зээлийн эргэлт хэвийн явагдаж байсан бол нэхэмжлэгч компани нь 5кг-ын савлагаатай цагаан будааг 37,000 төгрөгөөр, 20кг-ын савлагаатай цагаан будааг 142,000 төгрөгөөр нийлүүлж, 552,793,000 төгрөгийн борлуулалтын орлого олох байсан. Үүнээс цагаан будааны худалдан авалтын өртөг буюу 272,863,346 төгрөгийг хасвал 279,929,654 төгрөгийн зөрүү үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь урсгал зардлуудаа нөхөх, дараагийн татан авалтаа хийх, ашгаа тооцох боломжтой байсан. Улмаар манай компанийн борлуулалт зогсонги байдалд орж, компани их хэмжээний алдагдал хүлээж, эхний татан авалтын цагаан будааг төлөвлөгөөний дагуу худалдан борлуулаагүйгээс дараагийн татан авалтыг зээлээр санхүүжүүлж, компани нь 160,000,000 орчим төгрөгийн өрийн дарамтад ороод байна.

Гэтэл дээрх эхний татан авалтын борлуулалт хийгдээгүй буюу 279,929,654 төгрөгийн хохирол учирсан нь "С" ХХК-ийн дараах үүргийн зөрчлүүдээс шууд шалтгаалсан (шалтгаант холбоотой).

Иймд, нэхэмжлэгч "Г" ХХК нь хариуцагч "С" ХХК-иас өөрт учирсан хохирол 552,793,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Цагаан будаа руу борооны ус орж борлуулах боломжгүй болсноос манай компанид алдагдал учирсан. Энэ алдагдлыг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар тогтоолгоход 156,638,800 (нэг зуун тавин зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуун) төгрөг болж байна.

Иргэний хуулийн 219.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хохирол гэдэгт эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого хамаарна.

Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь хариуцагчийн агуулахын дээврээс ус орж, хадгалж байсан цагаан будаа норсны улмаас манай компанид учирсан хохирлын үнэ цэнийг тодорхойлж, үнэлсэн бөгөөд хөрөнгө үнэлсэн тайланд "Г ХХК-ийн олох ёстой байсан цэвэр ашгийн өнөөгийн үнэ цэн 156,638,800 (нэг зуун тавин зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуун) төгрөг болохыг тодорхойлсон. Нэхэмжлэгчид учраад буй дээрх хохирлууд нь хариуцагчийн компанийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд хамааралтай юм.

Хариуцагч компанийн агуулахад ус алдсан 2023 оны 8-р сарын 20-ны өдөр цагаан будаа норсноос будааны хэвийн чийгшил алдагдаж, 68.9 хувь болсон байсан нь хариуцагч компанийн хөтөлсөн агуулахын бүртгэлийн дэвтрээс харагддаг. Цагаан будаа хадгалах нөхцөлийн чийгшил нь 60%-иас доош байх ёстой болохыг будаа хадгалалтын агуулахын нөхцөлд заасан байдаг.

 

Нэхэмжлэгч нь Сингапур улсын Е ПТЕ ЛТД компанид дээж явуулан шинжлүүлсэн бөгөөд 2023 оны 11-р сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний тайланд будаанд хийсэн бактериологийн шинжилгээний сорилоор "Бациллус цереус" гэх бактер хэвийн хэмжээнээс 3.6 дахин илүү байгааг тусгасан байдаг. Мөн олон улсад магадлан итгэмжлэгдсэн тэргүүлэх зэргийн лаборатори Эс Жи Эс компанийн Бүгд Найрамдах Хятад Улс дахь салбар лабораторид тодорхойлуулахад 2024.10.14-ний өдрийн шинжилгээгээр шохойжилтын хэмжээ 2.0-оос хэтрэхгүй байх ёстой байтал будааны шохойжилтын хэмжээ 7.2 гэж хэт өндөр гарсан байна. Бид цагаан будааг борооны усанд норж, бохирлогдсонтой холбоотойгоор олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай болсон тул эдгээр шинжилгээний төлбөрүүд нь хариуцагч компанийн агуулахад ус алдсантай шууд хамааралтай.

"Г" ХХК нь будааг импортлох үедээ Гаалийн Ерөнхий Газраас Амьтан, ургамал, түүхий эдийн импортын Р02223030117 тоот гэрчилгээг 2023 оны 6-р сарын 20-ны өдөр авсан бөгөөд тус гэрчилгээний IV хэсэгт заасан лабораторийн шинжилгээт шалгалтаар цагаан будаанд гадаад хорио цээртэй хөнөөлт шавж тэдгээрийн өндөг, авгалдай хачиг илрээгүй" гэж тусгасан байдаг. Г" ХХК нь эрүүл, аюулгүй байдлын шаардлага хангасан будааг импортолж, "С" ХХК-ийн агуулахад хадгалуулсан болох нь дээрх гэрчилгээнээс харагдаж байна. Мөн Вьетнам Улсын гаалиар гарах үед будаанд чанарын шинжилгээ заавал хийгдэх ёстой байдаг тул К гэж компаниар шинжилгээ хийгдэж, цагаан будаанууд нь эрүүл, сайн чанарын цагаан будаа болохыг тодорхойлсон байдаг.

"С" ХХК нь агуулахын дээврээс борооны ус ордог, хадгалуулж байсан бүтээгдэхүүн борооны усанд нордог болохыг мэдэж байсан бөгөөд дээрх харилцагч байгууллагын шаардлагын дагуу агуулахын дээврийг засах, бүрэн бүтэн байдлыг хангах боломжит хугацаа байсан болох нь тодорхой байна. Гэвч "С" ХХК нь агуулахыг засаж, сайжруулах талаар бодит үйлдэл хийгээгүйгээс нэхэмжлэгч компанийн хадгалуулж байсан цагаан будаа норж, их хэмжээний хохирол учирсан болно.

Иймд, компанид учирсан алдагдал 156,638,800 (нэг зуун тавин зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуун) төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 3,300,000 (гурван сая гурван зуун мянган) төгрөг, нийт 159,938,800 (нэг зуун тавин есөн сая есөн зуун гучин найман мянга найман зуун) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч С ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.

Үүнд: 2023 оны 08-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод гамшгийн хэмжээний мөндөр орсны улмаас тус компанийн агуулахын дээврээс ус гоожиж Г ХХК-ийн тавиур дээр хадгалуулж байсан будаа дээр ус дусалсан байдал үүссэн тул энэ компанид мэдэгдсэн. Тухайн үед нийт агуулахаас чийг үнэртэж байсан. Эдний компанийн ажилчид 34 уут будааг задалж шалгаснаас 1 уут будаа нь хөгцөрч ногоорсон байсан. Энэ үед агуулахын салхивчийн системийг ажиллуулж чийгийг хугацаа алдалгүй арилгасан.

Нэхэмжлэлд дурдсан шиг манай үйл ажиллагаа явуулж буй агуулахын дээврээс байнга ус гоождоггүй бөгөөд засвар арчилгаа тогтмол хийгддэг. Өнгөрсөн зун Улаанбаатар хотод хэд хэдэн удаа үер болсон боловч манай харилцагч нарт ямар нэгэн хохирол учирч байгаагүй. Дээврээр ус гоожсон тохиолдол нь Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавстралтад Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалтад орсон аюултай, гамшигт үзэгдэлд багтах 10мм голчтой мөндөр орсноос дээвэр дээр их хэмжээний мөндөр тогтож хайлсан ус доош урсах боломжгүй болж сэндвич дээврийн хамар давж доош орсноос болсон. Энэхүү тохиолдлоос хойш хэд хэдэн удаа үргэлжилсэн усархаг бороо орсон боловч дээврээр ус гоожоогүй гэдгийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа.

Нэхэмжлэгч тал Эко стандарт лабораторид дээж өгсөн удахгүй хариу нь гарна гэж 08-р сарын 24-ний өдөр мэдэгдсэн. Манай зүгээс шинжилгээний хариуг хүлээж байтал 09-р сарын 08-ны өдөр МҮХАҮТ-ын экспертийг авчирч шалгуулж дээрх будааг цаашид хүнсэнд ашиглаж боломжгүй, "... Үе шаттай шинжилгээний хариуг үндэслэн тухай бүрд нь шийдвэрлэх болон шинжилгээний хариуг баталгаажуулах үүднээс олон улсад итгэмжлэгдсэн 3-дагч хөндлөнгийн лабораторид хяналтын доор дээж авч шинжлүүлэх шаардлагатай... гэсэн дүгнэлт гаргуулсан.

Нэгэнт МҮХАҮТ-ын дүгнэлт гарсан учир 552,793,000 төгрөгийг яаралтай төл гэсэн шаардлагыг нэхэмжлэгчийн талаас тавьсан.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 10-р сарын 20-ны өдөр төлбөр барагдуулах гэрээний төсөл явуулсан бөгөөд гэрээний 2.1-д одоо шууд төлбөл өртгийн үнээр нийт 272,863,346 (хоёр зуун далан хоёр сая найман зуун жаран гурван мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг, шүүхэд хандвал зах зээлийн үнээр нийт 552,793,000 (таван зуун тавин хоёр сая долоон зуун ерэн гурван мянга) төгрөг нэхэмжлэх болно гэсэн заалтууд байсан.

Гэрээний удиртгал А хэсэгт төлбөр төлөгч нь төлбөр авагчийн хадгалуулсан бараа бүтэгдэхүүн болон үйл ажиллагаанд бодит хохирол учирсан болохыг хүлээн зөвшөөрөх, В хэсэгт энэхүү гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригийг сайн дураар, бүрэн илэрхийлж, аливаа хөндлөнгийн дарамт шахалт, нөлөөгүйгээр байгуулсан болно гэсэн илт тулгасан гэрээ байгуулахыг шаардсан.

Манай компанийн зүгээс МҮХАУТ-ын шинжээчийн дүгнэлтэд зааснаар Хүнсний аюулгүй байдлын улсын лавлагаа лабораторид дээж өгч шалгуулж нэхэмжлэгчид ямар хохирол учруулснаа мэдэж байж гэрээг хүлээн зөвшөөрнө гэхэд Г ХХК Монголын лабораториуд найдваргүй учир гадны орон руу дээж шинжилгээнд явуулсан. Танайд хариуг нь ирэхээр өгнө гэсээр 2 сар болсон. Энэ хооронд гэрээг ямар нэг шинжилгээ хийлгүйгээр байгуулахыг тулгасан.

Манай тал 272,863,346 төгрөгийг шинжилгээний хариу үндэслэж байж төлж болно гэж шинжилгээний хариуг байнга нэхсэн.

Нэхэмжлэгч тал ямар ч шинжилгээний хариу өгөхгүй байсан тул 2023 оны 11-р сарын 02-ны өдөр манай зүгээс ХАБУЛЛ-д өгөхөд шинжилгээний хариу нь будаа анх 05-р сард орж ирсэн шигээ ямар нэгэн өөрчлөлтгүй эрүүл будаа байна гэж гарсан. Нэхэмжлэлд болон МҮХАҮТ-ын шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөгц ургаж ногоорсон гэх 1 уут будаа байсныг мөн лабораторид өгөхөд эрүүл гэж гарсан бөгөөд энэхүү ногоон хөгц нь савлалтын явцад гадны биет орсон байх магадлалтай байна гэсэн хариу хэлсэн. Нэхэмжлэгч тал шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хоёр талыг байлцуулж ХХААХҮЯ-ны СХД дэх ургамал хорио цээрийн байцаагчаар шинжилгээний дээжийг ХАБУЛЛ-д өгөхөөр авхуулсан боловч нэхэмжлэгч тал гэнэт татгалзаж энэхүү ажлыг зогсоосон. Ургамал хорио цээрийн байцаагч газар дээр нь үзээд ус чийгээс болж будаа муудсан гэж байгаа бол зөвхөн хөгц мөөгөнцрийн шинжилгээ авна. Гэхдээ энэ будаа нь хоёр давхар хамгаалалтын ууттай учраас ус чийг орох бололцоогүй гэдгийг хэлж байсан.

Монголын лабораторийн хариуг нэхэмжлэгчийн Сингапур улсад явуулсан шинжилгээний хариу давхар нотолж байна. Будаа хэрэв ямар нэг хэмжээгээр чийг авсан бол хөгц, мөөгөнцөр ургах ёстой. Гэтэл будааны хөгц мөөгөнцөр огт илрээгүй. Хөгц мөөгөнцрөөс үүдэлтэй хүний эрүүл мэндэд хортой афлатоксин В1, В2, G1, G2 гэх бодисууд ялгарах ёстой байтал илрээгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч ус чийгтэй ямар ч хамаагүй бациллус цереус гэдэг бактери байх ёстой хэмжээнээс 3,6 дахин их илэрч хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасан байна.

Бациллус цереус гэдэг бактери нь хөрсний бохирдлоос үүсдэг бактери юм байна. Тухайлбал будаа нь усан дотор ургадаг бөгөөд энэхүү усан дотор нь амьдардаг төрөл бүрийн загас жараахай, шавж болон бусад амьтны ялгагдсаар бохирдсон хөрснөөс будааг тарих, ургуулах, хураан авах, боловсруулах үед будаа энэхүү бактериар бохирддог юм байна.

Гэтэл ямар ч ус чийг орж хөгц мөөгөнцөр үүсэх боломжгүй 2 давхар хамгаалалтын ууттай будаанд манай компани ямар аргаар энэхүү бациллус цереус гэдэг бактерийг оруулсан байх вэ. Будаанд энэхүү бактери 3,6 дахин их байна гэдэг шаардлагаа үйлдвэрлэгч орон болох Вьетнам улсын нийлүүлэгчдээ тавих нь зөв болно. Тэгээд ч анх будааг оруулж ирэхдээ энэхүү бактерийн хэмжээг тогтоолгоогүй байж ус, чийгээс үүсдэггүй бактерийн хэмжээг манай компанитай ярих нь ямар ч утгагүй ажил болж байна.

Манай зүгээс байдлыг тодруулахаар Монгол Улсын лабораториудад хандахад бүх төрлийн шинжилгээг хийнэ, түүний дотор Бациллус цереус гэх бактерийн шинжилгээг өндөр нарийвчлалтайгаар хийдэг гэсэн тул дээжүүдийг аваачиж өгөхөд 2023 оны 12-р сарын 22-ны өдөр С ХХК-ийн Хими микробиологийн лабораторийн шинжилгээгээр болон 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Микробиологийн лабораторийн шинжилгээгээр Бациллус цереус гэх бактери нь огт илрээгүй болно.

Энэ нь нэхэмжлэгчийн "Ийнхүү Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д "хадгалагч нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй", мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-т хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө" гэж мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.7-д үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн бараанд аливаа хохирол учруулбал нэн даруй бүхий л боломжит арга хэлбэрээр харилцагчийн хохиролгүй болгох үүрэгтэй гэж тус тус заасны дагуу "С" ХХК нь учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй байна гэж нийт үнэ болох 552,793,000 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй болох нь Монгол Улсын олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториудын дээрх шинжилгээнүүдээр нотлогдож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Нийт 6 удаагийн дээж авч шинжилгээ өгсөн. Үүний дотор 2 удаа хохирол учруулсан гээд байгаа "Бациллус цереус бактерийн шинжилгээ өгөхөд илэрсэнгүй. Бүх шинжилгээний хариу хүнсний аюулгүй байдлын стандарт хангаж байна гэж гарсан.

Тэгээд ч 3 давхар ус чийгээс хамгаалах зориулалттай ууттай будаанд ус чийг орох ямар ч боломжгүй байсан учраас ямар нэгэн байдлаар хөгц, мөөгөнцөр болон эдгээрээс гаралтай нян бактери илрээгүй байхад ус чийгнээс болж хохирсон гэсэн мөртлөө ус чийгнээс үүсдэггүй, хөрсний бохирдлоос үүсдэг "Бациллус цереус " гэдэг бактери байх ёстой хэмжээнээс 3.6 дахин их илэрсэн гэж манайхыг буруутгахыг оролдсон боловч шинжилгээгээр батлагдсангүй.

Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэхийн үндэслэлд дурдсан... "Улмаар, Гэрээний дагуу хадгалуулсан цагаан будаа нь хүнсний чанар, байдлаа алдаж, чийг авч муудан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон"... гэсэн нэхэмжлэхийн шаардлага нь огт үндэслэлгүй болж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн татгалзах үндэслэл болж байна.

Тэгээд ч нэхэмжлэгч тал анхнаасаа будаа нь хүнсний эрүүл ахуйн чанар стандартын шаардлагыг хангаж байгааг мэдэж байсан гэсэн хардлага төрүүлж байна.

Учир нь "Г" ХХК захирал Б.Б нь 2023 оны 08-р сарын 28-ны өдөр 35/23 албан тоотыг өөрийн биеэр манай конторт авчирч өгөхдөө 2023 оны 08-р сарын 24-ны өдөр "Н" ХХК-ийн Эко стандарт лабораторид дээж өгсөн. Шинжилгээний хариу 2 хоногийн дараа гарна, мэдээж хариу маш муу гарах учраас танайхыг мөнгөө бэлдэж байгаарай гээд энэхүү албан бичгийг өгч байна гэсэн. Шинжилгээний хариугаа өг гэхэд МҮХАҮТ-ийн экспертийн дүгнэлтээр "Хүнсэнд ашиглах боломжгүй гэж гарч шинжилгээ шаардлагагүй болсон тул мөнгө өг гэдэг шаардлагыг тавьж байсан.

Манайх шинжилгээний хариу заавал байх ёстой гэхэд Монголын лабораториуд найдваргүй учраас БНЭУ-руу шинжилгээ явуулсан. Хариу нь ирэхээр танайд өгнө. Тэр болтол манай бизнесийг зогсоохгүйн тулд мөнгөө яаралтай өг гэсэн. 3 сар орчим хүлээгээд шинжилгээний хариу одоо болтол гардаггүй юм уу гэхэд Энэтхэгийг хорио цээрийн алба будааг хилээрээ нэвтрүүлээгүй байна. Одоо Сингапур улс руу явуулна гэж мэдэгдсэн. Ингэж хугацаа хожиж төлбөрөө үг дуугүй төлөхийг шаардаж байсан нь "Н" ХХК-ийн Эко стандарт лабораторийн шинжилгээний хариу эрүүл гарсныг нуун дарагдуулж, дарамт үзүүлж мөнгө авах гэж байсантай холбоотой гэж үзэж байна.

Гэрээ анх байгуулсан 2023 оны 05-р сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал хадгалагдаж байгаа будаанаасаа борлуулалт бараг хийгээгүй бөгөөд ус гоожсон гэх 08-р сарын 20 хүртэл 2,812,524 төгрөгийн үлдэгдэл болон Үүнээс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөөгүй байна.

Будаа нь хүнсний эрүүл ахуйн, чанар стандартын шаардлагыг бүрэн хангаж байхад норсон гэдгээр шалтаглан манайхаас ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь будаагаа өөрсдөө борлуулж чадахгүй болохоороо манайд шахах гэсэн оролдлого гэж үзэж байна. Манай компани нь зөвхөн будааг хадгалах гэрээ байгуулснаас худалдаж авах болон борлуулах гэрээ байгуулаагүй.

Гэрээ хийхдээ анхны бизнесийг нь дэмжиж тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж түрээсийн үнээ 48% бууруулсан нь гэрээн дээр байгаа. "Г" ХХК-д зах зээлийн үнээс доогуур түрээсэлж байгаа нь манай компанид дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, ажилчдын цалин, банкны зээл, ариутгал болон бусад зардлыг төлөх ч боломжгүй байнга ашиггүй ажилласаар ирсэн байхад 08-р сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлсөнгүй.

Иймд Г ХХК-ийн учирсан хохирол 552,793,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,

 

"Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй "С" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нэхэмжлэлд хариуцагчийн төлөөлөгчөөс энэхүү тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч тал 2023 оны 12-р сард анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай агуулахад хадгалагдаж буй будаанд ус орсон хэмээн 20 гаруй бичлэг болон 5-н ширхэг фото зургийг нотлох баримт болгон гаргаж өгсөн байдаг. Гэтэл энэхүү бичлэгүүдэд будаа руу ус орсон нэг ч бичлэг байдаггүй. 5-н ширхэг фото зураг нь нэлээд хэмжээгээр хөгцөрсөн 1 уут будааны зураг байдаг боловч олон улсад магадлан итгэмжлэгдсэн "С" ХХК-ийн хими, микробиологийн лабораторид шинжлүүлэхэд будаа эрүүл бөгөөд энэхүү ногоон хөгц нь савлагааны явцад орсон гадны биет байна гэсэн хариу гарсан тул шинжилгээний хариуг нэхэмжлэгчид өгч дээжийг "С" ХХК-ийн хими, микробиологийн лабораторид үлдээсэн тул танайх дахин шинжилгээнд өгөөрэй гэж хэлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй.

Мөн нэхэмжлэгч тал МҮХАҮТ шинжээчээр захиалгаар хуурамч дүгнэлт гаргуулсан. Энэ нь шүүх шинжилгээний хуулийн 5.1.3 хараат бус байх, 5.1.4 шинжээчийн ёс зүйг баримтлах, 5.1.5 шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, 9.1 шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний объектын хамт шинжилгээний байгууллагад хүргүүлнэ, 11.4.3 мэргэжил, мэргэшлийн зэрэг, цолтой байх, 11.4.6 тусгай мэдлэг эзэмшсэнийг гэрчлэх мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх. 15.2 шинжилгээний магадлан итгэмжлэгдсэн лаборатори, тоног төхөөрөмжөөс гарсан шинжилгээний дүнг шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд үнэлж, дүгнэлт гаргана, 17.1 шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна гэсэн заалтуудыг зөрчиж мэдээж шинжилгээ муу гарах нь ойлгомжтой юм чинь лабораторид шинжлүүлэх шаардлагагүй гээд ... мэдрэхүйн эрхтний биет үзлэгээр урьдчилсан байдлаар нийт будааны 10 хувьд түүвэрлэн үзэхэд... гэж бөө мөргөл маягтай дүгнэлт гаргасан. Шинжээчийг үзлэг хийх үед ямар ч чийг байхгүй, агуулахын шал болон будааны уут хуурай байсан боловч, будаа руу бохир ус нэвчсэн, будааны чийг, чийгшил өөрчлөгдсөн агуулахын шал их хэмжээгээр усанд автсан байсан болно гэж хуурамч дүгнэлт гаргаад нотлох баримт болгож ирэхээсээ 20 хоногийн өмнө нэхэмжлэгчийн хийсэн бичлэгийг ашигласан.

Нэхэмжлэгч нь Сингапур улсын "Е" ПТЕ ЛТд компанид дээж явуулан шинжлүүлсэн бөгөөд 2023 оны 11-р сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний тайланд будаанд хийсэн бактериологийн шинжилгээний сорилоор "Бациллус цереус" гэх бактери хэвийн хэмжээнээс 3.6 дахин их гарсан нь хүний эрүүл мэндэд онц хортой гэж шүүхийн нэхэмжлэлдээ гол нотлох баримт болгон ашигласан. Гэтэл хариуцагчийн дээрх байгууллага руу явуулсан 2 удаагийн и-мэйлд Сингапурын хуулиар түүхий будаанд "Бациллус цереус" -ийн шинжилгээ хийдэггүй зөвхөн идэхэд бэлэн будаанд хийдэг гэсэн цахим шуудангаар хариу ирснийг шүүгчийн үзлэг хийлгэсэн байгаа. Гэтэл нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь нотлогдчихоод байхад 2024.11.29-ний өдөр шүүх хурал дээр жилийн өмнө ирсэн хуурамч нотлох баримтдаа дахин үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байгаа нь аргаа барсан ажил гэж ойлгогдож байна. Эсвэл Сингапурын засгийн газар "Г" ХХК-д зориулж хуулиа өөрчилж түүхий будаанд "Бациллус цереус" -ийн шинжилгээ хийхийг зөвшөөрсөн юм бол энэ тухай нотлох баримтаа гаргаж өгнө үү. Тэгээд ч дээрх шинжилгээний хариу дээр болсон будаанд хийв гэсэн баримтыг яах болж байна вэ.

....Мөн олон улсад магадлан итгэмжлэгдсэн тэргүүлэх зэргийн лаборатори Эс Жи Эс компанийн БНХАУ-дахь салбар лабораторид тодорхойлуулахад 2024.10.14- ний өдрийн шинжилгээгээр шохойжилтын хэмжээ 2.0-оос хэтрэхгүй байх ёстой байтал будааны шохойжилтын хэмжээ 7.2 гэж хэт өндөр гарсан байна... гэж Нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл дээрх лабораторид лавлагаа явуулж асуухад будааны шохойжилт буюу цайвар нь 100 хувь тариалан эрхлэгчдийн ажиллагаанаас хамаардаг гэсэн хариу ирүүлснийг шүүхэд цахим үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. 2024 оны 11-р сарын 29-ний өдрийн шүүх хурал дээр 45 хоногийн өмнө ирсэн и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргаж шүүх хурал дээр нэхэмжлэгчийн талын өмгөөлөгч Б.Б, будааны шохойжилт нь будаа чийг аваад эргэж хатсанаас үүсдэг, хүний эрүүл мэндэд маш хортой, үхэлд хүргэдэг гэж шүүхэд худал мэдээлэл хийж шүүх хурлыг хойшлуулсан. Гэтэл англи хэлнээс (chalkiness degree)-г будааны шохойжилт гэж буруу орчуулсан орчуулга өгч шүүхийг хуурсан байсан. Энэ нь шохойжилт биш будааны цайвар гэж орчуулагдах байсан. Энэ нь ямар нэгэн шохойны тухай ойлголт биш юм.

Будааны цайвар гэдэг нь будааг тариалах, хураах үед будааны зах хэсгээрээ булингардуу өөр өнгөтэй болохыг хэлдэг, хүний эрүүл ахуйд ямар ч нөлөө үзүүлдэггүй зөвхөн будааны тариалангийн бизнес эрхлэгчдийн ашиг орлогод нөлөөлдөг байна.

Энэхүү худал мэдээллээ ашиглаж нэхэмжлэгч тал БНХАУ-ын Эс Жи Эс компанид эсвэл Монгол улсын "С" ХХК-д шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Дээрх тайлбараас үзэхэд манай компани нь будаа тариалах, хурааж авах ажиллагаанд ямар нэг байдлаар оролцоогүй тул БНХАУ-руу дээж явуулах нь цаг хугацаа хожиж шүүх хурал хойшлуулах гэсэн башир арга. "С" ХХК нь будаанд зөвхөн чийгшлийн шинжилгээ хийдэг компани юм байна. Олон улсад магадлан итгэмжлэгдээгүй, тоног төхөөрөмжгүй хувийн компаниар шинжилгээ хийлгэнэ гэж хүсэлт гаргаж байгаа нь найз нөхдийн хүрээллийг ашиглаж ээлжит хууль бус нотлох баримтаа бүрдүүлэх гэж байгаа оролдлого гэдэг нь ойлгомжтой байна.

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг яг юуг нь буруу, хууль зөрчсөн гэх үндэслэлээ гаргаж тавьдаггүй. Төрийн үйлчилгээний байгууллага болох Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийг магадлан итгэмжлэлийн хугацаа нь сунгагдаагүй, шинжилгээ хийх эрхгүй байгууллага гэдэг. Гэтэл тус хүрээлэнгийн ажилтан У нь дээрх байгууллагаас гадна Монгол улсад олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаа явуулж буй 3-н лабораторид шинжилгээний дээж хүргүүлж дүгнэлт гаргуулсан. Бүх лабораторийн дүгнэлтэд будаа нь ямар нэгэн нян бактери, хөгц мөөгөнцөргүй хүнсэнд бүрэн тохирно гэсэн шинжилгээний тайлан гаргасныг нэгтгэн дүгнэлт бичсэн. Монголд ийм нарийн төрлийн шинжилгээ хийх боломжгүй гэсэн тул гадагш дээж явуулсан гэж хууль бус нотлох баримт бүрдүүлснээ тайлбарладаг. ХАБҮЛЛ- ийн танилцуулга дээр бүх төрлийн шинжилгээг хийнэ гэж байгаа учраас шинжилгээ хийхгүй гэж хэн ч хэлэх боломжгүй. ХАБҮЛЛ нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Монгол улсын төв лаборатори бөгөөд энд шинжлүүлсэн шинжилгээ нь хүнсний аюулгүй байдлын баталгаа болдог. Гэтэл нэхэмжлэгч Монгол улсыг өчүүхэн гэж доромжилж будаанд шинжилгээ хийх чадваргүй гэж шүүхэд итгүүлэхийг оролдож байна. Будааны шинжилгээ нь онош нь тодрохгүй байгаа гадаад улсад шинжлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчний нарийн шинжилгээ биш Монгол улсад бүрэн хийгддэг энгийн шинжилгээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Дээр дурдсан нэхэмжлэгчийн бүх хууль бус ажиллагаа нь шүүх хурлыг 2025 оны 3 сарын 31 буюу будааны хадгалалтын хугацаа дуустал хуралдуулахгүй байж байгаад хариуцагчийн буруутай ажиллагаанаас болж шүүхэд хандахад шүүх асуудлыг шийдээгүй байсаар будааны хадгалалтын хугацаа дууссан учир шинээр нэхэмжлэл гаргана гэж байгаатай холбоотой.

Будааны хадгалалтын хугацаа дуусах нь манай компанийн хариуцлага биш учраас шүүх хурал нэхэмжлэгчийн хүсэлтээр хэдэн удаа хойшилсон ч манай санаа зовох асуудал биш. Манай зүгээс хэдийгээр хадгалалтын төлбөр 80.0 сая хүрээд байгаа боловч ямар нэгэн төлбөр нэхэлгүй будаагаа авч борлуулахыг зөвлөж байсан.

Тэгээд ч будаа нь хугацаа нь болонгуут шууд муудаж устгалд ордог хүнсний бүтээгдэхүүн биш. Олон улсын будаа судлалын хүрээлэнгийн судалгаагаар үйлдвэрээсээ гарсан савлагаатайгаа байгаа будаа зөв орчинд 10 жилээс ч илүү хугацаанд хадгалагдахад ямар нэгэн өөрчлөлтөд орохгүй гэдгийг баталсан байдаг. Тухайн үед нь шүүхэд хандаж шинээр ХАБҮЛЛ-ийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад будаа эрүүл хэвээр байх болно. Будааны хүнсэнд тохирох эсэхийг олон улсад магадлан итгэмжлэгдсэн лаборатори шийдэхээс шүүх шийддэггүй. Лабораторийн хариу эрүүл гэж гарсны дараа будаагаа борлуулах бүрэн боломж байсан, одоо ч байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа будаагаа борлуулна гэж зальдаж байгаа бол андуурсан хэрэг. Шүүх асуудлыг хуульд заасны дагуу үнэн зөвөөр шийдвэрлэсний дараа хадгалалтын төлбөрийг авах болно.

Хариуцагчийн агуулахад хадгалагдаж буй нэхэмжлэгчийн будаанд хөгц мөөгөнцөртэй, нян бактеритай нэг уут, нэг ширхэг ч будаа байхгүй. Үүнийг хэргийн газар дээр хийсэн шүүгчийн үзлэг, урьд нь 7 удаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториудад хийлгэсэн шинжилгээ болон шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт батлан харуулж байгаа. Хэрэв ямар нэг байдлаар хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр будаа байсан бол бүх будаанд халдвар орж, будааг устгахаас өөр аргагүй байдалд хүрэх байсан. Өнөөдөр манай агуулахад олон харилцагчийн хүнс хадгалагдаж байна. Үнэхээр хөгц мөөгөнцөр, нян бактери байсан бол дээрх бараанд халдварлаж олон тэрбумын өрөнд орохгүйн тулд нэхэмжлэгчийн санал болгосон 270.0 саяыг төлөөд будааг устгалд оруулъя гэж бид өөрсдөө гуйх байлаа. Ялангуяа хөгц мөөгөнцөр бол өөрөө устдаггүй, бүүр хурдтайгаар өсөн үржиж, агуулахын барилгын чанарт ч нөлөөлөх байсан. Агуулахад ороход хөгц мөөгөнцрийн үнэр үнэртэж хэн ч бараагаа хадгалуулахгүй байсан. Байдал ийм тодорхой байхад юунд найдаж хөрөнгө мөнгөө зарцуулж хууль бус нотлох баримт бүрдүүлж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч будаагаа өндөр үнээр борлуулна гэж тооцож оруулж ирсэн бөгөөд 2023.05-p capaac 2023.08.20-ны өдөр хүртэл хадгалалтын хөлсөө ч өгч чадахгүй ямар ч борлуулалт хийж чадахгүй байсан. 2023.08.20 ний өдөр Засгийн газрын 2015 оны 286-р тогтоолоор батлагдсан гамшигт үзэгдэл болсны улмаас дээврээс ус дусалсан боловч ямар ч хор хохирол учруулаагүй будаагаа хариуцагчаар төлүүлэн авахаас гадна будаагаа өөрсдөө авч борлуулна гэж маргаад 2023 оны 11-р сард Монгол улсын олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториуд хүнсэнд бүрэн тохирно гэсэн хариу гаргасан тул өөрсдийн илүү ашиг олох явцуу ашгийн тулд шүүхийг ашиглах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь нотлогдохоор нэхэмжлэлээ хамгаалж шүүх хурлаа хийлгэхийн оронд өчнөөн хөрөнгө мөнгө зарж нэмж хуурамч нотлох баримт бүрдүүлж хууль бус үйлдэл гаргаж байна. Энэ бүх зардлаа хариуцагчаар гаргуулахын тулд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул нэхэмжлэгчийн бүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан хохирол 552,793,000 төгрөг, компанид учирсан алдагдал 156,638,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 3,300,000 төгрөг, нийт 712,731,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд манай компани нь хариуцагч С ХХК-тай 2023.05.15-ны өдөр Бараа хадгалалт, бэлтгэлийн үйлчилгээний гэрээ-г байгуулж, Вьетнам улсаас импортолсон цагаан будааг хадгалуулсан боловч 2023.08.20-ны өдөр агуулахын дээврээс борооны ус нэвтэрч будаанууд норж чийг авсан, зарим будаанаас өмхий үнэр гарч, хөгц үүссэн, будааны агуулахын чийгшил 60 хувиас доош байх байтал 2023.08.21-ны өдөр 68,9 байгаа нь хадгалалтын горим алдагдсан, Сингапур улсын Е ПТЕ ЛТД-ийн шинжилгээний тайлангаар будаанд Бациллус цереус гэх бактер байх ёстой хэмжээнээс 3.6 дахин илүү гарсан, мөн хөгцийн тоо 1300 гарсан, Эс Жи Эс компанийн Бүгд Найрамдах Хятад Улс дахь салбар лабораторийн шинжилгээгээр шохойжилтын хэмжээ 2.0-оос хэтрэхгүй байх ёстой байтал будааны шохойжилтын хэмжээ 7.2 гэж хэт өндөр гарсан зэргээр будааны чанар алдагдаж, хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон, мөн будааны хугацаа дууссан гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023.08.20-ны өдөр аадар бороо орж цаг агаарын аюултай үзэгдэл болсон, агуулахын дээврээс борооны ус нэвтэрч нэхэмжлэгчийн хадгалуулсан будааны дээд хэсгийн гадна талын уутанд ус тогтсон, будаа 2-3 давхар гялгар ууттай байсан, будааг подон дээр давхарлаж хураасан тул будаа норсон зүйл байхгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний бүх лабораторийн шинжилгээгээр будаанд ямар нэгэн хөгц, мөөгөнцөр, бактери илрээгүй, хүндсэнд хэрэглэх боломжтойг тогтоосон. Сингапурын энэ лабораторид хандахад, тухайн улсын хуулиар бациллус цереус-ийн шинжилгээг зөвхөн болсон будаанд хийдэг гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэгчийг Сингапур улсад будааг шинжлүүлсэн гэдгийг худлаа гэж үзэж байна, мөн будааны шохойжилт буюу цайварын хэмжээ нь 100% тариалан эрхлэгчдийн ажиллагаанаас хамаардаг, усанд норж хатахтай холбоогүй, энэ ямар нэг шохойны тухай ойлголт биш гэдгийг шинжлэх ухаан, мэргэжлийн байгууллагын мэдээллээс тодруулсан байгаа, 2023 оны 11-р сард Монгол Улсын олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториуд хүнсэнд бүрэн тохирно гэсэн хариу гаргасан, будааны хугацаа дууссан нь манай компанид хамааралгүй гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. С ХХК нь Г ХХК-тай 2023.05.15-ны өдөр 2316 дугаар Бараа хадгалалт, бэлтгэлийн үйлчилгээний гэрээ-г байгуулж, 20 кг-ын савлагаатай нийт 929 ширхэг, 5 кг-ын савлагаатай нийт 11375 ширхэг будааг хадгалуулах, хадгалалт, үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцжээ. /1-р хавтаст хэргийн 5-23 хуудас/

Талуудын тохиролцоо Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээ-ний зохицуулалтад нийцсэн, гэрээг үгүйсгэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг ба Хадгалалтын гэрээний талуудын хариуцлагыг Иргэний хуулийн 424 дугаар зүйлийн 424.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хадгалуулсан цагаан будааг дутагдуулсантай холбоотой хохирлыг нэхэмжлээгүй тул 2024.09.24-ны өдрийн Тооллогын акт-аар дутагдуулсан гэх будааны талаар дүгнэх шаардлагагүй юм. /3-р хавтаст хэргийн 4 хуудас/

 

5. Зохигчид агуулахад борооны ус нэвтэрсний улмаас будаанууд норж чийг авч улмаар будаанд хөгц, нян бактери үүсэж, чанар нь алдагдаж, хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон эсэх, мөн хохирол учирсан эсэх талаар маргаж байна.

 

5.1. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр агуулахын дээврээс борооны ус нэвтэрсэн, зарим савлагаатай будаа норсон талаар зохигч маргаагүй.

 

5.2. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл Force majeure гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгодог.

Хариуцагч С ХХК нь агуулахын дээврийг засварлах боломжтой бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр агуулахын дээврээс борооны ус нэвтэрсэн байдлыг Цаг уур орчны шинжилгээний газар-ын цаг агаарын мэдээллээр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл Force majeure гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. /хавтаст хэргийн 77-80 хуудас/

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ, Сингапур улсын  ПТЕ ЛТД-ийн шинжилгээний тайлангаар будаанд Бациллус цереус гэх бактер байх ёстой хэмжээнээс 3.6 дахин илүү гарсан, мөн хөгцийн тоо 1300 гарсан, мөн Эс Жи Эс компанийн Бүгд Найрамдах Хятад Улс дахь салбар лабораторийн шинжилгээгээр шохойжилтын хэмжээ 2.0-оос хэтрэхгүй байх ёстой байтал будааны шохойжилтын хэмжээ 7.2 гэж хэт өндөр гарсан, эдгээрээс будааны чанар алдагдаж, хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох хохирол 552,793,000 төгрөг, компанид учирсан алдагдал 156,638,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 3,300,000 төгрөг зэргийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг ...гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж тус тус зааснаар тодорхойлогдоно.

 

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хохирлыг тодорхойлсон байна.

 

Хохирол арилгуулах шаардах эрхийн хувьд, гэрээний нэг талд учирсан хохирол нь нөгөө тал гэрээний үүргээ гэм буруутай зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй байх бөгөөд хохирол нь гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байдаг.

 

6.1. Сингапур улсын  ПТЕ ЛТД-ийн 2023.11.23-ны өдрийн бактериологийн шинжилгээний тайлангаар Сушиний будааны сорьцын Бациллус цереус-ын хязгаар тодорхойлох хэмжээ 200 байхаас үр дүн 720 гарч, уг үзүүлэлт шаардлага хангаагүй гэжээ. мөн харин 2023.12.05-ны өдөр хөгцийн үр дүнг нэмж гаргасан байх бөгөөд хөгцийн тоо 1300 гарсан, шалгуур буюу хязгаар тодорхойлох хэмжээ байхгүй, шаардлага хангаагүй гэх тэмдэглэгээ болон мэдээлэлгүй байна. /1-р хавтаст хэргийн 42-49, 222 хуудас, 3-р хавтаст хэргийн 48-52, 156-160 хуудас/

Мөн Эс Жи Эс компанийн Бүгд Найрамдах Хятад Улс дахь салбар лабораторийн 2024.10.14-ний өдрийн химийн шинжилгээний тайлангаар шохойжилтын зэргийн хязгаар 2.0 ба түүнээс бага байхаас үр дүн 7.2 гарч тэнцээгүй гэжээ. /3-р хавтаст хэргийн 53-58, 48-52, 156-160 хуудас/

 

6.2. Хариуцагч нь эдгээр шинжилгээний тайланг эс зөвшөөрч, Сингапурын энэ лабораторид хандахад, тухайн улсын хуулиар бациллус цереус-ийн шинжилгээг зөвхөн болсон будаанд хийдэг гэсэн хариу өгсөн, Эс Жи Эс компанийн Бүгд Найрамдах Хятад Улс дахь салбар лабораторийн 2024.10.14-ний өдрийн химийн шинжилгээний тайланд шинжилгээний зүйлийг 2 уут, зарласан жин 1000гр/уут,... гэж тодорхойлсон нь манай агуулахад норсон будаа гэж үзэхгүй, мөн будааны шохойжилт буюу цайварын хэмжээ нь 100% тариалан эрхлэгчдийн ажиллагаанаас хамаардаг, усанд норж хатахтай холбоогүй, энэ ямар нэг шохойны тухай ойлголт биш гэдгийг шинжлэх ухаан, мэргэжлийн байгууллагын мэдээллээс тодруулсан гэж маргасан /2-р хавтаст хэргийн 118-129, 237-241, 176-190, 3-р хавтаст хэргийн 42-45, 151-155, 161-166, 173-177, 210-216 хуудас/

 

6.3. Нэхэмжлэгч нь Сингапур улсын  ПТЕ ЛТД-т болон Эс Жи Эс компанийн Бүгд Найрамдах Хятад Улс дахь салбар лабораторид маргаан бүхий агуулахаас будааны дээжийг шинжлүүлэхээр хүргүүлсэн болохоо баримтаар нотлоогүй, мөн эдгээр шинжилгээний аргачлал, стандарт нь манай улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэх боломжгүй, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээгээр будаанд Бациллус цереус, хөгц, шохойжилт илрээгүй тул дээрх шинжилгээний тайлангуудыг үндэслэн будааг хүнсэнд хэрэглэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7. СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн Шинжилгээний дүн-гээр Цагаан будаа /20 кг болон 5 кг/-г 13 үзүүлэлтээр шинжилсэн бөгөөд хөнөөлт, шавьж хачиг, хөгц мөөгөнцөр, гэдэсний бүлгийн бактери тус тус илрээгүй, шинжилгээнд тэнцсэн,

Мөн СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Микробиологи, Таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори, Хими хор судлалын лабораторийн Шинжилгээний дүн болон СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Микробиологийн Шинжилгээний дүн-гээр будааны гадаад байдал хэвийн, чийгшил хэвийн, бациллус цереус илрээгүй, хөгц мөөгөнцөр илрээгүй, СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Микробиологийн Шинжилгээний дүн-гээр бациллус цереус илрээгүй байна.

2023 оны 11 сарын 22-ны өдрийн болон 2023 оны 12 сарын 27-ны өдрийн С ХХК-ийн хими, микробиологийн лабораторийн шинжилгээгээр Shusi rice цагаан будааг 6 үзүүлэлтээр шинжилж, хөгц мөөгөнцөр илрээгүй, шинжилгээнд тэнцсэн байна. /1-р хавтаст хэргийн 71-72, 165-167 хуудас, 2-р хавтаст хэргийн 242 хуудас/

 

8. Шүүгчийн захирамжаар шинжээчээр Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ургамлын өвчин судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан А.У-г томилж, дүгнэлт гаргуулсан. /хавтаст хэргийн 192-195 хуудас/

2024.10.14-ны өдрийн Дүгнэлтэд, шинжээч нь талуудыг байлцуулж, агуулахын цагаан будаанаас дээж авч, будааны дээжүүдийг СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори, С ХХК-ийн хими, микробиологийн лаборатори, Н ХХК-ийн Экостандарт лаборатори, Ургамал эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг магадлан итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд өгч, эдгээр 4-н итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн агуулахад хадгалагдаж буй 75 тонн орчим цагаан будаанд ус чийг ороогүй, хүнсний аюулгүй байдлын норм зөрчигдөөгүй, хөгц мөөгөнцөр болон хүний биед аюултай бактери үүсээгүй байгаа тул цаашид уг будааг хүнсэнд хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн. /2-р хавтаст хэргийн 198-201, 218-231 хуудас, 3-р хавтаст хэргийн 238-239 хуудас/

 

8.1. Шүүх Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ургамлын өвчин судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан А.У-г тусгай мэдлэг-ийн хүрээнд нь шинжээчээр томилсон, шинжээч нь 4-н итгэмжлэгдсэн лабораторийн будааны шинжилгээний дүнг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд үнэлж, дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.-д нийцнэ.

Иймд хариуцагчийг Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний сорилтын лаборатори-ын магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан тул шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. /3-р хавтаст хэргийн 5-6, 236-237 хуудас/

 

8.2. Нэхэмжлэлд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертиз Л.О-ийн сертификатыг нотлох баримт болгосон бөгөөд гэрч Л.О нь мэдүүлэхдээ Агуулах зориулалтын шаардлага хангаж байсан. би нэхэмжлэгчээс танилцуулсан ус алдсан гэх бичлэг болон зарим будаа норсон байдлыг нүдээр хараад сертификатыг бичсэн бөгөөд будааны чийгшил, бактерийг шинжилгээгээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Шинжилгээний дүнг үндэслэн сертификатад өөрчлөлт оруулж болно гэж мэдүүлсэн тул уг сертификатаар будааг хүнсэнд хэрэглэх боломжгүй, хөгцөрч мөөгөнцөртсөн гэж үзэх боломжгүй байна. /1-р хавтаст хэргийн 41, 211-214 хуудас/

 

8.3. Хариуцагч С ХХК-ийн Агуулахын 1-р давхрын агаарын чийгшил болон температурын өдөр бүрийн бүртгэлийн хуудас-аар 2023.08.20-ны өдөр Чийгшил 68,9 гэж тэмдэглэсэн, бусад өдөр 45,8-59,8 байна. /2-р хавтаст хэргийн 40 хуудас/

Лабортариудын шинжилгээгээр будааны чийгшил хэвийн хэмжээнд байна.

2023.08.20-ны өдөр агуулахын чийгшил 68,9 болсон нь будааны хадгалалтын горим зөрчигдөж будааны чанар муудсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн агуулахын чийгшил 60 хувиас доош байх байтал 2023.08.20-ны өдөр агуулахын чийгшил 68,9 байсан нь хадгалалтын горим алдагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна. /3-р хавтаст хэргийн 13-15 хуудас/

 

9. Нэхэмжлэгч Г ХХК нь будааг Монгол улсад импортоор оруулж ирэхдээ 2023 оны 06 сарын 09-ны өдөр Н ХХК-ийн Э лаборатори, 2023 оны 06 сарын 16-ны өдөр СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори зэрэгт шинжилгээ хийлгэсэн, 2023 оны 06 сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Амьтан ургамал, түүхий эдийн импортын гэрчилгээ авсан байна.

Эдгээр шинжилгээний дүнг, шинжээч А.У-ийг шинжилгээ хийлгэсэн СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори, Скай хайпермаркет ХХК-ийн хими, микробиологийн лаборатори, Н ХХК-ийн Экостандарт лабораторийн шинжилгээний дүнтэй харьцуулж үзэхэд үзүүлэлтүүд адил байх тул будааны чанар муудсан гэж үзэх боломжгүй байна. /2-р хавтаст хэргийн 8-10, 223-225 хуудас/

 

9.1. Агуулахад үзлэг хийхэд нэг талын хананд дүүрэн өрөөтэй байсан будаанууд гаднах шуудай дотроо давхар гялгар ууттай, норсон шинж байхгүй, хэвийн байсан бөгөөд харин нөгөө талын тавиур дээр норсныг тусгаарласан, цаасан хайрцагт хийсэн бага зэргийн будаанаас задалж үзэхэд норсон хэсэг нь хоорондоо барьцалдсан, өнгө нь хувирсан, үнэргүй байсан болох нь үзлэгийн тэмдэглэлээс харагдана. /3-р хавтаст хэргийн 21-31 хуудас/

Мөн агуулахад будааг подон дээр давхарлаж хураасан байдал болон будаа нь гаднах шуудайн дотроо давхар гялгар ууттай байсан зэргээс үзэхэд агуулахын дээврээс нэвтэрсэн борооны ус будаануудыг бүгдийг бус, зарим хэсгийг норгох, мөн гаднах шуудайг норгох ч дотогш ус нэвтрээгүй байх боломжтой бөгөөд гэрч Н.Б, М.Е нар мэдүүлэгтээ агуулахын дээврээс борооны ус орсны улмаас будаанууд норсон, будааг норсон, нороогүйгээр нь ялгах ажиллагаа хийсэн талаар мэдүүлсэн, мөн СД-д хийсэн үзлэгийн тэмдэглэлээр зарим бичлэгт харагдах байдлаас 5 кг-тай будааны норсон байдал, гадна шуудай нойтон байдал зэргийг харуулж, ялгах тэмдэг тавьсан байдаг, нэхэмжлэгчээс гаргасан фото зургаар будаа норсон, норсон хэсэг нь шарласан, харласан байдаг /1-р хавтаст хэргийн 24-28, 215-218, 219-250 хуудас, 2-р хавтаст хэргийн 164-169 хуудас/

 

Хариуцагч тал 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр агуулахын дээврээс борооны ус нэвтэрсэн, зарим савлагаатай будаа норсон, норсон багахан хэмжээний будааг ялгаж байршуулсан талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь уг ялгасан будаатай холбоотойгоор маргаж, ялгасан будааны хэмжээг тодорхойлж, хохирол шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г ХХК-ийн хадгалуулсан цагаан будаа борооны усанд норсны улмаас бациллус цереус, хөгц, шохойжилт зэрэг бактери үүсэж, будааны чанар алдагдаж, хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 552,793,000 төгрөг, компанид учирсан алдагдал 156,638,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 3,300,000 төгрөг, нийт 712,731,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Талуудын эвлэрэхээр хэлэлцэж байсан байдал болон хариуцагчийн даатгалын гэрээтэй холбоотой баримтууд нь талуудын маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна. /1-р хавтаст хэргийн 38, 40, 73-76, 104-105, 115-159, 178-200, 219-237 хуудас, 2-р хавтаст хэргийн /

 

12. Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хохирлын үнийн дүнгийн хэмжээг нотлох зорилгоор 2023.06.28-ны өдрийн 1 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.20-ны өдрийн ХГ-23-40 дугаар Худалдааны хамтран ажиллах гэрээ, Х ХХК-ийн үнэлгээний тайлан, будааны гарал үүслийн баримт, будааны гаалийн татвар, гадаад дотоод тээвэр, ачилт буулгалтын баримт зэргийг гаргасан болно. /1-р хавтаст хэргийн 32-37 хуудас, 2-р хавтаст хэргийн 96-118, 3-р хавтаст хэргийн 76-104 хуудас/

 

13. Шинжээчийн зардлын тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр заасны дагуу шинжээч А.У-ийн нэхэмжлэхийн дагуу 500,000 төгрөгийг түүний Хаан банк дахь 000 тоот дансанд нэхэмжлэгч Г ХХК-иар гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 3,879,559 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэг, 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар хариуцагч С ХХК-д холбогдуулан хохирол 552,793,000 төгрөг, компанид учирсан алдагдал 156,638,800 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 3,300,000 төгрөг, нийт 712,731,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч А.У-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,879,559 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА