| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2025/0371/З |
| Дугаар | 128/ШШ2025/0633 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Ө*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б******* /ШТЭҮД №:*******/
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э*******, Д.А*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.А /ШТЭҮД №/
Маргааны төрөл: Төрийн алба,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ө*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, Д.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаал, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 065 дугаар сарын 26-ны өдрийн Б/488 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Мгийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд түүний албан үүргийг тус хэлтсийн хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ө.Ө*******г 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
2.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/485 дугаар тушаалаар Ө.Ө*******г хууль, тогтоомж зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 3615 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
2.3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар Ө.Ө******* нь тушаал шилжин ажиллах болсон тул 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/488, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, мөн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Ө.Ө******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс албан тушаал бууруулж шийдвэрлэжээ.
2.4.Дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2830 дугаар захирамжаар хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Нэхэмжлэлийн үндэслэлдээ:
3.1. ...би 2006 оны 12 дугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт мэргэжилтнээр ажилд орж, тус газартаа 2006-2012 онд мэргэжилтэн, 2012-2016 онд ахлах мэргэжилтэн, 2016 оноос Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр нийтдээ улсын бүртгэлийн байгууллагад 18 жил үр бүтээлтэй ажилласан. Улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа тасгийн дарга, хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч зэрэг удирдах албан тушаал эрхэлж, хамт олондоо нэр хүндтэй, жил бүр төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх үнэлгээгээр А буюу Маш сайн гэсэн үнэлгээтэйгээр дүгнэгдэж, төрийн албыг нэр төртэйгөөр гүйцэтгэж байсан:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг баталж, тус удирдамжаар 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд шалгалт хийсэн. Удирдамжид зааснаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор шалгалтын дүн гарч, илтгэх хуудсаар Ерөнхий газрын даргад танилцуулах байсан. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт илэрсэн зөрчлүүдэд манай хэлтсийнхэн холбогдох тайлбарыг гаргаж өгсөн. Хяналт шалгалтын ажиллагаа ерөнхий газрын даргад 10 дугаар сарын 07-ны өдөр илтгэх хуудас өгснөөр дуусгавар болсон ба энэхүү илтгэх хуудсаар сахилгын зөрчил ажилчдад ногдуулах шаардлагагүй гэж үзсэн байдаг. Гэтэл 2025 онд УБЕГ-ын газрын дарга солигдож даргын үүргийг түр гүйцэтгэгч томилогдсоны дараа дууссан хяналт шалгалтын ажил дээр сонсох ажиллагаа хийж хэлтсийн улсын бүртгэгч нар зөрчил гаргасан үндэслэлээр намайг албан тушаал бууруулсан. 2024 оны 10 дугаар сард уг шалгалтын хариу гарч, улсын бүртгэгч нараас тайлбар аваад шалгалтын ажиллагаа дууссан байхад дахин 2025 онд уг шалгалтын дүнг үндэслэн албан тушаал бууруулж, шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан нь үндэслэлгүй. Удирдамжгүй, зохих журмын дагуу хийгдээгүй, процессын алдаатай тушаал гэж үзэж байна.
Хамгийн гол нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.10.3 дэх хэсэгт заасан "Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн" үндэслэлээр албан тушаал бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Сонсох ажиллагааны үеэр Тамгын газрын даргаас надад сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин хяналт шалгалтаар улсын бүртгэгч нарт зөрчил илэрсэн учраас удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй гэж захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан. Зөрчил гаргасан албан хаагч нарт халах сахилгын шийтгэл ногдуулсан, уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай бүртгэгч нар шүүхэд маргаан үүсгэсэн. Гэтэл нэг зөрчилд улсын бүртгэгч нарт халах арга хэмжээ авсан атлаа гэм бурууг халдаан тасгийн дарга надад бусдын өмнөөс хариуцлага ногдуулж албан тушаал бууруулсан. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй арга хэмжээ авсан нэг үндэслэлээрээ хэд хэдэн сахилгын шийтгэлийг давхардуулан арга хэмжээ авсан. Намайг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, надад арга хэмжээ авахаар хэт улайран тушаал гаргасан.
Б/115 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд Хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах бүртгэгчийн албан тушаалаас бууруулж, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэлд шилжүүлэн ажиллуулахаар болсон.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр Тушаал хүчингүй болгох тухай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар Ө.Ө*******г албан тушаал бууруулж, шилжүүлэн томилох тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж огно үү. гэжээ.
3.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Б/115 дугаар тушаал дээр дурдсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлснийг гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр л үнэлдэг тухай журам дээр тодорхой заасан байгаа. Албан тушаал бууруулах үндэслэлүүд бол дараалаад 2 удаа хангалтгүй үнэлэгдсэн байдаг. 52 дугаар зүйлийн 52.2-т заасан төрийн албаны хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан үйл баримт тодорхой байна. Хяналт шалгалт хийгдсэн зөрчил гэж нэрлээд байгаа албан бичгийн хариуг хүргүүлсэн. Хүчинтэй хугацаатай 7 хариу хариу гээд байгааг бүгдийг нь хүргүүлсэн. Хүргүүлсэн албан бичиг дээр мэдээллийг оруулаагүй байна гэдгийг сонсох ажиллагаа дээр хяналтын ахлах байцаагч н.Н******* зөвшөөрсөн байгаа. Хяналт шалгалтын удирдамж дээр зааснаар 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ерөнхий байцаагчид танилцуулах ёстой гэж заасан байдаг. Зөрчлөө арилгах албан шаардлагын мэдэгдэл ирсэн. А.Э******* байцаагчийн хэлж байгаагаар удирдлага солигдоод бид нар танилцуулах боломжгүй байсан юм аа гэж тайлбарлаж байгаа. Үүнийг бол үгүй байх гэж бодож байна. Хяналтын ерөнхий байцаагчид мэдээлэл илтгэх хуудсыг танилцуулснаар албан даалгавар гараад Баянгол дүүрэгт ирээд хариу өгсөн байгаа. Улсын бүртгэлийн газрын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 185.5-т ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно гэж заасан гэж заасан байдаг. Хяналт шалгалтын газрын улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 13 дугаар зүйлийн 13.3-д ерөнхий байцаагч гарын үсэг зурж хувийн дугаартай тэмдгээ дарснаар илтгэх хуудсыг баталгаажуулна гэсэн байдаг. Бид нарыг буруутгаж байгаа үйл баримтын үндэс болсон хяналт шалгалтын журмын илтгэх хуудсын 2 байдлаар тайлбарладаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга ерөнхий байцаагч байсан н.Д******* 10 дугаар сарын 07-ны өдөр танилцсан гэж бодож байна. Тэр хүн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа өгсөн байгаа. Удирдамжид заасан 7 хоногийн дотор танилцуулаагүй бол ажлаа өгч чөлөөлөхөөр дүгнэлт уншсан ч 7 хоногийн дотор ажлаа танилцуулаагүй тул хяналт шалгалтын бүрэлдэхүүн ажлаа хийж чадаагүй юм биш үү гэж үзэж байгаа. 11 дүгээр сарын 19-ны өдөр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоны дараа танилцуулсан байна. Маргаан бүхий акт бол Б/115 дугаар тушаал байгаа. Өмнөх сахилгын шийтгэл дээр бол гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргасан. Үүн дээр сахилгын шийтгэл хүлээсэн. Тэгэхдээ өмнөх зөрчил өдөөгийн зөрчил хоорондоо өөр ойлголт гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Сонсох ажиллагаа дээр яригдсан надтай хамаарал бүхий 5 хүмүүс буюу найз нөхдийн хувьд надтай ойр дотно хүмүүс байгаа. Үүнийг нотлох боломжгүй гэдгийг илтгэх хуудас дээр тодорхой тайлбарласан байгаа. Ажлаас халагдах хэмжээний зөрчил биш байхад тухайн хүмүүст арга хэмжээ авч болохгүй гэдгийг албан хаагч нарын өмнөөс тайлбарласан боловч уг 4 албан хаагч халагдсан. Зөрчил гаргасан гэж үзээд халсан тул тухайн хүмүүс шүүхээр маргаад асуудлаа шийдвэрлээд явж байгаа. Тэр хүмүүст өөрсдөд бүртгэлийн байгууллагын зөрчил гэж үзээд арга хэмжээ авсан байж яагаад надад халдаагаад байгаа гэдгийг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт албан тушаал бууруулж байгаа заалт буюу Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.3.5-т заасан хэсгийг үндэслээж байгаа болохоор бууруулж байгаа. 301 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 бол манай маргаанд ашиглагдахгүй гэдэг байдлаар тайлбарласан. Энэ бол үндэслэлгүй юм. Яагаад гэвэл Засгийн газрын агентлагийн тухай хуульд агентлагийн даргад өөрийнхөө доор байгаа албан тушаалтныг албан тушаалыг нь бууруулах байдлаар эрх хэмжээ олгосон байна. Албан тушаал бууруулахдаа ямар журмаар хэрхэн бууруулах вэ гэвэл Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Энэ хоёр хууль нэгдэж байж нэг агуулгыг зохицуулж байгаа. Агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 нь төрийн албаны тухай хуулиар амь орж байгаа. Иймд энэ хоёр хууль бие биетэйгээ өрсөлдөөгүй гэж харж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар бие биетэйгээ өрсөлдсөн хэм хэмжээ байлаа ч гэсэн ерөнхий хуулийн заалтыг хэрэглэхгүй илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг баримтална. Хууль тогтоомжийн эрэмбийн асуудал энэ дээр яригдана. Төрийн албан хаагчийн ажлын дүнг бууруулах тохиолдолд ийм журам үйлчилнэ гэж Төрийн албаны тухай хууль нарийвчилсан зохицуулсан. Маргаан бүхий акт дээр дурдагдаад байгаа 45 дугаар зүйлийн 45.1.1 гэх зүйл заалт буюу албан тушаал бууруулах тухай зохицуулалт энэ харилцаан дээр үйлчилнэ. Үйлчлэх ёстой болохоор энэ хуулийн зүйл заалтыг хариуцагч тал үндэслэлээ болгосон байгаа. 45 дугаар зүйлийн 45.1.1 гэх заалтын хуулийн тайлбар байгаа. Тайлбар дээр нь төрийн албан хаагчийг албан тушаал бууруулах тохиолдолд 52 дугаар зүйлийн 52.2.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ гэж тодорхой заасан байгаа. Хэрэв албан хаагчийг албан тушаал бууруулах хариуцлага ноогдуулах тохиолдолд ажлын гүйцэтгэл үр дүнг үндэслэн шийдвэрлэн. 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар ажлын гүйцэтгэл үр дүнг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг засгийн газар эрх хэмжээг нь олгоод тогтоолоороо зохицуулна гэж тодорхой заасан. Уг тогтоол дээр албан тушаал бууруулах асуудалд хариуцлага ноогдуулах гэж байгаа тохиолдолд 70 хүртэлх хувь буюу хангалтгүй гэсэн үнэлгээг жил дараалаад буюу тухайн хүн маань авсан байх ёстой гэх шаардлагыг зохицуулаад өгсөн байгаа. Удаа дараа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэдэг нь 2 ба түүнээс дээш хангалтгүй үнэлгээ авсан гэх утгатай. Тухайн журмын 2 дугаар зүйлийн 2.1-д ажил албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээр үнэлнэ гэж заасан. Бид нарын зүгээс хэрэглэж байгаа тушаалын хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Сахилгын хариуцлага авагдсан нөхцөл нь доод албан тушаалтан нь албан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчилтэй нь нэгдээд удаа дараа гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Энэ бол хоёр өөр асуудал юм. Хариуцагч талын удаа дараа гэж үзэж байгаа үндэслэл бол холбогдох хууль тогтоомжийн 2 ба түүнээс дээш хангалтгүй үнэлгээ авсан гэдэгтэй нийцэхгүй байгаа. Ийм үйл баримт байгаа тул 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан хэсгийг хэрэглэх 44 дүгээр зүйлийн 44.5-д Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 д тодорхой байдлаар асуудлыг зохицуулсан байна. Шилжүүлэх, бууруулах асуудлыг шилжүүлэх биш бууруулах арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Буруу ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Маргаан бүхий захиргааны акт бууруулаад Баянгол дүүргийн улсын бүртгэгч болгосон буюу хэн нэгнийг шилжүүлэх гэж байгаа тохиолдолд албан тушаал бууруулж болохгүй шүү гэх Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан байдаг. Үүний дараа Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлэхдээ улсын бүртгэгч болгосон. Эхлээд бууруулах процесс хийсэн байгаа юм. Маргаан бүхий захиргааны акт эхлээд албан тушаал бууруулсан хуулийн зүйл заалтыг бариад дараа нь 44 дүгээр зүйлийн 44.5-т заасан шилжүүлэх хуулийн заалтыг барьж гарсан. Энэ 2 үйл явдал энэ актаар тус тус зохицуулагдсан байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа бууруулах дотор шилжүүлэх явагдах хууль зүйн зохицуулалт байхгүй мөн хавтаст хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа. Аливаа хэрэг маргааныг шүүх шийдэхийн тулд тусгай болон нийтлэг урьдчилсан нөхцөл хангагдаж байж шүүх тухайн маргаанд агуулгын хувьд дүгнэлт хийх ёстой байдаг. Миний хувьд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа шүүхэд нэхэмжлэл гаргах нийтлэг урьдчилсан нөхцөл болох хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдсөн буюу 65 дугаар зүйлийн 65.1-д холбогдуулж тайлбар хэлж байна. 65 дугаар зүйлийн 65.1-д хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн гэдэг агуулгаар шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдсөн асуудал яригдана. Шүүх 14 дүгээр зүйлийн 14-д заасан шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдсөн эсэхийг шүүх хянана. 14 дүгээр зүйлийн 14.1-д шийдвэрийг авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргана гэдэг шаардлага тавьж байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдол гаргах 30 хоногийн хугацаатай байдлаар зохицуулах. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан эсэх дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээд гомдол гаргаад үүнийг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны эрх бүхий этгээд хянаад манайх хууль дүрэм журмын дагуу шийдвэр гарсан байна. Тийм учир таны гомдлыг хүлээж авахгүй гэх хариу өгснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. н.Б*******ийн цэнхэр ном дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу хийсэн эсэх тухай жишээг тайлбарлаж байгаа юм. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хянагч этгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан дээр асуудал үүсгэхгүйгээр гомдолд хууль зүйн хувьд дүгнэлт өгөөд гомдлын хариуг өгчихсөн байгаа тохиолдолд тэр гомдлыг хүлээж аваад 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй гэж дүгнэх асуудал болгохгүй гэдэг байдлаар тодорхой заасан байгаа. 14 дүгээр зүйлийн 14.1-д шүүхэд гомдол гаргах 30 хоногийг хуульчилсан байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны 30 хоног тоолох зохицуулалт биш. Заасан хугацаанд гаргаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэдэг хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Бид нар хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. Үүний дагуу шийдвэр нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр нь 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал дээр авагдсан байгаа. 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан тухайн шийдвэрийг авснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэдэг журам 250 дугаар тал дээр байгаа. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарсан Төрийн албаны зөвлөлийн хариу байгаа. Манай 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу 30 хоногтоо багтаагаад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хэсгийг хангасан гэж үзэж байна. Зөрчлөө арилгаад цахимжуулсан үйл баримт байгаа гэж хариуцагч талаас тайлбарлаж байгаа. Үүнийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Улсын байцаагчийн албан шаардлагын зөрчлүүдийг Ө.Ө******* яг шаардлагын хугацаанд хангасан гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн хүлээн зөвшөөрсөн. Зөрчлөө арилгасан байхад арилгаагүй юм шиг арга хэмжээ тооцож байгаа нь үндэслэлгүй. Шүүх анхаарч шийдвэрлэж өгнө үү. гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Бүртгэлийн цахимжуулалтын үйл ажиллагаа, Хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа гэсэн чиглэлээр Хяналт шалгалтын газрын хяналтын улсын (ахлах) байцаагч нар 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, гүйцэтгэсэн.
Шалгалтаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ө.Ө******* Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын ******* оны А/1347 дугаар тушаалаар батлагдсан Албан тушаалтын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу эрхлэн хөтөлж, иргэн хуулийн этгээдэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх гэж мөн зүйлийн 2.2-т Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн баяжилтыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу хийх гэж, мөн зүйлийн 2.3-т Улсын бүртгэгчийг мэргэжил, арга зүй, мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах гэж, мөн 3 дугаар зорилтын 3.3-т Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүнг мэдээлэх гэснийг тус тус зөрчиж, биелүүлж ажиллаагүй. Энэ нь дараах үндэслэлээр тодорхойлогдож байгаа.
Шалгалтаар улсын ахлах бүртгэгч Ө. Ө******* 2 төрлийн нийт 14 зөрчил гаргасан байдаг. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4 дэх заалт, 11.8 дахь заалт, 19.4.4 дэх заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй.
Шалгалтаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд. эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт илэрсэн зөрчлийг арилгуулах талаар Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага явуулахад тус тасгийн 12 албан хаагчийн нийт 64 зөрчлийн 28 зөрчлийг арилгаж, 36 зөрчлийг арилгаагүй бөгөөд хяналтын улсын байцаагчийн хугацаатай хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй.
Зөрчлийн шинж, давтан гаргасан эсэх, албан тушаалын тодорхойлолтод заасан улсын бүртгэлийн хууль тогтоомжид хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй, өөрийн тасгийн харьяалалд байгаа улсын бүртгэгч нарыг мэргэжил, арга зүй, мэдээллээр хангаагүй ялангуяа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан заалтыг хэрэгжүүлэхгүйгээр тасгийн хэмжээнд олон тооны зөрчил гарсан, гарсан зөрчлийг арилгуулахаар хяналтын улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, өмнө нь хууль бусаар иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг өөрийн харьяанд байдаг албан хаагчдад чиглэл өгч хууль бус бүртгэл хийлгэсэн нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын хүрээнд хяналт шалгалтаар тогтоогдож сахилгын арга хэмжээ авхуулсан зэрэг зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Ө*******гаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр Тушаал хүчингүй болгох тухай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар Ө.Ө*******г албан тушаал бууруулж, шилжүүлэн томилох тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлд дурдсан асуудлаараа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй буюу энэ журмыг хэрэглэх боломжтой үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан.
1.1.Захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захирамжийг хянаад 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/90 дугаар ... тушаалтай холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг биелүүлэх шаардлагатай гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж дүгнэн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба шүүх уг шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн албан бичгээр гомдлын хариуг хүлээн авсны дараа 07 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар Ө.Ө*******г албан тушаал бууруулж, шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч Б/90, Б/115 дугаар тушаалуудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт өгч хэрэг маргааныг шийдвэрлэлээ.
1.2.Нэхэмжлэгчээс хариуцагчийг Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж тодорхойлсон байсан ба шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос тодруулж, маргаан бүхий тушаалыг гаргасан этгээд болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болгож зөвтгөн хэрэг маргааныг шийдвэрлэсэн бөгөөд итгэмжлэл, хариу тайлбар дахин ирүүлэх шаардлагагүй талаар хэргийн оролцогчид тайлбарласан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг дурдах нь зүйтэй.
2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
3.1.Шүүхээс маргаж буй тушаалуудын огнооноос бус үүсгэж буй үр дагаврыг харгалзан Б/115 дугаар тушаалд эхэлж дүгнэлт хийж байгааг дурдах нь зүйтэй.
3.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалын 1 дэх заалтаар Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Өлзийдэлгэрийн Ө******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс түүний албан тушаалыг бууруулж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр өөрт нь мэдэгдэн шилжүүлэн томилж, 2 дахь заалтаар 97 дугаартай улсын бүртгэгчийн тэмдэг хэрэглэхийг зөвшөөрчээ.
3.3.Уг тушаалын хууль зүйн үндэслэл нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 45 дугаар зүйлийн 45.1.1, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.10.3 дахь заалт байна.
3.4.Хэргийн үйл баримтын тухайд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамж-ийн дагуу дурдагдсан хэлтсүүдийн 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд энэхүү удирдамжийн гуравт заасан хүрээнд хяналт шалгалт хийж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Шалгалтаар илэрсэн зөрчил арилгах тухай 46 дугаартай шаардлагаар шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоосон байх ба албан шаардлагын хавсралтын Баянгол дүүргийн зөрчлийн тэмдэглэл хэсгийн улсын ахлах бүртгэгч Ө.Ө*******д холбогдох 14 зөрчил байгаагаас нэг зөрчлийн тухайд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэл-Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлээр эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд албан бичгээр мэдэгдээгүй. Мэдэгдсэн талаар нотлох баримт байхгүй. Ө.Ө*******, Б.Б******* гэж, бусад зөрчлийн тухайд ижил утга бүхий Хариутай албан бичгийн хариу өгөөгүй. Мэдээллийн санд хариу албан бичиг байхгүй. гэх зөрчлүүд илэрчээ.
3.5.Дээрх албан шаардлагын дагуу зөрчлүүдийг арилгаж, дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулж, сургалт зохион байгуулсан талаараа Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 711 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдээлэл хүргүүлсэн байх ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 752 дугаартай дотоод албан бичгээр ... Баянгол дүүргийн УБХ-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч нарын 49 зөрчлийн хүрээнд арилгах арга хэмжээ авч, улүсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн ажилласан байна. (Хавсралтаар тайланг хүргүүлэв.) гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн талаар илтгэх хуудсаар танилцуулсан, ингэхдээ ... Улсын бүртгэлийг хууль, журмын дагуу үнэн зөв хөтлөөгүй нэг төрлийн зөрчлийн удаа дараа гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан улсын бүртгэлийн хууль тогтоомжид хяналт тавих эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ө******* нарт Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлэх-ээр шийдвэрлэсэн байна.
3.6.Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2/11 дугаартай илтгэх хуудсаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Эд хөрөнгийн эрхийн улсын ахлах бүртгэгч бөгөөд тасгийн дарга Ө.Ө******* нь албан тушаалын тодорхойлолтод дүүргийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргээ биелүүлээгүй, Албан хэрэг хөтлөлтийн заавар, журмын биелүүлээгүй, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.10.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт заасан хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын нэгж хооронд шилжүүлэн томилох. ... Мөн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур, Налайх, Багахангай дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны улсын бүртгэлд хяналт шалгалт хийлгэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгч бөгөөд тасгийн дарга нарыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын ******* оны 34/31 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хооронд шилжүүлэн ажиллах саналтай гээд Сахилгын шийтгэл ногдуулах-аар удирдлагын шийдвэр гаргажээ.
3.7.Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Н-7 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг Ө.Ө*******д хүргүүлж, тухайн өдрөө сонсох ажиллагаа хийсэн болох нь Н-7 дугаартай сонсох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
3.8.Үүний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/2734 дугаартай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу ... Өлзийдэлгэрийн Ө******* танд өөрт нь мэдэгдэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болсныг мэдэгдсэн байх ба мөн өдрийн 1/2735 дугаартай албан бичгээр шилжүүлэн ажиллуулж байгаатай холбогдуулан албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орж байгаа, урьдчилсан мэдүүлгийг тогтоосон хугацаанд гаргахыг мэдэгджээ.
3.9.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах Өлзийдэлгэрийн Ө******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалттай биелүүлээгүй тул 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс түүний албан тушаалыг бууруулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр өөрт нь мэдэгдэн шилжүүлэн томилох-оор шийдвэрлэжээ.
4.Шүүх энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхдээ төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах, захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл, журмын зохицуулалтыг хэргийн үйл баримттай холбогдуулан тайлбарлах хэрэгцээ шаардлага үүсэж байна.
4.1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:, 7.1.2-т мэргэшсэн, тогтвортой байх, 44 дүгээр зүйлийн 44.5-д Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно. гэж, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:, 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ., 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална. гэж тус тус хуульчлан тогтоожээ.
4.2.Нэхэмжлэгч Ө.Ө*******г өөр албан тушаалд шилжүүлсэн тухайд, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллах нөхцөлийг; харин 44.5-д Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно гэж байгууллагын дотоодод өөр нэгж, албан тушаалд шилжүүлэх нөхцөлийг ялгамжтай байдлаар зохицуулжээ.[1]
4.2.1.Захиргааны байгууллагаас хүний нөөцийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах үйл ажиллагаа (шилжүүлэн томилох шийдвэр) нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн байх бөгөөд төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд, тухайлбал хүний нөөцийн дутагдлыг зохицуулах, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэх, дээшлүүлэх, эсхүл түүнд тохирсон ажлыг хийлгэх зэрэг объектив шалтгаан нөхцөл үүсэх тохиолдолд захиргаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчихгүйгээр шийдвэр гаргах эрх олгосон зохицуулалт юм.[2]
4.2.2.Энэ хэрэг маргааны үйл баримтад холбогдуулан дээрх хуулийн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэвэл, нэхэмжлэгч Ө.Ө*******д албан бичгээр шилжүүлэн ажиллуулах тухай мэдэгдсэнээр захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэхээргүй, хэдийгээр ... ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгч бөгөөд тасгийн дарга нарыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын ******* оны 34/31 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хооронд шилжүүлэн ажиллуулах талаар дурдсан боловч энэ зорилгоор шилжүүлэх зохицуулалтыг хууль тогтоогч Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ... тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар ... шилжүүлэн ажиллуулж болно. хэмээн тогтоож өгсөн байхад энэ нөхцөлийг хангаагүй, мөн энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т заасан объеьктив хэрэгцээ шаардлага тогтоогдоогүй байхад харин ч олон жил мэргэшиж ажилласан хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэгчийг өөрийн санал, хүсэлтийг нь ч авахгүйгээр иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзлээ.
4.3.Нэхэмжлэгч Ө.Ө*******г албан тушаал бууруулсан тухайд, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:45.1.1.хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн; гэж заасан бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг ... албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ., холбогдох журмыг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална. гэжээ.
4.4.Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаар Журам шинэчлэн батлах тухай тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ыг баталсан байх ба уг журмын 6.5-д Үнэлгээний баг албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн, үнэлгээний 85-100 оноог Маш сайн, 70-85 хүртэлх оноог Хэвийн, 70 хүртэлх оноог Хангалтгүй үнэлгээний ангилалд хамруулан эрэмбэлнэ, 6.6.3-т Хангалтгүй үнэлгээний ангилалд хамрагдсан төрийн албан хаагчийн хувьд:, г).албан тушаал бууруулах (2 удаа дараалан "Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамрагдсан); гэж тодорхой зохицуулсан байхад нэхэмжлэгч Ө.Ө******* нь 2023 онд 92 буюу маш сайн, 2024 оны эхний хагас жилд 91.6 буюу маш сайн, 2024 оны жилийн эцэст 84.17 буюу хэвийн үнэлүүлсэн байхад түүнийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцээгүй гэж шүүх үзлээ.
4.4.1.Гэвч 2023, 2024 онуудад түүнийг үнэлэхдээ Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 83-90 хувьтай, удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг тус бүр 15 онооноос 15 оноогоор үнэлсэн буюу нэхэмжлэгч Ө.Ө*******г тасгийн даргын хувьд удирдан зохион байгуулах чадваргүй гэж өмнөх жилүүдэд үнэлгээг бууруулаагүй, түүнчлэн зөрчил дутагдлаа арилган тайлан хүргүүлснээс 4 сарын дараа ийнхүү албан тушаал бууруулж, шилжүүлэн томилж байгаа нь нэхэмжлэгч Ө.Ө*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.
4.4.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:19.4.10.улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх; 19.4.11.өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах; гэж улсын бүртгэгчийн үүргийг тодорхойлсон байхад улсын бүртгэгч нарын үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг тасгийн дарга болохын хувьд нэхэмжлэгчид хамааруулан хариуцлага ногдуулж албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтална гэж заасантай нийцээгүй байна.
4.4.3.Нөгөөтэйгүүр Ө.Ө******* нь өөрийн гаргасан зөрчил дутагдлаа арилгасан болохоо тайлагнаж, үүнийг нь холбогдох этгээд хүлээн зөвшөөрсөн бөгөөд гагцхүү зөрчил гаргасан үндэслэл зааж захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан бол захиргааг сонгох боломжоо зөв хэрэглээгүй гэж үзэхээр байна.
4.5.Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой гэх байр суурь илэрхийлсэн бөгөөд шүүх энэ үндэслэлд хариу өгөх үүрэгтэй байна. Энэ тухайд, нэхэмжлэгч анх Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа асуудлаа нэг мөр шүүхээр шийдвэрлүүл гэх агуулга бүхий хариуг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн маргаан бүхий Б/90, Б/115 дугаар тушаалууд нь өөр хоорондоо уялдаа холбоотой бөгөөд нэхэмжлэгч төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд маргаж байх тул шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
5.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/488 дугаар Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалын 1 дэх заалтаар Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Мгийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд түүний албан үүргийг тус хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ө.Ө*******-гаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
5.2.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Б/488 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ ... Ө******* нь албан тушаал шилжин ажиллах болсон тул ... гэх үндэслэл заасан байх ба энэхүү Б/90 дүгээр тушаал гарах үндэслэл болсон маргаан бүхий Б/115 дугаар тушаалыг шүүх хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилаагүй[3] байх тул Б/90 дүгээр тушаалыг мөн хүчингүй болгох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт нийцэхээр байна.
5.3.Хариуцагчийн өмгөөлөгчөөс Б/90 дугаартай тушаалыг дотогш чиглэсэн, байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг гэж тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгч Ө.Ө*******гийн төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх буюу субьектив эрхийг хөндсөн шинжтэй байх тул захиргааны актын шинжийг хангаагүй гэж маргаж буй үндэслэлийг шүүх хүлээн авсангүй.
5.4.Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.2 дэх хэсэгт Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж заасны дагуу тооцож, цалин хөлсний зөрүүг төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан тушаал гарсан өдрөөс буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн албан тушаалд эгүүлэн томилох тушаал гарах хүртэл хугацаагаар тооцож олгох нь зүйтэй гэж үзэв.
5.4.1.Хэрэгт авагдсан баримтаар болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч нь бууруулан томилсон албан тушаалд ажиллаагүйтэй холбогдуулан түүний ажилгүй байсан бүхий л хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэнгүй, тодруулбал хариуцагч байгууллага албан тушаал бууруулж шийдвэрлэхдээ түүнийг өөр ажлын байраар хангасан бөгөөд хэрэв уг албан тушаалдаа ажиллаж байсан бол тодорхой хэмжээний цалин хөлс авах байсан, захиргаа энэ боломжоор нэхэмжлэгчийг хангасан, харин буруу шийдвэр гаргаснаараа хоёр албан тушаалын цалингийн зөрүүг төлөх нь зөв тул цалингийн зөрүүгээс тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, холбогдох бичилт хийлгэх нь хуульд нийцнэ.
6.Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
6.1.Хариуцагч нь нэхэмжлэгч Ө.Ө*******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, цалингийн зөрүү, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр энэхүү шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 7.1.2, 43.3.4, 45.1, 52.2, 55.2, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Ө******* өөрт эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, цалингийн зөрүүг зохих журмын дагуу тооцож олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРАНГУА