Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/544

 

 

 

 

 

 

   2024            5            09                                       2024/ДШМ/544

 

 

  Г.Ө-т холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ө-т холбогдох 2305043830013 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн .....-ын Ө, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, э..эгтэй, .......... боловсролтой, мэргэжил.., “..........” ХК-д ... хариуцсан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................./;

Шүүгдэгч Г.Ө нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн зүүн талд байрлах “Б И” ХХК-ийн барилга угсралт хийж байгаа талбайд хохирогч Ц.Б-ийг “ажил хийхгүй өөдөөс маргасан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт гараараа болон барилгын хамгаалалтын малгайгаар цохиж, “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух уруул хамарт зулгаралт, нэг шүдний паалангийн эмтрэл” бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ө-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-ыг  400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч Г.Ө-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 20.042.917 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.877.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 1.644.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 1.021.417 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөг нийт 6.521.417 төгрөгийг шүүгдэгч Г.Ө-аас гаргуулж хохирогч Ц.Б-д олгож, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Б-д эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Ө нь ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг. 2019-2021 онд “И т” ХХК-д бригадын даргаар, 3 жил ажиллаж, 2021-2024 онд даамал буюу менежерийн албан тушаалаар ажиллаж байна.

Миний эрүүл мэндийн хувьд нурааны 1, 2 дугаар үеийн суулттай, нуруугаар чилж өвддөг бөгөөд хүнд зүйл өргөж, ядарч, даарч болохгүй гэсэн эмчийн заалттай тул эмчийн хяналтанд байдаг. Гэр бүлд минь надаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Эцэг, эх, дүү нар маань ажил хийдэггүй, би гэр бүлээ ажил хийж авч явдаг.

Болсон асуудлын хувьд хохирогч Б нь ажилдаа гарахгүй гэсний улмаас бид маргалдаж түүнийг ажлаа хий гээд түлхэх үед хана руу налаад эргэж хараад миний нүүр хэсэг рүү цохих үед би зөрүүлээд цохих үед ажилчид дундуур орж салгасан ба салгах үед хохирогч Б миний өмсөж байсан хамгаалалтын каск руу 3-4 удаа мөргөсөн. Энэ явдалд би дүгнэлт хийж гэмшиж байна.

Хохирол төлбөрт тэр оройноо 100.000 төгрөг, шүүх хуралдаанаас өмнө 500.000 төгрөгийг төлсөн. Хохирлын бусад зардлыг анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 6.521.417 төгрөгийг дахин хянан үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сэтгэл санааны хохирлын 5.500.000 төгрөг нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний ажлын байдал, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөөс төлж барагдуулсан, ар гэрийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан 400 цагийн нийтэд тустай хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ө-ын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Ө гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, гэм буруу дээр маргахгүй байгаа. Шалтгаан нөхцөлийн хувьд ажлын цалин хөлснөөс болж маргалдсан. Гэхдээ хохирогч Г.Ө-ыг  түрүүлж цохисон бөгөөд үүнээс шалтгаалан хоорондоо маргалдаж байхад ажилчид нь салгаад хоёуланг нь хоёр гарыг нь хойд талд нь барьсан байх үед хохирогч Г.Ө-ын хамгаалалтын малгай руу толгойгоороо цохисон гэдэг зүйлийг гэрч н.Сүхтулга, н.Уртнасан нар мэдүүлдэг. Г.Ө нь салгасны дараа хохирогчийг хамгаалалтын малгайгаар цохисон нь үнэн, хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед хамт ажилладаг учраас ямар нэгэн гомдол саналгүй гээд эвлэрээд уучлалт гуйгаад салсан боловч хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 100.000 төгрөг, анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө 500.000 төгрөг нийт 600.000 төгрөг төлсөн. Шийтгэх тогтоолоор эмчилгээний зардалд 1.021.417 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөг нийт 6.521.417 төгрөгийг шүүгдэгч Г.Ө-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтад 600.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай гээд эмчилгээний зардлаас 600.000 төгрөгийг хасаж, 421.417 төгрөг үлдсэн гэж дүгнээгүй, ойлгомжгүй бичигдсэн байсан. Давж заалдах шатны шүүхэд хувийн байдалтай холбоотой гаргаж өгсөн баримтад эмчилгээний зардлын үлдэгдэл 421.417 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөгөөс 600.000 төгрөг төлөөд үлдэгдэл 4.900.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа юм. Г.Ө нь өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. “Б И” ХХК-д менежер буюу даамал хийдэг бөгөөд дороо 30 гаруй хүнийг удирдан ажилладаг. Барилгын ажлын оргил ачааллын үе учраас Налайх болон Багануур дүүрэгт барилгын ажил хариуцан ажиллаж байгаа. Тэгэхээр ажлын цагийн хуваарь шахуу байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл амьдралд нь хүндрэлтэй гэж үзэж байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ө-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолын ТОГТООХ  хэсгийн 6 дахь заалтад 600.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай гэж бичсэн гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна. Мөн хохирогчийн зүгээс 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон 1.021.417 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Сэтгэл санааны хохирлын хувьд 2 дугаар зэрэглэлд хамаарсан учраас Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу 5.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сонгох санкци байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шударга ёсонд нийцүүлэн түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Шүүгдэгч Г.Ө нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн зүүн талд байрлах “Б И” ХХК-ийн барилга угсралт хийж байгаа талбайд хохирогч Ц.Б-ийг “ажил хийхгүй өөдөөс маргасан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт гараараа болон барилгын хамгаалалтын малгайгаар цохиж, “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух уруул хамарт зулгаралт, нэг шүдний паалангийн эмтрэл” бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

хохирогч Ц.Б-ийн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орой 22 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Хархорин худалдааны төвийн зүүн талд байрлах ажлаасаа буух гээд хувцсаа сольчихоод багажаа үүрчихээд яг гарах гэж байтал Ө гэх манай ажлын даамал хийдэг залуу намайг хэн буу гэсэн юм пизда минь, чамайг гээд миний нүүр хэсэгт гараараа цохиж эхэлсэн. Тэгтэл тэнд байсан З гээд бригадын дарга, У гэх мужааны бригадын дарга хоёр нийлж байгаад миний хоёр талын гараас бариад Ө нь намайг өмсөж байсан каскаараа маш олон удаа цохисон. Тухайн үед С гээд манай ажлын залуу харж байсан. Тэгээд намайг цохиж зодчихоод тэр гурав юу ч болоогүй юм шиг ажлаа үргэлжлүүлж хийгээд цаашаа явчихсан. Миний биед Ө нь хамгийн түрүүнд баруун гараараа байх миний нүүрний ам, шүд хэсэг рүү цохих шиг болсон, тэгээд л хоёр хажуу талаас З, У гэх хоёр залуу барьчихаад Ө нь миний толгой хэсэг рүү маш олон удаа цохиж, нүд хэсэгт бас цохисон. Би тухайн үед ямар ч биеэ хамгаалах боломжгүй гар барьчихсан байсан. ...” /хх  7-9/,

гэрч Д.У-ийн “...С, Ө, З, Б бид нар “И т” нэртэй барилга угсралтын компанид хамт ажилладаг. 2023 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилга дээр цутгалт авч байсан бөгөөд Б нь тухайн үед хэв харж галлагаа хариуцаж байсан. С, З бид 3 барилга дээр цутгалт авч дуусаад ажилчид байрладаг чингэлэг дотор орж ирээд байж байсан чинь араас Б орж ирээд удаагүй Ө орж ирээд бид нарт хандаж “баригдаж байгаа барилгын галлагаагаа хий” гэж хэлэх үед бид нар гарах гэж байсан чинь Б Ө-т хандаж “би явлаа цалин дутуу тавьсан байж” гэж хэлээд уурлах үед Ө уурлаж Б-тэй зодоон хийх үед нь бид нар голоор нь орж салгасан. Энэ үед Ө нь өмссөн каскаа тайлж гартаа бариад гартаа барьсан каскаараа Бийн толгой руу цохисон. Тэгээд салцгаасан. Б, Ө хоёрын дунд зодоон болсон. Хамт байсан С, З бид 3 салгасан. Тухайн үед Ө Б хоёр хэрүүл маргаан хийж барилцаж авах үед Ө нь толгойдоо касктай байсан. Энэ үед Б нь Өын каск өмссөн толгой хэсэг рүү нь 3-аас 4 удаа мөргөсөн бөгөөд бид нар салгах гэж голоор нь орох үед тэр 2 нэгнийхээ нүүр хэсэг рүү нь цохиод байсан....” /хх 10-11/,

гэрч Б.З-гийн “...Ө бид нарт хандаж “баригдаж байгаа барилгын галлагаагаа хий” гэж хэлэх үед хүмүүс гарахгүй дургүй суугаад байсан. Энэ үед Б нь “цалин мөнгөө өгөхгүй байж зарлаа” гэсэн чинь Ө “чи тэгүүл ажлаас гар” гэж хэлээд барилцаж аваад нэгнээ түлхээд байсан. Б нь Өтай барилцаж байж үе буланд шахагдаж газар унасан. Тэгээд бид нар тэр хоёрын голоор орж салгасан, салгаж байх хугацаанд тэр хоёр нэгийгээ толгой, нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Ө, Б хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Бид нар түүнийг бүлэглэж зодсон зүйл үгүй. Хохирогч худлаа хэлсэн байна, тухайн үед түүний гараас бариад Ө нь зодсон зүйл үгүй. Бид нар тэр хоёрыг салгасан. Мөн маргаан гарсан чингэлэг дотор хяналтын камер байхгүй. ...” /хх 13-14/,

гэрч Д.С-гын “...Уртнасан, Золбоо бид 3 барилга дээр цутгалт авч дуусаад ажилчид байрладаг чингэлэг дотор орж ирээд байж байсан чинь араас Б орж ирээд сууж байтал гаднаас барилгын даамал Ө орж ирсэн. Ө бид нарт хандаж гадаа хүмүүс ажиллаж байхад та нар яагаад энд амраад байдаг юм хийх ёстой ажлаа хийцгээ гэж хэлэх үед бид нар юм дугараагүй. Энэ үед Б “зөндөө ажил хийлээ амармаар байна цалингаа гүйцэт өгчихөд яадаг юм” гэх үед Ө  Бийг түлхэх үед тэр газар унаад босож ирээд Өын нүүр хэсэг рүү нь цохисон чинь Ө Бийг заамдаж аваад нүүр хэсэг рүү нь олон удаа цохисон. Энэ үед Б нь Ө-ыг мөн адил цохисон. Тэр 2 хоорондоо зодоон хийж байхыг тэнд байсан хүмүүс хараад болиулсан. ...” /хх 16-17/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14683 дугаартай шинжээчийн “....Ц.Б-ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, хамарт зулгаралт, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 24.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 23-24/ гэсэн дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 54/, хохирогч Ц.Б-ийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх 57-69/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 70/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Ө-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.Ө-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хууль бусаар халдаж, хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг эс зөвшөөрч, уг ялыг “торгох ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ө-аас гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 1.021.417 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөг нийт 6.521.417 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч уг хохирлоос гэм хорын хохиролд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 100.000 төгрөг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 500.000 төгрөг нийт 600.000 төгрөг нөхөн төлсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохиролд дахин 1.021.417 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “шүүгдэгч Г.Ө-ыг  мөрдөн шалгах ажиллагааны шатанд 100.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 500.000 төгрөг нийт 600.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх 5.921.417 төгрөгийн төлбөртэй” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “эмчилгээний зардалд 1.021.417 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөг нийт 6.521.417 төгрөг” гэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар эмчилгээний зардалд 421.417 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөг нийт 5.921.417 төгрөгийг шүүгдэгч Г.Ө-аас гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай. ...” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ө нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Ц.Б-д 1.021.417 төгрөг төлсөн учир эмчилгээний зардлын үлдэгдэл 421.417 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, сэтгэл санааны хохирол болох 5.500.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг төлсөн, хохирогчид нийт 4.900.000 төгрөгийн хохирлыг төлөх үлдэгдэлтэй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Мөн давж заалдах шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг  хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хугацаад биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Ө-т анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-ыг  1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-т шүүхээс оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ө-т мэдэгдсүгэй. ...” гэж,

5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар эмчилгээний зардалд 421.417 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөг нийт 5.921.417 төгрөгийг шүүгдэгч Г.Ө-аас гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай. ...” тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Г.Ө нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 1.021.417 төгрөгийг хохирогч Ц.Б-д нөхөн төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                         С.БОЛОРТУЯА

                                             ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР