2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05114

 

 

 

 



 

  2025      06        06                               191/ШШ2025/05114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, 0 тоотод байрлах, Ө ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, 0 тоотод байрлах, Б ХХК /РД:000000/-д холбогдох,

28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө ХХК-ийн захирал Н.О, хариуцагч Б ХХК-ийн захирал Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Ө ХХК нь 2024 оны 07 сарын 31-ний өдөр Б ХХК-иас суудлын автомашин худалдан авах зорилгоор 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 00000000 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч Б ХХК нь бидний анх тохиролцсон нөхцөл шаардлагыг хангах авто машин нийлүүлж чадахгүй байсан тул манай компани 2024 оны 09 сард урьдчилан шилжүүлсэн нэг зуун сая төгрөгөө буцаан авах хүсэлт тавьсан. Хүсэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч мөнгийг буцаан шилжүүлсэн боловч бүрэн шилжүүлээгүй. Өнөөдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 28,000,000 төгрөг байгаа. Иймд Б ХХК-иас 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б ХХК хариу тайлбар, татгалзалдаа: "Ө" ХХК-ийн захирал Н.О нь манай компаниас Јееp Cherokee гэх машин захиалж 2024.07.31-ний өдөр Замын-үүд боомтод ирэн хүлээн авсан байдаг. Энэхүү машинаа манай компанийн борлуулалтын менежер н.С-д захиалга өгснөөр авсан. Тэр үед гоё машин ирлээ найдвартай газар байна, дахин машин захиалъя гээд BMW X6 машин захиалж урьдчилгаа 100,000,000 сая төгрөг хийсэн. Энэхүү захиалгаа мөн н.С-тай ярьж тохиролцон захиалсан. Ингэж Б ХХК-ийн борлуулалтын менежер н.С гэгчтэй сайн танилцаж авсан байдаг. Замын-үүд боомтод А.Г би өөрөө Н.О-лтэй хамт байсан. Н.Очгэрэл нь манай компани дээр байнга ирж машин үздэг байсан бөгөөд манай компани маш олон төрлийн машин санал болгосон боловч таалагдахгүй байна хэмээн захиалаагүй. Сүүлд 2024 оны 09 дүгээр сард ирээд FORD BRONCO машин авъя хэмээн машинаа сонгоод баталгаажуулаад гар бариад явсан.

Бид цаашаа машинаа баталгаажуулж хадгалалтад оруулж төлбөр тооцоо төлөх үед гэнэт 5 хоногийн дараа би болилоо, мөнгөө авъя хэмээн шалтгаангүй дайрч эхэлсэн. А.Г би ямар ч боломжгүй, аль хэдийн машин баталгаажуулсан, хадгалалтад оруулсан гэдгийг хэлсэн. Гэтэл өдөр болгон машины мөнгөө авъя хэмээн өөрөө захиалгаа цуцалж элдвээр доромжлоод яваад байсан. Үүний дараа манай ажилтан н.С гэгч нь цайндаа ороод ирье хэмээн гарч яваад сураггүй алга болсон. Ингэж явахдаа компанийн өмч хөрөнгө болох 2,500,000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк хулгайлж авч явсан байсан. Н.О гэгч нь ямар ч шалтгаангүй манай бизнест хүндрэл учруулж мөнгөө нэхэж өдөр болгон хэл амаар доромжилж харааж гүтгэж мөнгөө нэхсэн байдаг. А.Г би нь ямар ч байсан мөнгийг нь өгье хэмээн 80 орчим сая төгрөг эргүүлэн төлсөн байдаг.

Гэтэл үүний дараа н.С гэгч нь гааль дээр BMW X6, FORD BRONCO, Mercedes Benz, Jeep Cherokee зэрэг нийт 6 орчим машин гааль дээр буулгаад явж байгаад баригдсан байдаг. Гэтэл тэрхүү машинууд нь бүгд Н.О-ийн машин болж таарсан. н.С гэгчид бүтэн 8 сарын хугацаанд А.Г би компанийн бүх нууц нөүхау машины бизнесээ итгэж зааж өгсөн байдаг. Гэтэл Н.О-тэй хуйвалдаж манайд ирсэн захиалгыг хувьдаа ашиглаж орж ирэх байсан ашгийг замын дундаас байхгүй болгож, машины бизнес хувьдаа нээж компанийн нууц, хөдөлмөрийн гэрээ, үл өрсөлдөх гэрээг зөрчиж харилцагчтай үгсэн хуйвалдаж манай бизнест их хэмжээний хохирол учруулсан байдаг. Мөн Н.О нь манай компанийн ажилтан н.С гэгчтэй үгсэн хуйвалдаж манай компанийн бүх бизнесийн нууцыг өөрт ашигтайгаар эргүүлж манай бүх үйл ажиллагааг даган дуурайж хуулбарлаж өөрт ашиг олж байгаад үнэхээр их гомдолтой байна.

Иймд бид төлбөр төлөхгүй харин ч хуулийн дагуу дээрх үйлдлүүдийг баримтаар нотолж нэхэмжлэх болно. Бидний олон жил хөгжүүлж явсан бизнес болон өчнөөн хөдөлмөр зарцуулж хөгжүүлсэн ажилтныг зүгээр шууд ашиглаж хамтдаа ашиг олж байгаа нь үнэхээр байж боломгүй хэрэг гэж үзэж байна гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-иас буцаан авах төлбөрийн тооцоолол, Хаан банкны дансны 2024.07.31-ний өдрийн хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 28,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: BMW X6 машин захиалж, худалдан авахаар 100,000,000 төгрөг шилжүүлсэн, анхны тохиролцсон автомашиныг нийлүүлж чадаагүй тул мөнгөө буцаан авах хүсэлтээ гаргасны дагуу хариуцагч мөнгийг буцаан төлсөн боловч үлдэгдэл 28,0 сая төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ө ХХК-ийн захирал Н.О нь машинаа захиалах гэж манай компанид байнга ирж, олон машин санал болгоход таалагдахгүй байна гээд захиалаагүй, мөнгөө буцаан авъя гээд нэхээд байсан тул 80,0 орчим сая төгрөгийг буцааж өгсөн. Гэтэл манай компанид ажиллаж байгаад гэнэт алга болсон н.С гэгчтэй нилээд манай компанийн бизнесийн нууцыг өөрт ашигтайгаар эргүүлж, манай бүх үйл ажиллагааг даган дуурайж ашиг олж байгаад гомдолтой байна. Иймд төлбөр төлөхгүй гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Ө ХХК нь Б ХХК-иас захиалгаар BMW X6 маркийн автомашин худалдан авахаар тохиролцож, 2024 оны 07 сарын 31-ний өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Б ХХК нь тохиролцсоны дагуу автомашиныг нийлүүлээгүйн улмаас Ө ХХК нь 2024 оны 09 сард шилжүүлсэн нэг зуун сая төгрөгөө буцаан авах хүсэлт тавьснаар Б ХХК нь хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч, 72,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.

 

Энэхүү үйл баримтаар нэхэмжлэгч Ө ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсанаар хариуцагч Б ХХК-д мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шилжүүлсэн мөнгийг буцааж өгөх үүрэг үүссэн хууль зүйн үр дагаварыг үүсгэжээ.

 

6. Талууд үлдэгдэл 28,000,000 төгрөгийг төлөх эсэх талаар маргаж байна.

 

Хариуцагч Б ХХК-ийн үлдэгдэл 28,000,000 төгрөгийг буцаан төлөхөөс татгалзсан үндэслэл нь энэхүү автомашин захиалгаар нийлүүлэх худалдах худалдан авах гэрээний маргаанд хамааралгүй тул төлбөрийг харилцан буцаах үүрэгт хамааралгүй байна.

Тодруулбал, ...ажилтан н.С гэгчтэй нилээд манай компанийн бизнесийн нууцыг өөрт ашигтайгаар эргүүлж, манай бүх үйл ажиллагааг даган дуурайж хохирол учруулсан гэх тайлбар нь гэм хорын хохирлын асуудалтай холбоотой тул энэхүү маргаанд хамааралгүй юм.

 

Иймд хариуцагч Б ХХК-ийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар үлдэгдэл 28,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 297,950 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б ХХК-иас 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулж, Ө ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 297,950 /хоёр зуун ерэн долоон мянга есэн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Ө ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА