| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2025/00107/И |
| Дугаар | 191/ШШ2025/04607 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04607
2025 05 22 191/ШШ2025/04607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, 0 тоотод оршин суух Л-ын Н- /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 давхарт байрлах Б УТҮГ-т холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.В, хариуцагчийн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Л-ын Н би, Боловсролын зээлийн сангийн Санхүүгийн хэлтэст Эдийн засагчаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тус гэрээг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн дахин Хөдөлмөрийн байгуулан үргэлжлүүлэн ажиллаж байсан болно. Эдийн засагчаар тус байгууллагад ажиллаад жил гаруй болсон хэдий ч ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалттай сайн гүйцэтгэж байсан тул үр дүн, гүйцэтгэлийн тайлангаар сайн үнэлгээтэй гэж үнэлэгдэж байсан.
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б/25 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" шийдвэр гаргасныг танилцуулж, тухайн өдрөө миний ажлыг булааж авсан байдаг. Урьдчилж хөдөлмөрийн ямар нэгэн зөрчил гаргасан талаар танилцуулаагүй гэнэт ингэж шийдвэрлэснийг миний хувьд хууль бус гэж үзэж байгаа бөгөөд О.С нь албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглаж, дураар аашилж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн болно.
Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С-гийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/25 дугаартай "Л-ын Н-ийг ажлаас чөлөөлөх тухай" тушаалын үндэслэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4/"ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; "/ заалт, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №72 дугаар тогтоолоор батлагдсан "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын 2.4 /Ажлын алба нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ./ гэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг гаргасан гэж ажлаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "үл ялгаварлан гадуурхах, 7 дугаар зүйлийн 7.1.3.-д энэ хуулийн 6.1-д заасан хориглосон үндэслэлээр ялгаварлан гадуурхах, биемахбодь, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх, 7.3.-д Ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухай аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно. Гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй, 11 дүгээр зүйлийн 11.2.1-д ажилтныг ялгаварлан гадуурхахад хүргэж болзошгүй шаардлагыг ажил олгогчид тулгах, ятгах, 42 дугаар зүйлийн 42.2.1.-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, 42.2.2.-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 42.2.7.-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх гэх заалтуудыг Л.Н миний хувьд зөрчиж байгаагүй бөгөөд өмнө нь надад ямар нэгэн зөрчил гаргасан талаар мэдээлэл өгөхгүйгээр гэнэт 1 өдрийн дотор тушаал гаргаж, ажлын байрыг минь булааж авсныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гомдолтой байна. Харин дээрх тушаалын заалт, агуулга нь намайг гүтгэсэн шинжтэй дураар авирласан хууль бус үйлдэл байх тул үндэслэлгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн Б-гийн Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалыг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна. Би уг асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан боловч тус хуралд хариуцагч тал хүрэлцэн ирээгүй оролцоогүй тул асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүсч байна.
Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийх "Б" УТҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б УТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б-гийн ажлын албаны удирдлагаар томилогдсоноос хойш нэхэмжлэгчийн хариуцаж байсан ажил болох эдийн засагчийн хийж гүйцэтгэх ёстой, байгууллагын 2024 оны эхний 8 сарын гүйцэтгэл, сүүлийн 4 сарын төсөөлөл аваад ир, тайлан мэдээлээд өг гэхэд 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 5 удаа буруу мэдээллээр хангасан байдаг. Энэ нь 09 дүгээр сарын 20-ны өдрийн хамт олны хурлаар 2 дахиа нотлогддог. Миний бие өөрийн үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш 09 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга, Санхүү хөрөнгө оруулалтын газарт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тоон мэдээллийг бариад очиход Боловсролын Яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга нэхэмжлэгчийн гаргасан тоог үндэслэлгүй байна гэсэн. Энэ нь ямар тоо байсан бэ гэхээр Б-гийн албан хаагчдын цалин хөлс дутуу, төсвийн сан хүрэлцэхгүй байна гэсэн. 08 дугаар сарын 28-ны өдөр эхний удаа 51,000,000 төгрөг гэж, 09 дүгээр сарын 09-ний өдөр 46,000,000 төгрөг гэж танилцуулсан. Гэтэл энэ тоог би ажил мэргэжлээ гүйцэтгэж байгаа ахлах эдийн засагчийн гаргасан тоо учраас би энэ тоог тэр чигт нь аваад Боловсролын Яамны холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл хийхэд тэдгээр хүмүүсийн зүгээс надад хандан танай байгууллагын цалингийн сан дутах биш, илүү байгаа. Өөрөө дахиж хяна гэсэн учраас тус өдөр би өөрөө хянаж үзвэл 46,000,000 төгрөгөөр дутуу биш, илүү байсан. Энэ асуудлын талаар би хамт олны хурал дээр 4 удаа цалингийн асуудлыг зөв гаргаж өг гэдэг хүсэлт, тайлбарыг гаргаж байсан. Мөн хариуцагч байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хөтөлбөр, арга хэмжээ санхүүжүүлэх 123,0 тэрбум төгрөгийн хөрөнгөөс гүйцэтгэл, дутуу байгаа санхүүжилтийн тооцоог гаргаж өг гэхэд 3 удаа буруу гаргаж өгсөн. Үүнээс гадна 2024 оны төсвийн гүйцэтгэлээр ямар асуудал дэвшүүлсэн бэ гэхээр 16,000,000 төгрөгийн төсөвтэй байх зүйлийг 24,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгээд намайг анх ажил авах үед 2024 оны төсвийн гүйцэтгэлийг бүрэн ашигласан. Энэ талын тооцоо мэдээллийг холбогдох санхүүгийн хэлтсийн дарга, ажлын албаны дарга нарт ямар нэгэн байдлаар төсөв хүрэхгүй байгаа талаар огт танилцуулаагүй байсан. Мөн 2024 оны 8-12 сар хүртэлх байрны түрээсийн асуудлыг хамт олны хуралд танилцуулаад Яамд хандаж шийдвэрлүүлсэн. Тийм учраас нэхэмжлэгч нь үндсэн ажил мэргэжлээ бүрэн хийж чадаагүй. Дээрх процесс болж өнгөрсний дараа сахилгын шийтгэл хүлээлгэж, ажил хүлээлцэх явцад нэхэмжлэгч тойрох хуудаст гарын үсэг зураагүй буюу хүлээлгэж өгөхгүй орхиж явсан байдаг. Тойрох хуудаст би яагаад гарын үсэг зураагүй вэ гэвэл тухайн өдөр ажлаас чөлөөлөгдсөн 2 албан хаагч миний ширээн дээр тойрох хуудсаа үлдээгээд явсан байсан. Үүнийг би яагаад зураагүй вэ гэхээр авлага, өглөгийн тайлан буюу үндсэн хариуцаж байгаа ажилтай холбоотой мэдээ, тайланг гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн эзэмшилд байсан зөөврийн компьютер хүлээлгэж өгөөгүй байсан зэрэг асуудал байсан. Тухайн үед холбогдох дарга нар байгаагүй учраас тайлбар авч чадаагүй. Ийм асуудлаас болж тойрох хуудаст би гарын үсэг зураагүй. Хэлтсийн дарга н.Б нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс ажилдаа ирэхгүй байж байгаад 2025 оны 3 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн компьютерын асуудал нэхэмжлэгч болон түүний хэлтсийн дарга н.Б нарын хооронд болсон асуудал Хэлтсийн дарга н.Б-ийн ажлыг хүлээлцэх явцад баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2023 оны 12 дугаар сард худалдаж авсан компьютерыг ямар нэгэн зөвшөөрөл, баримтгүйгээр тухайн компаниас мөнгийг нь 2024 оны 01 дүгээр сард хувийн дансаараа авсан. Энэ мөнгө байгууллагад буцаж олгогдоогүй. Нэхэмжлэгч нь өөрийн үндсэн мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан байгаа. Энэ асуудал манай байгууллагад зөрчлийн асуудал тавигдаж байна. Намайг ирэхээс өмнө 1, 3 дугаар сард илүү үр дүн авсан албан хаагчдын тооцоог нэхэмжлэгч гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн ажлаа бүрэн гүйцэт хийж чадаагүй. Дээрх 5 удаагийн алдаа дутагдалтай холбоотойгоор нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хэлтсийн дарга н.Б, н.М нартай хамтарсан мэдээлэл хийж, тайлбар авсан. Тэгэхэд түүний гаргасан тайлбар нь зөрүүтэй байсан. Энэ нь нэхэмжлэгч ажлаа хийж гүйцэтгэж байгаагүй нь харагддаг. Нэхэмжлэгчтэй хамт ажилладаг нягтлан бодогч нь ээлжийн амралт авсан байсан учраас үндсэн хөрөнгийн тооллого яаралтай шийдвэрлэж, баталгаажуулах шаардлагатай байгаа болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас яаралтай шийдвэр авч өгөхийг даалгасан боловч нэг ч үр дүн гаргаагүй. Энэ нь нэхэмжлэгч ажил мэргэжлээ гүйцэтгэх чадамжгүй болохыг нь дахин нотолдог. Намайг ажил авах үед архив нь хөглөрсөн байсныг би тухайн үед Захиргаа, удирдлагын даргаар ахлуулсан баг бүрдүүлж, нэхэмжлэгчийг тухайн ажлын хэсгийн нарийн бичгээр томилсон байсан. Гэтэл өгсөн үүргийг хийж гүйцэтгээгүй. Энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байсан. Үүнээс гадна нэхэмжлэгч нь намайг ажлын албаны удирдлагаар томилогдсоноос хойш 3, 4 хүний хамт огт тайлан илгээж байгаагүй. Нэхэмжлэгчид тайлангаа бичих талаар шаардлага тавихад тайлангаа бичиж өгөөгүй. Энэ талаар хүсэлт тавьсан боловч биелүүлээгүй. Нэхэмжлэгчийг ажлаа үр дүнтэй хийсэн, чадвартай сайн ажиллаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэхэмжлэгч нь Төрийн өмчийн байнгын хороо, Үндсэн хөрөнгийн тооллого, Архивын ажлын хэсгийн ажилд үр дүн гаргаагүй, ямар нэгэн тайлан мэдээ өгөөгүй учраас Захиргааны зөвлөлийн хурлаар н.Н нарын асуудлыг хэлэлцэж, ажлаас чөлөөлсөн байдаг. Учир нь 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өгсөн үүрэг, чиглэлүүд 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл огт сайжрахгүй байсан. Энэ нь байгууллагын үйл ажиллагаанд асар сөрөг нөлөөлөл үзүүлж байсан
Энэ хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эвлэрэх саналын дагуу хариуцагч тал Б-гийн Ажлын албаны даргын 2025 оны Б/20 дугаар тушаалаар Л.Н-ийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан Эдийн засагчаар эгүүлэн томилж, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3, 2.3.5-д заасныг үндэслэн 2024 оны 08, 09, 10 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцон нөхөн олговор олгох шийдвэрийг гаргасан. Гэвч нэхэмжлэгч талаас тэр өдөр ирж эвлэрлийн гэрээндээ гарын үсэг зураагүй тул манайх эвлэрсэн гэж үзэхгүй байна. Энэхүү тушаалыг гарсантай холбогдуулан Ажлын албаны даргын 2024 оны Б/34 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон. Энэ тушаал нь Л.Н-ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024 оны 12 сард хүчингүй болгосон тушаал байгаа.
Иймд Л.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Б УТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ажилд томилогдоод 2024 оны эхний 8 сарын төсвийн гүйцэтгэл болон үлдэх 4 сарын төсвийн төсөөллийг гаргаж өгөхийг нэхэмжлэгчид даалгасан боловч өөрийн хариуцсан ажил болох санхүүгийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан. Цалингийн сангийн мэдээллийг удаа дараа буруу гаргаж байгааг би хамт олны хурал дээр 4 удаа хэлж сануулсан, байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтын гүйцэтгэл, дутуу байгаа санхүүжилтын тооцоог гаргаж өг гэхэд 3 удаа буруу гаргасан, байгууллагын төсөв хүрэхгүй байгаа талаар санхүүгийн хэлтсийн дарга, ажлын албаны дарга нарт танилцуулаагүй зэрэг үндсэн ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй. Сахилгын шийтгэл хүлээлгэж, ажил хүлээлцэх явцад тойрох хуудаст гарын үсэг зуруулахгүй, эд хогшил бүрэн хүлээлгэж өгөхгүй орхиж явсан, би нэхэмжлэгчийг бодоод эвлэрэх асуудлыг хүлээн зөвшөөрсөн боловч ирж эвлэрлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Л.Н нь Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024.10.17-ны өдрийн Б/25 дугаар Л-ын Н-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1-д заасны дагуу ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо Боловсролын зээлийн сан нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024.10.28-ны өдөр гаргасан ба тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаар тэмдэглэлийг мөн өдөр хүлээн авч, шүүхэд 2024.12.19-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тус тус хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 2, 10-12 хуудас/
4.2. Л.Н нь дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Санхүүгийн хэлтэст эдийн засагчаар ажилласан болох нь Б-гийн ажлын албаны даргын 2023.10.25-ны өдрийн Б/44 дугаар Л.Н-ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 33 хуудас/
4.3. Б-гийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024.10.17-ны өдрийн Б/25 дугаар Л-ын Н-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны Журам батлах тухай 72 дугаар тогтоолын Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам-ын 2.4 дэх заалт, Боловсролын зээлийн сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.14, 4.15 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2.12 дахь хэсгийг тус тус үндэслэн Эдийн засагч Л.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.1, 7.1.3, 7.3, 11.2.1, 42.2.1, 42.2.2, 42.2.7, 44.2, Төрийн албаны хуулийн 37.1.2, 37.1.3, 37.1.7, 37.1.13, 37.1.15, Боловсролын зээлийн сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 6.2.3, 6.2.8, 6.2.12, 6.2.13 заалтуудыг тус тус зөрчсөн тул Лашидын Номин-Эрдэнийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 9, 55 хуудас/
5. Талууд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан эсэх, ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.
5.1. Л.Н-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.1, 7.1.3, 7.3, 11.2.1, 42.2.1, 42.2.2, 42.2.7, 44.2, Төрийн албаны хуулийн 37.1.2, 37.1.3, 37.1.7, 37.1.13, 37.1.15, Боловсролын зээлийн сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 6.2.3, 6.2.8, 6.2.12, 6.2.13 заалтуудыг тус тус зөрчсөн гэж заасан боловч хариуцагч Б-гийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С нь нэхэмжлэгчийг дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн болохыг баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 123 дугаар зүйлийн 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж тус тус заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Н-ийг ямар сахилгын зөрчил гаргасан талаар шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдаанд 2024 оны эхний 8 сарын төсвийн гүйцэтгэл болон үлдэх 4 сарын төсвийн төсөөллийг аваад ир, тайлан мэдээлээд өг гэхэд 5 удаа буруу мэдээллээр хангасан, Б-гийн алба хаагчдын цалин хөлс дутуу, төсвийн сан хүрэлцэхгүй байна гэсэн мэдээлэл буруу гаргаж өгсөн, би хамт олны хурал дээр 4 удаа цалингийн асуудлыг зөв гаргаж өг гэдэг хүсэлт тайлбар гаргаж байсан, мөн байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтын гүйцэтгэл, дутуу байгаа санхүүжилтын тооцоог гаргаж өг гэхэд 3 удаа буруу гаргасан, намайг анх ажил авахад 2024 оны төсвийн гүйцэтгэлийг бүрэн ашигласан тооцоо мэдээллийг холбогдох санхүүгийн хэлтсийн дарга, ажлын албаны дарга нарт танилцуулаагүй байсан зэрэг үндсэн ажил мэргэжлээ бүрэн хийж чадаагүй гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй, уг тайлбар нь дээрхи тушаалын үндэслэлд хамааралтай болохыг баримтаар нотлоогүй болно.
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан.
Хариуцагч Б-гийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаа нь шүүх хуралдаанд 10 дугаар сарын 03-ны өдөр уулзалт хийж үүссэн асуудлыг хэлж, сахилгын арга хэмжээ авах талаар мэдэгдсэн гэх тайлбар гаргасан бөгөөд үүнийг Л.Н-ийн гаргасан зөрчлийг түүнд танилцуулж, түүнээс тайлбар авах ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
5.4. Ажилтан Л.Н-ийг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Б-гийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С-ийн 2024.10.17-ны өдрийн Б/25 дугаар Л-ын Н-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Хариуцагч Б-гийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Л.Н-ийг Боловсролын зээлийн сангийн ажлын албаны Санхүүгийн хэлтсийн Эдийн засагчийн ажилд нь эгүүлэн томилж, Л.Н-д 2024.10.18-ны өдрөөс 2025.04.17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,137,331.80 төгрөг, үүнээс нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар болон холбогдох суутгалыг тооцон, олгохыг санхүүгийн хэлтэст зөвшөөрчээ. /хавтаст хэргийн 65 хуудас/
Хариуцагч нь энэхүү тушаалыг нэхэмжлэгч Л.Н-д танилцуулалгүй шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, уг тушаалын дагуу Л.Н-н ажил үүргийг гүйцэтгүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Н нь дээрхи тушаалаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэхгүй байна гээд үндэслэлээ ажлаас халсан тушаалыг уг тушаалаар хүчингүй болгоогүй, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хууль, журамд заасны дагуу тооцоогүй, багаар тооцсон гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул дээрхи тушаал хүчингүй гэж тайлбарласан.
Иймд хариуцагчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Дээрхи үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1. дэх хэсэгт зааснаар Л.Н-ийг урьд эрхэлж байсан Б-гийн ажлын албаны Санхүүгийн хэлтсийн Эдийн засагчийн ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Л.Н-ийг ажлаас чөлөөлсөн 2024.10.17-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч Б-ийн ажлын албанаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Н-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цалингийн хүснэгт-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу ажиллаж байх үеийн бүтэн ажилласан 7, 8, 9 сарын цалин /2,398,382 + 2,733,993 + 2,440,737/-гаар дундаж цалин хөлсийг тодорхойлоход сард 2,524,249 төгрөг байна. /хавтаст хэргийн 56, 66 хуудас/
Ажилгүй байсан буюу ажлаас халагдсан 2024.10.17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 6 сар 26 хоногоор тооцоход 18,198,076 төгрөг /1 сар 2,524,249 төгрөг, 1 өдөр 117,407 төгрөг /2,524,249 : 21,5 хоног = 117,407 төгрөг/, 2,524,249 х 6 сар = 15,145,494 төгрөг, 117,407 х 26 хоног = 3,052,582 төгрөг, 15,145,494 + 3,052,582 = 18,198,076 төгрөг/ болж байх тул 18,198,076 төгрөгийн олговорыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
7.2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н-ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Боловсролын зээлийн сангийн ажлын албанд даалгах үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар хариуцагчаас урьд эрхэлж байсан ажилд эргэн томилуулах шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 18,198,076 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 248,940 төгрөг тус тус гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар Л.Н-ийг Б-гийн ажлын албаны Санхүүгийн хэлтсийн Эдийн засагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Б УТҮГ-аас 18,198,076 /арван найман сая нэг зуун ерэн найман мянга далан зургаа/ төгрөгийг гаргуулж, Л.Н-д олгож, Л.Н-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг Б УТҮГ-т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар Л.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Н-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Б УТҮГ-аас 319,140 /гурван зуун арван есөн мянга нэг зуун дөч/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА