2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/04330

 

 

 

 



 

  2025      05        15                                  191/ШШ2025/04330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн М /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, 0 давхарт байрлах З ХХК /РД:000000/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.М миний бие А-д хүний нөөц, ХАБ хавсраад зүгээр ажлаа хийж байхад манай байгууллагад хүний нөөцөөр орооч гэж санал тавьж уриад 2024 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр хүний нөөцөөр ажилд авсан. Ажилд авсан өдрөөс эхлэн ажлын байрны дарамт үзүүлсэн. Хүний нөөц өнөөдөр олдохгүй байхад хурдан олж ир гэж дарамталдаг, олдохгүй байна гэхээр өөрөө хий гэсэн тул үйлчлэгчийн хийх ажлыг хийж, жорлон хүртэл цэвэрлэж байсан.

Гэтэл энэ бүхнийг ойлгохгүй, чи чадахгүй байна гэж дарамтлах болсон бөгөөд ажлаас гар гээд бүх ажлыг хүчээр хүлээж авсан. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б/095 тоот тушаалаар ажлаас халсан байдаг. Ажлаас халах үндэслэл нь өөрөө өргөдөө өгсөн гэсэн байсан бөгөөд бичгээр өргөдөл өгсөн зүйлгүй. Өмнө дарамтлаад байхаар нь ажлаас гарна гэж өргөдөл өгөөд хуульчаас зөвлөгөө аваад буцаагаад авч байсан юм. Мэдээж жорлон хүртэл цэвэрлээд байхад үнэлэхгүй байхаар хүний сэтгэл гомддог юм байна лээ, гомдсон учраас шүүхэд өгөх үү, байх уу гэж бодож байгаад хамгийн сүүлийн өдөр нь тус дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Ажил олгогч авчирсан хүмүүсийг дарамтлаад ажлаас гаргачихдаг мөртлөө хүнээ олохгүй байна гэж байнга шахаж захиргааны дарамт үзүүлдэг. Манай байгууллага оролт гаралт ихтэй, хүний нөөц тогтворгүй байгууллага, үүнийгээ удирдлагаас хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч захирал өөрөө ирээд эвлэрэхгүй, энэ бол ажил хийх чадваргүй, ажилдаа тэнцэхгүй гэж халсан, шүүхээр шийдүүлнэ гэсэн. Тус хорооноос тэмдэглэлээ аваад Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийхээ дагуу шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул урд эрхэлж байсан З ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан өдөр болох 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Б.М-гийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Б.М нь 2024 оны 09-р сарын 02-ны өдөр тус компанид ажилд орох хүсэлт гаргасан тул 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/082 тоот Захирлын тушаалаар 3 /гурван/ сарын хугацаатайгаар туршилтын хугацаагаар хүний нөөцийн менежерээр ажиллуулахаар болсон. Туршилтын хугацаагаар ажиллах ажилтны хугацаа нь 2024 оны 12-р сарын 02-ны өдрөөр дуусгавар болох байсан. Гэвч Б.М нь нэг сар хагасын хугацаанд ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас гарахаар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1-д Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно" гэж зохицуулсан байдаг тул ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарах тохиолдолд цаашид хүчээр ажиллуулах боломжгүй байсан учраас түүний хүсэлтийг үндэслэн Захирлын 2024 оны 10-р сарын 16-ны өдрийн Б/095 тоот тушаалаар Б.М-г "З" ХХК-ийн хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас нь 2024 оны 10-р сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож чөлөөлсөн. Гэтэл өөрийн хүсэлтээр ажлаас гарсан атлаа нэхэмжлэлдээ ажил олгогчийг ажлын байрны дарамт үзүүлсэн, тиймээс ажлаас гарах өргөдлөө өгөөд буцаан авсан гэж ор үндэслэлгүйгээр ажил олгогчийг буруутгасаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажил олгогчийн зүгээс ажилтныг дарамталсан аливаа үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгөхөд нь аливаа байдлаар нөлөөлөөгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.7, 7 дугаар зүйлийн 7.3, 7.5-д зааснаар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх болон хүчирхийлэл үйлдэхийг хориглож, ажилтны зүгээс гомдол гаргах эрхийг зохицуулж өгсөн байдаг бөгөөд гомдол гаргагч нь өөрт байгаа нотлох баримтыг хавсаргах ёстой. Хэрэв нэхэмжлэгч нь ажил олгогчийг ажлын байрны дарамт үзүүлсэн гэж үзэж байсан бол энэ талаар баримт нотолгоотой гаргаж тавих нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Б.М нь ажлаас өөрийн хүсэлтээр гарахаар болж, хүсэлтээ ажил олгогчид гаргасан байдаг бөгөөд энэ талаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх гурван талт хорооны шийдвэр болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байдаг. Ажил олгогчийн зүгээс энэхүү өөрийнх нь өгсөн хүсэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Харин ажлаас чөлөөлсөн Захирлын тушаал гарахаас өмнө Б.М нь аливаа байдлаар ажлаас гарах хүсэлтээсээ татгалзсан болон хүсэлтээ буцаан авах талаар ажил олгогчид албан ёсоор мэдэгдэж байгаагүй болно. Хэрэв ажлаас өөрийн хүсэлтээр гарахаа больсон болон хүсэлтээ буцаан авсан тохиолдолд ажил олгогчийн зүгээс Б.М-г ажлаас чөлөөлөх шаардлага байгаагүй.

Нэхэмжлэгч Б.М нь ажлаас гарахдаа хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан албан тушаалынхаа давуу байдлыг ашиглаж, хүний нөөцийн ажилтны хувийн хэрэгт байх ёстой Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө ажил олгогчид мэдэгдэлгүйгээр авч явсан байдаг. Энэ нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээсээ татгалзсан гэж үзэх шууд үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл, хэрэв Б.М нь өөрийн хүсэлтээр ажлаас гарахаа больсон бол энэ талаар ажил олгогчид албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд ажил олгогч түүний хүсэл зоригийг мэдэх боломжтой болохоос албан ёсоор мэдэгдээгүй байхад нь ажил олгогч түүний хүсэл зоригийг тааж тааварлан шийдвэр гаргах боломжгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.М-г өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн Захирлын тушаал хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас З ХХК-ийн захирлын 2024.10.16-ны өдрийн Б/095 дугаар тушаал, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.11.25-ны өдрийн 24/74 дугаар хуралдааны шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас З ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З ХХК-ийн захирлын 2024.09.02-ны өдрийн Б/082 дугаар тушаал, З ХХК-ийн захирлын 2024.10.16-ны өдрийн Б/095 дугаар тушаал, Б.М-ийн тойрох хуудас, З ХХК-ийн захирлын 2024.09.03-ны өдрийн А/22 дугаар тушаал, З ХХК-ийн 2025.04.01-ний өдрийн 25/30 дугаар тодорхойлолт, З ХХК-ийн захирлын 2024.06.18-ны өдрийн А/015 дугаар тушаал, Б.М-гийн ажил хүлээлцэх баримт, 2017.10.17-ны өдрийн Б.М-ийн тайлбар, З ХХК-ийн 2024 оны Хөдөлмөрийн гэрээний бүртгэл, 2024.09.02-ны өдрийн 24/027 дугаар Туршилтын ажилтны хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар З ХХК-ийн хүний нөөцийн менежер ажлын байрны тодорхойлолт, З ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, 2025.04.30-ны өдрийн Фейсбүүкийн "S HR" хаягаас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр I хаягтай харилцсан чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025.05.12-ны өдрийн 212 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.11.25-ны өдрийн 24/74 дугаар хуралдааны шийдвэр, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр хүлээн авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч З ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч нь ажилд орох хүн олоогүй гэх үндэслэлээр өөрөө хийхийг шаардаж, ажлын байрны дарамт үзүүлж үйлчлэгч хийлгэн жорлон хүртэл угааж байсан тул өмнө нь ажлаас гарах өргөдөл өгөөд хуульчаас зөвлөгөө авч буцааж авсан, намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.М нь ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажлаас гарахдаа хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан албан тушаалынхаа давуу байдлыг ашиглаж, өөрийнхөө хувийн хэргээс Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө ажил олгогчид мэдэгдэлгүйгээр авч явсан, ажлаас гарах хүсэлт өгсөн гэдэг нь нэхэмжлэл болон Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны тэмдэглэлээр нотлогдоно гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.М нь З ХХК-ийн захирлын 2024.10.16-ны өдрийн Б/095 дугаар Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1заасны дагуу ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо З ХХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан ба тус хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 24/74 дугаар тэмдэглэлийг 28-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2024.12.02-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тус тус хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 3, 4-6 хуудас, 1 хуудсны ар тал/

 

4.2. З ХХК-ийн захирлын 2024.09.02-ны өдрийн Б/82 дугаар Б.М-г туршилтаар ажилд авах тухай тушаалаар Хүний нөөц хөгжлийн албанд Хүний нөөцийн менежерээр Б.М-г 2024.09.02-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулжээ. /хавтаст хэргийн 28 хуудас/

 

4.3. З ХХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Б/095 дугаар Б.М-маатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 21, 22 зүйл заалтуудыг үндэслэн тус компанийн Үйл ажиллагааны албаны Хүний нөөцийн менежер ажилтай Б.М-г 2024.10.16-ны өдрөөр дуусгавар болгон өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 3, 29 хуудас/

 

5. Талууд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан эсэх талаар маргаж байна.

 

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан.

Хариуцагч З ХХК-ийн 2024.09.02-ны өдрийн Б/082 дугаар тушаалд Б.М-г 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулахаар заасан байх боловч Б.М-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул туршилтын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Б.М нь намайг А ХХК-д хүний нөөц, ХАБ хавсраад ажиллаж байхад манай байгууллагад хүний нөөцөөр орооч гэж санал тавьж ажилд авсан гэж тайлбарласан тул хариуцагч З ХХК нь Б.М-гийн ажлын туршлагыг үндэслэн ажилд авсан тохиолдолд туршилтаар ажиллуулах шаардлагагүй юм.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан. "гарын үсэг зурсан" гэдэгт бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч иргэн, ажил олгогч хуулийн этгээд, байгууллагыг төлөөлж, эрх бүхий албан тушаалтан, мөн ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхыг хэлнэ.

Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээнд Б.М гарын үсэг зураагүй тул З ХХК-ийг Б.М-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. /хавтаст хэргийн 109-111 хуудас/

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж заасан.

 

6.1. Хариуцагч З ХХК нь ажилтан Б.М-г ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй.

 

6.2. Харин Б.М-г ажлаас гарахдаа хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан албан тушаалынхаа давуу байдлыг ашиглаж, хүний нөөцийн ажилтны хувийн хэрэгт байх ёстой Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө ажил олгогчид мэдэгдэлгүйгээр авч явсан гэж тайлбарлаж байна.

 

З ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.22-д Ажилтнхуудын бичгээр гаргасан албан ёсны өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх асуудлыг эмнэлэг хариуцсан менежер бүрэн хариуцна гэж, мөн 3.24-д ажилтнууд нь компанийн удирдлагад гаргаж байгаа ажил төрлийн болон хувийн хүсэлт, санал, гомдлоо нэгжийн хаяг, овог нэр, он сар, өдөр, регистрийн дугаараа тодорхой бичиж хаяглан, эмнэлэг хариуцсан менежерт өгч бүртгүүлсэн байна гэж тус тус заасны дагуу ажилтны ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлтийг эмнэлэг хариуцсан менежер бүртгэж, бүрэн хариуцахаар байна.

З ХХК-ийн эмнэлэг хариуцсан менежер нь Б.М-ийн ажлаас гарах өргөдөл, хүсэлтийг бүртгэж аваагүй, мөн Б.М-г ажлаас гарах өргөдлөө ажил олгогчид мэдэгдэлгүйгээр авч явсныг харсан, үзсэн хүнгүй тул хариуцагч З ХХК-ийн дээрхи тайлбар үндэслэлгүй байна.

 

6.3. Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлдээ ...өмнө дарамтлаад байхаар нь ажлаас гарна гэж өргөдөл өгөөд хуульчаас зөвлөгөө аваад буцаагаад авч байсан юм гэж, мөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гаргасан гомдолдоо ...өмнө дарамтлаад байхаар нь ажлаас гарна гэж өргөдөл өгөөд зөвлөгөө аваад буцаагаад авч байсан юм гэж тус тус бичсэн бөгөөд үүнийгээ 2024.09.07-ны өдөр гэж болсон үйл баримт гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул эдгээр баримтаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдэг нь нотлогдоно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

6.4. Facebook-ийн messenger Ish C хаягаар Б.М-ийн эмч И.Ч-тай харилцсан байдал болон Б.М-гийн гараар бичсэн баримт зэрэг нь ажил хүлээлгэн өгөхтэй холбоотой байх тул эдгээр баримтыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгааг нотлосон баримт гэж үзэх үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 31, 63-67, 81-87, 119 хуудас/

 

7. Хариуцагч З ХХК-ийг ажилтан Б.М-гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийг үндэслэн харилцан тохиролцсоноор Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул З ХХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Б/095 дугаар Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1. дэх хэсэгт зааснаар Б.М-г урьд эрхэлж байсан З ХХК-ийн Үйл ажиллагааны албаны Хүний нөөцийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Б.М-г ажлаас чөлөөлсөн 2024.10.16-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч З ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М-ийн сарын цалин 2,500,000 төгрөг болох нь ажилд авсан тушаалаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 28 хуудас/

Ажилгүй байсан буюу ажлаас халагдсан 2024.10.16-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 7 сараар тооцоход 17,500,000 төгрөг /1 сар 2,500,000 х 7 сар = 17,500,000 төгрөг/ болж байх тул 17,500,000 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

 

7.2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч З ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17,500,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 245,450 төгрөг тус тус гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар Б.М-г З ХХК-ийн Үйл ажиллагааны албаны Хүний нөөцийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч З ХХК-иас 17,500,000 /арван долоон сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж Б.М-д олгож, Б.М-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг З ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар З ХК-иас 315,650 /гурван зуун арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА