2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/04606

 

 

 

 

 

 

 



 

  2025      05        22                                  191/ШШ2025/04606

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Т овогт Г-ын А /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тоотод байрлах, Т ХХК /РД:000000/-д холбогдох,

3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 14,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Миний бие, 2003 оноос 2010 он хүртэл Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Зам Харилцааны Улсын Их сургуульд суралцаж, вагоны инженер мэргэжил эзэмшиж, У ХНН-д 2010 онд ажилтнаар орсноор ажлын анхны гараагаа эхлэсэн. "У ХНН-д эзэмшсэн мэргэжил, ажилласан туршлагадаа үндэслэн шат шатанд нь дэвшин ажиллаж байсан.

Улмаар албан ажлын шаардлагаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Т ХХК-ийн Ерөнхий инженерийн албан тушаалд томилогдсон. Дээрх байгууллагад ажиллах багахан хугацаандаа Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг байнгын ашиглалтад оруулах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалтын ажиллагаа, барилгын ажил гүйцэтгэх ТТЗ-H19/01, BI- TTGS-Cont-0001 дугаартай ЕРС гэрээг дүгнэх, ажлыг хүлээн авах, Зохион байгуулахад Засгийн газар, холбогдох яамнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн, өөрийн сурсан мэдлэг, ажилласан туршлагыг дайчлан хоёргүй сэтгэлээр ажилласан.

Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах оффисоос Өмнөговь аймагт байрлах Тавантолгой, Цогтцэций, Гашуунсухайт өртөөд рүү албан томилолтоор ажиллаж, гэрээний дагуу хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, түргэн шуурхай хийлгэх, захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх, "Т" ХХК-ийн суурь бүтцийг Улсын комисст хүлээлгэн өгч тээврийн үйл ажиллагааг байнгын ашиглалтанд оруулах, "Т" ХХК-ийн барилга байгууламжуудыг Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд оруулах болон бусад ажлыг удирдлага, зохион байгуулалтаар ханган үр бүтээлтэй ажилласан.

Дээрх цаг, наргүй ажиллах хугацаанд "Т" ХХК-ийн барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтанд оруулах ажлаар явж байх үед миний эрүүл мэндийн байдал эрс муудаж, нуруу татаж, босож хөдлөхөд хүндрэл учирсан. Өвчний улмаас ээлжийн амралтаа авч эмчлүүлсэн боловч нуруу маань бүрэн эдгэрээгүй байхад улсын хариуцлагатай, хугацаатай албан ажлыг алдагдуулахгүйн тулд хэсэг хугацаанд үргэлжлүүлэн ажилласан.

Гэвч миний биеийн эрүүл мэндийн байдал эрс муудаж, 2-3 сар тууштай эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ үед "Т" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б-с 3 сарын чөлөө олгохыг гуйсан боловч надад чөлөө олгоогүй бөгөөд харин 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж аван ажлаас чөлөөлөх хүсэлтээ гарга, эмчилгээгээ хийлгээд ажилдаа эргэж орно биз гэсэн шаардлага тавьсан.

Иймд миний бие, аргагүйн эрхэнд өргөдлөө өгч Т" ХХК- ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/708 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тус 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/708 дугаартай тушаалд надад 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай заасан боловч өнөөдрийг хүртэл тус тэтгэмжийг надад олгоогүй байгаа болно.

Дээрх хугацаанд миний бие, тус тэтгэмжийг олгуулах тухай өргөдлөө гүйцэтгэх захирал Н.Б-т өгсөн, удаа дараа утсаар холбогдон тэтгэмжийг шийдвэрлэн өгөхийг хүссэн боловч, компанийн удирдлагаас шийдвэрлэж өгөөгүй намайг хохироосоор байна.

Иймд "Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны Б/708 дугаартай тушаалд заасан ерөнхий инженэрээр ажиллаж байсан Г.А-ын хийсэн ажлын үр дүнг тооцож, үндсэн цалинтай дүйцэх хэмжээний 3 сарын тэтгэмжийг олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан иргэн Г.А-ын нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.

Г.А нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс "Т" ХХК-ийн Ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй байх тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгч, үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү" гэх өргөдлийг гаргасан. Түүний гаргасан өргөдөл, эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/708 дугаартай тушаалаар Г.А-ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний ажлын үр дүнг харгалзан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл 2023 оны 03 дугаар сарын Үндэсний аудитын газрын хяналт шалгалтаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж олгосон тохиолдлыг зөрчил гэж үзэж, акт тавьсантай холбогдуулан компанийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас гүйцэтгэх захирлын 2023 оны Б/708 дугаартай тушаалын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн чиглэл өгсөн тул тус тушаалаар Г.А-т олгохоор заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өнөөдрийг хүртэлх хугацаанд олгоогүй байна гэжээ 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 14,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэндийн байдал эрс муудаж, 2-3 сар эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болж 3 сарын чөлөө олгохыг хүсэхэд, Гүйцэтгэх захирал чөлөө олгох боломжгүй, харин 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж аван ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга, эмчилгээгээ хийлгээд ажилдаа эргэж орно биз гэж хэлсэн тул аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн. Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаалаар 3 сарын тэтгэмж олгохоор заасан боловч өнөөдрийг хүртэл олгоогүй, удаа дараа шаардахад олгоно гэсээр өнөөдрийг хүрсэн гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.А-ын гаргасан өргөдөл, эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан ажлаас чөлөөлж, түүний ажлын үр дүнг харгалзан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Үндэсний аудитын газрын хяналт шалгалтаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж олгосон тохиолдлыг зөрчил гэж үзэж, акт тавьсантай холбогдуулан Г.А-т тэтгэмж олгох заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн чиглэл өгсөн тул тэтгэмжийг олгоогүй байна гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/708 дугаар Ажилтны санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Г.А-ыг өөрийнх нь хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж, Г.А-ын ажлын үр дүнг харгалзан үзэж 3 /гурван/ сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг Санхүү, төлөвлөлтийн газарт зөвшөөрчээ. /хавтаст хэргийн 39 хуудас/

 

4.2. Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар Г.А-ыг Ерөнхий инженерээр томилж, сарын үндсэн цалинг ТТЗУ-1-4 зэрэглэлээр тооцож олгох, мөн Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/09 дугаар Компанийн орон тооны зохион байгуулалт, албан тушаалын зэрэглэл, цалингийн хэмжээ батлах тухай тушаалаар Ерөнхий инженерийн орон тоо-1, Ерөнхий инженерийн ТТЗУ-1-4 ангилалын цалингийн хэмжээ 4,840,000 төгрөг байна. /хавтаст хэргийн 38, 45-59 хуудас/

 

4.3. Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хязгаарлалттай дүгнэлт-ээр Т ХХК-ийн 2023 оны санхүүгийн байдал тайлангуудад аудит хийж, үйл ажиллагаанд дүгнэлт өгч, мөн өдрийн 656/А0150458 дугаар Албан шаардлага-аар ...Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн баримтлан ажиллаагүй зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024.09.02-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг даалгажээ. /хавтаст хэргийн 41-44 хуудас/

 

5. Талууд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгосон тушаалыг биелүүлэх үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

 

5.1. Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/708 дугаар тушаалаар Г.А-ыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Г.А-ын ажлын үр дүнг харгалзан үзэж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгосон.

Уг тушаал гарах болсон нөхцөл байдал /Г.А-ын өргөдөл/-ыг тушаалын үндэслэлүүд, зохигчийн тайлбаруудтай харьцуулан дүгнэхэд ажилтан Г.А нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл зорилгогүй байсан бөгөөд өвчний улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч 3 сарын чөлөө авах хүсэлтийг ажил олгогчид гаргахад ажил олгогчийн зүгээс чөлөө олгохгүй, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж аваад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга, эмчилгээгээ хийлгээд ажилдаа эргэж орно биз гэх нөхцлийг санал болгосноор талууд тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 88 хуудас/

 

5.2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь ажилтан болон ажил олгогчийн тохиролцоонд үндэслэдэг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхтэй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

5.3. Ажил олгогч Т ХХК нь ажилтан Г.А-тай тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/708 дугаар тушаал гарсан байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан Г.А-ын санаачилгаар цуцласан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

5.4. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.А нь 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 14,520,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

5.5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу Т ХХК нь Г.А-т 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 14,520,000 төгрөгийг олгох үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Тавантолгой төмөр зам ХХК нь Г.А-т 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоо илэрхийлж байсан болох нь гар утасны мессэжээр болон вайбер мессэжээр харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 61-65, 69-72 хуудас/

 

5.6. Хариуцагч татгалзлын үндэслэлээ болгосон Үндэсний аудитын газрын хяналт шалгалтаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж олгосон тохиолдлыг зөрчил гэж үзэж, акт тавьсан гэх үндэслэл нь талуудын маргаанд хамааралгүй байна. Тодруулбал, ажилтан болон ажил олгогчийн санаачлагаар цуцалснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй, Г.А-т олгохоор тушаалд заасан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.заасан тэтгэмжид хамааралгүй юм.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч Т ХХК-иас 14,520,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А нь улсын тэмдэгтийн хураамжид 230,550 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 14,520,000 /арван дөрвөн сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Г.А-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 230,550 /хоёр зуун гучин мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж Г.А-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА