| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/00353/И |
| Дугаар | 191/ШШ2025/05587 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05587
2025 06 24 191/ШШ2025/05587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 0 байранд байрлах, Г ХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Х овогт Ө-ийн Б /РД:00000000/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, О овогт Б-н М /РД:00000000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,219,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Г ХК нь Ө.Б Б.М нартай 2022.10.27-ны өдөр ЗГ1905182673 тоот Зээлийн гэрээг байгуулж, 22,480,000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүний 20 хувь байхаар тохиролцсон.
Зээлдэгч нар нь гэрээний дагуу үндсэн зээл 11,284,834.71 төгрөг, үндсэн хүү 5,083,496.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,930.78 төгрөг нийт 16,386,261.89 төгрөг төлсөн боловч 2024 оны 06 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.
Зээлийн гэрээний хугацаа 2025.04.18-ны өдөр дууссан.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна. үүнд: үндсэн зээл 11,195,165.29 төгрөг, хүү 1,900,951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,111,71 төгрөг, нийт 13,219,227 төгрөг.
Иймд хариуцагч нараас ЗГ1905182673 тоот Зээлийн гэрээний үүрэгт 13,219,227 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ө.Б, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,219,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч Ө.Б нь 2025.01.28-ны өдөр, хариуцагч Б.М нь 2025.02.12-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Голомтбанк ХК нь Ө.Б, Б.М нартай 2022 оны 10-р сарын 27-ны өдөр ЗГ1905182673 дугаар Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-г байгуулж, 22,480,000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцах 1909162789 тоот дансны цалингийн орлогоос үл маргах журмаар суутган төлүүлэхээр тохиролцжээ. /хавтаст хэргийн 7 хуудас/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.
4.2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
а/ Голомтбанк ХК нь 2022 оны 10-р сарын 27-ны өдөр Ө.Б-ийн 00 тоот дансанд 22,480,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн зээл олгох үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 10 хуудас/
б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.
Талууд Зээл болон барьцааны гэрээний 2.4, 2.9, 3.1.1-д хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт дурдсан хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.
5. Зээлдэгч нар нь 2022 оны 10-р сарын 27-ны өдөр зээл авснаасаа хойш 2024 оны 11-р сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 11,284,834.71 төгрөг, үндсэн хүүнд 5,083,496.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,930.78 төгрөг, нийт 16,386,261.89 төгрөгийг төлсөн болох нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 10 хуудас/
6. Зээлдүүлэгч Г ХК-ийн зүгээс зээлдэгч нарт зээлийн гэрээний 2.4, 3.1.1 дэх заалтыг зөрчин төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлсэн тул зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг анхааруулсан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2024.04.01-ний өдөр, 2025.05.07-ны өдөр тус тус хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 11-12 хуудас/
ЗГ1905182673 дугаар Зээл болон барьцааны гэрээний хугацаа 2025 оны 04-р сарын 18-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул зээлдэгч Г ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг болон зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
7. Зээлдүүлэгч Г ХК нь зээлдэгч нараас зээлийн төлбөрийг 2024.12.30-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжилж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хариуцагч нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг тооцвол,
ЗГ1905182673 дугаар Зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 11,195,165.29 төгрөг, зээлийн хүү 1,900,951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,111.71 төгрөг, нийт 13,219,227 төгрөгийг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 10 хуудас/,
Хариуцагч Ө.Б нь 2025.01.28-ны өдөр, хариуцагч Б.Мөнгөнчимэг нь 2025.02.12-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч нараас Зээл болон барьцааны гэрээний зээлийн төлбөрт 13,219,227 төгрөгийг гаргуулж Г ХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 224,047 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ө.Б, Б.М нараас 13,219,227 /арван гурван сая хоёр зуун арван есөн мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж, Г ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,047 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 224,047 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөчин долоо/ төгрөгийг гаргуулж Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА