Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/545

 

 

 

 

 

 

  2024            5             09                                       2024/ДШМ/545

 

 

 Б.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ын өмгөөлөгч С.Ичинхорлоо,

яллагдагч Б.Ч, түүний өмгөөлөгч А.Шинэгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/835 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Ч-ын өмгөөлөгч А.Шинэгэрэлийн гаргасан давж заалдах гомдол, прокурор М.Сумъяагийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Ч-т холбогдох 2306000003770 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

........овгийн ........-ын Ч, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... дамжааны оюутан, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ЗК04252511/;

Яллагдагч Б.Ч нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн 13 дугаар хороо, .. дүгээр байранд байхдаа насанд хүрээгүй хохирогч Э.Э-ээс өөртэй нь уулзах, бэлгийн харьцаанд орох зэргийг шаардаж Э.Э-ийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт болох нүцгэн зургийг бусдад тараана гэж сүрдүүлсэн буюу заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт дараах нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна. Үүнд:

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт тэд хоорондоо бэлгийн харилцаанд орсон болохоо тодорхой мэдүүлсэн байна.

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн биед эмэгтэйчүүдийн үзлэгээр ...7:00 цагт чөлөөт ирмэгийн дээд хэсгээр хавагнасан, бамбар хүрэхэд тухайн хэсэгт эмзэглэлтэй... гэж дүгнэсэн бөгөөд дүгнэлт гаргасан шинжээч ...чөлөөт ирмэгийн дээд хэсгээр хавагнасан, бамбар хүрэхэд тухайн хэсэгт эмзэглэлтэй байсан. Энэ шинжүүд нь насанд хүрээгүй хохирогчийн бэлэг эрхтний 7:00 цагт чөлөөт ирмэгийн дээд хэсэгт нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн хүрч очсоныг илтгэж байна гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэгт “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийг тодорхой зүйлчилсэн байдаг.

Прокуророос яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй субьект хэрэгсэхгүй болгох шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаасан, яагаад үнэлэхгүй тухай үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, яллагдагч, шинжээч нарын мэдүүлэг дэх бэлгийн харьцаанд орсон талаарх мэдээлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангах эсэх талаарх мөрдөн шалгах ажиллагаа явуулах, тогтоогдсон нөхцөл, үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт бүхий шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулсан нь, тулгасан асуулт асуулгасан нь насанд хүрээгүй хохирогчийн эрх ашигт харшилсан зүй бус үйлдэл болжээ.

Өмгөөлөгч хэдий мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхтэй хэдий ч насанд хүрээгүй хохирогчийн авах ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулж асуулт асуулгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг Б дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, яллагдагч Б.Ч-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж  шийдвэрлэжээ.

Прокурор М.Сумъяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчиж шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ч-ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн эсэх болон яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар огт хэлэлцээгүй, хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй атлаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Мөн шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс хальж, шүүгдэгч Б.Ч-ыг холбогдуулан шалгасан “Хүчиндэх” гэмт хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ няцааж чадаагүй байна гэж дүгнэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Прокуророос хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг, тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч яллагдагч Б.Ч-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна” гэж дүгнэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн бөгөөд “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд шийдвэрийн үндэслэл, гэмт хэргийн шинж, хэргийн үйл баримт ямар нотлох баримтаар няцаагдаж, нотлогдож байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэнтэй зөрчилдөж байна.

Тухайлбал, шүүгчийн захирамжийн “Тогтоох” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан атлаа захирамжид нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, уг мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тогтоолгох талаар дурдаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр буцаасан байх боловч захирамжид мөрдөгч, прокурорын ямар ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн, ямар байдлаар ноцтой зөрчсөн тухай дурдаагүй байгаа нь захирамж, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/835 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор М.Сумъяагийн бичсэн эсэргүүцлийн дэмжсэн байр суурьтай давж заалдах шатны шүүхийн хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ч-ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн эсэх болон яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар огт хэлэлцээгүй, хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй атлаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Мөн шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс хальж, шүүгдэгч Б.Ч-ыг холбогдуулан шалгасан “Хүчиндэх” гэмт хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ няцааж чадаагүй байна гэж дүгнэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Прокуророос хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч яллагдагч Б.Ч-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна” гэж дүгнэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн бөгөөд “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд шийдвэрийн үндэслэл, гэмт хэргийн шинж, хэргийн үйл баримт ямар нотлох баримтаар няцаагдаж, нотлогдож байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай зөрчилдөж байна. Тухайлбал, шүүгчийн захирамжийн ТОГТООХ нь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан атлаа захирамжид нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, уг мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тогтоолгох талаар дурдаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр буцаасан байх боловч захирамжид мөрдөгч, прокурорын ямар ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн, ямар байдлаар ноцтой зөрчсөн тухай дурдаагүй байгаа нь захирамж, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.Ч-ын өмгөөлөгч А.Шинэгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/835 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Хэргийн бодит байдалтай нийцээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл, шаардлага, нөхцлийг тухайлан хуульчилж тусгасан байдаг. Б.Ч-ын холбогдсон хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно.” гэж заасны дагуу хүсэлтээ хяналтын прокурорт гаргасныг прокуророос хянаж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх тус хэргийг шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан явуулах боломжтой. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон бол шийдвэрлэнэ, үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр хуульд тусгажээ. Гэтэл шүүхээс ердийн журмаар шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дарааллын дагуу явуулсан атлаа ердийн журмаар шийдвэрлэх үеийн хуулийн зохицуулалтыг барьж шийдвэрлэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг баримталж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үед прокурорт буцаах үндэслэл нь “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөгүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэх үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Гэтэл шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх үеийн урьдчилсан хэлэлцүүлгийн үе шатанд хэрэглэдэг хуулийн зохицуулалт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ., 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3 дахь заалтад “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэснийг баримталж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмыг баримталж, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлага хангагдсан эсэхийг хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасныг тус тус баримталж тухайн хэргийг шийдвэрээ гаргах ёстой байтал тус хуулийн зохиуцуулалтыг баримтлаагүй.

Анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах зарчмыг баримталж гэм буруугийн асуудлыг зөвхөн яллах дүгнэлтэд дурьдсан гэмт хэргийн хүрээнд шийдвэрлэх байтал яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шүүгч хууль зүйн дүгнэлт хийх нь зарчмын хувьд зохисгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дурьдсан үндэслэлүүдээ аль хуулийн ямар заалтын дагуу үндэслэн шийдвэрлэсэнээ тодорхойлоогүйгээс үзэхэд, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангаж чадахгүй буюу шүүх шийдвэрээ үндэслэлтэйгээр тайлбарлаагүй гэж үзэж байна. Иймд тус шүүхээс гарсан шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй биш тул эс хүлээн зөвшөөрч байна.

2. Анхан шатны шүүхийн 2024/ШЗ/835 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дурьдсан үндэслэлүүдэд холбогдуулан дараах гомдлыг гаргаж байна.

2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар “...Яллах дүгнэлтийн хүрээнд авч үзвэл Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулж, хавтас хэрэгт тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд авагдсан тул тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс тухайн авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр шүүгч нь захирамждаа прокурорын яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд Гэм буруугүйд тооцох зарчмын хүрээнд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх хуулийн зохицуулалт байгааг энд дурьдах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхээс мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа бол шүүх хуралдааныг ердийн журмаар явуулж гэм буруугийн асуудлыг талуудын мэтгэлцэх боломжийг бүрдүүлж шаардлагатай асуулт, мэдүүлгийг авах прокурорын яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийн үндэслэл нөхцлөө хамгаалах, өмгөөлөгчийн хусэлтээ тайлбарлах, оролцогчид шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэг асуулт тавих талуудыг мэтгэлцэх эрхээр хангасны үндсэн дээр шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан гэж дүгнэж байна. Дээрх журам болоод зарчмыг үл харгалзан анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг явуулчихаад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр мөн.

Анхан шатны шүүхийн шүүгч нь 2024/ШЗ/835 дугаар захирамждаа ".....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулсан нь, тулгасан асуулт асуулгасан нь насанд хүрээгүй хохирогчийн эрх ашигт харшилсан зүй бус үйлдэл болжээ. Өмгөөлөгч хэдий мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхтэй хэдий ч насанд хүрээгүй хохирогчийн авах ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулж асуулт асуулгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тэмдэглэх нь зүйтэй...” гэжээ. Энэ нь өмгөөлөгчийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасны дагуу олгогдсон эрхээ хэрэгжүүлэхгүй байх ёстой байсан мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан прокурор, мөрдөгчийн зөвшөөрснөөр өмгөөлөгч насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт байлцаж асуулт тавьсныг шүүгч өөрийн хувийн байр суурьнаас буруутган дүгнэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нь Б.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүхэд шилжүүлсэн хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шүүх хуралдааныг явуулсан атлаа ердийн буюу урьдчилсан хэлэлцүүлгийн үед баримтлах хуулийн зохицуулалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу 2024/ШЗ/835 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ын өмгөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох байр суурьтай байсан боловч замын түгжрэлд ороод амжсангүй. Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байгаа. Хэргийн материалтай танилцсан, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нартай хэд хэдэн удаа биечлэн уулзаж, байр суурийг нь сонссон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд миний байр суурийг илэрхийлээд өгөөч гэсэн учраас хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн байр суурийг товч байдлаар илэрхийлье гэж бодож байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тусгайлан гаргах байр суурь, санал байхгүй. Хохирогчийн хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, эрүүл мэнд болон сэтгэл зүйн хувьд хэвийн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байн байн яваад байгаа нь хэцүү байгаад байна, үүнийг дуусгах боломж байдаг юм уу гэсэн байр суурийг илэрхийлж, уулзах бүрт ийм зүйлийг яриад байдаг. Энэ байр сууриа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн учраас талууд ийм байр сууринаас оролцсон байх гэж үзэж байна. Хавтас хэрэгтэй танилцахад мөрдөгч хохирогчоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гаргаж байгаад хууль сануулж, худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг зүйл ярьж мэдүүлэг авсан нөхцөл байдал байсан. Хохирогчийн одоогийн нөхцөл байдлын хувьд гомдол санал байхгүй, 10 жилийн сургуулийн сурагч учраас хэрэг удаан шалгагдаад байхаар хэргийн талаар ангийнх нь хүүхдүүд, хамаатан, найз нөхөд нь мэдэх вий дээ гэсэн байр суурийг илэрхийлж, ийм зүйл яриад байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс хавтас хэрэгтэй танилцсан ч гэсэн үйлчлүүлэгчийнхээ байр сууринаас тусгайлан гаргах санал, тайлбар байхгүй байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ч-т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурьдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Учир нь, прокуророос Б.Ч-ыг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн 13 дугаар хороо, .. дүгээр байранд байхдаа насанд хүрээгүй хохирогч Э.Э-ээс өөртэй нь уулзах, бэлгийн харьцаанд орох зэргийг шаардаж Э.Э-ийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт болох нүцгэн зургийг бусдад тараана гэж сүрдүүлсэн буюу заналхийлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч яллагдагч Б.Ч, насанд хүрээгүй хохирогч Э.Э нарын бэлгийн харьцаанд орсон талаарх мэдүүлэг, мөн хохирогчийн бэлэг эрхтний 7:00 цагт чөлөөт ирмэгийн дээд хэсгээр хавагнасан, бамбар хүрэхэд тухайн хэсэгт эмзэглэлтэй гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагчийг бэлгийн харьцаанд орохыг шаардаж гэж хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудтай зөрчилджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой шийдвэр гаргахад болон үйл баримтыг тогтооход чиглэгдэн цугларсан хоорондоо шууд ба шууд бусаар харилцан холбоотой нотлох баримтуудыг эрүүгийн хэргийн нотлох баримтын цогц байдал гэж тодорхойлдог бөгөөд тогтоох гэж буй үйл явдал, нөхцөл байдлыг хэрэгт хүрэлцэхүйц, хууль ёсны нотлох баримт цугларсны эцэст тэдгээрийг өөр хооронд харьцуулан шинжилж, үнэлэлт дүгнэлт хийх замаар тогтоон, шийдвэр гаргах учиртай.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж заасан. 

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэж, 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй” гэж, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан болно.

Тодруулбал, хавтас хэрэгт насанд хүрээгүй хохирогчоос 2 удаа мэдүүлэг авсан байх бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эхний мэдүүлгийг авахдаа насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ыг мэдүүлгийн дундуур гаргаж /хх 21-22, 88/ мэдүүлгийг цааш үргэлжлүүлж асуулт асуусан, 2024 оны 01 дүгээр  сарын 18-ны өдөр насанд хүрээгүй хохирогчоос хоёр дахь мэдүүлгийг авахдаа яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулж, насанд хүрээгүй хохирогчид тулгасан асуулт асуусан /хх 81-83/ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар, дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүхээс нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх буюу аль нэгийг нь нөгөөгөөс үнэн зөв гэж дүгнэх боломжгүйд хүргэх үр дагаварыг үүсгэх тул анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Иймд насанд хүрээгүй хохирогч Э.Э-ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авах ажиллагааг хийсний эцэст хэргийн үйл баримтыг бүрэн, зөв тогтоох, яллагдагчийн гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталж алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/835 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч А.Шинэгэрэлийн гаргасан давж заалдах гомдол, прокурор М.Сумъяагийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

                                   ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                   ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР